| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 105/2018/1378/Э |
| Дугаар | 879 |
| Огноо | 2019-08-29 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 879
Т.Бд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Гантулгабат,
шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Д.Наранбулаг,
нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1109 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Зэвсэгт хүчний Жанжин штабын төлөөлөгч А.Эрдэнэмөнхийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Бд холбогдох эрүүгийн 201701000031 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
.................................. 1984 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 10-25 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...........................;
Т.Б нь гадаад улс руу суралцахаар явсан, өөр анги байгууллага руу шилжсэн, тэтгэвэрт гарсан зэрэг шалтгаанаар тус ангиудад ажилладаггүй нийт давхардсан тоогоор 500 иргэний нэр дээр хий болон илүү цалин бичиж Зэвсэгт хүчний жанжин штабын харъяа Зэвсэгт хүчний 065 дугаар ангид 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл санхүүгийн туслах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 313.305.310 төгрөг, Зэвсэгт хүчний 150 дугаар ангид 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл санхүүгийн дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 60.277.358 төгрөг, нийт 373.582.668 төгрөгийг садан төрлийн холбоотой Б.Дэлгэрмаагийн эзэмшдэг Хаан банкны 5093165638 дугаартай дансанд шилжүүлж авах аргаар завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ............................. бусдад их хэмжээний хохирол учруулж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4
дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван нэгэн сая төгрөгөөр торгох ялаар Т.Бг шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Т.Бд оногдуулсан 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Бгаас 310.725.167 төгрөг гаргуулж, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабт олгож, Т.Б нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Зэвсэгт хүчний Жанжин штабын төлөөлөгч А.Эрдэнэмөнх гаргасан давж заалдах гомдолдоо: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Хуулийг буруу хэрэглэсэн тухайд, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасныг зөрчиж Т.Бд торгох ял оногдуулсан. Учир нь Т.Бд торгох ял оногдуулсан нь түүнтэй адил албан тушаалд ажиллаж байгаа санхүүгийн албан тушаалтан, төсвийн хөрөнгийг хувьдаа хууль бусаар завшсан сэжигтэн, яллагдагч нарт буруу жишиг, үлгэр дуурайл болно. Т.Бтай адил төрлийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн Зэвсэгт хүчний ... дугаар ангийн санхүүгийн дарга, ахлах нягтлан бодогчийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Түүнчлэн Зэвсэгт хүчний 60 орчим санхүүгийн нягтлан бодогч нарт буруу ойлголт, жишиг төрүүлэх сөрөг үр дагавартай шийдвэр гаргасан. Эрүүгийн хариуцлагын зорилгын нэг шинж нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх явдал бөгөөд Зэвсэгт хүчний Жанжин штабын зүгээс Т.Бд Эрүүгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хорих ял оногдуулах саналыг бүх шатны шүүхэд гаргасаар ирсэн. Гэтэл анхан шатнь шүүх нь Т.Бд торгох ял оногдуулахдаа зөвхөн түүний хувийн байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулсан. Торгох ялыг оногдуулахдаа шүүхээс анхаарах, баримтлах хэм хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох” байдлаар заасан. Т.Б нь ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, түүний өмчлөлд ямар нэгэн эд хөрөнгө байхгүй бөгөөд энэ нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Тэрээр зөвхөн Монгол Улсын Засгийн газраас олгодог цалин ээж хөтөлбөрийн мөнгө авдаг. Шүүхээс тогтоосон 11 сая төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх санхүүгийн чадавх байхгүй. Мөн хохирол болох 310.725.167 төгрөгийг хэзээ хэрхэн төлөх нь эргэлзээтэй. Шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасан гэм хорын хохирлыг барагдуулах эрх зүйн зохицуулалтыг баримталж шийдвэрлэсэн нь Иргэний хэргийн шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад замхрах, хохирол төлөгдөхгүй байх нөхцлийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бүрдүүллээ. Практикт ийм төрлийн хохирол нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд төлөгдөхгүй үлдэх тохиолдол олон байдаг. Энэ Зэвсэгт хүчинд учруулсан их хэмжээний хохирол одоог хүртэл төлөгдөөгүй, тэдгээр гэм буруутай этгээдүүд торгох ял, тэнсэх, хэрэгсэхгүй болгох зэрэг байдлаар ял завшигдах олон тохиолдлууд гарсан. Т.Бгийн учруулсан хохирол нь мөн адил төлөгдөхгүй байх, хөнгөн ял оногдуулснаар Зэвсэгт хүчний хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Тийм учраас Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулж, ял эдэлж байх хугацаанд нь ялтны хөдөлмөрийн хөлснөөс тодорхой хэмжээний мөнгийг хохиролд төлүүлэх байдлаар шийдвэрлэх нь хуульд нийцсэн шийдвэр болно. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр заасан. Т.Бгийн хувьд их хэмжээний хохирол учруулсан, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн зэрэг шалтгаан нөхцлийн хүрээнд хорих ял оногдуулах үндэслэлтэй. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан зарчим, агуулгыг зөрчиж хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байна. Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд хөнгөн ял оногдуулаад байвал гэмт этгээдүүд ял завших, цаашлаад бусад албан тушаалтнуудад төсвийн хөрөнгө завшсан тохиолдолд хөнгөн ял, шийтгэл авдаг, төсвийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлж болох мэт ойлголт, сэтгэгдэл төрүүлэх сөрөг үр дагавартай. Шүүх гэмт этгээдийн хувийн байдлыг харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай гэж үзвэл түүнд оногдуулах хорих ялын хугацааг бага, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж болохоор байсан. Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүүхдийн эцэг нь хүүхдээ асрах, сувилахтай холбоотой хөнгөлөлтүүд байдаг бөгөөд заавал хүүхдийг эх нь асрах, сувилах ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Анхан шатны шүүх энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг нягтлан үзэлгүйгээр шүүгдэгчийн хувийн байдлыг л харгалзан ял, шийтгэл оногдуулсан шийдвэрийг 2 удаа гаргалаа. Эхний шийдвэрийг Улсын Дээд шүүх хуулийг буруу хэрэглэж, шийдвэрлэсэн хэмээн хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Гэтэл хоёр дахь удаагаа улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдааны шатанд гаргасан санал, хүсэлтийг огт харгалзан үзэлгүй, дан ганц шүүгдэгчийн хохирлоо төлнө, мөн түүний хүүхэдтэй гэдэг байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны зарчимд нийцсэн байх үндсэн агуулга, зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Т.Бд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/1109 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг хүчингүй болгож, Т.Бд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасны дагуу хорих ял оногдуулж, хохирлыг иргэний хэргийн шүүхээр бус байдлаар Эүүгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу төлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Хохирлоо төлж улсыг хохиролгүй болгох болно. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Т.Бгийн өмгөөлөгч Д.Наранбулаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг буруу хэрэглэсэн талаар давж заалдах гомдол гаргасан байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Бг гэм буруутай гэж ял шийтгэл оногдуулсан. Хохирлыг мөн хохирогчид төлөхөөр шийдвэрлэсэн байгаа нь шийтгэх тогтоолд дурдагдсан. Тиймээс гэм буруутайд тооцоогүй, хохирол төлбөр гаргуулахаар заагаагүй зүйл байхгүй. Эдгээр нь Эрүүгийн хуулийн зорилготойгоо нийцсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалт нь торгох ялыг хэрхэн яаж төлөхийг заасан заалт байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйл нь өөрөө торгох ял болон хорих ялын санкцтай. Тиймээс гомдолд дурдагдсанаар Т.Бд хорих ял шийтгэл оногдуулснаар Зэвсэгт хүчний Жанжин штабын асуудал шийдэгдэхгүй юм. Харин жил бүрийн тайлан, аудитын шалгалтаар санхүүгийн байдлаа хянаж гэмт хэргийн гаралтыг хязгаарлах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гаргуулсан хохирол төлбөр төлөгдөхгүй нөхцөл байдал үүслээ гэж байна. Шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналтаа тавиад явдаг байгаа. Хэрвээ торгох ялаа биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлээр торгох ялыг хорих ялаар солих байдлаар явна. Тиймээс тухайн байдлаар гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэхүү хэрэг нь Улсын Дээд шүүхээр хянан шийдвэрлэгдсэн. Гэтэл “энэ хүн төлбөр төлөх чадваргүй байна, тиймээс энэ хүнд хорих ял оногдуулах нь зүйтэй” гэж байгаа нь Үндсэн хуулинд заасанд эрхийг зөрчиж байна. Мөнгөтөй хүн торгох ял аваад, мөнгөгүй хүн хорих ял авна гэж байгаатай адил юм. Шүүгдэгч Т.Бгийн хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээж явсан. Хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн. Найман сартай хүүхэдтэй, хөхүүл эмэгтэй. Тухайн хүүхэд нь зүрхний эмгэгтэй, шөнө унтдаггүй. Би шүүх хуралдаан дээр эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг гаргаж өгч байсан. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Мөн бид Зэвсэгт хүчний Жанжин штабт хохирол төлбөрийг хэрхэн яаж төлөх талаар хэд хэдэн удаагийн уулзалт хийсэн байгаа.” гэв.
Прокурор Ц.Гантулгабат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Бг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан. Үүнд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ноцтой зөрчсөн зүйл байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанаар улсын яллагч 4 жил 6 сар хорих ялын санал тавьж байсан. Шүүх харин өөрийн бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд торгох ял оногдуулсан. Улсын яллагчийн зүгээс эсэргүүцэл бичээгүй. Давж заалдах гомдол дээр хэлэх санал байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны гэж үзэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Т.Бд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Т.Б нь гадаад улс руу суралцахаар явсан, өөр анги байгууллага руу шилжсэн, тэтгэвэрт гарсан зэрэг шалтгаанаар тус ангиудад ажилладаггүй нийт давхардсан тоогоор 500 иргэний нэр дээр хий болон илүү цалин бичиж Зэвсэгт хүчний жанжин штабын харъяа Зэвсэгт хүчний 065 дугаар ангид 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл санхүүгийн туслах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 313.305.310 төгрөг, Зэвсэгт хүчний 150 дугаар ангид 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл санхүүгийн дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 60.277.358 төгрөг, нийт 373.582.668 төгрөгийг садан төрлийн холбоотой Б.Дэлгэрмаагийн эзэмшдэг Хаан банкны 5093165638 дугаартай дансанд шилжүүлж авах аргаар завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Т.Бг бусдад их хэмжээний хохирол учруулж хөрөнгө завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих...” ял оногдуулна гэж заасан байх бөгөөд Т.Бгийн үйлдлийн улмаас бусдад 310.725.167 төгрөгийн хохирол учирсан, түүнийг нөхөн төлөөгүй байхад шүүгдэгчид торгох ял оноосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Зэвсэгт хүчний Жанжин штабын төлөөлөгч А.Эрдэнэмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Т.Бд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1109 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Бд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ