| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 183/2020/01131/И |
| Дугаар | 001/ХТ2021/00611 |
| Огноо | 2021-06-02 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2021/00611
П.Б нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02610 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2424 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч: П.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Даблью эс жи эл ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гүенбат, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Даблью Эс Жи Эл ХХК нь экскаваторын операторын ажлын байрны захиалгатай танилцаж, экскаваторын операторын ажилд орох анкет, материалыг бүрдүүлж, тус газрын мэргэжилтэнд өгсөн. П.Батбаяр нь Даблью Эс Жи Эл ХХК-ийн хүний нөөцийн ажилтан Д.Азхийморьтой холбоо тогтоож, ажлын ярилцлагад орж, улмаар тус компанид сарын 2 сая төгрөгийн цалинтайгаар экскаваторын оператораар ажиллахаар болсон. Гэтэл Даблью Эс Жи Эл ХХК нь П.Батбаяр намайг 2019.10.18-ны өдрөөс 9 хоног ажиллуулчхаад чамтай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй, ажиллуулахгүй гэж хэлээд ажиллуулаагүйд гомдолтой байна. Хэрэв Даблью Эс Жи Эл ХХК нь П.Батбаяр намайг экскаваторын оператораар тогтвортой ажиллуулна гэж амлаагүй бол, мөн орон нутгаас ажиллах хүч авна гэж Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт захиалга өгөөгүй бол миний бие өмнө нь ажиллаж байсан компаниасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шаардлагагүй байсан. Даблью Эс Жи Эл ХХК-иас экскаваторын оператораар ажилласан хугацааны цалин 576,000 төгрөгийг 2019.10.28-ны өдөр П.Батбаяр миний Хаан банкин дахь харилцах дансанд шилжүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэжээ. Гэтэл Даблью Эс Жи Эл ХХК нь П.Батбаяр надтай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр 2019.10.18-ны өдрөөс 9 хоногийн хугацаанд экскаваторын оператораар ажиллуулсан нь хуулийн дээрх заалтыг зөрчиж байна. Хэрэв Даблью Эс Жи Эл ХХК нь П.Батбаяр намайг экскаваторын оператораар ажиллуулахгүй гэж үзсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ёстой. Гэтэл Даблью Эс Жи Эл ХХК нь П.Батбаяр намайг экскаваторын операторын ажлаас чөлөөлсөн ямар нэг шийдвэр гаргаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн. Иймд П.Батбаярыг ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Элбэгзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн П.Батбаяр нь 2019.10.18-ны өдрөөс манай компанид экскаваторын оператораар ажилласан гэж шаардлагадаа дурджээ. Манай компанид П.Батбаяр гэдэг хүн хөдөлмөрийн гэрээгээр болон гэрээгүйгээр огт ажиллаж байгаагүй бөгөөд тухайн цаг үед бид ажилтан авахаар зар хүргүүлж байсан нь үнэн бөгөөд хүний нөөцийн албанд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан хүнийг ажиллуулж байсан. Харин экскаваторын оператораар ажилтныг цагийн ажилтнаар ажиллуулахаар төлөвлөсөн. П.Батбаяр нь Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй мөртлөө хүний нөөцтэй ярьж тохирсон гээд манай ажлын талбайд явж байсныг бид болиулж явуулсан. Манай компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж урьд ажиллаж байсан компаниасаа гарсан асуудал нь бидэнд хамааралгүй юм. Тиймээс П.Батбаярын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02610 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул П.Батбаярын нэхэмжлэлтэй, Даблью Эс Жи Эл ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Батбаяр нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2424 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02610 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч П.Батбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасан эрхийнхээ дагуу магадлалыг эс зөвшөөрч хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Нэг. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт Даблью Эс Жи Эл ХХК болон П.Батбаяр нарын хооронд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг харилцан тохироогүй, хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэж дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 24 дүгээр зүйлийн 24.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх нь ажил олгогчийн үүрэг юм. Ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүргээ биелүүлээгүйд ажилтан буруугүй. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд тэдний хоорондох маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан шийдвэрлэдэг. Ийм байхад Даблью Эс Жи Эл ХХК нь П.Батбаярыг экскаваторын оператораар ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүргээ хэрэгжүүлсэн эсэх, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь чухам аль талын буруутай үйл ажиллагаатай холбоотой эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
Хоёр. Даблью Эс Жи Эл ХХК нь хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр нэхэмжлэгч П.Батбаярыг 9 хоногийн хугацаанд экскаваторын оператораар ажиллуулж, тус компанийн менежер Ч.Ариунболдоос П.Батбаярын экскаваторын оператораар ажиллуулсан хугацааны цалин хөлс 576,000/таван зуун далан зургаан мянга/ төгрөгийг WSGL цалин гэсэн утгатайгаар олгосон нь зохигчийн тайлбар, П.Батбаярын нийгмийн даатгалын дэвтэр, Хаан банкны дансны хуулга, гэрч Д.Азхийморь, Ч.Ариунболд нарын мэдүүлэг, ажлын байрны захиалга зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Ийм байхад давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт П.Батбаяр нь ажлын байранд 9 хоног байсан, тус компанийн менежерээс цалин 576,000 төгрөгийг П.Батбаярт шилжүүлсэн нь хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн журмыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь хөдөлмөрийн харилцаа үүсээгүй бол Даблью Эс Жи Эл ХХК нь П.Батбаярыг 9 хоногийн хугацаанд экскаваторын оператораар ажиллуулах, мөн хугацааны цалин 576,000 төгрөгийг тус компанийн менежер Ч.Ариунболдоос WSGL_ цалин гэсэн утгатайгаар П.Батбаярт шилжүүлэх, П.Батбаяр нь Алтайн Хүдэр ХХК-ийн экскаваторын операторын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах шаардлагагүй юм.
Гурав. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргах шаардлагатай. Гэтэл хариуцагч Даблью Эс Жи Эл ХХК-иас нэхэмжлэгч П.Батбаярыг экскаваторын оператораар 9 хоног ажиллуулчхаад уг ажлаас чөлөөлсөн ямар нэг шийдвэр гаргаагүй атлаа ажил, үүргийг гүйцэтгүүлэхээс татгалзаж, хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Ийм байхад давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг хэтэрхий нэг талыг баримталж, давуу байдлаа ашиглан ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчин хохироосон ажил олгогчийн хууль бус үйл ажиллагааг зөвтгөж байгаад гомдолтой байна. Иймд магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, П.Батбаярын Даблью Эс Жи Эл ХХК-д холбогдох гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
П.Батбаяр нь Даблью эс жи эл ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэл гаргахдаа ...зарын дагуу ярилцлагад орж экскаваторын жолоочоор ажилд орсон, 9 хоног ажилласан, ажлаас халсан ямар ч тушаал шийдвэр гаргаагүй... гэсэн үндэслэл заасан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй ...ярилцлагад орсон нь үнэн боловч ажилд аваагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, дур мэдэн ажилласан, хөдөлмөрийн харилцаа үүсээгүй.... гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
1. Зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйг хоёр шатны шүүх хэргийн баримтын хүрээнд дүгнэжээ.
Хариуцагч Даблью эс жи эл ХХК нь экскаваторын операторын ажлын байранд 6 ажилтныг шалгаруулж авах зар гаргасан, нэхэмжлэгч П.Батбаяр зарын дагуу ажилд орох хүсэлт гаргаж анкетаа өгч, ярилцлагад орсон улмаар хариуцагчийн ажлын байранд 9 хоног ажилласан, түүний дансанд Н.Ариунболдоос цалин гэх утгатай 576,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан зохицуулалтаас үзвэл ажил олгогч нь ажилтныг ажилд томилохдоо зохих шийдвэр гаргаж, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж гэрээний хувийг өгөх үүрэгтэй байна. Бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч хуулийн этгээдийг төлөөлж, эрх бүхий албан тушаалтан, мөн ажилд орохыг хүссэн иргэн өөрөө гарын үсэг зурна.
Нэхэмжлэгч П.Батбаярыг ажилд томилсон шийдвэр гаргаагүй, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ бичгэн хэлбэрээр байгуулаагүйг зохигч маргаагүй байна.
Ажилтан болон ажил олгогч амаар тохиролцсоны дагуу ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн ба хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулахаар харилцан тохиролцсон нөхцөлд хөдөлмөрийн эрхийн харилцааг амаар тохирсон үеэс эхлэн тооцож болно. Гэвч хэргийн баримтаар дурдсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул хяналтын гомдлыг хангах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-г зөрчинө.
Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин, хөдөлмөрийн нөхцөл нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болдог ба эдгээрийн аль нэгийг тохироогүй бол тухайн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүйг мөн зүйлийн 21.3-т заажээ.
Нэхэмжлэгч нь ярилцлага авсан хүний нөөцийн ажилтан Д.Азхийморийн зөвшөөрлөөр ажилласан гэх боловч Д.Азхийморь гэрчийн мэдүүлэгтээ ...ярилцлага хийгээд анкет бөглүүлээд бичиг баримтыг асуугаад та манайд ярилцлагад орлоо, таныг эргээд ажилд орохоор бол та энэ бичиг баримтаа бүрдүүлээрэй гэсэн, компанийг төлөөлж ажилд авах эрх байхгүй, уурхайд 9 хоног ажилласныг мэдээгүй гэсэн, гэрч Ч.Ариунболд миний хувьд менежерийн албан тушаал эрхэлж байсан, бүх ажилчид бүгдээрээ хөдөлмөрийн гэрээ хийгээд ажилд гарсан, захирлуудад гомдол ирсэн, зааварчилгаа дагаагүй, хөдөлмөрийн гэрээгүй хүн байна, чи ямар хүн ажилд авсан бэ асуудлаа шийд гэсэн, шүүгээд үзсэн ийм хүн байгаагүй, Азхийморь руу залгаад асуухад над дээр тийм хүн байхгүй гэсэн энэ хүнтэй уулзаад хөдөлмөрийн гэрээ хийсэн юм уу гэж асуухад би уулзсан, намайг ажилла гэсэн гэж хэлсэн, би ажлынхаа асуудлаа өөрөө шийдэж тухайн хүний данс руу мөнгө шилжүүлсэн гэж тус тус мэдүүлжээ.
Нэхэмжлэгч нь ажил олгогч эсхүл түүнээс эрх олгосон этгээдтэй ажлын байр, гүйцэтгэх чиг үүрэг, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсөө тохиролцож ажиллаж эхэлсэн гэж үзэх үндэслэл бүрэн тогтоогдоогүй тул түүнийг ажлаас халсан гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэгчийн шаардлагыг хангах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцэхгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02610 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2424 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь хяналтын журмаар гомдол гаргахдаа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2020/04381 дүгээр захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.УНДРАХ