Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2019/00129

 

 

 

 

 

 

 

 

 

     2019 оны 01 сарын 10 өдөр

                Дугаар 183/ШШ2019/00129

                  Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч З.Д-ийн нэхэмжлэлтэй,

/Хан-Уул дүүрэг, оршин суух/

 

Хариуцагч: Б.У-д холбогдох,

/Хан-Уул дүүрэг, оршин суух /

 

            тухай иргэний  хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.З, өөрийн хүү Ө.Аын хэргийг өмгөөлүүлэхээр 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өмгөөлөгч Б.У-тай гэрээ байгуулсан. Б.Унь миний хүү Ө.Аын хэрэгт дахин шинжээч томилуулахаар прокурортай ярьсан гэж худлаа хэлж гэрээ байгуулан, манай гэрт машинтай ирж, ажлын хөлсөнд 500.000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр бэлнээр авсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт буруу гарсан дахин шинжээч томилуулмаар байна гэхэд дахин томилох болсон гэж хэлсэн. 2 хоногийн дараа Б.У-руу залгахад Төв аймагт шүүх хуралдаанд оролцохоор явж байна гэсэн бөгөөд 7, 8 хоногийн дараа залгахад утсаа аваагүй хариу өгөөгүй нэлээн удсан. Мөн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шүүх хурал болох гэж байхад миний хүүтэй уулзаагүй. Ингээд шүүх хуралдаан болох гэж байхад Б.Унь нөгөө талын өмгөөлөгчтэй уулзсан бөгөөд архи ууссан байсан ба шүүх хуралдаанд нэг ч үг дугараагүй. Миний хүүгийн эмнэлгийн 3 акт нотлох баримтаар өгөөгүй байгаа, өгч болох уу гэхэд одоо хэрэггүй гээд өгүүлээгүй. Өмгөөлөгч Б.Унь гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд худлаа хэлж залилсан төдийгүй өөрөө гэмт хэрэг үйлдэж өмгөөлөх үйл ажиллагаа явуулах эрхгүй байснаа нууж хийх ёстой ажлаа хийгээгүй учраас өмгөөллийн хөлсөнд төлсөн 500.000 төгрөгийг түүнээс буцаан гаргуулах хүсэлтэй. Иймд хариуцагч Б.Уранчимэгээс 500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.У нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Өмгөөллийн ХХН-ийн хуульч, өмгөөлөгч Б.Уби хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хийж, хохирогч Ө.Аод хуулийн дагуу гэрээний 1.3-т зааснаар өмгөөллийн эрх зүйн туслалцааг үзүүлсэн /үйл ажиллагаа явуулсан/ болно. Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

 

            Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.Згийн нэхэмжлэлтэй, Б.У-т холбогдох, 500.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Д.Згийн “...Б.Унь хурлаас өмнө миний хүү Ө.Атой уулзаагүй, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан орох үед Б.Унь нөгөө талын өмгөөлөгчтэй уулзаад архи ууссан байсан ба шүүх хуралдаан дээр нэг ч үг хэлээгүй, прокурортой уулзсан дахин шинжээч томилуулна гэж надад худлаа хэлсэн, өмгөөлөх үйл ажиллагаа явуулах эрхгүй байснаа нууж надаас өмгөөллийн хөлсөнд 500.000 төгрөг авсан тул 500.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Ухүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...гэрээний дагуу эрх зүйн туслалцаа үзүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хариу тайлбар гаргажээ.

 

            Д.З, Б.Унар 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 004 дүгээр “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”, “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хавсралт”-ыг байгуулсан талаар маргаагүй тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан байна гэж дүгнэв.

 

            Уг гэрээгээр “Э” ХХН-ийн хуульч, өмгөөлөгч Б.Унь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ө.Аын өмгөөлөгчөөр оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлэх, Д.З нь үйлчилгээний хөлсөнд 500.000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

 

            Гэрээний дагуу ...... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хохирогч Ө.Аын өмгөөлөгчөөр Б.Унь оролцсон, Д.З нь өмгөөллийн хөлсөнд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөгийг Б.У-т шилжүүлсэн болох нь ..... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 561 дүгээр шийтгэх тогтоол, зохигчийн тайлбараар нотлогджээ.

 

            Иймд 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 004 дүгээр “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний 1.1, 1.3-т “...анхан шатны шүүхийн тогтоол гармагц  гэрээний үүрэг бүрэн биелэгдсэнд тооцон, энэхүү гэрээний хугацаа дуусгавар болж, өмгөөлөгчийн энэ гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болно” гэж заасны дагуу Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 364 дүгээр зүйлийн 364.1, 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, гэрээ дуусгавар болсон байна гэж үзэв.

 

            Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Згийн  “...Б.Унь хурлаас өмнө миний хүү Ө.Атой уулзаагүй, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан орох үед Б.Унь нөгөө талын өмгөөлөгчтэй уулзаад архи ууссан байсан ба шүүх хуралдаан дээр нэг ч үг хэлээгүй, прокурортой уулзсан дахин шинжээч томилуулна гэж надад худлаа хэлсэн” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 04/241 дүгээр албан бичгээр “...өмгөөлөгч Б.У-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг ...... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд түүнийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг итгэл эвдэн хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгэсэн байна. Иймд холбогдох материалыг Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчид хүргүүлэв” гэсэн байх бөгөөд Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 156 дугаар тушаалаар “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолыг үндэслэн хуульч Б.У-ийн гишүүнчлэлийн эрх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосугай” гэжээ.

 

            Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6, Монголын хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журмын 4.9 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар “Б.У-ийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүчингүй” болгохоос өмнө Б.Унь Д.Зтай  2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 004 дүгээр “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г байгуулж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцсон байх тул тухайн үед түүнийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрх зөвшөөрөлгүй, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрхгүй байсан гэж үзэхээргүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр Д.Згийн нэхэмжлэлтэй, Б.У-т холбогдох, өмгөөллийн хөлсөнд төлсөн 500.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасантай нийцэхээр болно.

 

Шүүхээс хариуцагч Б.У-т шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан Д.Згийн нэхэмжлэлтэй, Б.У-т холбогдох, өмгөөллийн хөлсөнд төлсөн 500.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Згаас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 15.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.СЭМЖИД