Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00519

 

Ц.Энхболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/02050 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2020 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: Ц.Энхболдын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.Энхжаргалд холбогдох

Хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Д.Цэцэгбадам, түүний өмгөөлөгч А.Бүдханд, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Энхболдын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 21 дүгээр байр, 87 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч, уг байранд миний өндөр настай аав, ээж амьдарч байгаад 2014 онд нас барсан. Үүнээс хойш Ц.Энхжаргалын хүү Н.Батсайханыг эхнэр, хүүхдүүдийн хамт түр амьдрахыг зөвшөөрч, 2 жил гаран үнэ төлбөргүй амьдарсан. Би 2016.8 сараас уг орон сууцыг Ц.Энхжаргалын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч тэрээр шүүхэд худал мэдүүлсээр 3 жилийн хугацаа өнгөрч, хугацаа хожин амьдарсаар байгаа нь намайг хохироож байна. Иймд Ц.Энхжаргалын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүхэд гаргасан тайлбарт: ...Д.Цэрэндагва, Ц.Галя нар нь гэр бүлийн амьдралтай байх хугацаандаа Ц.Энхбат, Ц.Энхтуяа, Ц.Энхжаргал, Ц.Энхболд гэх 4 хүүхэдтэй болсон. Д.Цэрэндагва, Ц.Галя нар 2001.07.27-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 21 дүгээр байрны 87 тоот 2 өрөө орон сууцыг авч улмаар хүү Э.Батсайханд шилжүүлсэн. Гэтэл Ц.Энхболд нь банкнаас зээл авахад өөрийн нэр дээр эд хөрөнгийн баталгаатай байх ёстой, орон сууцыг түр миний нэр дээр шилжүүлж өгөөч гэж гуйсан учраас орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авсан. Гэтэл өнөөдөр хууль, шүүхийн эрх бүхий байгууллагад тус эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мэтээр илэрхий худал зүйл ярьж байна. Ц.Энхжаргал нь тус орон сууцыг худалдан авсан үеэс аав, ээжтэйгээ амьдарч тэднийг асарч, халамжилж байсан гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/02050 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Энхжаргалын хууль бус эзэмшлээс Ц.Энхболдын өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 21 дүгээр байр, 87 тоот, 26 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Энхболдоос улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Энхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2020 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/02050 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэргийн оролцогчид хуулиар олгосон эрхийг хязгаарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 21 дүгээр байр, 87 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг зохигчдын эцэг, эх нь өөрсдийн хөрөнгөөр худалдан авч гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг бий болгосон байдаг. Иймээс зохигчдын эцэг, эх нас барсан тул тэдгээрийн хүүхдүүд адил хэмжээгээр өмчлөх эрхтэй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан. Уг зүйлд заасан шаардах эрхийг хууль бусаар эзэмшиж буй этгээдэд холбогдуулан хууль ёсны өмчлөгчөөс гаргах эрхтэй байхаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийг эзэмшиж буй этгээд нь хууль ёсны өмчлөгч бол уг шаардлагыг хэрэгжүүлэх боломжгүй байдаг. Иймээс хариуцагч Ц.Энхжаргал нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 21 дүгээр байр, 87 тоот хаягт байрлах, орон сууцны зориулалттай, 26 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад харилцан тооцогдох, үндсэн нэхэмжлэлтэй харилцан хамааралтай байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлд хамаарахгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, түүнтэй холбоотой нотлох баримт гаргах, мэтгэлцэх боломжийг олгоогүй. Хэргийн материалын 4 дэх талд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 21 дүгээр байр, 87 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн 2007.11.21-ний өдрийн бүртгэсэн байдаг. Уг бүртгэлийг хийх хууль зүйн үндэслэл нь 2007.11.21-ний өдрийн Бэлэглэлийн гэрээ үндэслэн хийгдсэн байдаг. Улсын бүртгэлийн нэршлээр өмчлөх эрх нь 2007.11.21-ний өдөр шилжигдсэн гэх бүртгэлийг хийсэн боловч уг маргаан бүхий эд хөрөнгийн эзэмшлийг нь нэхэмжлэгч огт хүлээн аваагүй байдаг. Иргэний хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж байгаа тохиолдолд түүний эзэмшлийг ч шилжүүлэн өгөх үүрэгтэй. Гэтэл бэлэглэгч буюу Э.Батсайхан нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлж өгөөгүй буюу гэрээний үүргээ биелүүлээгүй байхад Э.Батсайханд холбогдуулан шаардлага гаргаагүй. Өөрөөр хэлбэл анхнаасаа бэлэглэгчээс хүлээн аваагүй эзэмшлийг бэлэглэгчээс шаардахгүйгээр гуравдагч этгээдээс эзэмшлийг шаардаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Нөгөөтээгүүр хууль зүйн хувьд харсан ч 2007.11.21-ний өдрийн гэрээний үүргийг талууд хэрэгжүүлээгүй бодит нөхцөл байдалтай байхад шүүх уг нөхцөл байдалд хууль зүйн хувьд дүгнэлт өгөлгүйгээр хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Орон байр, барилга, агуулах, савыг төлбөр төлөгч буюу нүүн гарах этгээд, түүний хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүн тэдгээрийн эд хөрөнгө, мал, гэрийн тэжээвэр амьтнаас чөлөөлж, төлбөр төлөгч буюу нүүн гарах этгээдэд албадан чөлөөлсөн үл хөдлөх хөрөнгийг цаашид эзэмших, ашиглахыг хориглож, төлбөр авагчид хүлээлгэн өгснөөр орон байрнаас нүүлгэн гаргах тухай гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлсэнд тооцно гэж заасан. Хэрэгт авагдсан хорооны тодорхойлолт, шүүхийн шийдвэрүүдээс харвал Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 21 дүгээр байр, 87 тоот орон сууцанд Ц.Энхжаргалаас гадна түүний эгч Ц.Энхтуяа нь оршин суудаг болох нь нотлогддог. Иймээс тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн шийдвэр /үр дүн/-т Ц.Энхтуяагийн хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдсөн. Гэтэл шүүх Ц.Энхтуяаг гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Ц.Энхтуяад өөрийн эрх ашиг сонирхлыг хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, мэтгэлцэх, тайлбар гаргах боломжийг үндэслэлгүйгээр хязгаарласан. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.30-ны өдрийн дугаар 183/ШШ2019/02050 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.04-ний өдрийн дугаар 2020 тоот магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ц.Энхболд нь Ц.Энхжаргалын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 21 дүгээр байр, 87 тоот орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж үндэслэлээ тайлбарлахдаа, 2007.11.21-ний өдөр тус орон сууцны өмчлөгч болсон, 2014 он хүртэл эцэг, эх маань амьдарсан, Батсайханыг 2 жил гаран үнэ төлбөргүй амьдруулсан, одоо, түүний ээж Ц.Энхжаргал амьдарч байгаа, шаардлага гаргахад чөлөөлөөгүй... гэснийг, хариуцагч эс зөвшөөрч ...уг орон сууцыг худалдан авснаас хойш эцэг, эхийн хамт амьдарч байсан, эцэг, эхээс миний хүү Э.Батсайханы өмчлөлд шилжүүлснийг Ц.Энхболд зээл авах хөрөнгийн баталгаа болгож өөрийн нэр дээр түр шилжүүлж авсан гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсанаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

1. Өмчлөгч өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэйг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан байна.

Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн үндэслэлдээ, Э.Батсайханы Ц.Энхболдод холбогдуулан гаргасан 2007.11.21-ний өдрийн орон сууц бэлэглэх гэрээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр болсон 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000040634 тоот гэрчилгээг нотлох баримтаар гаргажээ.

Дээрх баримтуудаар нэхэмжлэгч нь өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр олж авсан гэж үзэх нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, 183 дугаар зүйлийн 183.1-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бүртгэгдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заасантай нийцнэ. Хариуцагч Ц.Энхжаргал орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.

2. Анхан шатны шүүх хариуцагчийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг буруутгах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй хэдий ч мөн зүйлийн 73.2-т сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлтэй хамт тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэжээ.

Хариуцагч хамтран өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа, орон сууц нь эцэг, эхээс өвлөгдөх хөрөнгө учир хүүхдүүд нь адил хэмжээгээр өвлөж, өмчлөх эрхтэй гэсэн үндэслэл заасан байна.

Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд, Ц.Энхболд, Ц.Энхжаргал хоёр эгч, дүү нар байх бөгөөд маргааны зүйл болсон орон сууцанд тэдний эцэг, эх нь нас барах хүртлээ буюу 2014 он хүртэл амьдарсныг маргаагүй, Ц.Энхболдод өмчлөх эрх шилжсэн 2007 оноос хойш тэд орон сууцны өмчлөх эрхийн талаар маргасан нь тогтоогдоогүй, Ц.Энхболд нь орон сууцыг Э.Батсайханаас шилжүүлэн авсан үйл баримт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт тооцогдохгүй гэж шүүх үзсэн нь хууль зөрчөөгүй байна. Үүнээс гадна хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа бүрдүүлбэр хангаагүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байсныг шүүх захирамждаа заасан байна.

3. Өмнө нь дурдсанаар орон сууцыг Ц.Энхболдод шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах Э.Батсайханы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан, Ц.Энхжаргал уг орон сууцанд амьдарч байгаа нь тогтоогдсон тул Э.Батсайхан нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг Ц.Энхболдод шилжүүлж өгөөгүй буюу гэрээний үүргээ биелүүлээгүй байхад тэрээр Э.Батсайханд холбогдуулан шаардлага гаргаагүй, бэлэглэгчээс хүлээн аваагүй эзэмшлийг бэлэглэгчээс шаардахгүйгээр гуравдагч этгээд Ц.Энхжаргалаас шаардаж байгаа нь хууль бус гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй болно.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заажээ. Орон сууцанд Ц.Энхжаргалаас гадна түүний эгч Ц.Энхтуяа нь оршин суудаг болох нь нотлогдоогүй байна. Иймээс Ц.Энхтуяагийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөхөөр байхад түүнийг гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/02050 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2020 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч У.Түвшингийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.01.08-ны өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

Б.МӨНХТУЯА

Г.ЦАГААНЦООЖ