Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2021/00578

 

Н.М нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ШШ2020/00360 дугаар шийдвэртэй,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 226/МА2020/00010 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: Н.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..................................... холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Мөнхзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан, хариуцагчийн төлөөлөгч О.Ганцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Мөнхзул шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...1999.12.01-ний өдөр галчаар ажилд орж, нийт 21 жил тасралтгүй ажилласан. Гэвч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2020.01.02-ны өдрийн Б/01 тушаалаар бүтэц, орон тоо өөрчлөгдөж, галчийн албан тушаалыг цомхотгосон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Энэ нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрх чөлөөг минь зөрчсөн гэж үзэж байна. Би тухайн байгууллагад галчаар ажилладаг байсан боловч давхар жижүүрийн ажил үүргийг гүйцэтгэдэг байсан. Орон тооны цомхотголоор галчийн орон тоо хасагдсан боловч жижүүрийн орон тоо хасагдаагүй. Тухайн байгууллагад ажиллаж байсан 6 галчийн 5-ыг нь жижүүр, цахилгаанчин, сантехникчийн ажилд томилж үлдээсэн. Мөн ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан ажлаас халагдсаны тэтгэмж олгох тухай заалтыг тусгаагүй бөгөөд надад ажлаас халагдсаны тэтгэмжийг өгөөгүй. 2020.01.06-ны өдөр дахин Б/01 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж үндэслэл хэсэгт нь 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох тухай хуулийн заалт нэмсэн байсан. Өөрөөр хэлбэл, намайг ажлаас чөлөөлсөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 1 дугаартай 2 өөр тушаал гарсан. Энэ хоёр тушаалын он, сар, өдөр, заалтууд нь өөр боловч хоёулаа хуулийн хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул би аль тушаалыг нь үндэслэж холбогдох байгууллагад хандахаа мэдэхгүй байна. Ажилтныг ажлаас чөлөөлөх бол өөрт нь сарын өмнө мэдэгдэх ёстой, гэтэл надад сарын өмнө хэлээгүй. Иймд цэцэрлэгийн орон тоонд цомхотгол хийгдэж дээд байгууллагын шийдвэр гарч миний ажлын байрыг цомхотгосон эсэхийг тогтоож, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын цэцэрлэгийн эрхлэгчийн Б/01 дугаартай хоёр тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч О.Ганцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: ...Н.Мөнхзулыг 2000.12.01-ний өдөр галчийн албан тушаалд томилсон байсан. Галч нарыг жил бүр халаалтын улиралд буюу 10.01-ний өдрөөс дараа оны 5.01-ний өдөр хүртэл ажиллуулдаг, зуны улиралд ажиллуулдаггүй, зарим нь өөрийн хүсэлтээр жижүүр, манаачаар ажилладаг байсан. 2019.10 дугаар сараас манай сум нэгдсэн халаалттай уурын зуухтай болж бүх байгууллага, аж ахуй нэгж төвлөрсөн халаалтад холбогдсон тул цэцэрлэгийн нам даралтын зуух ажиллахгүй болж, галчийн орон тоо 2020.01 дүгээр сараас хасагдсан. Ийнхүү галчийн орон тоо хасагдсан тул хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухай 6 галчид 45 хоногийн өмнө буюу 2019.10.01-ний өдөр мэдэгдэж мэдэгдлийг би өөрийн биеэр гардуулж өгсөн. Мөн сумын Засаг даргад ажлаас халагдаж байгаа галч нарыг сумын нэгдсэн уурын зууханд авч ажиллуулах талаар албан бичгээр хүсэлт тавьсан. Үүний дагуу 2019.12.01-ний өдрөөс бүх галч нар сумын зууханд ажиллаж үзсэн. Гэхдээ манай байгууллагаас цалин өгч байсан. Төсвийн шууд захирагчийн хувьд би Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан 2019 онд 35 орон тоотой, 2020 онд 36 орон тоотой байхаар орон тоог тогтоосон. Нийт ажилчдын орон тоо өссөн харагдаж байгаа хэдий ч үйлчлэх, гэрээт ажилтны орон тоо огт нэмэгдээгүй, харин гүйцэтгэх ажилтны орон тоо нэмэгдсэн. Иймээс 2020.01.02-ны өдөр тушаал гаргаж бүх галч нарын хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж ажлаас чөлөөлсөн. Эхний тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 буюу тэтгэмжийн заалтыг орхигдуулсан тул тушаалаа засаж дахин тушаал гаргасан. Халаалтын нэгдсэн сүлжээнд холбогдсоноор манаачийн орон тоог нэмэх, мэргэжлийн сантехникч ажиллуулах шаардлагатай болж галчаас чөлөөлөгдсөн Н.Эрдэнэбилэг, Н.Баатарзоригт, Н.Ган-Эрдэнэ нарыг манаачаар, Н.Наранхүүг сантехникчээр томилж ажиллуулсан. Н.Мөнхзул нь хэдийгээр улирлын чанартай галчийн ажлыг 2000 оноос хойш олон жил хийсэн хэдий ч ажилд хойрго, идэвхгүй ханддаг, ажилдаа алдаа дутагдал гаргадаг, сантехникийн үнэмлэхтэй гэсэн ч мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгсөөгүй, хэд хоногийн курст хамрагдах байдлаар үнэмлэхтэй болсон, сантехникчээр ажиллаж байгаагүй. Ажлаас халагдсаны тэтгэмжийн хувьд Covid-19 гарсантай холбогдуулаад цалингаас бусад зардлууд тавигдахгүй байгаа, тэтгэмж нь цалингийн сангаас гардаггүй, өөр зардлаас гардаг учраас хойшлоод байна. Иймээс Н.Мөнхзултай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ШШ2020/00360 дугаар шийдвэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай, Н.Мөнхзулыг ажлаас чөлөөлөх тухай хоёр тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан галч (манаач)-ийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын цэцэрлэгээс 1,773,163 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Мөнхзулд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Н.Мөнхзулын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийхийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын цэцэрлэгт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,582 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгож, хариуцагчаас 14,582 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулахаар тус тус зааж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 226/МА2020/00010 дугаар магадлалаар, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ШШ2020/00360 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.5-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Н.Мөнхзулын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Намайг ажлаас чөлөөлөхдөө 2020.01.02-ны өдрийн Б/01 дугаартай 2 тушаал гаргаж өгсөн. Өмнөдэлгэр сумын цэцэрлэгээс эхний тушаалыг 2020.01.02-ны өдөр, дараагийн тушаалыг 2020.01.06-ны өдөр надад өгсөн. Ингээд уг ажлаас чөлөөлөх тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2020.01.29-ний өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэмж бүрдүүл гэсэн материалыг бүрдүүлээд 2020.03.17-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ өгсөн. Миний бие анх шүүхэд нэхэмжлэл өгөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг зөрчөөгүй тухайн хугацаандаа гаргасан. Харин шүүх дээр яагаад тэгэж удсаныг мэдэхгүй, шүүхээс материалаа бүрдүүлээд өгөөрэй гэсэн захирамжийг авахад 5 дахь өдөр байсан учир дараа долоо хоногийн 2 дахь өдөр нь би эргүүлээд нэхэмжлэлээ өгсөн юм. Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Н.Мөнхзулд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг хэзээ гардуулсан нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч гомдлоо хуулийн хугацаанд гаргасан эсэхийг дүгнэх боломжгүй байна гэснийг үндэслэлгүй гэж үзэж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж зэргээр нотлогдоно гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Н.Мөнхзул нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

1. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо ...анхан шатны шүүх 2020.03.17-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдлын хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийгээгүй, шүүхээс нэхэмжлэлийг өмнө нь хүлээн авахаас татгалзсан захирамжийг нэхэмжлэгчид хэзээ гардуулсан нь тодорхойгүй байх тул ...гомдлоо хуулийн хугацаанд гаргасан эсэхийг тогтоох боломжгүй гэсэн агуулгатай дүгнэлт хийснийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

2. а/Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байхад шүүх тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ...1999 оноос галчийн орон тоонд ажилласан, зун жижүүр хийдэг, 6 галчийн орон тоо цомхотголд орсон гэх боловч нэршлийг нь өөрчилж, 3-г жижүүрээр, 1-г цахилгаанчнаар, 1-г сантехникчээр дахин ажиллуулсан, зөвхөн намайг халсан гээд жижүүр, цахилгаанчин, сантехникчийн аль нэг орон тоонд томилуулах гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон байна. /хх-1-р тал/

Хариуцагч маргахдаа цэцэрлэг нь төвлөрсөн халаалттай болж улмаар галчийн ажлын байр хэрэгцээгүй болсноос 45 хоногийн өмнө галч нарт ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн, цахилгаанчин, жижүүр, сантехникчийн орон тоо шаардлагатай болж бүтэц, орон тооны өөрчлөлт хийсэн гэх агуулгатай тайлбар өгчээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн баримт хэрэгт авагдаагүй байх ба тэрээр анхан шатны шүүх хуралдаанд галчаар эгүүлэн тогтоолгоно гэсэн тайлбар гаргасныг үндэслэн анхан шатны шүүх галч /манаач/-ийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

Зүй нь шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрчилж байгаа эсэхийг тодруулж, өөрчилсөн бол зохих ажиллагааг гүйцэтгэх байжээ.

 Тухайлбал, нэхэмжлэгч нь галчийн орон тоо хасагдсан боловч өөр ажил үүрэг гүйцэтгүүлэх боломжтой байсан гэх агуулгаар жижүүр, цахилгаанчин, сантехникчийн аль нэг орон тоонд томилуулахыг хүссэн, эсхүл галчийн орон тоо хасагдаагүй гэж үзэн тухайн галчийн ажилд эгүүлэн тогтоолгох аль үндэслэл заасныг тодруулах нь зөв байна.

 б/ Галчийн орон тоо хасагдсан эсэхийг тодруулах шаардлагатай.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болох-ыг заасан байна.

 Хариуцагчийн 2020.01.02-ны өдрийн Б/01 тоот тушаалд ...Өмнөдэлгэр сум нь 2019.10 сард дулааны шугам сүлжээнд холбогдон халаалтын нэгдсэн системд шилжсэн... уурын зуухны галчийн албан тушаал нь ...татан буугдаж байгаа тул ...галчийн үүрэгт ажлаас чөлөөлөх гэж, ажил олгогчийн 2019.10.01-ний өдрийн 29 тоот мэдэгдэлд мөн энэ тухай дурдсан байна.

Тус цэцэрлэгийн орон тоог Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталдаг болохыг зохигч маргаагүй, Хэнтий аймгийн боловсрол соёл урлагийн газрын 2020.04.15-ны өдрийн 87 тоот албан бичигт тус цэцэрлэг нь 2019 онд 35 орон тоо, 2020 онд 36 орон тоотой байх санал хүргүүлж баталсан гэж тодорхойлсон ба 2019 онд үйлчилгээний ба гэрээт 16 ажилтан байсан, үүнээс нэхэмжлэгчээс гадна 5, нийт 6 галч ажиллаж байсан нь тогтоогджээ. Харин 2020 онд 36 орон тоо баталсан үүнээс үйлчилгээний болон гэрээт 16 ажилтны батлагдсан буюу өмнөх онтой адил, өөрчлөгдөөгүй боловч цэцэрлэгийн эрхлэгчийн 2020.01.01-ний өдрийн Б/01 цалин шинэчлэн тогтоох тухай тушаалын хавсралтад 33 орон тоо, ажлын байрыг заасан, үүнд 4 галчийг манаачаар, 1 галчийг сантехникч болгосон баримт авагдсан байна. Эдгээр баримтаас үзэхэд цэцэрлэг 2020 онд хэдэн орон тоотой ажилласан, галчийн 6 орон тоог хассанаар бусад үйлчилгээний болон гэрээт 16 ажилтны орон тоо, ажил, албан тушаалыг хэрхэн өөрчилсөн нь тодорхой бус байна.

 Дээрх байдлыг тодорхой болгохгүйгээр хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх дурдсан нөхцөлийг тодруулж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хариуцагчийн татгалзлын хүрээнд хийвэл зохих дүгнэлтийг хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохихыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 226/МА2020/00010 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Мөнхзул хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЦАГААНЦООЖ

                                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                                       ШҮҮГЧИД                           Г.БАНЗРАГЧ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА