| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 181/2020/00585/И |
| Дугаар | 001/ХТ2021/00520 |
| Огноо | 2021-05-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2021/00520
Р.Баясгалангийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01243 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1398 дугаар магадлалтай,
Р.Баясгалангийн нэхэмжлэлтэй
Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-т холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Баясгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, П.Онон, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгч Р.Баясгалангийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын Техник технологийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий инженерийн албан тушаалд 2018 оноос эхлэн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, холбогдох хууль тогтоомжийн дагуу ажиллаж байсан. Гэтэл тус газрын даргын 2020.01.23-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар эрх мэдлээ хэтрүүлэн хуурамч бичиг баримт бусдаар үйлдүүлэн бусдын нэр хүндэд халдан, худал цуу тарааж, ажилтны нэр хүндийг гутаасан, унагасан, халдсан, гүжирдсэн үйлдэл гарган, энэ хэрэгтээ бусдыг өдөөн турхирсан, энэ нь холбогдох баримтаар нотлогдсон, мөн ажлын байранд танхайрах, зохисгүй зан авир гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас халсан болно. Ажил олгогчийн зүгээс гаргасан гэх зөрчлийг Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод дүрэм, журмуудын дагуу шалган тогтоож, баримт гаргуулах зэргээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын техник технологийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий инженерийн ажилд тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаярын шүүхэд гаргасан тайлбарт: ...Р.Баясгалан нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, хуурамч бичиг баримт бусдаар үйлдүүлэн бусдад хохирол учруулсан, бусдын нэр хүндэд халдан, худал цуу тарааж, ажилтны нэр хүндийг гутаасан, унагаасан, халдсан, гүжирдсэн үйлдэл гаргаж, энэ хэрэгтээ бусдыг өдөөн турхирсан болох нь холбогдох баримт, ажилтнуудын тайлбараар нотлогдсон. Мөн 2020.01.10-ны өдөр ажлын байранд танхайрах, зохисгүй зан авир гаргасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргасан. Уг зөрчил нь хөдөлмөрийн дотоод журмын 7.18.5, 7.18.9, 7.18.14, хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5.5 дахь заалтуудаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцогдох тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн ажлаас халсан нь хууль зүйн хувьд үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01243 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Р.Баясгаланг Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын Техник технологийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,867,472 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Баясгаланд олгон, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Р.Баясгалангийн ажилгүй байсан хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-т даалган, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020.02.05-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Р.Баясгаланд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 108,829 төгрөг гаргуулж улсын орлогод оруулан шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1398 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01243 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 108,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр хяналтын журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын талаар үнэлгээ өгсөн байх шаардлагатай ба үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй. Гэтэл зөвхөн гэрч Х.Алтансүхийн мэдүүлгийг үнэлж, хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Р.Баясгалангийн үйлдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан хавсран гүйцэтгэсэн ажил үүрэг буюу Дотоод хяналт, шалгалтын хэлтсийн даргын албан тушаалтай холбон тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд яг ямар үндэслэлээр холбож тайлбарласан нь ойлгомжгүй. Хэрэгт авагдсан нотлох баримт болох баримт бичиг нь Р.Баясгалан хуурамчаар үйлдсэн үйлдэл, албан тушаалтай огт холбогдолгүй юм. Тушаалд дурдагдсан ажлын байранд танхайрах, зохисгүй зан авир гаргасан гэх үйлдэл нь 2020.01.09-ний өдөр Р.Баясгалан болон Б.Шинэбаатар нарын хооронд үүссэн асуудалтай холбоотой гэх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад камерын бичлэгт хийсэн үзлэгээр ажлын байрны коридорын хэсэгт барьцалдсан, зууралдсан, түлхэлцсэн, ноцолдсон байдал тогтоогдсон болно гэж, мөн Р.Баясгалангийн үйлдэл нь Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журам-ын 7 дугаар зүйлийн 7.18.14 дэх заалтад заасан ажлын байранд танхайрах, зохисгүй зан авир гаргасан гэсэн зөрчилд хамаарахаар байна гэж дүгнэсэн хирнээ энэ зөрчил нь түүний түр орлон гүйцэтгэж байсан Дотоод хяналт шалгалтын хэлтсийн даргын ажил үүргийн хүрээнд гарсан зөрчил гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иргэд, ажилтнаас ирэх гомдлыг эхлээд Захиргаа удирдлага хүний нөөцийн хэлтэс хүлээн авч газрын даргад танилцуулж, холбогдох хэлтэст цохолт хийлгэдэг, цохолтоор ирсэн өргөдөл, гомдлыг холбогдох хэлтэст хуваарилсны дагуу холбогдох хэлтэс нь асуудлыг шийдвэрлэдэг. Гэтэл нэхэмжлэгч нь газрын даргад танилцуулж цохолт хийлгүйгээр Б.Шинэбаатарыг дуудаж, маргаан гарсан. Хуурамч гэгдэх тухайн гомдол нь ч Захиргаа удирдлагын хэлтэст гомдол гаргах нь гэсэн гарчигтай баримт байсан. Засгийн газрын 311 дүгээр тогтоолыг үндэслэн газрын даргын 2018 а/25 тоот тушаалаар Дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам-ыг баталсан. Энэ журмын 2.1-д зорилго нь байгууллагын үйл ажиллагаа, нийтэд үзүүлж байгаа үйлчилгээ нь МУ-ын хууль тогтоомж, нийтийн тээврийн стандарт шаардлага, холбогдох дүрэм журам, тушаал шийдвэрт нийцэж байгаа эсэхэд хяналт тавих, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, заавар зөвлөмж өгөхөд чиглэнэ, 2.3-д Дотоод хяналт шалгалтыг үйлдвэрийн газрын даргын баталсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу гүйцэтгэнэ, 3.1-д Дотоод хяналт шалгалт нь төлөвлөгөөт ба төлөвлөгөөт бус байна гэж тус тус ажиллах журмыг нь тодорхой зааж өгсөн. Р.Баясгалангийн гаргасан үйлдэл нь Дотоод хяналт шалгалтын хэлтсийн даргын ажил үүргийн хүрээнд гарсан зөрчил гэж үзэхгүй. Гэрээний талууд ямар зөрчлийг ноцтойд тооцохыг харилцан тохиролцож гэрээ болон байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-д нэрлэн заасан. Ажилтан ямар ч ажил үүрэг гүйцэтгэж байсан ажлын байранд танхайрах, зохисгүй зан авир гаргах үйлдэл үзүүлж болохгүй гэдгийг журамлан заасан. Нэхэмжлэгч нь Ц.Бат-Эрдэнээс 2,600,000 төгрөгийг хувьдаа авч байгууллагад хохирол учруулсан. Ц.Бат-Эрдэнэ нь манай байгууллагын эзэмшлийн цахилгаан автобусыг /граж №101/ 4-28 чиглэлд шугамын үйлчилгээнд явж байх нь өөрийн унаж явсан автомашинаар шүргэж зам тээврийн осол гаргаж, хохирлын мөнгийг Техник технологийн хэлтсийн дарга Р.Баясгаланд бэлнээр төлсөн тухайгаа манай байгууллагад өргөдөл бичиж гомдол гаргасан баримтыг шүүхэд өгсөөр байтал дүгнэлт гаргаагүй. Нэхэмжлэгч нь байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын 7.18.5, 7.18.9, 18.14, мөн хөдөлмөрийн гэрээний 4.5.5, 2.2.2, 2.2.22, 5.2-т заасан гэрээний заалт Монгол Улсын хууль, тогтоомжийн заалттай зөрчилдвөл талууд хууль тогтоомжийн заалтыг баримтлах бөгөөд энэхүү гэрээнд заагдаагүй бусад харилцаа үүсвэл Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, эрх зүйн бусад акт, хууль тогтоомжоор уг харилцааг зохицуулна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлд гарын үсэг зурсан үйл баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хөдөлмөрийн дотоод журам, бусад баримт бичигтэй танилцсан гарын үсэг нь өөр байх бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөр этгээдээр гарын үсэг зуруулсан гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэдэг нь үйлдэл тухай бүрийг тухайлан нэрлэн заасан байхыг шаарддаг бөгөөд Р.Баясгалантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь дээрх шаардлагыг хангасан байна. Р.Баясгалангийн үйлдэл нь Дотоод хяналт, шалгалтын хэлтсийн даргын ажил үүргийн хүрээнд бус харин үндсэн ажлын байранд гаргасан үйлдэл болох нь нотлогддог. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасантай хамаарахгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Р.Баясгалан, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж, хэвээр үлдээжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
1. Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч Р.Баясгалан Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-т хөдөлмөрийн гэрээний дагуу Техник технологийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий инженерийн үндсэн ажлыг, хяналт шалгалтын хэлтсийн даргын ажилтай хавсран гүйцэтгэж байсан, хавсран гүйцэтгэж буй ажлын байранд ажил олгогч ажилтантай тухайлсан хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, үндсэн ажлын хөдөлмөрийн гэрээнд хавсран гүйцэтгэх ажлын талаар нэмэлт өөрчлөлт оруулаагүй байсан нь тогтоогджээ.
Ажил олгогч 2020.01.23-ны өдөр Б/09 тоот тушаал гаргаж, Р.Баясгаланг Техник технологийн хэлтсийн даргын ажлаас халсан бөгөөд тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.18.5, 7.18.9, 7.18.14, хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5.5 дахь хэсэгт заасныг баримтлан эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж хуурамч бичиг баримт бусдаар үйлдүүлэн бусдын нэр хүндэд халдан, худал цуу тарааж, ажилтны нэр хүндийг гутаасан, унагаасан, халдсан, гүжирдсэн үйлдэл гаргаж, энэ хэрэгтээ бусдыг өдөөн турхирсан, мөн ажлын байранд танхайрах, зохисгүй зан авир гаргасан, эдгээр нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэжээ.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохыг зааснаас гадна сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахыг мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т тусгажээ. Эдгээр зохицуулалтаас үзвэл, ажил олгогч, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээндээ ямар зөрчлийг ноцтойд тооцохыг тухайлан нэрлэн зааж тохирсон байхыг шаардсан, ажилтан гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан, зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа хэтрээгүй нь ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох байна.
Ажил олгогч Р.Баясгаланг 2020.01.20-ны өдөр Дотоод хяналтын газрын ахлах ажилтан Б.Шинэбаатар бусдаас мөнгө нэхэж авдаг тухай хуурамч бичиг баримтыг нэр бүхий жолооч нараар үйлдүүлсэн, түүнчлэн Б.Шинэбаатартай тухайн өдөр ажлын байранд маргалдсан үйлдлийг гаргасан нь аль аль нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил болно гэж тайлбарласан.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ, Р.Баясгалан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5.5-д заасан хуурамч бичиг баримт үйлдсэн гэх зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь тогтоогдоогүй, харин ажлын байранд ...зохисгүй зан авир, үйлдэл гаргах зөрчил гаргасан байх боловч уг зөрчил нь хавсран гүйцэтгэсэн ажил үүрэгтэй холбоотой бөгөөд ажилтнаар ажил үүргийг хавсран гүйцэтгүүлэхдээ тусгайлсан гэрээ байгуулаагүй, үндсэн ажлын хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй гэж дүгнэжээ. Уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй талаарх давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан нь хуульд нийцсэн байна.
Тодруулбал, Р.Баясгалантай байгуулсан үндсэн ажлын буюу Техник технологийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий инженерийн албан тушаал эрхлэх хөдөлмөрийн гэрээнд хуурамч бичиг баримт үйлдэх нь ноцтой зөрчилд хамаарахыг заасан боловч нэхэмжлэгч уг зөрчлийг гаргасан нь тогтоогдоогүй байна.
Харин Р.Баясгалан нь Б.Шинэбаатартай маргаж, ноцолдсон буюу ажлын байранд зохисгүй зан авир гаргасан, гаргасан нь тогтоогдсон хэдий ч уг зөрчлийг ноцтойд тооцохоор хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй тул ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоож, хөдөлмөрийн гэрээг цуцлах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцэхгүй байна.
Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй ба хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.18.14 дэх хэсэгт ажлын байранд ...зохисгүй зан авир, үйлдэл гаргах-г ноцтой зөрчил гэж үзэхийг заажээ. Хэдийгээр хөдөлмөрийн дотоод журамд ийнхүү ноцтой зөрчлийн талаар журамласан боловч Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны гаргасан ноцтой зөрчлийн улмаас ажил олгогч санаачилгаар түүнийг ажлаас халах тохиолдлыг хөдөлмөрийн гэрээгээр тохирсон байхыг шаардсан байна. Үүний учир нь хөдөлмөрийн дотоод журам нь ажил олгогчоос гаргаж буй нийтээр шууд дагаж мөрдөх, бүгдэд хамааралтай нийтлэг хэм хэмжээг тодорхойлдог бол хөдөлмөрийн гэрээ нь ажилтан, ажил олгогчийн тус тусын эдлэх эрх, хүлээх үүргийг буюу харилцан тохиролцсон харилцааг зохицуулдаг байна.
Иймд ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмын зохицуулалтыг баримталж ажилтныг ажлаас халах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зохицуулалтын агуулгад нийцэхгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хангахдаа хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.
3. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүх эрх бүхий этгээдийн гаргасан журмын дагуу тооцжээ. Дундаж цалин хөлсөнд ажилтны үндсэн цалингаас гадна нэмэгдэл хөлс, урамшуулал багтдаг бөгөөд ажилгүй байсан хугацааны олговрыг ажилтны авч байсан сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тодорхойлсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг зөрчөөгүй байна.
4. Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн ажлаа эрхлээгүй хугацаан дахь буюу энэхүү шийдвэрээр гаргуулж шийдвэрлэсэн цалин хөлснөөс зохих суутгал хийж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулж дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцсэн байна.
5. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцсон байх тул өөр этгээдээр гарын үсэг зуруулж нэхэмжлэл гаргасан гэх гомдол үндэслэлгүй байна.
Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаярын гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01243 дугаар шийдвэртэй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1398 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаярын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4т зааснаар хариуцагч Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Б.МӨНХТУЯА
Г.ЦАГААНЦООЖ