Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/00210

 

 Х.Тулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/01991 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1627 дугаар магадлалтай,

Х.Тулгын нэхэмжлэлтэй,

Ж.Ганбаатарт холбогдох

Гэм хорын хохиролд 1,746,830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Х.Тулга нь 38-93 УНӨ улсын дугаартай, Тоёота лексус-570 маркийн автомашиныг 2016 онд Таван богд ХХК-аас Хаан банкаар дамжуулан худалдан авсан бөгөөд одоо лизингээ төлөөд явдаг. Нэхэмжлэгч 2019 оны 03 сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн 38-93 УНӨ улсын дугаартай, Тоёота лексус-570 маркийн автомашиныг Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 63 дугаар байрны доод талын 7 дугаар зогсоолд тавьсан байсан. Гэтэл тэр өдрийн орой нэхэмжлэгч рүү ...хажуу талын зогсоолын машин таны машиныг мөргөчихлөө гэж хүн ярьсан. Ингээд доошоо гараж руу буугаад очиход Бодь даатгалын ажилтан ирээд зураг аваад зогсож байсан бөгөөд нэхэмжлэгчид үнэлгээний газрын нэрийн хуудас өгсөн байдаг. Ингээд өөрийн автомашиныг үнэлүүлэхэд автомашинд учирсан хохирлын хэмжээ 1,701,830 төгрөг болсон. Харин үнэлгээ хийсэн ажлын хөлс нь 45,000 төгрөг болсон. Гэвч энэхүү 1,746,830 төгрөгийг хариуцагч Ж.Ганбаатар төлж барагдуулаагүй, төлж барагдуулахгүй гэж хэлсэн байдаг. Иймд хариуцагч Ж.Ганбаатараас нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирол болох нийт 1,746,830 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч нь хариуцагчтай утсаар ярьж байсан нь үнэн. Гэхдээ хариуцагчийн хамтран амьдрагч нь тухайн байранд амьдардаг бөгөөд тэрээр өөрийн автомашинаа буруу, машин таглаж тавьдаг байсан учраас ганц нэг удаа хариуцагчийн дугаар руу залгаж машинаа холдуулахыг сануулдаг байсан. Түүнээс биш хариуцагчийн хэлж байгаа шиг нэхэмжлэгч хариуцагчийг дарамталж байгаагүй, уг машин шүргэсэн явдал 2019 оны 03 сарын 18-ны өдрөөс өмнө буюу 2018 оны 12 сард болж байгаагүй. Хэрэв үнэхээр дарамталж байсан бол хариуцагч шууд хууль хяналтын байгууллагад өөрөө хандах байсан гэжээ.   

Хариуцагчийн хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хамгийн анх 2018 оны 12 сарын 11-ний өдөр над руу нэхэмжлэгч Х.Тулга өөрийн 99118681 дугаарын утаснаас залгасан. Тэрээр ...би таны хажуу талын зогсоол дээр зэрэгцээ зогсдог автомашины эзэн нь байна. Та миний машиныг шүргэсэн байна гэж хэлсэн. Би тухайн үед ...би шүргээгүй гэж хэлсэн боловч Х.Тулга нь ...та согтуу байхдаа шүргэсэн, надад бичлэг нь байгаа гэж хэлсэн. Ингээд би тэр орой нь гараж руу бууж үзэхэд нэхэмжлэгчийн автомашин сэвтэй болсон байсан. Тэр өдрөөс хойш нэхэмжлэгч Х.Тулга над руу байнга утсаар залгаж ...надад бичлэг байгаа, төлбөрөө төл гэж дарамтлах болсон. Би тухайн үед ...нэхэмжлэгчид бичлэг байгаа бол би үнэхээр түүний автомашиныг шүргэсэн байж болох юм гэж бодож байсан. Ингээд би түүнд ...би чиний машиныг гэмтээсэн бол миний өмнөөс даатгал төлбөрийг чинь төлнө гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн автомашиныг засварын газруудаар явж үзүүлэхэд 300,000 төгрөгөөр засагдах боломжтойг хэлсэн. Гэвч нэхэмжлэгч ...би будаг, замаск хийлгэхгүй, шинээр эд ангийг нь сольж өг гэж дарамталсан. Ингээд миний бие аргагүйн эрхэнд 2019 оны 03 сарын 18-ны өдөр хуурамчаар осол болсон мэтээр зураглал үүсгэж, хоёр машиныг нийлүүлж тавиад, учруулсан гэх хохирлоо төлүүлэхээр даатгал дуудсан. Даатгалын ажилтан ирж ослын тэмдэглэл үйлдээд явсан. Ингээд даатгалын хохирлын үнэлгээ гарахад 1,701,830 төгрөг гэсэн их хэмжээний мөнгөн дүн гарсан. Нэхэмжлэгч надаас өмнө нь ...та 800,000-900,000 төгрөг өгчих гэж нэхэмжилж байснаа үүний дараа бүр их хэмжээний мөнгийг нэхэмжлэх болсон. Ийм учраас би ...үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй юм байна гэж бодсон. Ингээд би даатгалын мөнгө авах гэж ослын газрын байдлыг хуурамчаар үйлдэж, бусдыг хуурсан болохоо шударгаар хүлээсэн. Би энэ үйлдэлдээ хариуцлага хүлээхэд бэлэн байгаа. Би даатгалын компанийг хуурамчаар дуудсан болохоос нэхэмжлэгчийн автомашинд ямар нэг гэм хор учруулаагүй, шүргээгүй. Нэхэмжлэгч над руу ярих болгондоо ...надад таны согтуу машин шүргэж байгаа бичлэг байна гэж хэлж байсан учраас би үнэхээр түүнийг машиныг шүргэсэн юм байна гэж бодсон. Түүнээс биш би огт архи уудаггүй хүн. Би өөрөө иргэний нийгмийн байгууллагад ажилладаг учраас жижиг сажиг асуудалд орооцолдох дургүй байдаг. Тийм ч учраас тухайн үед нэхэмжлэгч намайг утсаар дарамтлаад байхад нь би эрх бүхий байгууллагад хандаагүй. Нэхэмжлэгчийг би өмнө нь огт танихгүй бөгөөд уг автомашин шүргэсэн гэх асуудал бодитоор 2019 оны 03 сарын 18-ны өдөр болоогүй нь бид хоёрын утсаар ярьж байсан лавлагаагаар нотлогдоно. Тухайн байранд манай хамтран амьдрагч амьдардаг, машинаа зогсоолд тавьдаг нь үнэн. Гэхдээ нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг машин таглаад явчихлаа гэж утсаар ярьж байгаагүй гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/01991 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ж.Ганбаатараас 1,746,830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Тулгад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 691 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ж.Ганбаатараас 42,899 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Тулгад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1627 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/01991 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.08-ны өдрийн 102/ШШ2019/01991 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.04-ний өдрийн магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх миний гэм буруутай үйлдэл хийсэн талаар ямар нэгэн тодорхой нотлох баримт байхгүй, тухайн асуудал ямар цаг хугацаанд үүссэн нь нарийн тогтоогдоогүй байхад хэргийг хэт нэг талыг барьж асуудлыг шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх Ж.Ганбаатарын хүсэлтээр 2019.06.26-ны өдөр түүний гар утсанд үзлэг хийж, тэмдэглэл үйлдэж, гар утсаар авсан гэрэл зургийг хэрэгт баримтаар авсан байх боловч гэрэл зурагт авагдсан автомашин нь нэхэмжлэгчийнх мөн эсэх нь эргэлзээтэй, автомашины дугаар харагдахгүй, автомашинд гэмтэл учирсан гэх цаг хугацааг тодорхойлох боломжгүй гэж дүгнэсэн нь мөн хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон. Цаг хугацааг тодорхойлох боломжтой. Учир нь нэхэмжлэгч Тулгын автомашин тухайн цаг хугацаанд ямар байсан тэр нь миний утсан дээр фото зургаар бэхжүүлэгдэн үлдсэн ба одоо ч тэр машин тэр хэвээрээ байгаа. Маргааныг нэг мөр эцэслэн шийдвэрлүүлэхийн тулд шинжээч томилж дүгнэлт гаргуулж асуудлыг нэг мөр эргэлзээгүй шийдвэрлэх боломжтой байсан. Түүнчлэн хэрэг болсон гэх 2019 оны 3 сард би тухайн зогсоолыг ашиглаач үгүй, 2018.12.19-ний өдрөөс түрээслэхээ больсон, миний автомашин уг зогсоолд байгаа ч үгүй талаараа дурдаад байхад давж заалдах шатны шүүх ач холбогдол өгсөнгүй. Давж заалдах шатны шүүх шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 1,701,830 төгрөгийн хэмжээгээр тооцож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах боломжгүй байна гэж дүгнэсэн. Тухайн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл нь нэхэмжлэгчийн гаргасан баримт эргэлзээтэй гэсээр байхад шүүх энэ тал дээр ажиллагаа хийгээгүй. Түүнчлэн хэргийн материалд юу байгааг ч би мэдэхгүй, шүүх хурал эхлэхэд л баланкан дээр гарын үсэг зуруулсан, гэтэл давж заалдах шатны шүүх үүн дээр миний эрх зөрчигдөөгүй байна гэж өрөөсгөл дүгнэлт хийсэн тул ИХХШ тухай хуулийн 176.2.5-д зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Х.Тулга нь хариуцагч Ж.Ганбаатарт холбогдуулан гэм хорын хохиролд 1,746,830 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх хариуцагч Ж.Ганбаатараас 1,746,830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Тулгад олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл болон эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Нэхэмжлэгч Х.Тулга нь хариуцагч Ж.Ганбаатарт холбогдуулан гэм хорын хохиролд 1,746,830 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ ...2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 63 дугаар байрны №7 зогсоолд байрлуулсан Х.Тулгын эзэмшлийн 38-93УНӨ, Тоёота лексус-570 маркийн автомашиныг хариуцагч нь 98-77УНМ, Ланд крузер-200 маркийн автомашинаар шүргэж, сэв суулгасан гэжээ.

Хариуцагч Ж.Ганбаатар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...нэхэмжлэгчид 2018 оны 12 сард автомашиныг нь шүргэж буй бичлэг байгаа гэхээр нь би 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр осол болсон мэтээр машинуудыг байрлуулж, өөрөө даатгал дуудаж үзлэг хийлгэсэн. Энэ асуудалдаа хариуцлага хүлээхэд бэлэн. Харин 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би Х.Тулгын автомашинд ямар нэг гэмтэл учруулаагүй гэж маргажээ.

Х.Тулгын эзэмшлийн автомашиныг Ж.Ганбаатар өөрийн машинаараа шүргэж, хохирол учруулсан эсэх буюу гэм буруугийн тухайд маргаантай байна.     

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ ...осол болсон мэтээр машинуудыг байрлуулж, даатгалаар мөнгө төлүүлэх зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үзлэг хийлгэсэн гэх Ж.Ганбаатарын тайлбарт заасан 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Бодь даатгал ХХК-ийн Даатгалын ослын тэмдэглэл-ийг үндэслэн хариуцагчийг гэм буруутай гэж үзсэнийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д нийцсэн гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэжээ.

...2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр над руу Х.Тулга ...миний машиныг шүргэсэн байна гэж хэлсэн, ...би шүргээгүй гэхэд ...та согтуу байхдаа шүргэсэн, бичлэг нь байгаа гэсэн.., ...надад бичлэг байгаа, төлбөрөө төл гэх болсон, засварын газрууд 300,000 төгрөгөөр засагдах боломжтойг хэлсэн, ... нэхэмжлэгч ...би будаг, замаск хийлгэхгүй, шинээр эд ангийг нь сольж өг гэсэн, ... аргагүйн эрхэнд 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хуурамчаар осол болсон мэтээр зураглал үүсгэж, хоёр машиныг нийлүүлж тавиад, учруулсан гэх хохирлоо төлүүлэхээр даатгал дуудсан. Даатгалын ажилтан ирж ослын тэмдэглэл үйлдээд явсан, би даатгалын мөнгө авах гэж ослын газрын байдлыг хуурамчаар үйлдэж, бусдыг хуурсан үйлдэлдээ хариуцлага хүлээхэд бэлэн ... гэх тайлбар гаргаж, маргасан байна. Хариуцагч тайлбараа нотлохоор өөрийн гар утсаар авсан зурагт шүүхийн үзлэг хийлгэсэн байна.

Хариуцагчийн 2018 оны 12 сард осол гарсан..., нэхэмжлэгчийн машиныг засварын газруудаар үзүүлсэн гэх болон нэхэмжлэгчийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр осол болсон гэсэн зөрүүтэй тайлбарын хэмжээнд хариуцагчийг тухайн хохирлыг хариуцах гэм буруутай гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 42 дугаар зүйлийн 42.1, 25 дугаар зүйлийн 25.1, 37 дугаар зүйлийн 37.2-д нийцэхгүй.

3. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч нь Бодь даатгал ХХК, нэхэмжлэгч нь Мандал даатгал ХХК-ийн даатгуулагч байх бөгөөд зохигч даатгалын нөхөн төлбөр авсан эсэх нь тодорхой бус байна.

4. Зөрчлийн улмаас үүсэх үүргийн эрх зүйд хариуцагчийн гэм буруутай эсэхийг зөв тогтоох нь хуулийг үндэслэл бүхий хэрэглэх гол нөхцөл болох бөгөөд зохигчдын хооронд үүссэн маргааны бодит байдал тогтоогдоогүй байхад хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний дүгнэлт хийх боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/01991 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1627 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 42,990.00 /дөчин хоёр мянга есөн зуун ер/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН