| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 185/2018/0573/Э |
| Дугаар | 903 |
| Огноо | 2019-09-10 |
| Зүйл хэсэг | 20.16.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 903
Э.Б-, А.З-, С.Т-, Г.Э-
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Бямбасүрэн,
шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан,
шүүгдэгч А.З-ын өмгөөлөгч Д.Тунгалаг,
шүүгдэгч С.Т-, түүний өмгөөлөгч Ю.Батболд,
шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Э.Хэрлэнхүү,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан:
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/611 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Бямбасүрэнгийн бичсэн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч А.З-ын өмгөөлөгч Д.Тунгалаг, шүүгдэгч С.Т-ын өмгөөлөгч Ю.Батболд, шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.Б-, А.З-, С.Т-, Г.Э- нарт холбогдох эрүүгийн 1709025870433 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Чонос Рааш овгийн Э.Б-, 19.. оны .. дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн ....... дугаар хороо, ....... дугаар хороололын АОС.......... дугаар байрны ...... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ...................../;
2. Түмчүүд овгийн А.З-, 19..... оны ....... дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамтаар ............. дүүргийн ...... дугаар хороо, ....... дугаа...........гудамж, ... дугаар байрны ....... тоотод оршин суух бүртгэлтэй боловч....... дүүргийн ....... дугаар хороо, .............. тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: У............/;
3. Боржигон овгийн С.Т-, 19.. оны ...... дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.................” технологийн дээд сургуулийн барилгын инженерийн хөтөлбөрийн ..... дугаар дамжаанд суралцдаг, ам бүл 1, .......... дүүргийн ......... дүгээр хороо, ......... дугаар хороолол, ......... байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: УШ96120656/;
4. Боржигон овгийн Г.Э-, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, программист ажилтай, “..........”-инд ....... ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт .......... дүүргийн ........ дугаар хороо, ........ дугаар хороолол, ......... байрны ...... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............../;
Э.Б-, А.З-, С.Т-, Г.Э- нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 8-наас 12 дугаар сарын 9-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “ILoft” нэртэй шөнийн цэнгээний газарт болон гадна хэсэгт нийтийн хэв журмыг зөрчиж Л.О-, Б.Б-, Б.М- нарын халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин хүч хэрэглэн зодож, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Б-, А.З-, С.Т-, Г.Э- нарын үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Түмчүүд овгийн А.З-, Боржигон овгийн Г.Э-, Чонос Рааш овгийн Э.Б-, Боржигон овгийн С.Т- нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З-, Г.Э-, Э.Б-, С.Т- нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч А.З-, Г.Э-, Э.Б-, С.Т- нарт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг хүн тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч А.З-, Г.Э-, Э.Б-, С.Т- нарт тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг журамлан шүүгдэгч А.З-, Г.Э-, Э.Б-, С.Т- нарт тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж, шүүгдэгч А.З-, Г.Э-, Э.Б-, С.Т- нар урьд 140 хоног цагдан хоригдсон бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар хохирогч Л.О-, Б.М-, Б.Б- нарт төлөх төлбөргүйг дурьдаж, хохирогч Б.Б- 4.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаархи шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдүүдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч А.З-, Г.Э-, Э.Б-, С.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Прокурор П.Бямбасүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж шийтгэх тогтоол гаргахдаа шийтгэх тогтоолд “шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн” гэж шийдвэрлэсэн нь шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар бүлэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх, үндэслэл журам”, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн бол 5 жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилсан байхад Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.З- нь Г.Э-, Э.Б-, С.Т- нарт хорих ял оногдуулж тэнссэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл, 6.7 дугаар зүйлийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эдэлбэл зохих ялын хэмжээнд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч А.З-ын өмгөөлөгч Д.Тунгалаг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхээс “хэргийн бодит байдлаас үзэхэд шүүгдэгч нар Г.Биндэръяатай хамт явж байсан гэх ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан, зодоон өдөөж, бусдад хүч хэрэглэн, зодооныг салгах гэсэн хүмүүсийн сануулгыг үл хайхран, өөрсдийн догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж буй нь нийтийн хэв журмыг зөрчих шинжийг бүрэн агуулж байна” гэж буруу дүгнэсэн. Гэтэл хавтас хэрэгт гэрч, хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгэнд дээрх хэрэг гарах болсон шалтгаан, зорилго, сэдэлт нь эр, эмийн хардлага буюу хувийн харилцааны асуудлаас болсон талаар мэдүүлдэг. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж болох “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж эсхүл эд хөрөнгө устгаж гэмтээж, эсхүл тэдгээрийн үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” шинжийг агуулаагүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлын талаар заасан ба 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийн зайлшгүй шалгаж, нотолж тогтоосон байх шаардлагатай ба дээрх хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй, нотолж тогтоогдоогүй, зүйлчлэл хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Харин дээрх хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг бөгөөд энэ хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч С.Т-ын өмгөөлөгч Ю.Батболд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс “Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч нар нь “Биндэръяатай хамт явж байсан” гэх ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл, маргаан, зодоон өдөөж бусдад хүч хэрэглэн зодооныг салгах гэсэн хүмүүсийн сануулгыг эс хайхран, өөрсдийн догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн тайван байдлыг алдагдуулж буй нь нийтийн хэв журмыг зөрчих шинжийг агуулж байна” гэж дүгнэжээ. Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байна. Учир нь шүүгдэгч А.З- нь өөрийн найзын найз охин болох Биндэръяа өөр залуустай хамт явж байсан шалтгаанаас болж тухайн зодоон болсон, маргааны улмаас “ILoft” баарны хэвийн үйл ажиллагаа алдагдаагүй, ямар нэгэн эд хөрөнгийн хохирол учраагүй болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож олон нийтийн амгалан тайван байдал алдагдсан гэдэг нь хавтас хэргийн материалд байгаа нотлох баримтуудаар нотлогддоггүй. Үүнээс үзэхэд шүүгдэгч нарын үйлдэл нь олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах буюу танхайрах гэмт хэргийн шинж байдал үгүйсгэгдэж байна. Харин шүүгдэгч нар тухайн асуудлаас болж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан талаар маргахгүй. Гэтэл анхан шатны шүүхээс маргаан болсон шалтгааныг харгалзан үзэхэд танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүн үгүйсгэгдсээр байхад хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс “Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч нар нь “Биндэръяатай хамт явж байсан” гэх ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл, маргаан, зодоон өдөөж бусдад хүч хэрэглэн зодооныг салгах гэсэн хүмүүсийн сануулгыг эс хайхран, өөрсдийн догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн тайван байдлыг алдагдуулж буй нь нийтийн хэв журмыг зөрчих шинжийг агуулж байна” гэж дүгнэжээ. Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байна. Учир нь шүүгдэгч А.З- өөрийн найз охин болох Биндэръяа өөр залуустай хамт явж байсан шалтгаанаас болж зодоон болсон байдаг. Мөн тухайн маргааны улмаас “ILoft” гэх газрын хэвийн үйл ажиллагаа алдагдаагүй, ямар нэгэн эд хөрөнгийн хохирол учраагүй болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож, олон нийтийн амгалан тайван байдал алдагдсан гэдэг нь хавтас хэргийн материалд байгаа нотлох баримтаар нотлогддоггүй. Түүнчлэн хохирогч Л.О-, Б.М-, Б.Б- нар хамт явж байсан бөгөөд бусад хүмүүсийн эрх ашиг ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй байдаг. Энэ бүхнээс харахад шүүгдэгч нарын үйлдэл нь олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах буюу танхайрах гэмт хэргийн шинж бүрэн үгүйсгэгдэж байна. Харин шүүгдэгч нар тухайн асуудлаас болж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан талаар маргахгүй. Гэтэл анхан шатны шүүхээс маргаан болсон шалтгааныг харгалзан үзээгүй, танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүн үгүйсгэгдсээр байхад хэт нэг талыг баримталж ийнхүү шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх толтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Э-ийн өмгөөлөгч Э.Хэрлэнхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгдэгч Г.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг журамлан Г.Э-т 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байхад прокурорын зүгээс хорих ялыг бичлэн эдлүүлэх нь үндэслэлтэй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдэд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчилж байгаа шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж байна. ...” гэв.
Шүүгдэгч С.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Г.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. ...” гэв.
Шүүгдэгч Э.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу гомдол, эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, А.З-, Э.Б-, С.Т-, Г.Э- нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Айлофт /I Loft/ нэртэй шөнийн цэнгээний газарт болон гадна хэсэгт нийтийн хэв журмыг зөрчиж Л.О-, Б.Б-, Б.М- нарын халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин хүч хэрэглэн зодож, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Б- “... удалгүй бааран дотор манай найз М-ийг нэг залуу цохиж байхаар нь би салгах гээд очтол нэг залуу ардаас намайг газарт унагаагаад толгой, нуруу, ар дагзруу өшиглөж эхэлсэн. Намайг унасан байхад нэг биш хэд хэдэн хүн хөшиглөж байсан байх... тэгээд удалгүй 5-6 залуу гарч ирээд тэнд байна гэж заагаад над руу дайраад газарт унагааж байгаад миний нүүр толгой руу хөшиглөж байсан. Тэгээд босоод ирэхэд миний хөмсөг задраад цус гоожиж эхэлсэн байсан...” /хх-11/,
хохирогч Л.Оргил-Эрдэнийн “...Ану-дарийн цаад талд зогсож байсан Золжаргал гэх танихгүй залуу намайг заамдаж аваад “чи хэн бэ?”, Биндэръяа руу “чи хэнтэй яваад байгаа юм бэ” гээд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би нүдний шилээ газраас авах гээд тонгойж байхад М- “хөөш болиоч” гэж хэлэхэд Золжаргал М-ийг цохих шиг болсон...Бат-Оргил газарт хэвтсэн, Золжаргал, Билэгт, Эрдэнэбилэг, Тамир нар дээрээс нь дэвсэж байсан...” /хх-15/,
хохирогч Б.М-ийн “...Золжаргал гэх залуу Оргил-Эрдэнийн нүүр рүү гараараа цохисон бөгөөд юу болсон бэ гээд би яваад очтол шар бүдүүн залуу миний нүүр рүү нэг удаа цохисон. Дараа нь нэг залуу миний дагз руу пивоны шилээр цохисон...” /хх-18/,
гэрч Г.Биндэръяагийн “...Тэнүүний найз гэх залуу надаас “”чи хэнтэй яваад байгаа юм бэ” гэснээ Оргил-Эрдэнэ гээд залууг шууд заамдаад цохисон. Тэгэхэд М- “яаж байгаа юм бэ” гээд салгах гэхэд Золжаргалын найзууд болох Билэгт, Эби /нэрийг нь мэдэхгүй/, Тамираа гэх найзууд нь зэрэг зогсож байгаад маргаан болонгуут бүгдээрээ М-ийг цохиж эхэлсэн. Тэгээд Эби нь пивоны шилээр М-ийн толгой руу нь цохисон...Эби машинаасаа бууж ирээд М-ийг “хутгална” гэж хэлээд зодох гэж дайраад байхад нь би Эбиг нь алгадсан...” /хх-20/,
гэрч У.Золзаяагийн “...Эби, Билэгт, Тамираа Золжаргал 4 Бат-Оргилыг газарт унагаад Золжаргал, Эби хоёр Бат-Оргилыг гараараа зодоод, Билэгт, Тамир 2 хөлөөрөө хөшиглөөл байсан...М-ийг газарт унагаагаад Эби, Билэгт, Тамир, Золжаргал нар дэвсэж байсан. Тэр үед М-ийн бүх бие улаан болтлоо зодуулсан байсан...” /хх-22/,
гэрч Б.Ану-дарийн “...Оргил-Эрдэнийг Золжаргал нэг удаа цохисон... Золжаргалын 5-6 найзууд ирээд М-, Бат-Оргил хоёрыг зодож эхэлсэн... Золжаргал Бат-Оргилын нүүр лүү гараараа цохиж байсан... Билэгт нь М-ийг хутгална шүү гэж орилоод байсан...” /хх-24/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 178 дугаартай дүгнэлт “...Б.Б- биед зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын далд хугарал, зүүн нүдний салст, зовхинд цус хуралт, өнгөц шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-53/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Б-, А.З-, С.Т-, Г.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, хувийн байдалд нь тохируулан 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамласан атлаа шүүгдэгч Э.Б-, А.З-, С.Т-, Г.Э- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнссэн нь буруу байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт нь “...5 жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” хуулийн зохицуулалт үйлчлэх учиртай.
Иймд дээрх заалтыг засч, өөрчлөлт оруулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Б-, А.З-, С.Т- нарын өмгөөлөгчдийн зүгээс шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасан байх ба энэ талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн Хорьдугаар бүлэгт “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-ийг тодорхойлж, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Э.Б-, А.З-, С.Т-, Г.Э- нарын үйлдэл нь тухайн зүйл хэсгийн шинжийг бүрэн агуулсан байна.
Өөрөөр хэлбэл, Э.Б-, А.З-, С.Т-, Г.Э- нар нь “ILoft” шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байсан Л.О-, Б.М-, Б.Б- нартай хэрүүл маргаан үүсгэж, хохирогч нарыг гэмтээн зодож, тухайн үйлчилгээний газрын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахын зэрэгцээ бусад үйлчлүүлэгчдийн амгалан тайван байдал болон тухайн аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан болох нь тогтоогдсон байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/611 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/611 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгосугай.
2. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-, А.З-, С.Т-, Г.Э- нарыг тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж өөрчилсүгэй.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Б-, А.З-, С.Т-, Г.Э- нар нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурьдсугай” гэсэн заалт нэмсүгэй.
4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.З-ын өмгөөлөгч Д.Тунгалаг, С.Т-ын өмгөөлөгч Ю.Батболд, Э.Б-ийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Б.ЗОРИГ