Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2019/00028

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Б,

Нэхэмжлэгч: Ш.М нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.н холбогдох

Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Содон хороолол 107 дугаар байр 35 тоот 49.99 м.кв 2 өрөө орон сууцыг Н.Базаррагчаа, О.Анар-Уянга, О.Амаржаргал нар өвлөх эрхтэй болохыг тогтоож, тэдгээрт ногдох хэсэгт 63,744,750 төгрөг гаргуулах үндсэн, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг Н.Нарантунгалаг, О.Амармандах нарын нэр дээр бүртгүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалган, 44,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Т, хариуцагч Н.Н, хариуцагчийн өмгөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.Б миний бие 1972 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр охин Б.О-г, 1978 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүү Б.О нарыг төрүүлсэн. Охин Б.О нь 2015 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр, хүү Б.О нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр тус тус зуурдаар нас барсан. Б.О нь Ш.Мө-тай 2004 оноос эхэлж хамтран амьдарч, тэдний дундаас 2004 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр О.А, 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдөр О.А нар төрсөн. Б.О Ш.М нь албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. 2012 оноос Б.О нь Н.Н-тай хамтран амьдарсан бөгөөд тэдний дундаас 2013 онд хүү О.А төрсөн, мөн албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Б.О нь Тэсо констракшн ХХК-ийн барьсан Содон хорооллын 3 дугаар ээлжийн 105 дугаар байрны 1 дүгээр орц 12 давхрын 82 тоот 47.92 м.кв өрөө орон сууцыг захиалж гэрээ байгуулан төлбөрийг төлж байгаад гэрээгээ өөрчлөн 4-р ээлжийн 107 дугаар байрны 35 тоот хаягт байрлах 49.99 м.кв 2 өрөө орон сууцаар солин дахин гэрээ байгуулж, 2015 оны 2 дугаар улиралд төлбөрийн 51 хувь болох 46,439,200 төгрөгийг компанийн шалгуурын дагуу графикаар төлж, үлдсэн 38,543,800 төгрөгийг Хас банкны 8 хувийн зээлд хамрагдан 20 жилийн хугацаатай лизингээр уг орон сууцыг нийт 84,993,000 төгрөгөөр худалдан авч, өмчлөх эрхийн гэрчилгээ нь Б.О-ийн нэр дээр гарч, улсын бүртгэлд бүртгэгдсэн. Б.О-гийн эгч Б.О 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нас барсны дараа хүү О.А үлдсэн бөгөөд Б.О нь О.А-ийг өөрийн асрамжид авч өсгөж байсан бөгөөд уг орон сууцанд Б.О, Н.Н, А, О.А, О.А, О.А нар амьдарч байсан. Б.О-ийг нас барснаас хойш хамтран амьдрагч Н.Н нь өөрийн ээж, эгч, ах дүү нар нь хүүгийн минь гэрт ирж эзэгнэн амьдарч байгаагаар барахгуй, намайг хүүдээ гэрт нь зул өргөе гэтэл оруулахгүй, бид цагаан сар тэмдэглэх гэж байна, хүүгийн оршуулганы зардалд гаргасан 2,000,000 төгрөгийг өгөөрэй гэх мэт хүний ёсонд байхгүй муу сэтгэлээр хандан занаж, миний дүү бид хоёрыг эгч нь гэх балмад эмэгтэй барьж авч зодох зэргээр хүүгийн минь байрыг ах дүү нартайгаа нийлж эзэгнэн авах гэж санаархаж байгаа. Учир нь Н-ийг манайд ирэхээс өмнө би охин, хүү хоёрын хамт Хархорин захад 2003 оноос 2017 оны 9 дүгээр сар хүртэл тасралтгүй 14 жил 2 лангуу түрээслэн ажиллуулж байсан орлогоос төлсөн. Үүнийг Хар хорин хүрээ ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1/132 тоот тодорхойлолт, Хас банк ХХК, Хаан банк ХХК-ийн хадгаламж нотолно. Байрны урьдчилгаанд төлсөн 46,439,200 төгрөгөөс О-ийн төрсөн эгч О 2014 оны 12 дугаар сарын 01-ны өдөр 8,146,400 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 8,146,400 төгрөг, нийт 16,292,800 төгрөгийг, О 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 8,146,400 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 22,000,000 төгрөг, нийт 30,146,400 төгрөгийг тус тус Тэсо Констракшны орон сууц борлуулалтын албанд төлсөн. Би одоо хөдөлмөр эрхлэх чадваргүй, төрүүлсэн 2 хүүхдээ алдаж, 3 насанд хүрээгүй хүүхдийн хамт амьдарч байна. Иймээс би Монгол улсын Иргэний хуулийн дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.3-т тус тус заасны дагуу Б.О-ийн төрсөн охин О.А, хүү О.А, эх Н.Б нарыг хууль ёсны өв залгамжлагч, өвлөгч болно гэж үзэж байна. Иймд талийгаач Б.О-ийн өмчлөлийн Ү-2201047726 дугаартай, гэрчилгээний 00504069 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн, 6 дугаар хороо, Содон" хорооллын Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 107 тоот байрны 35 тоот хаягт байрлах 49.99 м.кв хоёр өрөө орон сууцны хууль ёсны өвлөгч, өв залгамжлагчаар төрсөн охин О.А, хүү О.А, эх Н.Б нарыг мөн болохыг тогтоож, уг орон сууцны үнийг 84,993,000 төгрөгөөс тооцон, 4 хуваасны 3 болох 63,744,750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.О-ийн өмчлөлийн Ү-2201047726 дугаартай, гэрчилгээний 00504069 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн, 6 дугаар хороо, Содон хорооллын Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 107 тоот байрны 35 тоот хаягт байрлах 49.99 м.кв хоёр өрөө орон сууцны хууль ёсны өвлөгч, өв залгамжлагчаар төрсөн охин О.А, хүү О.А нарыг тогтоолгож, оногдох хэсэгт 63,744,750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талийгаач О-ийн хүүхэд болох О.А, О. А нар нь өв хүлээн авах талаар хуульд заасан хугацаанд хүсэлт гаргаагүй тул эрхээ алдсан гэж үзнэ. Ш.М нь нөхөртэй дундаасаа хүүхэдтэй, өөрийн хоёр хүүхдийн өвийн талаар хуулийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байгаа тул өвлөгчид биш гэдгийг хэлье. Миний бие нь 2012 оноос эхлэн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд талийгаач хамтран амьдарч байсан тухайг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/01501 тоот шүүхийн шийдвэрээр тогтоолгосон болно. Содон хорооллын хоёр өрөө байр нь банкны ипотекийн зээлийг миний бие нь өөр дээр шилжүүлж авах хүсэлтэй байна. Тэтгэвэрт гарсан хүнд зээл шилжүүлэх боломжгүй гэж үзэж байна. Ипотекийн зээлэнд орсон нөхцөл нь би улсад 15 жил ажиллаж байгаа, энэ байдлын улмаас зээлэнд хамрагдсан хамтран зээлдэгч болж банкны зээлийг төлж байгаа өмчлөгч гэж өөрийгөө үзэж байна. Н.Б нь лангууг 35,000,000 төгрөгөөр, машин 9,500,000 төгрөгөөр тус тус худалдан борлуулж 44,500,000 төгрөгийн хөрөнгийг авсан тул би түүнд ямар нэгэн төлбөр төлөх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Нарантунгалаг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие нь 2012 оноос эхлэн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд талийгаач хамтран амьдарч, бидний дундаас 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүү О.А төрсөн. Бидний хамтын амьдралыг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/01501 тоот шүүхийн шийдвэрээр тогтоосон. Талийгаач Б.О бид хоёр амьдралынхаа явцад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төвийн хүнсний павильоныг иргэн А гэдэг хүнээс авсан. Өвийн хугацаа дуусаагүй байхад бидний өдөр тутмын аж амьдралаа залгуулж байсан павильоныг 35,000,000 төгрөгөөр зарсан, мөн миний нөхрийн нэр дээр байсан тоёота рав-4 19-86 УНП дугаартай автомашиныг хуучин бэр Ш.М-д 9,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Иймд нийт 45,500,000 төгрөгийг гаргуулах, Сонгинохайрхан дүүргийн, 6 дугаар хороо, Содон хорооллын Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 107 тоот байрны 35 тоот хаягт байрлах 49.99 м.кв хоёр өрөө орон сууцны жинхэнэ өмчлөгч мөн болохыг тогтоож, орон сууцыг Н.Н болон хүү О.А бидний нэр дээр бүртгүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбарт: Н.Н нь миний гэрт миний хүү Б.О-тай 2013 оны 9 дүгээр сарын 23-нд ирж хамтран амьдраад 3 жил гаруй болсон. Үүнийг хорооны Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 106 тоот тодорхойлолт гэрчилнэ. Хархорин захын 1-5 дугаар павильон Н.Б миний нэр дээр анхнаасаа гэрээ хийж ажиллаж байсныг гэрчлэх Хархорин хүрээ ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1/132 тоот албан бичиг нотолно. Хариуцагч Н.Н-т хамааралгүй. Тоёота Рав-4 автомашиныг Н.Н-ийг манайд ирэхээс өмнө 2012 оны 9 дүгээр сарын 5-нд миний бие павилоны бараагаа барьцаалж Хаан банкнаас 9,000,000 төгрөгийн зээл авсан. Сонгинохайрхан дүүргийн, 6 дугаар хороо, Содон хорооллын Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 107 тоот байрны 35 тоот хаягт байрлах 49.99 м.кв хоёр өрөө орон сууцыг миний охин Б.О, Б.О бид 3 өөрсдийн павилоныг ажиллуулж 14 жил хуримтлуулсан мөнгөөр байрны өртөг 84,993,000 төгрөгийн 51 хувь болох 46,432,200 төгрөгийг төлж, үлдэх хэсгийг 8 хувийн зээлэнд хамруулсан. Н.Н нь намайг амьд байхад миний хөрөнгийг өвлөж авна гэдэг нь буруу тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б, Ш.М нар нь талийгаач Б.О-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201047726 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Содон хороолол 107 дугаар байр 35 тоот 49.99 м.кв 2 өрөө орон сууц /цаашид орон сууц гэх/-ны хууль ёсны өвлөгчөөр эх Н.Б, охин О.А, хүү О.А нарыг тогтоож, тэдгээрт ногдох хэсэгт 63,744,750 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч Н.Б 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд орон сууцыг өвлөн авах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж /хх-1-2/, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр О.А, О.А нарын эрх, ашиг сонирхлыг төлөөлөн Ш.М нэхэмжлэгчээр нэмэгдэн нэхэмжлэлийн шаардлагыг орон сууцны өвлөгчөөр Н.Б, О.А, О.А, О.А нар мөн болохыг тогтоолгох хэмээн өөрчилжээ. /хх-138-140/ Мөн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг орон сууцны өвлөгч Н.Б, О.А, О.А-д ногдох хэсэгт 63,744,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хэмээн нэмэгдүүлжээ. /хх-204/ Харин хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны өвлөгч О.А мөн болохыг тогтоолгох шаардлагаас татгалзжээ.

Нэхэмжлэгч Ш.М нь О.А, О.А нарын төрсөн эх буюу хууль ёсны төлөөлөгч ба тэрээр нэхэмжлэгчийн эдлэх эрх, үүргийг Н.Б-д итгэмжлэлээр олгосон байна. /хх-25-26/

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг Н.Н, О.А нарын нэр дээр бүртгүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалгаж, 44,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Б нь Б.О-ийн төрсөн эх болох нь иргэний үнэмлэхээр, Б.О 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нар барсан болох нь нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-6/

Талийгаач Б.О болон Ш.М нар 2004 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр охин О.а, 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүү О.а нарыг төрүүлсэн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-26/

Талийгаач Б.О болон Н.Н нар нь 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр О.А-ыг төрүүлсэн болох талаар талууд маргаагүй ба Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01501 дугаар шийдвэрээр тогтоогдож байна. /хх-104/

Талийгаач Б.О нь Ш.М болон Н.Н нартай хамтын амьдралтай байсан боловч хэн алинтай нь гэрлэлтээ бүртгүүлээгүй болох нь гэрлэлт бүртгэлгүй болох тухай лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01501 дугаар шийдвэрээр тогтоогдож байна. /хх-8, 104/

Улсын бүртгэлийн Ү-2201047726 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Содон хороолол 107 дугаар байр 35 тоот 49.99 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч нь Б.О байна. /хх-5/

Орон сууцыг Тесо констракшн ХХК-аас 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээний дагуу 84,983,000 төгрөгөөр худалдан авчээ. Төлбөрөөс 16,292,800 төгрөгийг Б.О, 30,146,400 төгрөгийг Б.О төлсөн байх ба нийт 46,439,200 төгрөгийг урьдчилгаанд төлжээ. Үлдэх 38,543,800 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Хас банкнаас Б.О, Н.Н нар ипотекийн зээлийн гэрээ байгуулан авчээ. /хх-10-11, 31-36, 50-60/

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нь хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна гэж зааснаар талийгаач Б.О-ийн эх Н.Б, охин О.А, хүү О.А, О.А нар нь хууль ёсны өвлөгч юм.

Хуулийн энэхүү заалтын эхнэр гэсэн ойлголтыг Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар өвлүүлэгчтэй гэрлэсэн болохыг гэрчилсэн иргэний бүртгэлийн баримт бичигт тулгуурлан тодорхойлох ёстой. Хариуцагч Н.Н-ийг талийгаачтай хамтын амьдралтай байсан болохыг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01501 дугаар шийдвэрээр тогтоосон боловч энэ нь тэдний дундаас төрсөн хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах зорилготой байх тул Н.Н-ийг талийгаачийн эхнэр гэж үзэн хууль ёсны өвлөгчөөр тооцох үр дагавар үүсэхгүй.

Талийгаачийн хууль ёсны өвлөгчийн хувьд өвийг хүлээн авах хүсэл зориг байгаа нөхцөлд өв хүлээн авсанд тооцдог. Иргэний хуулийн 528 дугаар зүйлд өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах журмыг зохицуулсан. Хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ., 528.2-т Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. гэж заажээ.

Нэхэмжлэгч Н.Б өв хүлээн авах хүсэлтээ Б.Оюунбилэгийг нас барснаас хойш 1 жилийн дотор буюу 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр нотариатад гаргасан нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасантай нийцсэн байна. /хх-9/

Охин О.А, хүү О.А нар нь өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан болох нь тогтоогдох бөгөөд өв хүлээн авахаас татгалзсан тухай нотариат, эсхүл оршин суугаа газрын Засаг даргад мэдэгдээгүй байх тул тэдгээрийг өв хүлээн авах хүсэл зоригтой буюу өв хүлээн авсан гэж үзнэ. /хх-12/ Хариуцагч тал охин О.Анар-У-ыг талийгаач Б.О-тэй хамт амьдарч байгаагүй гэж тайлбарлах боловч Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын оршин суугаа газрын тодорхойлолтыг баримтаар үгүйсгээгүй тул тайлбарыг үнэн зөв гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6-д зааснаар өвлүүлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өвлөгчид ногдох хэсгийг тодорхойлохдоо орон сууцны үнэлгээнд талууд маргаагүйг тэмдэглэн, анх худалдан авсан үнэ болох 84,983,000 төгрөгөөр тооцож, орон сууцыг худалдан авахад Б.О-ийн оруулсан 16,292,800 төгрөгийг хассан болно. Ийнхүү тооцоход өвлүүлэгчийн орон сууцнаас хууль ёсны өвлөгч Н.Б, О.А, О.А нар тус бүр 17,172,550 ((84,983,000-16,292,800):4) төгрөгийг өвлөн авах эрхтэй.

Хариуцагч Н.Н нь талийгаач Б.О-ийн орон сууцны хууль ёсны өвлөгч биш, харин хүү Б.А нь орон сууцны дөрөвний нэгийг өвлөн авах эрхтэй байх тул хариуцагчийн гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг Н.Н, О.А нарын нэр дээр бүртгүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй.

Иргэний хуулийн 535 дугаар зүйлд  зааснаар өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх ба хэд хэдэн өвлөгч байвал тэдгээр нь үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээх үүрэгтэй. Шүүх маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх тул өвлүүлэгчийн Хас банк ХХК-аас авсан зээлийн үүргийг өвлөгчдөд хуваан шийдвэрлээгүйг дурдах нь зүйтэй.

Хариуцагч автомашинд 9,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Б-аас гаргуулах сөрөг шаардлага гаргасан ба үндэслэлийг бидний хэрэгцээний автомашиныг бусдад зарсан тул үнийг гаргуулна гэжээ. Нэхэмжлэгч автомашиныг 9,000,000 төгрөгөөр бусдад шилжүүлсэн гээд Б.О-ийн хүү О.А-д ногдох хэсэгт 3,000,000 төгрөг гаргахыг хүлээн зөвшөөрчээ.

Тоёота рав-4 маркийн 19-86 УНП улсын дугаар бүхий автомашин нь 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс талийгаач Б.О-ийн өмчлөлийн хөрөнгө байсан ба түүнийг нас барснаас хойш 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс Э.А, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс Ш.М, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс Э.О нарт шилжсэн байна. /хх-196-200/

Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасан хугацаа болон журмын дагуу өвлүүлэгчийн хөрөнгийг хүлээн авахтай холбоотой баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй боловч нэгэнт нэхэмжлэгч 3,000,000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөх тул энэ хэмжээнд түүнийг үүргийг хүлээлгэх нь зүйтэй.

Хариуцагч Н.Н нь бидний амьдралаа залгуулж байсан Хар хорин худалдааны төвийн хүнсний барааны 1/05 дугаартай павильоныг бусдад 35,000,000 төгрөгөөр худалдсан тул үнийг нэхэмжлэгч Н.Б-аас гаргуулна гэж шаардсаныг нэхэмжлэгч уг лангууг 2003 оноос хойш түрээслэн ажиллуулж байсан ба хариуцагч болон талийгаачийн өмчлөлийн зүйл биш хэмээн маргажээ.

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 10357 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг ханган 01/05 дугаар павильоныг эзэмшигчийн талаар болон эзэмшигч өөрчлөгдсөн бол хэн, ямар гэрээний үндсэн дээр шилжүүлсэн болох талаарх лавлагааг Хар хорин хүрээ ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Захирамжийн дагуу Хар хорин хүрээ ХХК-ийн Н.Б-г 2010 оноос 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд павильоныг түрээслүүлэн ажиллуулж байсан тухай тодорхойлолтыг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Хар хорин хүрээ ХХК болон Л.С нарын хооронд байгуулсан Ажлын байр түрээслэх гэрээний хамт ирүүлжээ. Эндээс хүнсний захын павильоныг талийгаач Б.О түрээсэлж байсан гэж үзэх боломжгүй, түүнчлэн түрээслэх эрхийг Н.Б бусдад 35,000,000 төгрөгөөр шилжүүлсэн болох нь тогтоогдохгүй тул сөрөг шаардлага үндэслэлгүй байна.

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл талийгаач Б.О-ийн өмчлөлийн орон сууцны хууль ёсны өвлөгчөөр эх Н.Б, охин О.А, хүү О.А нар мөн болохыг тогтоож, ногдох хэсэгт 51,517,650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Б-аас 3,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Н.Н-т олгон, үлдэх 41,500,000 төгрөг болон орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг Н.Н, О.А нарын нэр дээр бүртгүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 476,673 төгрөг, нийт 546,873 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 450,650 төгрөгийг улсын улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Н.Н-аас 485,738 /70,200+415,538/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгон, нэхэмжлэгч Н.Б-аас 62,950 төгрөг гаргуулан хариуцагчид олгох нь зүйтэй. Нэхэмжлэлийн үнийн дүнг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-63.1.3-д зааснаар тодорхойлсон бөгөөд хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар тогтоож, хуваарилалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57, 60 дугаар зүйлд заасны дагуу хийсэн болно.