Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 891

 

Д.Ут холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бүрэнжаргал,

шүүгдэгч Д.Уын өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч А.Бямбажав, Б.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.Ут холбогдох 1804001490125 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

..................................., 1988 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөлгүүрийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Эрэл 41 дүгээр байрны 6 тоотод оршин суух бүртгэлтэй, /......................./,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

Д.У нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 09-ний шөнийн 02 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 27 дугаар байрны 18 тоот өөрийн гэртээ иргэн Б.Оргилыг “өвөө буулгасангүй” гэж уурлан зодолдож улмаар түүний цээжний зүүн дээд хэсэг буюу эгэмний дунд хэсэг, мөн хэвлийн доод хэсэгт хутгалж амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Багануур дүүргийн прокурорын газраас: Д.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч .......................рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсэгт зааснаар Д.Ут энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 7 жилийн хорих ялыг эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Уын эдэлбэл зохих 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Уын цагдан хориргдсон 418 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.У нь хохирогч Б.Оргилын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 10.800.000 төгрөг төлснийг баталж, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, Д.Ут холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.У гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие Д.У нь 2018 оны 7 дугаар сарын 08-ны орой өөрийн найз Б.Оргил, түүний эхнэр Б.Баярмаа, миний эхнэр Х.Нанжилмаа нарын хамт Улаанбаатар хотоос ирээд Багануур дүүргийн 3 дугаар хорооны 27 дугаар байрны 18 тоотод байрлах гэрийнхээ том өрөөнд найзын шинэ ажлын гарааг тэмдэглэж, ажлынх нь талаар ярилцаж нилээн суусан. Сүүлдээ Х.Нанжилмаа, Б.Баярмаа нар замд ядарсандаа болоод буйдан унтаж байх үед надад онгодоо буулгах зөн совин үйлчилснээр би Б.Оргилд “Найз нь өвөөгөө буулгах хэрэгтэй байна” гээд тахилын өрөөндөө орж, хуяг өмсгөл, хамгаалалт толь, нүүр хаасан хар унжлага бүхий малгайгаа өмсөн муу зүгийн сүнс, зэтгэрийг зайлуулах хутга хэрэгслээ барин “Муу зүйл холуур байг” хэмээж залбиран шившлэг дуудлага хийж байх үед “хөөе” гэх эвгүй дуу гарч зүүн мөрнөөс хүчтэй татахад айн цочсондоо ухасхийн босож, гарт байсан зан үйлийн хэрэгслээр найз Б.Оргилынхоо хэвлийн хэсэгт хатган хүнд гэмтэл учруулсан юм. Хохирогчийн цээжний зүүн дээд хэсэгт буюу эгэмний дунд хэсэгт үүссэн шарх нь Б.Оргилын шархыг ариутгах, өргөж өөр өрөөнд оруулах үед миний хуягны унжлага, холбиг гэх мэт төмөр эдлэлд зүсэгдсэн болно. Тухайн үед би бөөгийн хувцас өмсгөлтэй, нүүр, нүд хаасан унжлага бүхий малгайтай, хагас трансляцын байдалд тахилын өрөөндөө өвөг дээдсийн сүнсэн биетэй холбогдож байхад хохирогч орж ирэн намайг цочоосноос болж найзынхаа биед хүнд гэмтэл санамсаргүй учруулсан. Хэрвээ найз маань шүтээний өрөөнд орж ирэн намайг цочоогоогүй бол ийм асуудал огт гарахгүй байсан. Надад өөрийн найзыг гэмтээх ямар нэгэн хувийн сонирхол, сэдэл байгаагүй бөгөөд үүнийг Б.Оргилын 4 удаагийн мэдүүлэгтээ “Уранбаатар надад санаатай гэмтэл учруулаагүй, бид 2 муудалцаж, маргалдсан зүйлгүй” гэж мэдүүлж байснаас харагдаж байгаа боловч Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” хэмээн үзэж шийтгэл оногдуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул надад оногдуулсан ялын зүйлчлэлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх зүйл ангиар өөрчилж өгнө үү. Миний бие өөрийн санамсар болгоомжгүй үйлдлээс өөрийн найзын биед хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээж, маш их харамсаж, гэмшиж байгаа бөгөөд өөрийгөө гэм буруугүй гэж маргаагүй, зөвхөн ялын зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгааг минь ойлгож хүлээн авна уу.” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Уын өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийн нөхцөл байдлыг авч үзвэл Д.У нь зөвхөн бөөгийн зан үйл гүйцэтгэхдээ ашигладаг хуутай хутга мэт хурц үзүүртэй зүйлээ гартаа барьж, бөөгийн зан үйлээ хийж байхад хохирогч өрөөний гаднаас орж ирэн түүнийг цочооход гартаа байсан зүйлээрээ түлхэхэд дээрх гэмтэл учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, холбогдогч нарын мэдүүлэгт авагдсан “Д.У нь бөөгийн зан үйл хийдэг өрөөндөө байсан, ямар нэг зүйл хийгээд байсан” гэх мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан бөөгийн зан үйл хийдэг хурц үзүүртэй эд зүйлсийн зураг зэргээс тодорхой харагддаг. Мөн хохирогчид гэмтэл учруулсан гэх эд зүйл нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй гэдгийг дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно...” гэж тусгасан. Д.Уын бөөгийн эд зүйлдээ ашигладаг хурц үзүүртэй эд зүйл нь иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай бус зөвхөн бөөгийн зан үйлд зориулсан эд зүйл тул шүүхээс зэвсэг гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөн миний үйлчлүүлэгч Д.У нь хохирогчид дээрх гэмт хэргийн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаагүй. Тухайлбал Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн субъектив талын шинж болох гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулаагүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч Б.Оргил болон шүүгдэгч Д.У нар нь дотно найз нөхдийн харилцаатай, хохирогч Б.Оргил шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэггээ “Д.У надад хоёулаа өвөө буулгая гэхээр нь энэ тухай түүний эхнэрт хэлэхэд цаадхаа болиул гэсэн. Би Уранбаатарын өрөөнд ороод болио гээд татахад тэр эргэж хараад түлхэх шиг болсон, гартаа үзүүртэй зүйл барьсан байсан ба тэр зүйлээрээ хатгасан юм шиг байна лээ, Д.У нь санаатайгаар намайг хутгалаагүй. Би нэлээд согтсон байсан ба гэнэт татсанаас Д.У цочсон байх, одоо миний эрүүл мэндийн байдал эрүүл болсон гомдолгүй” гэх мэдүүлэг, Д.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “би өрөөндөө ороод хувцас өмсөж шашны зан үйлээ хийгээд сууж байхад Б.Оргил орж ирээд намайг цочоож татахад нь би эргэж харахдаа түүнийг хатгачихсан байсан. Бид зодолдоогүй. Б.Оргилын цээжинд би хатгаагүй, Б.Оргил ойчихдоо миний бөөгийн хувцасны зүүсгэл болох үзүүртэй жад сэлэм, хас зэрэг төмрүүдэд хатгуулсан байх” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд Д.У нь дээрх үйлдлийг санаатай үйлдээгүй, хохирогчийн биед хүнд гэмтэл болгоомжгүйгээр, цочсоноос учруулсан гэх үндэслэлтэй байна. 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолд хохирогч Б.Оргилын эхнэр гэрч Б.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Д.У нь зүгээр байж байгаад Б.Оргилыг түлхээд, багалзуурдаад нуруу руу нь нэг зүйлээр цохиод, хутга бариад дайрсан гэсэн. Тэр үед нь Б.Оргил Д.Уын хутгыг хориглоод ноцолдсон гэсэн” гэх мэдүүлгийг яллах талын гол нотлох баримтаар авч шийтгэх тогтоолд тусгасан. Гэтэл хэрэг болсон цаг хугацаанд гэрч Б.Баярмаа нь унтаж байсан, хэргийн бодит нөхцөл байдлын талаар мэдээгүй, хохирогчид дээрх хохирол учирсны дараа сэрсэн болох нь хохирогч, холбогдогч, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогддог. Энэ талаар анхан шатны шүүх хурлын хэлэлцүүлгээр Баярмаа тухайн үед болсон үйл баримтын талаар огт мэдэхгүй байсан болохыг асуултаар тодруулж тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэх зохицуулалтын дагуу нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй юм. Мөн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 78 шийтгэх тогтоолд “шүүгдэгч нь хохирогчийн хэвлийд хутгаар болгоомжгүй хатгасан гэж мэдүүлсэн ба прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хуулийн зүйл хэсгийг зөвшөөрөөгүй тул гэм буруугаа хүлээсэн гэж үзэх боломжгүй” гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан оногдуулах ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн. Д.У нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ ямар нэгэн маргаангүй, гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа талаар удаа дараа илэрхийлж байсан ба зөвхөн гэм буруугийн хэлбэрийн талаар л маргадаг. Д.У нь дээрх гэмтлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр учруулсан гэж маргаж байгаа болохоос өөрийгөө гэм буруугүй гэх талаар маргаагүй тул түүнийг гэм буруугаа хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалт, 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж болно” гэх заалтын дагуу хэргийн зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Прокурор Ж.Бүрэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүхээс бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн шүүгдэгч Д.Ут ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй тул шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэгт авагдсан баримтуудаар зодолдох явцдаа санаатай хутгалсан болох нь тогтоогдсон байдаг.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Д.У нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 09-ний шөнийн 02 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 27 дугаар байрны 18 тоот өөрийн гэртээ иргэн Б.Оргилтой “өвөө буулгасангүй” гэж уурлан зодолдож улмаар түүний цээжний зүүн дээд хэсэг буюу эгэмний дунд хэсэг, мөн хэвлийн доод хэсэгт хутгалж амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.Оргилын “...миний санаж байгаагаар намайг бөөгийн зан үйл хийдэг өрөөнд ороход өрөөний гэрэл унтраастай харанхуй байсан. Намайг уг өрөөнд ороход Уранбаатар бараан өнгийн хувцас өмссөн харагдсан. Тэгэхээр нь би Уранбаатар дээр очоод “боль” гээд өмссөн хувцаснаас нь зуурсан. Тэр үед Уранбаатар миний цээж хэсэг рүү гараараа түлхэх шиг болсон. Уранбаатарын бөөгийн зан үйл хийдэг жижиг өрөөнд ороход Уранбаатар гартаа бөөгийн зан үйл хийдэг эд зүйлээ барьсан байсан байх. Намайг бөөгийн хувцаснаас нь зуурахад эргэж хараад түлхэхдээ гартаа барьсан байсан зүйлээрээ хатгачихсан байх гэж бодож байна. ...” /1хх 28-29/,

гэрч Б.Баярмаагийн “...нэг мэдэхэд Намжилмаа гэртээ муухай хашгираад явчихсан. Намжилмаа “Умбаадай болиочээ” гэж хашгирч байсан. Би сандараад гал тогооны өрөөнд ороход Оргил шалан дээр хөлөө жийгээд суучихсан, Намжилмаа нөхөр Уранбаатарын урдуур түүнийг аргадаж гүйж байсан. Манай нөхөр Оргил айгаад шоконд орсон байдалтай байсан. Би Оргилыг өргөөд босгоход Уранбаатар орилж хашгираад байсан. Эмнэлэг дээр очоод би Оргилыг цээжний зүүн тал болон хэвлий хэсэгтээ Уранбаатарт хутгалуулсныг нь анзаарч харсан. ...” /1хх 33-34/,

гэрч Х.Намжилмаагийн “...их дуу чимээ гараад байхаар нь сэрээд харахад манай нөхөр Уранбаатар, найз Оргилтойгоо гал тогооны өрөөнд зодолдож байхаар нь салгасан. ...” /1хх 36-37/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 8-10/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 46/, шинжээч Ө.Шаарийбуугийн мэдүүлэг /1хх 54/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 278 дугаартай дүгнэлт /1хх 73/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

          Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцсэн байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Д.Уыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч Д.Уын зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхээс Д.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, энэ хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 7 жилийн хорих ялаар тогтоосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

 

Шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нар нь “...зөвхөн бөөгийн зан үйл гүйцэтгэхдээ ашигладаг хуйтай хутга мэт хурц үзүүртэй зүйлээ гартаа барьж, бөөгийн зан үйлээ хийж байхад хохирогч өрөөний гаднаас орж ирэн түүнийг цочооход гартаа байсан зүйлээрээ түлхэхэд дээрх гэмтэл учирсан. ... Д.У нь дээрх үйлдлийг санаатай үйлдээгүй, хохирогчийн биед хүнд гэмтэл болгоомжгүйгээр, цочсоноос учруулсан гэх үндэслэлтэй байна. ...Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэрэгт авагдсан гэрч Х.Намжилмаа, Б.Баярмаа нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч, хохирогч нар хоорондоо маргалдаж зодолдсон, мөн шүүгдэгч нь хохирогчийн биед хоёр удаагийн үйлдлээр шарх, гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгчийн хүний биед хүнд хохирол учруулсан үйлдлийг “болгоомжгүйгээр үйлдсэн” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Н.БАТСАЙХАН

 

 ШҮҮГЧ                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ