Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1351

 

 

 

 

 

 

    2022         10            31                                  2022/ШЦТ/

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,   

Улсын яллагч П.Эрдэнэбат,

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.О холбогдох ****  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, **оны * дүгээр сарын **-ны өдөр Ховд аймагт төрсөн, **настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, ганцаараа *** дүүргийн *****байрны подвалд оршин суух хаягтай, урьд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт Д О /регистрийн дугаар: ПО****/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О нь согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн г үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Д.О нь согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Зг үл ялих зүйлээр шалтаглан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь : 

- шуурхай удирдлага дуудлага лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан....СХД-н * дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр зодоон болсон....гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 2-3 дахь тал/,

- хохирогч Б.З...2022 оны 8 дугаар сарын 16-ны орой 23 цаг  өнгөрч байхад манай ахын хүүхэд болох О ад руу залгаад би яваад очъё гэсэн. 01 өнгөрч байхад таксидаад ирсэн ба таксины мөнгө байхгүй, би гар утсаа таксинд үлдээчихлээ та авч өгөөрэй гэсэн...Тэгээд О мөнгө өгөөд архинд явуулсан, бид 2 хувааж уусан ба юм ярьж байгаад би “чи яахаараа надаас мөнгө нэхдэг юм, би яахаараа гар утсыг чинь өгдөг юм, өнгөрсөн жил ажилласан цалингаа ч чамаас аваагүй байгаа” гээд загнатал О нь нарыг бүгдийг нь ална, хөдөө очихоороо ах нарыг чинь зодно гэж хэлэхээр нь би О хацар луу 2 удаа алгадсан, бид 2 архиа хувааж уучхаад шөнө унтсан. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 17-ны өглөө 7 цаг өнгөрч байхад О дэлгүүр ороод нэг хямдхан архи авч ирээд архинаасаа ууж байгаад намайг орноос татаж унагаагаад шууд намайг дэвсэж эхэлсэн, би болиоч ээ гээд ухаан балартаад гуйгаад нэмэргүй, чи яахаараа надад мөнгө төгрөг өгдөггүй юм гээд орилоод байсан тэгээд архинаасаа ууж байгаад дахиад миний хөл, хавирга хэсэг рүү хөлөөрөө дэвслээд байж байтал гаднаас манай найз Б орж ирээд цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9, 12 дахь тал/,

- гэрч О.Б...2022 оны 8 дугаар сарын 17-ны өглөө би ажлаасаа буугаад 10:00 цагийн үед гэртээ ирээд З өрөөнд ортол З орон дээр хэвтчихсэн, дүү нь гэх үл таних залуу нэлээн согтуу Зг орон дээр дараад суучихсан, зодсон шинжтэй байж байсан...З нь цагдаа дуудаад өгөөч манай дүү намайг зодчихлоо гэж удаа дараа хэлсэн, бас дүүгээсээ гар утсаа нэхээд байсан...Цагдаад дуудлага өгсөн, түргэн тусламж дуудсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

- шинжээчийн дүгнэлт : Б.Згийн биед баруун тохойд шарх, зүүн  бугалга, баруун тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 25 дахь тал/,

- шүүгдэгч Д.О...Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Авга ах Б.Зг зодсон нь үнэн, надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.  

2.3. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг хооронд зөрүүтэй байдалгүй, тус шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан байна.     

Иймд шүүгдэгч Д.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

3. Хохирол, хор уршиг:   

 

Хохирогч тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримт гаргаагүй, нэхэмжлэх зүйлгүй байх /хх-83, 85/ тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.    

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:

Шүүгдэгч Д.О урьд 2021 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх боловч түүний ял эдэлж дууссанд хамаарах эх сурвалжтай байх /хх-62, 66-69,   шүүх хуралдааны тэмдэглэл/ тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.  

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 1, “..” ХХК-нд мужаанаар ажилладаг гэх болон түүний амьдрал ахуй, бусад хувийн байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-40-46, 48, 50, 52, 54-58, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

 

ТОГТООХ нь :  

 

1. Шүүгдэгч Д.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.               

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оад оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оад оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож,  хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР