Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1315

 

 

 

 

 

 

    2022         10            24                                  2022/ШЦТ/1315

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,   

Улсын яллагч Н.Улсболд,

Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

**** дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ц холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, **оны **дугаар сарын **-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, Англи хэлний орчуулагч мэргэжилтэй, “***ХХК-нд гэрээт орчуулагчаар ажилладаг, ам бүл 2, дүүгийн хамт амьдардаг, ************оршин суудаг хаяг, ***********тоотод түр оршин суудаг, *********дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, **овогт Б.Ц /регистрийн дугаар: ****/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 02-с 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ** дүгээр цэцэрлэгийн хашаанд бусадтай маргалдаж байгаа үйлдлийг болиулахаар очсон *** араас нь түлхсэний улмаас газарт унаж, улмаар эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :  

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Б.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 02-с 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ** дүгээр цэцэрлэгийн хашаанд бусадтай маргалдаж байгаа үйлдлийг болиулахаар очсон *** араас нь түлхсэний улмаас газарт унаж, улмаар эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь :

- шуурхай удирдлага дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2 дахь

тал/, 

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл:  Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 119 дүгээр цэцэрлэгийн хашаанд иргэн ...бие үл таних эрэгтэй нэг удаа цохисон мөн эмэгтэй гэмтэж бэртсэн тухай /хавтаст хэргийн 3 дахь тал/,

  • хохирогч Ө.Бн...Би найз залуу Б.Ц хамт 2022 оны 8 дугаар сарын 02-ны орой

22 цагийн үед түүний найз болох Б ахын гэр буюу Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг байранд очсон. Тэнд пиво ууж байгаад шөнө 00 цаг өнгөрч байхад найз залуу Б.Ц бид хоёр гэр лүүгээ явсан. Тэгээд Б.Ц бид хоёр хоорондоо маргалдсан, тэр үеэс хойш би юу ч санахгүй байна..Нэг мэдсэн чинь Гэмтэл согог судлалын Үндэсний төв дээр сандал дээр хэвтэж байсан ба нүүр болон амны хэсэг өвдөөд байгаа мэдрэмж төрсөн. Тухайн үед намайг намайг Б.Ц цохисон гэж бодоод шууд эмнэлгээс гараад цагдаа дээр ирсэн...Б.Ц надад хэлэхдээ би гудамжинд нэг хүнтэй маргалдах үед чи үснээс зулгаахаар нь зөрүүлээд эргүүлж харуулаад цааш нь түлхээд холдуулсан чинь урагшаа нүүрээрээ газар унасан гэж хэлсэн. Миний баруун талын шанааны хэсэг хөндүүртэй болж хавдсан хоёр өвдөг шалбарч урагдсан байсан гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

- гэрч В.Бн... Би Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн манаачаар ажилладаг. 2022 оны 8 дугаар сарын 2-с 3-нд шилжих шөнө 01 цаг 55 минутад нохой хуцаад байхаар нь гартал цэцэрлэгийн хашааны урд талын граш байсан газарт нэг эмэгтэй явж байхлаар нь нохой битгий шуугуулаад бай гэж хэлсэн чинь цаанаас нь нэг залуу ирсэн. Тэр залуу та нохойноос дор үзээд байна уу гэхээр нь хүмүүс уурлаад орой энэ хавиар явж болохгүй, чи найз охиноо аваад явчих гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу миний зүүн талын цээжний хэсэг рүү мөн толгой руу хэд хэдэн удаа цохихоор нь болио гэж хэлээд гэр лүүгээ ороод таавчиг өмсөөд ирсэн. Тухайн үед тэр залуу уурлаад намайг нэг удаа цохих үед нь бултсан чинь цаашаа нохой чулуугаар цохиод байсан. Тэр үед нь би цагдаа дуудлага өгөх гээд хойшоо *** о гэдэг манаач руу явчихаад буцаад ирсэн чинь найз охиныгоо түлхээд унагаасан гэж манай эхнэр надад хэлсэн. Удалгүй цагдаа ирээд тэр залууг авч явсан харин нөгөө эмэгтэй эмнэлэг авч явсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

- гэрч Б.Мн...2022 оны 8 дугаар сарын 3-ны 01 цаг 50 минутын үед гадаа нохой хуцаад байсан, манай нөхөр гараад битгий нохой хуцуулаад бай, унтаж байгаа хүмүүс уурлаад байдаг юм, найз охиноо аваад яваарай миний дүү гэж хэлтэл өөдөөс нь чамд ямар хамаатай юм, намайг нохойноос долоон дор үзээд байна уу гэж хэлсэн...Манай нөхөр 110 дугаар цэцэрлэгийн манаач руу гүйсэн, тэр залуу согтуу байсан ба чамайг зодно, эсхүл чамайг цагдаад өгнө гэж гартаа нэг тоосго шиг зүйл барьчихаад сүрдүүлээд байсан. Тэр залуутай хамт явж байсан гэх эмэгтэй “чи одоо болио” гэж хэлээд хажуугаас нь орж ирэхэд тэр залуу “чи байж бай” гэж хэлээд бие рүү нь түлхсэн чинь тэр эмэгтэй хөл алдаад нүүрээрээ газар унасан. Нөгөө эмэгтэй босож ирэхдээ амнаас нь битүү цус гоожоод босож ирсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

- шинжээчийн дүгнэлт : Ө.Б биед эрүүнд цус хуралт, доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 29 дэх тал/,

- шүүгдэгч Б.Цийн...Тухайн үед би найз охин Ө.Бхамт 2022 оны *  дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байранд амьдардаг хуурай ах Б гэрт ирсэн, бид нар пиво, архи хувааж уусан. 00 цагийн үед гараад хойд зүгт найз охинтойгоо хамт алхаж байтал хашаагүй сургуулийн хажуугаар өнгөрөх гэж байтал нохой хуцаад дайрах үед Ө.Б бид хоёр цочоод би нохой руу чулуу шидсэн. Хажуу талын харуулын байрнаас нэг эрэгтэй хүн гарч ирээд чи нохой зүгээр байлга гэж хэлэхээр нь өөрөө нохойгоо хорьж бай гэж хэлээд маргасан. Тэр хүн харуулын байр луу дотогшоо ороод явчихаар нь харуулын байрны хаалгыг нэг удаа өшиглөтөл нөгөө хүн уурлаж гарч ирээд жижиг төмөр сандлаа хамар луу 2-3 удаа цохиж хамраас дунд зэрэг цус гарсан. Тэр үед миний уур хүрч нохой руу нь чулуу шидэх гэж байхад харуулын байрнаас дахин нэг эмэгтэй гарч ирж намайг боль гэж хэлсэн. Тэгтэл миний дагзны үснээс манай найз охин зулгаахаар арай гэж үсээ тавиулаад мөрийг нь эргүүлж байгаад нуруу руу нь түлхсэн чинь манай найз охин Ө.Б урагшаа 4,5 удаа алхаж байгаад газар унасан...Би 103 түргэн тусламж дуудсан харин тэр хавийн оршин суугчид цагдаад дуудлага өгсөн байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

2.3. Шүүгдэгч бусадтай маргалдаж байх явцад тус хэрэг үйлдэгдсэн, мөн хохирогч нь шүүгдэгчийн үснээс зулгаасныг үгүйсгэх боломжгүй байх тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ. 

2.4. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-58, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, тус шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд танилцуулж, тайлбарласан байна.      

Иймд шүүгдэгч Б.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

3. Хохирол, хор уршиг: 

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын талаар баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хохирогч гомдол саналгүй тухай мэдүүлсэн байх /хх-11-12, 62 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/, тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Ц нь урьд 2020 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх боловч түүний ял эдэлж дууссанд хамаарах нотлох баримтын эх сурвалж байх /хх-47, 49, 66-69, шүүх хуралдааны тэмдэглэл/ тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно. 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 2, “....” ХХК-д гэрээт орчуулагч ажилтай болон түүний амьдрал ахуй, хөрөнгө, бусад хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдаж /хх-34-46, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

 

  1. Бусад асуудал   

 

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

 

ТОГТООХ нь :  

 

1. Шүүгдэгч Б.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.              

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэд оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Б.Ц цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР