Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
Хэргийн индекс | 184/2018/03760/И |
Дугаар | 184/ШШ2019/00202 |
Огноо | 2019-01-16 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 184/ШШ2019/00202
2019 оны 01 сарын 16 өдөр | Дугаар 184/ШШ2019/00202 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б ТӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Я.Б-т холбогдох,
Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 17.367.794 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.И, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Будхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өөрийн байрны 1 давхрын цайны газрыг түрээслүүлэх ТГ/17-01 тоот гэрээг иргэн Я.Бтай 2 жилийн хугацаатай байгуулсан ба 1 сарын түрээсийн төлбөрийг 1.300.000 төгрөгөөр тогтоосон юм. Түрээслэгч Я.Б нь гэрээнд заасны дагуу эхний 2 сарын түрээсийн төлбөрийг урьдчилгаа байдлаар төлж, үйл ажиллагаа эхлүүлснээс хойш дахиж төлбөр төлөөгүй. Түрээслэгч Я.Б нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай байгууллагад хандаж, хөнгөлөлт үзүүлэх хүсэлт гаргасан. Захирал С.Б хүсэлтийг хүлээн авч 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нэмэлт гэрээг байгуулсан юм. Гэвч түрээслэгч Я.Б нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй манай байгууллагыг хохироож байна. Төлбөр төлөх шаардлагыг удаа дараа явуулсан боловч шаардлагыг биелүүлээгүй. Гэрээний 4.4-т хугацаа хожимдуулсан хоног тутам 0.3%-ийн алданги төлнө гэсэн байна. Манай байгууллага гэрээг 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр цуцалсан тул Я.Баас 2017 оны 7 дугаар сараас 12 дугаар сарыг хүртэл нийт 6 сарын түрээсийн төлбөр болон ашиглалтын зардал, 2018 оны 4, 5 дугаар сарын түрээсийн төлбөрт 2.000.000 төгрөг нийт 10.617.794 төгрөг, алданги 6.750.000 төгрөг, нийт 17.367.794 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.И шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үнийг 1.000.000 төгрөг болгож буулгаад 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нэмэлт гэрээ байгуулсан болно. Иймд 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 66 дугаартай шаардлагад бичигдсэн нийт 9.521.324 төгрөгийг үлдэгдэлтэй гэж дээрх гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд үнийн тодорхой нөхцөл төлбөрийг тухайн үеийн бодит дүнгээр бичсэн байдаг юм. Үүнээс 2018 оны 6 сарын 19-ний өдөр Я.Баас түрээсийн төлбөрт тооцож цайны газрын тоног төхөөрөмж, шилэн эдлэлийг 2.801.500 төгрөгт тооцон хүлээлгэж өгсөн ба үүнийг хасах ёстой. Мөн түрээсийн төлбөрийн сар өдөртэй нь хөтөлж, орлогоо өдөр бүр тушааж гарын үсэг зуруулсан 3.230.500 төгрөгийн орлогыг хасах ёстой. Гуравдугаарт: хоолны тооцооны хуудасд бичигдсэн 280.500 төгрөгийг мөн хасах ёстой. Иймд 3.208.824 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.И шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар түрээсийн гэрээг эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б ТӨААТҮГ нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны Түрээсийн гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Нэмэлт гэрээ-ний дагуу, 2017 оны 7 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал, мөн 2018 оны 4 болон 5 дугаар сарын, нийт 8 сарын түрээсийн төлбөр, алдангид17.367.794 төгрөг нэхэмжилсэн бол хариуцагч Я.Б нь түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргажээ.
1.Талуудын тохиролцоо, гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн талаар:
Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн өмчлөлийн цайны газрын зориулалттай байрыг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, хариуцагч нь 1 сард 1.300.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулжээ.
Хэдийгээр талууд өөрсдийн тохиролцоогоо Түрээсийн гэрээ гэж нэрлэсэн байх боловч энэ гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ биш байна. Учир нь, түрээсийн гэрээгээр түрээслэгч нь тухайн эд юмсыг зориулалтын дагуу ашигласны үр дүнд гаргаж авсан бүтээгдэхүүн буюу үр шимийг хүртэх зорилготой байдаг бол эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслөгч нь эд хөрөнгийг өөрийн зорилгодоо нийцүүлэн ашиглах хүсэлтэй байдаг байна.
Гэтэл хариуцагч Я.Б нь иж бүрэн цайны газрыг ашиглаж түүний үр шимийг хүртэх зорилготой бус, харин тодорхой үл хөдлөх эд хөрөнгийг хөлсөлж авч, улмаар өөрийн тоног төхөөрөмж, ажлын туршлага, арга барил, ур чадвар, нэр хүндийг ашиглаж бизнесийн үйл ажиллагаа явуулах зорилготой байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичмэл баримт /сүүлд Ч.Б нь өөрийн тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч талд шилжүүлж өгсөн баримт/, болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Иймд талуудын хооронд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ бус, мөн хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг үүссэн гэж үзнэ.
Ийнхүү талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д
хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг үүссэн байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм.
Түүнчлэн талуудын дээрх тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан бусад үндэслэлүүд тогтоогдоогүй, гэрээний дагуу шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Түрээсийн гэрээ /эд хөрөнгө хөлслөх гэрээ/-ний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
2. Нотлох баримтын талаар:
Нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбар өөр хоорондоо зөрүүтэй байхаас гадна нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь зөрчилтэй, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, түүнчлэн хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд хоорондоо зөрчилтэй байх тул зохигчдын энэхүү зөрчил бүхий тайлбаруудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэн зөв гэж үзэх боломжгүй байна.
Иймд хэрэгт цугларсан бичмэл баримтыг талуудын маргаагүй, зөрчилгүй тайлбаруудтай харьцуулан үзлээ.
1.1 Нэхэмжлэгч талаас, 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг гаргаж өгсөн боловч уг баримтын нүүр хэсэгт: ...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллага... тооцоо нийлж үзэхэд ... 6.800.000 төгрөгийн өртэй... гэж бичигдсэн, арын хэсэгт: 2017 оны цайны газрын түрээсийн дутуу төлбөр 5.000.000 төгрөг... нийт 8.000.000 төгрөг... гэж бичигдсэн нь ойлгомжгүй, уг бичвэрийн талаар нэхэмжлэгч талаас үндэслэл бүхий тайлбарлаагүй, уг баримт нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан: ...2017 оны 7-12 сарын түрээсийн төлбөрийг 1.300.000 төгрөгөөр тооцсон..., өмнө түрээсийн төлбөр төлж байгаагүй... гэх тайлбартай зөрчилдөж байх тул уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байна. /хх 26 дугаар тал/
1.2 Талууд мөн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтад: ...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллага... тооцоо нийлж үзэхэд ...2.721.324 төгрөгийн өртэй... гэж бичсэн атлаа арын хэсэгт: ...2017 он болон 2018 оны 1 дүгээр улирлын хэрэглээний зардал ...2.721.324 төгрөг... гэж бичсэн нь ойлгомжгүй, зөрчилтэй, уг бичвэрийн талаар нэхэмжлэгч талаас үндэслэл бүхий тайлбар гаргаагүй тул уг баримтыг мөн эргэлзээтэй гэж үзнэ. /хх 27 дугаар тал/
1.3 Нэхэмжлэгч талаас хариуцагч талд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 272 дугаартай мэдэгдэл хүргүүлжээ. Уг баримтад бичигдсэнээр төлөгдөөгүй 6 сарын төлбөрийг 1.300.000 төгрөгөөр тооцож, нийт 7.800.000 төгрөг, мөн хэрэглээний зардлын хамтаар 9.466.876 төгрөг төлөх талаар мэдэгдэж байсан байна. Уг мэдэгдлийн дараа талууд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Түрээсийн гэрээ /нэмэлт/ гэгчийг байгуулж, уг гэрээний 1.4-т: ...түрээсийн төлбөрийг цаг хугацанд нь төлж барагдуулаагүйн улмаас үүссэн 5 сар /2017 оны 8-12 сар/-ын төлбөрийн өр болох нийт 8.166.000 төгрөгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр төлж барагдуулахаар... тохиролцсон байна. Ийнхүү цаг хугацааны хувьд талууд төлбөрийн талаар шинээр харилцан тохиролцож, төлбөрийг хөнгөлөлттэй нөхцөл-өөр төлөхөөр тохирсон байх тул 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 272 дугаартай албан бичигт дурдсан үнийг эцсийн төлбөр гэж үзэх боломжгүй байна. /хх 6, 44 дүгээр тал/
1.4 Эд хөрөнгө хөлслүүлэгч тал болох Б ТӨААТҮГ нь цаг хугацааны хувьд хамгийн сүүлд төлбөрийн тооцооллыг гаргаж, 2017 оны 8 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны эд хөрөнгө хөлсөлсөн төлбөрийг нийт 6.800.000 төгрөгөөр тогтоож, улмаар 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 66 тоот албан бичгээр эд хөрөнгө хөлслөгч тал болох Я.Бт хүргүүлсэн байна.
Дээрх баримтад бичигдсэн эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу төлөх ёстой төлбөр болох 6.800.000 төгрөгийн тооцоо нь талуудын хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээ /нэмэлт/ -ний 1.4-т заасан талуудын хүсэл зоригтой нийцэж байхаас гадна цаг хугацааны хувьд эд хөрөнгө хөлслүүлэгч сүүлийн байдлаар хүсэл зоригоо илэрхийлж, 2018 оны 3 дугаар сарыг дуустал хугацаан дахь эд хөрөнгө хөлслөх гэрээний нийт төлбөрт 6.800.000 төгрөг болон хэрэглээний зардал, нийт 9.521.324 төгрөгийг нэхэмжилсэн гэж үзэхээр байна.
Иймд 2018 оны 3 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд хариуцагчаас төлөх ёстой хөлсийг 9.521.324 төгрөгөөр тооцох нь зүйтэй юм. /хэрэглээний зардлыг хариуцагч зөвшөөрдөг/
Иргэний хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болдог ба талууд эд хөрөнгө хөлслөх гэрээг 2 жилийн хугацаатай байгуулжээ. Мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах /цуцлах/ бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй байна.
Хариуцагч талаас 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр /шаардлага хүргүүлсэн өдөр/ гэрээг цуцалсан гэх боловч гэрээг цуцлах талаар мэдэгдэл хүргүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох үүргээ биелүүлээгүй. Нөгөө талаас, хариуцагч тал гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн нөхцөлд ч гэрээ дуусгавар болохгүй юм. Учир нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-д зааснаар эд хөрөнгө хөлслүүлэгчийг үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т зааснаар гэрээг цуцлах хугацаа 3 сар байхаар хуульчилсан боловч нэхэмжлэгч талаас гэрээг 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөр цуцалсан /Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т зааснаар гэрээг цуцлах хугацааг санал гаргаагүй тал тогтоодог/ хэмээн тайлбарлаж байх тул талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн Түрээсийн гэрээ нь 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр цуцлагдсан гэж үзэх нь зүйтэй юм.
Иймд нэхэмжлэгч нь 2018 оны 4 болон 5 дугаар сарын хөлсийг нэхэмжлэх эрхтэй байна.
Түүнчлэн талууд гэрээний 4.4-т алданги тооцохоор тохиролцсон байх тул нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны хөлс болох 9.521.324 төгрөгөөс гэрээ цуцлагдах хүртэл хугацааны буюу 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд алданги тооцож нэхэмжлэх, мөн 2018 оны 4 дүгээр сарын хөлс болох 1.000.000 төгрөгт 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд алданги тооцож нэхэмжлэх эрхтэй байна. Энэ хугацааны алдангийг тооцож үзвэл нийт 1.820.343 төгрөгийн алданги болно.
Талууд 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчийн өмчлөлийн нийт 23 ширхэг тоног төхөөрөмж, эд зүйлийг 2.741.500 төгрөгөөр тооцож, мөн 6 хоолны тооцоо 60.000 төгрөгийг, нийт 2.801.500 төгрөгийг эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу төлөх ёстой хөлс төлбөрөөс хасаж тооцохоор шилжүүлсэн байх тул эд зүйлийн үнэ болох
2.801.500 төгрөгийг нийт нэхэмжлэгчид төлөх ёстой төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй.
Харин хавтаст хэргийн 28 дугаар талын арын хэсэгт бичигдсэн БХАҮН ТӨААТҮГ-ын цайны газрын түрээсийн орлогын жагсаалт баримтад бичигдсэн 3.230.500 төгрөгийг, мөн хавтаст хэргийн 29 дүгээр талд авагдсан Тооцооны хуудас баримтад бичигдсэн 280.500 төгрөгийг тус тус төлөх ёстой төлбөрөөс хасаж тооцох боломжгүй гэж үзлээ. Учир нь эдгээр баримтыг хэнээс, хэнд, ямар зориулалтаар шилжүүлсэн нь тодорхой бус, төлбөр төлөгч болон авагчийн нэр тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээгүй баримт гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
Мөн хариуцагч талаас, 2017 оны 8 дугаар сараас хойш гэрээний дагуу төлбөр төлөөгүй хэмээн тайлбарласан ба Б ТӨААТҮГ-ын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 66 дугаартай Шаардлага хүргүүлэх тухай албан бичигт дурдагдсан 9.521.324 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Я.Баас 10.540.167 төгрөг / 2018 оны 3 сарын 31-нийг хүртэлх тооцоо 9.521.324 төгрөг+ 4 болон 5 сарын хөлс 2.000.000 төгрөг+1.820.343 төгрөгийн алданги-2.801.500 төгрөгийн эд зүйлийн үнэ /-ийг гаргуулан нэхэмжлэгч Б ТӨААТҮГ-т олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Я.Баас 10.540.167 төгрөгийг гаргуулан Б ТӨААТҮГ-т олгож, нэхэмжлэлээс 6.827.627 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244.788 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Баас 183.592 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ТӨААТҮГ-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР