Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2018/03130

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 19 өдөр

     Дугаар 184/ШШ2018/03130

 Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... тоот хаягт оршин суух, Х- овогт С-ын Э- /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ... тоот хаягт оршин суух, Т- овогт Т-ийн Б- /РД:.../-т холбогдох,

 

87.207.600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М-, хариуцагч Т.Б-, хариуцагчийн өмгөөлөгч З.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Э-, Ё.Д- нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2012 оны намар Т.Б- нь “...надад 6 ширхэг барилгын дүүжинт өргүүр бий, түүнийгээ барилга угсралтын ажил хийж байгаа компаниудад түрээслүүлж өндөр ашигтай ажиллаж байна. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой бөгөөд хөрөнгө оруулж, хамтран ажиллаач” гэсэн саналыг бидэнд тавьсан. Т.Б-ын тавьсан саналын дагуу хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахаар тохиролцон 2013 оны 1 дүгээр сард “М-” ХХК-ийг барилгын засвар, засал чимэглэлийн чиглэлээр үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь Т.Б- ажиллаж эхэлсэн.  Энэ аж ахуйн нэгжийг байгуулахад Т.Б-, С.Э-, Ё.Д- нар хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн бөгөөд бид 3 тэнцүү хэмжээгээр буюу компанийн 33,3 хувийг тус бүр эзэмших болсон. Компанид хөрөнгө оруулалт шаардлагатай байсны дагуу С.Э- нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороололд байрлах 1 өрөө байраа худалдаж олсон орлого болох 25.000.000 төгрөгийг авч, 2013 оны 3 дугаар сарын 14-нд захирал Т.Б-ын хамт явж 6 ширхэг дүүжин шат /люлька/, 2 ширхэг барилгын ачаа өргүүр /подъём/ тоног төхөөрөмжийг худалдан авсан. Улмаар дээрх төхөөрөмжүүдийг Улаанбаатар хотод тээвэрлэн, компанийн хаяг буюу Т.Б-ын гэрийн хашаанд буулгасан бөгөөд компанийн үйл ажиллагааг эхлүүлэхэд зарцуулсан 1.500.000 төгрөгийн зардлыг мөн л С.Э- гаргасан.  2013 оны 4 дүгээр сараас барилгын ажил эхлэхэд тоног төхөөрөмжүүдийг түрээсэлж эхэлсэн бөгөөд 2013 оны 8 дугаар сарын 20-ноос захирал Т.Б- нь үл ялих зүйлээр шалтаглан компанийн үйл ажиллагааны талаар ямар ч мэдээлэл тайлан өгөөгүй бөгөөд харилцаа тасран өнөөдрийг хүрсэн. 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр “М-” ХХК-ийн хувь эзэмшигч С.Э- нь хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шаардлага гаргасныг гүйцэтгэх захирал Т.Б-т хүргүүлсэн боловч хурал хийгээгүй болно. Захирал Т.Б-ын  компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн талаарх мэдээллийг өгөөгүйгээс хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авч чадахгүй байх түүнчлэн компанийн хөрөнгийг тэрээр  хувийн өмч мэтээр ганцаар, дураар захиран зарцуулж, үрэгдүүлэн компанийг болон хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хохироож байна. Иймд “М-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Б- хууль, компанийн дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс компани болон хувьцаа эзэмшигч С.Э-, Ё.Д- нарт учирсан хохирлыг гүйцэтгэх захирал Т.Б-ын өөрийн хөрөнгөөр нөхөн төлүүлж өгнө үү. Үүнд Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-д заасан үүргээ зөрчсөн тул компанийн өмчлөлийн 28.500.000 төгрөгийн хувь нийлүүлсэн эд хөрөнгийг хаана, хэрхэн яаж ашиглаж байгаа нь мэдэгдэхгүй, үрэгдүүлсэн тул Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6-д заасны дагуу Т.Б-ын өөрийн хөрөнгөнөөс нөхөн төлүүлэх, Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2.3, 85.2.4-д заасан үүргээ биелүүлээгүйгээс 2013, 2014, 2015 онд хувьцаа эзэмшигч С.Э-, Ё.Д- нарт олгогдох байсан ногдол ашиг болох 67.463.000 төгрөгийг компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасны дагуу Т.Б-ын өөрийн хөрөнгөнөөс, нийт 95.963.000 төгрөгийг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.  

 

Нэхэмжлэгч С.Э- нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж иргэн Т.Б-аас С.Э- миний хөрөнгийг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжилж байгаа. 2012 оны намар иргэн Т.Б- нь “надад барилгын дүүжинт өргүүр бий, түүнийгээ барилга угсралтын ажил хийж байгаа компаниудад түрээслүүлж өндөр ашигтай ажиллаж байна. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой бөгөөд хөрөнгө оруулж, хамтран ажиллаач” гэсэн саналыг надад тавьсан. Т.Б-ын тавьсан саналын дагуу хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахаар тохиролцон 2013 оны 1 дүгээр сард “М-” ХХК-ийг барилгын засвар засал чимэглэлийн үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь Т.Б- ажиллаж эхэлсэн. Энэ аж ахуйн нэгжийг байгуулахад С.Э-, Т.Б-, Ё.Д- нар хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн бөгөөд бид 3 тэнцүү хэмжээгээр буюу компанийн 33,3 хувийг тус тус эзэмших болсон компанид хөрөнгө оруулалт хийх тохиролцооны дагуу С.Э- би Баянгол дүүрэгт байрлах 1 өрөө орон сууцаа худалдсан орлогоор 2013 оны 03 сарын 14-нд БНХАУ-ын Эрээн хотруу Т.Б-ын хамт явж 6 ширхэг дүүжин тавцан (люлька), 2 ширхэг барилгын ачаа өргөх, буулгах зориулалт бүхий төхөөрөмж (подъём), уг төхөөрөмжийг угсардаг 10 ширхэг хөлийг сэлбэгээр тус тус худалдан авсан. Улмаар дээрх төхөөрөмжүүд сэлбэгийг Улаанбаатар хотод өөрийн зардлаар тээвэрлэн авчирч Т.Б-т хүлээлгэн өгсөн бөгөөд үүнийг Ё.Д- гэрчилнэ. Т.Б-т хүлээлгэн өгсөн шинэ төхөөрөмж, сэлбэгийн тухайн үеийн зах зээлийн дундаж үнэ нь 1. дүүжин тавцан (люлька)- 4.500.000 төгрөгийн үнэтэй, 6 ширхэг (2 буцаан өгсөн тул үлдэгдэл 4), 18.000.000 төгрөг, 2. ачаа өргөх, буулгах зориулалт бүхий төхөөрөмж (подъём) 7.200.000 төгрөгийн үнэтэй, 2 ширхэг, 14.000.000 төгрөг, 3. подъёмын угсардаг хөл    250.000 төгрөгийн үнэтэй, 10 ширхэг 2.500.000 төгрөг, нийт үнэ 34.500.000 төгрөг болно. 2013 оны 4 дүгээр сараас барилгын улирлын ажил эхлэхэд миний худалдаж авсан тоног, төхөөрөмжүүдийг Т.Б- нь бусдад түрээслүүлж эхэлсэн бөгөөд 2013 оны 8 дугаар сарын 20-оос хойш үл ялих зүйлээр шалтаглан бидэнд компанийн үйл ажиллагаа, хөрөнгө, орлого, ашгийн талаар мэдээ, мэдээлэл өгөхгүй, тайлан, тооцоог шаардахад танилцуулахгүй болсон. 2013 оны 11 дүгээр сарын сүүлээр Т.Б- нь надад “2 ширхэг дүүжин тавцанг “Барс захын урд байрлах барилга дээр түрээслүүлсэн байгаа, аваарай” гэсний дагуу очиж авсан. Үүссэн асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх удаа дараагийн оролдлогууд үр дүнд хүрээгүй тул хөрөнгөө хяналтдаа авахаар гэрт нь очиход Т.Б- нь “компанийн хөрөнгөнд халдлаа” гээд цагдаад гомдол гаргасан, “хөрөнгийг Т.Б- завшаад, залилаад байна” гэж цагдаад намайг гомдол гаргахад “энэ компанийн дотоод асуудал тул шүүхэд иргэний журмаар ханд” гэсэн болно. Ингээд тус шүүхэд 2015 оны 9 дүгээр сард анх нэхэмжлэл гаргасан бөгөөд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Б- нь миний түүнд шилжүүлсэн хөрөнгийг компанийн хөрөнгө, орлогод бүртгэж аваагүй, холбогдох тайлан, балансад тусгаагүй тул тухайн хөрөнгийг компанийн хөрөнгө гэж үзэх боломжгүй бөгөөд харин хөрөнгөнүүдийг ашиглан 2013-2015 онд 52.707.600 төгрөгийн орлого олж, түүнийг компанийн тайлан бүртгэлд тусгаагүй тухай “Од бүртгэл аудит” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Лэндс” ХХК-ийн тайлангаар хөрөнгөнүүдийг 2013-2015 онд түрээслүүлсний орлогыг 121.440.000 төгрөгөөр тооцсоныг ч  дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл Т.Б- нь миний худалдаж авсан хөрөнгөнүүдийг компанийн балансад хөрөнгөөр бүртгэж, шилжүүлэлгүй “эзгүйдүүлэн” өөрийн мэдэлд байлган үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, тэдгээрийг бусдад түрээслүүлэн хувьдаа их хэмжээний орлого олж улмаар эвдсэн, устгасан, гэмтээсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой байна. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.4, 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.2 болон бусад холбогдох зүйл, заалтын дагуу Т.Б-аас 4 ширхэг дүүжинт тавцангийн үнэ 18.000.000 төгрөг, 2 подъёмын үнэ 14.000.000 төгрөг, подъёмын 10 ширхэг хөлний үнэ 2.500.000 төгрөг бүгд 34.500.000 төгрөгийг, Т.Б-аас төхөөрөмжүүдийг бусдад түрээслүүлснээс олсон орлого болох 52.707.600 төгрөгийг буюу нийт 87.207.600 төгрөг гаргуулж С.Э- надад олгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч С.Э-ын нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2012 оны 10 дугаар сард БНХАУ-аас 7 ширхэг барилгын дүүжинт өргүүр оруулж ирээд тухайн үедээ өндөр ашигтай ажиллаж байсан. С.Э- дүүжинт өргүүрийн орлого ашгийг тооцож үзээд чиний  бизнест хөрөнгө оруулалт хийе, хамтран ажиллая гэсэн санал тавьсан. Ингээд С.Э-, Ё.Д- нарын хамт компани байгуулахаар шийдэж материалаа бүрдүүлэн 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр “М-” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээгээ авсан. 3 хувьцаа эзэмшигч тус бүр 33.3 хувийг эзэмшихээр дүрэмдээ заасан. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай холбоотой тайлбарлахад С.Э- нь компани байгуулахад 25.000.000 төгрөг гаргаж өөрийн оруулах ёстой хөрөнгийг оруулсан болохоос биш надад энэ тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөөд, ажил хий гэж хэлсэн зүйл, тоног төхөөрөмж хүлээлгэн өгч үйлдсэн акт зэрэг зүйл байхгүй. Хавтаст хэргийг 209 дүгээр хуудсанд прокурорын тогтоол байгаа. Түүн дээр С.Э-ын мэдүүлэг байдаг. Уг мэдүүлэг дээр С.Э- нь “...хоёр ширхэг дүүжин гүүрийг аваад бусдад өгөөд эвдсэн. Хоёр ширхэг дүүжин гүүрийг шинээр нь зараад мөнгийг нь авсан. Компанид орсон орлогоос бэлнээр 14.500.000 төгрөгийг авсан...” гэдэг мэдүүлэг нь байгаа. С.Э- нь 6 ширхэг дүүжин гүүрнээс хоёрыг шинээр нь  зарсан. Хоёрыг нь өөрөө авчихсан. Хоёрыг нь өөрөө бусдад түрээсэлж байгаад эвдсэн. Подъёмын хувьд С.Э- нь түрээсэлж байгаад эвдүүлчихсэн. Намайг эдгээр хүмүүс нь юмыг аваад зугтаад байна гэдэг. Одоо манай хашаанд эдгээр төмрийн хогууд нь байгаа. Яг надад гардаад хариуцуулж өгсөн зүйл байхгүй. Надад С.Э-оос хүлээж авсан тоног төхөөрөмж байхгүй. Тоног төхөөрөмжүүд 2013 оны 04 сард ирсэн.  2013 оны 8 сар гэхэд 4 сарын хугацаанд түрээсэлсэн мөнгийг нь С.Э- хүүхэд гадагшаа сургуульд явах гээд байна гээд 14.500.000 төгрөгийг авчихсан. Ингээд 2013 оны 08 сараас хойш огт ажил хийгээгүй. Нэхэмжлэгч нар нь компанийн өмч хөрөнгө шамшигдуулсан хэргээр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гарган шалгуулсан боловч хэрэгсэхгүй болсон. Компани ашигтай ажиллаж чадаагүй тул ногдол ашиг хуваарилах асуудал байхгүй, компанийн хөрөнгө болох тоног төхөөрөмжүүд эвдэрч, ашиглалтын хугацаа дууссан, С.Э- оруулсан хөрөнгөө буцаан авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Э-, Ё.Д- нар нь “М-” ХХК, гүйцэтгэх захирал Т.Б- нарт холбогдуулан  “М-” ХХК-ийн 37.261.100 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг Т.Б-ын өөрийн хөрөнгөөр нөхөн төлүүлж, үүнээс хувьцаа эзэмшигч С.Э-т ногдох 8.127.100 төгрөгийн хөрөнгө, хувьцаа эзэмшигч Ё.Д-д ногдох 14.567.000 төгрөгийн хөрөнгийг “М-” ХХК-иас гаргуулах, 2013, 2014, 2015 онд хувьцаа эзэмшигч С.Э-т олгох байсан ногдол ашиг 11.841.900 төгрөг, Ё.Д-д олгогдох байсан ногдол ашиг 23.491.900 төгрөгийг Т.Б-ын хөрөнгөөс нөхөн төлүүлж, нэхэмжлэгч нарт олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ё.Д- нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь, нэхэмжлэгч С.Э- нь “М-” ХХК-д холбогдох шаардлагаасаа тус тус татгалзаж, нэхэмжлэгч С.Э- иргэн Т.Б-т холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн 4 ширхэг дүүжинт тавцангийн үнэ 18.000.000 төгрөг, 2 ширхэг подъёмын үнэ 14.000.000 төгрөг, 10 ширхэг подъёмын хөлний үнэ 2.500.000 төгрөг, бүгд 34.500.000 төгрөг, энэхүү  төхөөрөмжүүдийг бусдад түрээслүүлснээс олсон орлого 52.707.600 төгрөгийг буюу нийт 87.207.600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

 

Хариуцагч Т.Б- “...С.Э- нь компанид 25.000.000 төгрөгийн хөрөнгө оруулснаас 14.500.000 төгрөгийг бэлнээр авсан. 2 дүүжинт гүүрийг шинээр нь өөрөө зарсан. 2 дүүжинт гүүрийг түрээсэлж байгаа газраас нь авсан. 2 нь эвдэрч гэмтсэн, ашиглалтын хугацаа дуусан дахин ашиглах боломжгүй болсон. Иргэн Т.Б- надад тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн акт бичгийн ямар нэгэн баримт байхгүй, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр оруулж ирсэн тоног төхөөрөмжүүд байсан. Би С.Э-оос хөрөнгө авч, түүнийг нь түрээслэн орлого олж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй. С.Э- компанид оруулсан хөрөнгөө буцаан авсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргав.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй талаар тусгасан байна.

 

Иргэн Т.Б-, С.Э-, Ё.Д- нар нь 2013 оны 01 сарын 09-ний өдөр хувь нийлүүлэн “М-” ХХК-ийг үүсгэн байгуулсан байх бөгөөд гадаад худалдаа, аялал жуулчлал, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, барилгын засвар, засал чимэглэл, фермерийн үйл ажиллагаа чиглэлээр, улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэмд зааснаар 28.500.000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, үүсгэн байгуулагч тус бүр компанийн хувьцааны  33,3 хувийг эзэмшихээр тохиролцон улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Талууд компанийг үүсгэн байгуулсан, хувь нийлүүлэгчдийн эзэмших хувьцааны хэмжээ, гүйцэтгэх захирлаар Т.Б-ыг томилсон талаар маргаагүй боловч компанийн хөрөнгийн хэмжээ, компани ашигтай ажилласан эсэх, компанийн хөрөнгийг гүйцэтгэх захирал үрэгдүүлсэн эсэх, иргэн Т.Б- дангаар компанийн хөрөнгийг дур мэдэн ашигласан эсэх, бусдын хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх талаар маргав.

 

Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт компаниас хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн буюу гаргасан нийт давуу эрхийн болон энгийн хувьцааны нэрлэсэн үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө гэх, компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэж үзэхээр заасан бөгөөд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн өөрчилсөн эсэх талаар баримтыг зохигчид шүүхэд гаргаж өгөөгүй болно. 

 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15, 84 дүгээр зүйлийн 84.10 дахь хэсэгт гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурал хэдийд ч гаргах эрхтэй байх, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нийт гаргасан хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг этгээд нь энэ хуулийн 84 дүгээр зүйлд заасан хариуцлагыг эрх бүхий албан тушаалтны нэгэн адил хүлээнэ гэж заасан байна.

 

Компанийн тухай хуулийн дээрх заалтуудаас үзэхэд С.Э-ын “...гүйцэтгэх захирал Т.Б- миний оруулсан хөрөнгийг компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэж аваагүйгээс би хохирсон” гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд компанийн хувьцааны 33,3 хувийг эзэмшигч С.Э- нь гүйцэтгэх удирдлага буюу Т.Б-ын нэгэн адилаар хуулийн 84 дүгээр зүйлд заасан үүрэг хариуцлагыг хүлээхээр зохицуулжээ.

 

Тиймээс хариуцагч Т.Б- нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Э-ын 87.207.600 төгрөгийн хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, талуудын хооронд хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсээгүй гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ё.Д- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Б-, “М-” ХХК нарт холбогдуулан гаргасан компанийн гүйцэтгэх захирал Т.Б-аас компанид учруулсан хохиролд 37.261.000 төгрөг гаргуулж, компанийг хохиролгүй болгох, хувьцаа эзэмшигч С.Э-т ногдох 8.127.000 төгрөгийн хөрөнгө, хувьцаа эзэмшигч Ё.Д-д ногдох 14.567.000 төгрөгийн хөрөнгийг компаниас гаргуулах, 2013-2015 онд олгогдох байсан ногдол ашиг С.Э-т 11.841.900 төгрөг, Ё.Д-д 23.491.900 төгрөгийг Т.Б-ын хөрөнгөөр нөхөн төлүүлж нэхэмжлэгч нарт олгуулах тухай шаардлагаасаа татгалзсан тул татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгчээс   улсын   тэмдэгтийн   хураамжид   төлсөн  637.800  төгрөгийг  улсын

орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Т.Б-т холбогдох 87.207.600 төгрөг гаргуулах тухай С.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ё.Д- нь компанийн гүйцэтгэх захирал Т.Б-аас компанид учруулсан хохиролд 37.261.000 төгрөг гаргуулж, компанийг хохиролгүй болгох, хувьцаа эзэмшигч С.Э-т ногдох 8.127.000 төгрөгийн хөрөнгө, хувьцаа эзэмшигч Ё.Д-д ногдох 14.567.000 төгрөгийн хөрөнгийг компаниас гаргуулах, 2013-2015 онд олгогдох байсан ногдол ашиг С.Э-т 11.841.900 төгрөг, Ё.Д-д 23.491.900 төгрөгийг Т.Б-ын хөрөнгөөр нөхөн төлүүлж нэхэмжлэгч нарт олгуулах тухай хариуцагч Т.Б-, “М-” ХХК нарт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-, Ё.Д- нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 637.800 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

                                                                       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.УРАНЗУЛ