| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 183/2019/00692/И |
| Дугаар | 001/ХТ2021/00208 |
| Огноо | 2021-03-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2021/00208
Тэлмэн Хас ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01277 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1595 дугаар магадлалтай,
Тэлмэн Хас ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
С.Батчимэг, Н.Билгүүн, Н.Билэгжаргал нарт холбогдох
2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14/02 тоот зээлийн гэрээ болон 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт гэрээний дагуу зээл, зээлийн хүүд нийт 291,345,025 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид, С.Лхагва, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тэлмэн Хас ББСБ ХХК-ийн зээлдэгч байсан талийгаач Г.Намбарнанзад нь 2014 оны 01 сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 35,000 ам.долларыг сарын 4 хувийн хүүтэйгээр авахаар тохиролцсон хэдий ч 2014 оны 01 сарын 07-ны өдөр 26,600,000 ам.доллар, 14,500,000 төгрөгийг тус тус бэлнээр авсан юм. 2015 оны 04 сарын 09-ний өдөр зээлийн гэрээний нэмэлт гэрээ байгуулж, Г.Намбарнанзад нь 30,000,000 төгрөгийг зээлж авсан, дээрх гэрээнд тусгасан 45,500 ам.долларыг 2014 оны 04 сарын 18-ны өдөр Г.Намбарнанзадын хүү Н.Билгүүн нь 6500 ам.доллар, 2014 оны 04 сарын 29-ний өдөр Г.Намбарнанзад өөрийн биеэр ирж 8500 ам.доллар, 2014 оны 07 сарын 29-ний өдөр 4000 ам.долларыг өөрийн найз н.Төрмөнхийг явуулж авахуулсан, 2014 оны 10 сарын 10-ны өдөр 16,000 ам.долларыг Г.Намбарнанзад өөрийн биеэр ирж авсан, 2015 оны 03 сарын 01-ний өдөр тэрээр 2000 ам.долларыг өөрийн хүү Н.Билэгжаргалыг явуулж зээлж авсан. Иймд бид 2015 оны 04 сарын 09-ний өдрийн гэрээгээр өмнө нь бэлнээр авсан ам.долларуудын тооцоог нэгтгэж, дээр нь хүүгийн тооцоо бодож, нийт 45,500 ам.долларыг сарын 4 хувийн хүүтэй, 5 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлөөр тохиролцсон. Уг гэрээнд 2014 оны 01 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох талаар, барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр үйлчилж өөрчлөлтгүйгээр мөрдөгдөнө гэж тусгасан. Бид уг зээлийн эргэн төлөлтийн талаар зээлдэгчтэй удаа дараа уулзаж, мөн түүний алтны уурхайд хэд хэдэн удаа очиж уулзахад тэрээр санаа зоволтгүй, удаахгүй төлнө гэж хэлдэг байсан. Гэтэл зээлдэгч нь хүнд өвчтэй байсны улмаас 2017 оны 11 сарын 20-ны өдөр нас барсан. Ажил явдал нь өнгөрсний дараахан эхнэр С.Батчимэг болон насанд хүрсэн хүүхэдтэй нь уулзаж зээлээ төлүүлэх талаар шаардлага тавихад төлнө, дараа хариу өгье гэж хэлдэг байсан боловч дахин очиход хаалгаа тайлж өгөхөө больж, уулзахаа больсон. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 291,561,851 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Г.Намбарнанзад нь Тэлмэн Хас ББСБ-тай 2014 оны 01 сарын 07-ны өдөр 14/02 дугаартай зээлийн гэрээ байгуулан 35,000 ам.доллар зээлсэн тухайд маргахгүй. Тухайн зээлийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн байдаг ба зээлийг бүрэн төлж барагдуулсан. Гэтэл зээлийн нэмэлт гэрээ байгуулж дахин 30,000,000 төгрөг, 45,500 ам.доллар зээлсэн гэж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан барьцаа хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө бөгөөд энэ тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 25-ны өдрийн 00039 дугаартай шийдвэр гарсан байдаг. Мөн Хан-Уул дүүргийн нотариатчийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 02 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр талийгаач Г.Намбарнанзадын барьцаа хөрөнгийн оногдох хувь 16.67 хувийг гэр бүлийн гишүүд нь өвлөн авсан болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, нэхэмжлэгч хэнээс хэдэн төгрөгийг ямар үүргийн үндсэн дээр шаардаад байгаа нь тодорхойгүй байна. Иймд тухайн асуудлаар мэтгэлцэн шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01277 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2 дахь хэсгийг баримтлан хариуцагч С.Батчимэгээс 19,440,000 төгрөг, Н.Билэгжаргалаас 19,440,000 төгрөг, Н.Билгүүнээс 19,440,000 төгрөг, нийт 58,320,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Тэлмэн Хас ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 233,025,025 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамж, 33/3 байр, 2 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012497 дугаарт бүртгэлтэй, 143.15 м2 талбайтай, 4 өрөө орон сууц, 6 тоот автомашины зогсоолыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,614,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 449,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1595 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01277 дугаар шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд:
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019.06.03-ны өдрийн 01277 дугаартай шийдвэр гарсан бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрч талуудаас гомдол гаргасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2019.08.30-ны өдөр 1595 дугаартай магадлал гаргасан. Энэ магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2, 172.2.1 дэх хэсэг, мөн зүйлийн 172.2.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Давж заалдах шатны шүүх гомдлыг хянаад "... хэрэгт авагдсан баримтаас үзвэл, анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах талаарх хуульд заасан журмыг зөрчсөн байна ...,... нэхэмжлэгч талаас зээлийн эргэн төлөлтийг удаа дараа шаардаж, түүний алтны уурхайд удаа дараа очин уулзаж, мөн түүний гэр бүлийн гишүүн н.Батчимэгтэй уулзаж байсан. Тухайн үед уулзахад зээлийг төлнө гээд зээлийн хүүг тодорхой хэмжээнд төлсөн байсан ..." гэх тайлбарыг гаргасан байна. Үүнээс үзвэл 2015.04.09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт талийгаач Г.Намбарнанзад болон түүний ар гэр хэдэн төгрөгийн хүү төлсөн эсэх нь ач холбогдолтой байхад анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ ... гэж дүгнэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2 дах хэсэгт хэргийн оролцогчийн үүргийг маш тодорхой зааж өгсөн байтал шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган хариуцагч нараас тус бүр 19,440,000 төгрөг, нийт 58,320,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй. Хариуцагч нараас 2015.04.09-ний өдрийн зээлийн гэрээ байгуулагдсан талаар мэдэхгүй, тийм гэрээ байгуулагдаагүй, нас барсан хүний үг хэлэх боломжгүйг далимдуулан гэрээ байгуулсан мэтээр хуурамч гарын үсэг зурж, түүнийгээ үндэслэн зээл авсан мэтээр зээлийн гэрээний үүрэг шаардсан гэж үздэг. Анхан шатны шүүхээс 30,000,000 төгрөгийг зээлдүүлсэн үйл баримтыг няцааж чадаагүй гэж дүгнэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв 2015.04.09-ний өдрийн зээлийн гэрээ бодитой хийгдэж үнэхээр зээл авсан бол зээлийг зээлдэгчийн харилцах, хадгаламжийн дансанд шилжүүлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгчээс зээлийг зээлдэгчид шилжүүлсэн талаар нотолж чадаагүй байхад зээл олгосон байна гэж дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Зээлдүүлэгчээс зээлдэгчид 30,000,000 төгрөгийг бэлнээр олгосон мэтээр
Зээлийн гэрээ байгуулсан шигээ баримт үйлдэн нас барагчийн гарын үсгийг хуурамчаар зурсан баримтыг үнэлэн шийдвэр гаргасанд гомдолтой. Монгол Улсад тусгай зөвшөөрлийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа гэх банк бус санхүүгийн байгууллага өөрөө хариуцлагагүй, буруутай үйл ажиллагаа явуулчхаад нас барсан хүний үг хэлэх боломжгүй байдлыг ашиглан ар гэрээс нь төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Тэлмэн Хас ББСБ-аас ч 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар баримтгүй байдаг. Компаниас Нина-д мөнгийг шилжүүлээд Нина компанийн баримт ашиглан зээлдэгчид төлбөрийг бэлнээр өгсөн мэтээр илт эргэлзээтэй баримтууд байхад түүнийг үнэлэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасанд гомдолтой байна. 2015.04.09-ний өдрийн Зээлийн гэрээг огт хүлээн зөвшөөрөхгүй байх тул хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нийт 58,320,000 төгрөг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхэд хариуцагч талаас нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй гэж хүсэлт гарган нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан байдаг бөгөөд давж заалдах шатны шүүхээс дахин нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ёстой мэтээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.08.30-ны өдрийн 1595 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.03-ны өдрийн 1277 дугаартай шийдвэрийн хангагдсан хэсгийг хүчингүй болгон өөрчлөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Бид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.03-ны өдрийн 183/ШШ2019/01277 тоот шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн 2019.08.30-ны өдрийн 1595 дугаартай магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Хэргийн баримтаас үзэхэд Тэлмэн хас ББСБ ХХК, Г.Намбарнанзад нарын хооронд 2014.01.07-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Тэлмэн хас ББСБ ХХК нь 35,000 ам долларыг, 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцсон, ...Зохигчдын хооронд байгуулагдсан 2015.04.09-ний өдрийн зээлийн гэрээ нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуулиар тогтоосон шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байх тул, ...2015.04.09-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 45,500 ам.долларыг Г.Намбарнанзадад шилжүүлж өгсөн болохоо нотолж чадаагүй, дээрх зээлийн гэрээний зүйл болсон мөнгөн хөрөнгийг хүлээлгэж өгөөгүй байна гэж тус тус дүгнэсэн байна. Гэтэл зээлдэгч нь 2014.01.07-ны өдөр Зээлийн гэрээ-г байгуулан 35,000 ам.долларыг сарын 4 хувийн хүүтэйгээр авахаар тохиролцсон хэдий ч 2014.01.07-ны өдөр 26,600 ам.доллар, мөн өдөр 14,500,000 төгрөгийг тус тус бэлнээр авсан юм. Улмаар зээлдэгч нь үргэлжлүүлэн 2014.04.18-ны өдөр 6,500 ам.доллар, мөн оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 8,500 ам.доллар, 2014.07.29-ний өдөр 4,000 ам.доллар, 10 сарын 10-ны өдөр 16,000 ам.доллар, 2015.03.01-ний өдөр 2,000 ам.доллар, 2015.04.09-ний өдөр 30,000,000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг 2015.04.09-ний өдөр талууд байгуулсан. Өөрөөр хэлбэл, зээлдэгч нь 2014.04.18-ны өдрөөс 2015.03.01-ний өдрийн хооронд нийт 37,000 ам.долларыг авч, хуримтлагдсан хүү 8,500 ам.доллар бүгд 45,500 ам.долларыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан байдаг. Энэ талаар хэрэгт холбогдох нотлох баримтууд авагдсан байгаа. Зээлдэгч нь нэгэнт үүссэн дээрх үүргийг хожим нь хүлээн зөвшөөрч зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байхад /Иргэний хуулийн 199 дүгээр зүйл/ хэрэгт байгаа шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж шийдвэрлэсэн нь тодорхой бус байгаа нь шүүхийн шийдвэр нэг талыг барьсан бөгөөд хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй байна. Мөн бидний зүгээс шүүхэд зээлдэгч Намбарнанзад нь 2014.01.07-ны өдөр зээлж авсан 26,600 ам.доллар, мөн өдөр 14,500,000 төгрөгийг хүүгийн хамт төлж барагдуулан 2014.09.29-ний өдөр тооцоо нийлж дуусгасныг тайлбарласан. Зээлдэгч нь бодитоор хүлээн аваагүй мөнгөн хөрөнгийг /45,500 ам.доллар/ хүлээн зөвшөөрч, өөрт илтэд хохиролтой хэлцэл хийхгүй болно. Анхан шатны шүүхээс зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг ...Зохигчдын хооронд байгуулагдсан 2015.04.09-ний өдрийн зээлийн гэрээ нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуулиар тогтоосон шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэсэн нь тухайн гэрээг бодитой хэрэгжсэн, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн тусгагдсан гэдгийг нотолж байгааг илэрхийлж байна. Зээлдэгч асан Намбарнанзад болон түүний гэр бүл 2014.07.16-наас 2014.09.29-ний хооронд цувуулж авсан 37,000 ам долларын зээлийн хүүд нийт 3,945 ам долларын хүү төлж байсан нь хэрэгт авагдсан Тэлмэн хас ББСБ-ын нягтлан бодогчийн хөтөлсөн Намбарнанзадын зээлийн карт болох 10/43-тай хүснэгтийн мэдээллээс харагдана. Иймд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.03-ны өдрийн 183/ШШ2019/01277 тоот шийдвэрийн зарим хэсгийг, мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Тэлмэн хас ББСБ ХХК нь хариуцагч С.Батчимэг, Н.Билгүүн, Н.Билэгжаргал нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 291,345,025 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, 2014 оны 01 сарын 07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг биелэгдэж дуусгавар болсон, харин 2015 оны 4 сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан талаар мэдэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх хариуцагч С.Батчимэгээс 19,440,000 төгрөг, Н.Билэгжаргалаас 19,440,000 төгрөг, Н.Билгүүнээс 19,440,000 төгрөг, нийт 58,320,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Тэлмэн Хас ББСБ ХХК-д олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйлийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Зохигчдын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянана гэсэн хуулийн зохицуулалттай.
Хэргийн баримтаас үзэхэд Тэлмэн хас ББСБ ХХК, Г.Намбарнанзад нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Тэлмэн Хас ББСБ ХХК нь 35,000 ам.долларыг, 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр талууд тохиролцож, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр 2, Зайсангийн гудамж 33/3 дугаар байрны 2 тоот, Ү-2206012497 улсын бүртгэлтэй, 000093008 тоот гэрчилгээтэй орон сууц, 6 тоот авто зогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...талийгаач н.Намбарнанзад нь 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 35,000 ам.долларыг 6 сарын хугацаатай зээлээр авч, дараа нь дахин нэмэлтээр ам.долларын зээлийг удаа дараа авсан. 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулсан. Уг гэрээгээр н.Намбарнанзад нь 30 сая төгрөгийг бэлнээр нэмж авсан. Энэ гэрээнд өмнө цувуулж авсан ам.долларыг нэгтгэхэд 45,500 ам.доллар болсон тул нэгтгэж нэг гэрээнд тусгасан. Бид 2015 оны 4 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа гэж тайлбарласан.
Анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах талаарх хуульд заасан журмыг зөрчсөн байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... нэхэмжлэгч талаас зээлийн эргэн төлөлтийг удаа дараа шаардаж, түүний алтны уурхайд удаа дараа очин уулзаж, мөн түүний гэр бүлийн гишүүн н.Батчимэгтэй уулзаж байсан. Тухайн үед уулзахад зээлийг төлнө гээд зээлийн хүүг тодорхой хэмжээнд төлж байсан гэх тайлбарыг гаргасан байх тул ... талийгаач Г.Намбарнанзад болон түүний гэр бүл хүү төлсөн эсэхийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзнэ.
2. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим хэрэгжих суурь нөхцөл болдог.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулаагүй буюу Тэлмэн хас ББСБ ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан боловч хариуцагч нараас зээлийн хүүг хэдэн сарын хугацаагаар тооцож, нэхэмжилсэн нь тодорхойгүй, энэ талаар зохигчдыг мэтгэлцүүлээгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-1,104/
Түүнчлэн нэхэмжлэгч нь шаардлагаа тодруулахдаа ...30,000,000 төгрөгийг эхнэр Батчимэгийн хамт ирж авсан., ....Г.Намбарнанзадын хууль ёсны өвлөгч нараас 291,345,025 төгрөгийг гаргуулна гэсэн нь ойлгомжгүй буюу хариуцагч нарыг Г.Намбарнанзадын авсан зээлийн гэрээний хамтран зээлдэгч гэж үзэх, эсхүл өвлөгдөх хөрөнгийн хэмжээнд хариуцан төлөх үүргийн аль үндэслэлд хамаарч байгаа нь тодорхойгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй юм. /хх-77,104/
Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1595 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч С.Батчимэгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,000 төгрөг, хариуцагч Н.Билгүүний хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,000 төгрөг, хариуцагч Н.Билэгжаргалын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,000 төгрөг, нэхэмжлэгч Тэлмэн Хас ББСБ ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,323,080 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Г.ЦАГААНЦООЖ
Д.ЦОЛМОН