Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00655

 

В.М нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2020/01804 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2132 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: В.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол шуудан ХК-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны олговорт 12,668,777 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Хүрэлсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие "Монгол шуудан" ХК-ийн Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газрын ахлах менежерээр ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2018.07.09-ний өдрийн Б/190 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Ажил олгогчийн тушаалыг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийг бүх шатны шүүхүүд, тодруулбал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.15-ны өдрийн 182/ШШ2019/00115 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.03.20-ны өдрийн 520 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020.01.30-ны өдрийн 001/ХТ2020/000043 дугаар тогтоолоор тус тус ханган шийдвэрлэж, ажилд эгүүлэн тогтоон 2018.07.09-ний өдрөөс 2019.01.15-ны өдрийг хүртэл 131 хоногийн цалинтай тэнцэх олговорт 4,569,767 төгрөгийг гаргуулах болсон. Гэвч гурван шатны шүүхийн шийдвэрийг "Монгол шуудан" ХК сайн дураар биелүүлээгүй, ажилд аваагүй, цалингийн олговор олгоогүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 3 сарын дотор гаргах ёстой хөөн хэлэлцэх хугацаа зогссон үйл баримт буюу ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг 2020.01.30-ны өдөр шийдвэрлэж дууссан, ажилд томилогдоогүй эрхийн зөрчил үргэлжилсээр байгаа учир хуульд заасан хугацааг хэтрүүлэлгүй гомдлоо гаргасан. 2020.06.09-ний өдөр ажилд авсан тушаал гаргасан. Монгол шуудан" ХК-аас 2019.01.15-ны өдрөөс 2020.06.09-нийг хүртэл ажилгүй байсан 16 сар 19 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт нэг сарын үндсэн цалин 750,000 төгрөг, нийт 12,668,777 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй холбогдуулан үүссэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шүүхийн маргаан нь 2020.01.30-ны өдөр Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ажилд орох талаар хүсэлт гаргахгүй явсаар 2020.06.09-ний өдөр хүрсэн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 2020.06.09-ний өдөр ажилд эгүүлэн тогтоож тухайн өдөр гүйцэтгэх захирлын Б/181 дугаар тушаал гарган ажилд томилсон. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гэх асуудал нь хэрэг маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хугацаанд хамаарч байхаас гадна нэхэмжлэгчийн зүгээс ажилд орох хүсэлт гаргаагүй, хариуцагчийн зүгээс хуульд заасны дагуу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхээ эдэлсэн тул уг хугацааны цалин олговрыг хариуцах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2020/01804 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан Монгол шуудан ХК-аас 11,250,000 төгрөгийг гаргуулж В.Мөнхчимэгт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэгчийн 1,418,777 төгрөг нэмж нэхэмжилсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, В.Мөнхчимэгт олгох ёстой 11,250,000 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 194,950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2132 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2020/01804 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 194,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: Шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадсангүй гэж үзэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна. Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шүүхийн маргаан нь 2020.01.30-ны өдөр Улсын дээд шүүхээр эцэслэн шийдэгдсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ажилд орох талаар ямар нэг хүсэлт гаргаагүй мөртлөө 2020.04.23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн ажилдаа орох хүсэлтийг 2020.06.07-ны өдөр хүлээн авч, 2020.06.09-ны өдөр ажилд эгүүлэн тогтоон гүйцэтгэх захирлын Б/181 дугаар тушаал гаргасан. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гэх асуудал нь хэрэг маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хугацаанд хамаарч байхаас гадна нэхэмжлэгчийн зүгээс ажилд орох хүсэлт гаргаагүй, хариуцагчийн зүгээс хуульд заасны дагуу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхээ эдэлсэн тул уг хугацааны цалин олговрыг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуульд заасан шаардах эрх үүсэх өдөр, хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг буруу дүгнэсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан тул шаардах эрх хэзээнээс үүссэнийг тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан. Шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан тохиолдолд шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-т заасныг үндэслэн олговрын асуудлыг шийдвэрлэдэг. Харин манай тохиолдлын хувьд энэ харилцаа нь болж өнгөрсөн бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу ажил олгогчийн ажилд эгүүлэн тогтоох тухай шийдвэр гараагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан асуудал яригдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэг нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлэх тухай ажил олгогчийн үүргийн талаарх хуулийн зохицуулалт байна. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрээс хойших хугацааны цалин олговор гаргуулах тухай гаргаж буй нэхэмжлэл нь ажил олгогчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэхгүй байгаатай холбоотой нэхэмжлэл гэж ойлгож байна. Энэ тохиолдолд ажил олгогчийн шийдвэр гаргаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа, Шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар ажил олгогчид, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өргөдөл, гомдол гаргаагүй байж шууд нэхэмжлэл гаргаж байгаа нь шаардах эрх үүсээгүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон ажил олгогчийн шийдвэр нь 2020.06.09-ний өдөр гарсан тул уг хугацаанаас эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

В.Мөнхчимэг нь Монгол шуудан ХК холбогдуулан ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12,668,777 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа, ...ажлаас халсан нь буруу болохыг шүүх тогтоож шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон 2020.06.30-ны өдөр хүртэлх олговор гаргуулна... гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй ..ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагатай хэрэг давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хэлэлцэгдэн эцсийн шийдвэр гарсан, шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгч ажилдаа орох санаачилга гаргаагүй... гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

1. Шүүх ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор шаардсан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 Нэхэмжлэгч В.Мөнхчимэгийг урьд эрхэлж байсан Монгол шуудан ХК-ийн Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газрын ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00115 дугаар шийдвэр, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажил олгогч ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох үүрэгтэй ба уг үүргээ биелүүлээгүй байна.

Ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан нь тогтоогдсон ба нэхэмжлэгчээс шалтгаалж шүүхийн шийдвэр биелэгдээгүй хугацаа алдсан гэх үйл баримт нотлогдоогүй байна.

 В.Мөнхчимэгийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019.01.15-ны өдрөөс 2020.04.15-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11,250,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Харин нэхэмжлэгчийг шүүхэд хандсаны дараа түүнийг 2020.06.09-ны өдөр ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд эгүүлэн томилсныг зохигч маргаагүй ба дээрх хугацаа хүртэлх олговор шаардаж нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх бүрдүүлбэр хангаагүй гэж нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ба уг шийдэлд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 2. Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана, 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэжээ.

Дээр дурдсан хуулийн зүйл, заалтуудаас үзэхэд ажилтны ажил олгогчид холбогдуулан гаргах маргааны шүүхэд хандах эрхийн хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан ба уг хугацаа 3 сар байна.

Ажлаас үндэслэлгүй халагдсан үеэс цалин хөлс авах ажилтны эрх зөрчигдөх бөгөөд зөрчигдсөн эрхээ ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр бодитой биелэгдэх хүртэл ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар шаардах эрхтэй юм.

3. Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн ажлаа эрхлээгүй хугацаан дахь буюу энэхүү шийдвэрээр гаргуулж шийдвэрлэсэн цалин хөлснөөс зохих суутгал хийж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулж дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцжээ.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2020/01804 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2132 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 195,050 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХТУЯА

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                                                        ШҮҮГЧИД                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                           Б.УНДРАХ

                     Г.ЦАГААНЦООЖ