Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 42

 

А.Эод холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Уламбаяр, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа

Яллагдагч А.Э

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2019/ШЗ/355 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцлээр А.Эод холбогдох эрүүгийн 1814005420280 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, А.Э, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2018 оны 9 дүгээр сарын 26-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жил хорих ял шийтгүүлсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай,

А.Э нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг 16-37 тоотод оршин суух иргэн Г.Ганбатын гэрээс LG-K4 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас А.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн №06 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №2018/ШЗ/972 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Эод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэсэн байна.

Тус шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн №19 тоот албан бичгээр шүүгдэгч А.Эод холбогдох 1814005420280 тоот эрүүгийн хэргийг Прокурорын газарт буцаасан ба 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн №07 дугаар прокурорын “Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хугацаа тогтоосон тухай тогтоол гаргажээ.

Яллагдагч А.Э нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн №2018/ШЦТ/245 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жил хорих ял шийтгүүлсэн байна.

Түүнчлэн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өөр газарт шилжүүлэн цагдан хорих прокурорын саналыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №2018/ЦХШЗ/71 дүгээр шүүгчийн захирамжаар яллагдагч А.Эыг Хорих 423 дугаар ангиас Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд шилжүүлэн цагдан хорьжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-14.14 дүгээр зүйлүүдэд яллагдагчид авах таслан сэргийлэх арга хэмжээг авах асуудлыг цогц байдлаар хуульчлан өгсөнөөс гадна шүүгч нь цагдан хорих эсэх шийдвэр гаргах эрх бүхий субъект болсон, яллагдагчийг цагдан хорих, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах, өөрчлөх, хүчингүй болгох асуудлыг шүүгч захирамж гаргаж шийдвэрлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно гэж нарийвчлан хуульчилж өгсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3-т мөрдөн байцаалтын явцад энэ хуулийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн зөвшөөрлөөр, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад энэ хуулийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна гэж, 14.10 дугаар зүйлийн 2-т шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах гэж заасан ба шүүгдэгч А.Эод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэсэн байхад 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хэргийг шүүхээс хүлээн авсан атал 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хорих хугацааг сунгуулаагүй, шүүхийн шийдвэргүйгээр цагдан хоригдсон байна.

Харин тус шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №44 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч А.Эод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.

Яллагдагч А.Эод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэсэн бөгөөд 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хорих хугацааг сунгуулаагүй, шүүхийн шийдвэргүйгээр цагдан хоригдсон хугацааг түүний цагдан хоригдсон хугацаанд буюу ялтны эдлэх ялд оруулан тооцох, эсхүл Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн №2018/ШЦТ/245 дугаар шийтгэх тогтоолоор А.Эод оногдуулсан 1 жил хорих ялд оруулан тооцох талаар ойлгомжгүй, /прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналыг үндэслэн яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ сунгах саналыг шүүхэд гаргаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ сунгах үндэслэл болох нотлох баримтыг танилцуулах/ түүнчлэн холбогдох баримт хэрэгт авагдаагүй уг хугацааг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна.

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ нь яллагдагчийг нийгмээс тусгаарлах эрх, эрх чөлөөг нь хязгаарладаг тул дээрх арга хэмжээг авахдаа НҮБ-ын Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын 9 дүгээр зүйлд хэнийг ч дур мэдэн баривчлах, албадан саатуулхыг хориглоно гэж, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактад хүн бүр эрх чөлөөтэй байх болон халдашгүй дархан байх эрхтэй, хэнийг ч дур мэдэн баривчилж буюу цагдан хорьж болохгүй, эрүүгийн хэргээр баривчлагдсан буюу саатуулагдсан хүн бүрийг шүүхэд нэн даруй шилжүүлнэ, баривчлагдаж буюу цагдан хоригдож, эрх чөлөөгөө хасуулсан хүн бүр түүний хорьсон хууль эрхийн үндэслэлийн талаар шүүхийн тогтоол нэн даруй гаргуулах хэрэв хууль бусаар хоригдсон бол суллуулах шийдвэрийг шүүхээр гаргуулах эрхтэй гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 10.1-д цагдан хорих шийдвэр гаргаснаас хойш 2 цагийн дотор яллагдагчийг цагдан хорьсон талаар түүний гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүн эсхүл өмгөөлөгчид нь мэдэгдэх гэж заасан ба хууль, тогтоол, дүрмийг ягштал баримталж ажиллаагүй, А.Эын халдашгүй чөлөөтэй байх эрх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөн магадлалд заагдсан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх гэж үзэн хэргийг прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Прокурор Э.Гантулга 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар эсэргүүцэлдээ: А.Э нь Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс Хорих 423 дугаар ангид ял эдэлж байх 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс Баянхонгор аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. А.Эод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг улсын яллагчийн эсэргүүцэл бичиж давж заалдах шатны шүүхээс хэргийг мөн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж хэргийг 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ирүүлснийг мөрдөн байцаах тасагт шилжүүлэхдээ яллагдагчийн цагдан хорих хугацааг шүүхээр сунгуулахгүй мөрдөн байцаах тасагт шилжүүлж ажиллагаа явуулан хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргаж прокурорт ирүүлэх үед нь дээрх зөрчлийг илрүүлж 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр А.Эын цагдан хорих хугацааг анхан шатны шүүхээр сунгуулсан.

Дээрх 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хооронд цагдан хорих хугацааг сунгуулаагүй зөрчилд хяналтын прокурор миний бие нь Аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын зөвлөлөөс 3 сар цалингийн 20 хувь хасах сахилгын шийтгэл хүлээсэн. Дээрх захирамжгүй хоригдсон хоног нь цагдан хорих хугацаанд орох талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь албан бичиг ирүүлсэн бөгөөд дээрх хугацааг нөхөн шүүгчийн захирамж гарах боломжгүй тул хэргийг анхан шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжтой.

А.Э нь Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж уг шийтгэх тогтоолыг дээд шатны шүүхээс хүчингүй болгоогүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байгаа болно.

Улсын ерөнхий Прокурорын 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/64 дугаар тушаалаар баталсан Ял эдлүүлэх ажиллагааны зааврын 2.34 дүгээр заалтад хорих ангиас шилжүүлж авсан ялтанд цагдан хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хориглоно гэж заасан бөгөөд А.Эыг хорих ангиас шилжүүлэн цагдан хорьсон тул цагдан хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлгүй буюу 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хооронд цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох боломжтой болно.

Иймд Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шаты шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. А.Э нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ялаа эдэлж байсан тул захирамжгүй хоригдсон хугацаа эдлэх ялд оруулан тооцох боломжтой гэв.

Яллагдагч А.Эын өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч 2018 оны 9 дүгээр сараас одоог хүртэл цагдан хоригдож байгаа тул түүнд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхээс А.Эод холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаар магадлалд заасан ажиллагаа болон А.Эын 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон хугацааг шүүхээр сунгуулалгүй орхигдуулсан гэх үндэслэлээр хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлаж үзвэл яллагдагч А.Э нь 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ш.Мөнх-Эрдэнийн гэрээс хууль бусаар эд зүйл хулгайлсан хэрэгтээ Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялаа Хорих 423 дугаар ангид эдлэж байхад нь түүнийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг 16-37 тоотод оршин суух иргэн Г.Ганбатын гэрээс LG-K4 маркийн гар утасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэрэгт холбогдуулан шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 71 тоот шүүгчийн захирамжаар Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэн цагдан хорьжээ.

Прокурорын шатанд А.Эод 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг дуустал цагдан хоригдсон хугацааг эрх бүхий байгууллагаар шийдвэр гаргуулалгүйгээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн хэдий ч одоо уг хугацааг нөхөн ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй бөгөөд нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор хорих ял шийтгүүлсэн этгээдэд цагдан хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх боломжгүй тул түүний шүүгчийн захирамжгүй хоригдсон гэх дээрх хугацааг сүүлийн хэрэгт нь цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцохоос аргагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Харин А.Эын өмнөх хэрэгтээ шийтгүүлсэн хорих ялын тооцоог 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон тооцсон байгааг анхаарч хэрэв түүнийг сүүлийн хэрэгтээ гэм буруутай хэмээн үзэж шүүхээс ял оногдуулсан тохиолдолд уг ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмын дагуу нэмж нэгтгэсний дараагаар түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас хасан тооцох нь зүйтэйг анхаарвал зохино.

Иймд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2019/ШЗ/355 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шат хүртэл А.Эод хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

           ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

   ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР

                        М.МӨНХДАВАА