Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/00171

 

 

Б.Баяртсайхан, П.Ариунцэцэг нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 537 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 69 дүгээр магадлалтай,

Б.Баяртсайхан, П.Ариунцэцэг нарын нэхэмжлэлтэй,

Г.Одбаярт холбогдох

3,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Баяртсайхан, П.Ариунцэцэг нар нь Г.Одбаяртай ажлын байрны талбай худалдаж авахаар тохирч, 2014 оны 03 сарын 04-ний өдөр урьдчилгаа 2,000,000 төгрөгийг нотариатаар баталгаа хийлгэн хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл 3,600,000 төгрөгийг байрны талбай ашиглалтад ортол сар бүр 300,000-500,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. 2014 оны 07 сарын 10-ны өдөр 300,000 төгрөг бэлнээр, бусдыг нь дансаар шилжүүлсэн бөгөөд нийтдээ 5,600,000 төгрөг шилжүүлсэн. Байр ашиглалтад ороход өгөх талбай байхгүй тул мөнгөө буцааж авахаар шаардсан боловч 2018 онд 2,000,000 төгрөгийг буцаан өгсөн. Иймд үлдэгдэл мөнгө болох 3,600,000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байх тул хариуцагчаас 3,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Бид анхнаасаа талбай худалдах талаар тохироогүй, харин гоо сайхны салоны зориулалтаар талбай түрээслүүлэхээр тохирсон. Тэгээд тэр хэсэг талбайг засаж, өчнөөн зардал гаргасан. Мөн нэхэмжлэгч нар нь манай шинээр баригдсан байранд байр авч, өрөөг нь өөрчлүүлж засвар хийлгэсэн. Одоо амьдарч байгаа. Тус байрыг 2014 онд улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан бөгөөд 2015 оны 1 дүгээр сард талбайг үзүүлээд өмчлөгдөхгүй, эзэмшинэ, гэрчилгээ гарахгүй гэдгийг тайлбарлахад түүнээс болж бидний хооронд маргаан үүссэн. Тэгээд талбайг ашиглаагүй. Надад өгсөн 2,000,000 төгрөгийг буцаагаад өгсөн. Харин надад дансаар 3,200,000 төгрөг шилжин ирсэн нь үнэн. Гэхдээ энэ мөнгө нь нэхэмжлэгч нарын амьдрах байранд нь засвар үйлчилгээ хийсэн төлбөрт суутгасан. Би дансаар мөнгө шилжүүлэн авдаг. Гэтэл 300,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би бэлнээр мөнгө аваагүй. Одоо буцаан өгөх төлбөр байхгүй. Иймд 3,600,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Б.Баяртсайхан, П.Ариунцэцэг нарын орон сууцанд их хэмжээний өөрчлөлт, засвар, үйлчилгээ хийж мөнгө их гарсан. Үүнийг би нэхэмжлэх болно гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 537 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Одбаяраас 2,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Ариунцэцэг, Б.Баяртсайхан нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 800,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Одбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 59,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Ариунцэцэг, Б.Баяртсайхан нарт олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 69 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 537 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Одбаяраас 2,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Баяртсайхан, П.Ариунцэцэг нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 800,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Одбаяраас 3,300,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Баяртсайхан, П.Ариунцэцэг нарт олгосугай гэж,

2 дугаар заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Одбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 59,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Баяртсайхан, П.Ариунцэцэг нарт олгосугай гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,550 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Одбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 67,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Баяртсайхан, П.Ариунцэцэг нарт олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2019.08.23-ны өдрийн 69 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлал болон шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Хоёр шатны шүүх хэргийн болсон үйл явдал бодит байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэж байна. Миний бие нэхэмжлэгчтэй гоо сайхны салоны зориулалтаар 4 м.кв талбай түрээслүүлэх хэлцэл хийж тохирсон. Барилга ашиглалтад ороход нэхэмжлэгч нар нь түрээслэн авах талбай 4 м.кв дээрээ өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авна гэсэн. Би байшин дотор жижиг талбайд өмчлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй гэдгээ хэлснээр бидний хооронд маргаан үүсэж би түрээсийн төлбөрт өгсөн 2,000,000 төгрөгийг нь буцаагаад өгсөн. Мөн түрээслэх гэж байсан талбайг бид өчнөөн зардал гаргаж засварлаж өгөхөд гоо сайхны салоны зориулалтаар ашиглахгүй, дотуур хувцас, ахуйн хэрэглээний бараа зарна гэсэн учир би үйл ажиллагааны төрөлжилтийн хувьд таарамжгүй нөхцөл үүсэх юм байна, гоо сайхны салоноо л ажиллуул гэснээс болж мөн маргаан үүсэж байсан юм. Нэхэмжлэгч нар нь мөн шинээр тухайн байранд байр худалдаж авахдаа дотоод зохион байгуулалтыг нь өөрчилж өгөхийг хүссэн. Хүссэн загвараар зохион байгуулалтыг нь би өөрчилж 2 өрөөг нь 3 өрөө болгож өгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь 2015.02.27-нд 3 өрөөгөөр гаргуулж өгсөн. Энэ зохион байгуулалт өөрчилсөн зардалд 3,500,000 төгрөг гарсан. Энэ мөнгийг дансаар цувуулж бага багаар шилжүүлж байсан ба гүйлгээний утга "засварын хөлс гэж өөрсдөө тодорхой бичсэн байхад давж заалдах шатны шүүх ажлын байрны талбайн үнэ гэж үзэж хэргийг шийдвэрлэж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэдгийг анхааран үзээгүй, мөн хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж, Иргэний хуулийн 243-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Бид аман хэлцлээр талбай түрээслүүлэх тухай л ярьж байсан болохоос 4 м.кв талбайг худалдах тухай яриагүй юм. Ийм жижиг талбайг худалдана гэсэн ойлголт байхгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ ч гарах боломжгүй юм. Бидний хооронд ямар нэгэн өр авлага байхгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь миний эрх ашгийг хохироож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч Б.Баяртсайхан, П.Ариунцэцэг нар нь Г.Одбаярт холбогдуулан, ажлын байрны талбай худалдан авахаар шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 3,600,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ... ажлын байр худалдан авах талаар биш лангууны зориулалтаар талбай түрээслүүлэхээр тохирсон, бэлнээр авсан 2,000,000 төгрөгийг буцаан өгсөн, дансаар шилжсэн 3,300,000 төгрөгийг нэхэмжлэгч нарын худалдан авсан орон сууцанд өөрчлөлт, засвар хийхэд зарцуулсан мөнгөнд суутгасан гэж маргажээ.

Анхан шатны шүүх Г.Одбаяраас 2,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, үлдэх 800,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх хариуцагчаас 3,300,000 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хариуцагч шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргасан байна.

1. Хоёр шатны шүүх зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой маргаан үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн байна.

Хэргийн баримт, талуудын тайлбараар ажлын байрны талбайн үнийг 5,600,000 төгрөгөөр тогтоож, төлбөрийг байр ашиглалтанд орохоос өмнө 2,000,000 төгрөгийг бэлнээр өгөх, үлдэгдэл 3,600,000 төгрөгийг сар бүр 300,000- 500,000 төгрөгөөр хуваан төлөхөөр тохирсон, нэхэмжлэгч тал урьдчилан 2,000,000 төгрөг бэлнээр, 3,300,000 төгрөгийг дансаар, нийт 5,300,000 төгрөгийг Г.Одбаярт шилжүүлэн өгсөн байна.

2. Хариуцагч Г.Одбаяр нь ажлын байрны талбайг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгч нарт 2,000,000 төгрөгийг буцаан өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийн талаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тайлбарлан хэрэглэсэн нь маргааны харилцаанд нийцжээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, хариуцагч Г.Одбаяраас 2,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, үлдэх 800,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

Нэхэмжлэгч нар нь хариуцагчид 2014 оны 07 сарын 10-ны өдөр 300,000 төгрөг бэлнээр өгсөн гэсэн тайлбараа, хариуцагч нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн 3,300,000 төгрөгийг тэдний амьдрах орон сууцанд засвар хийлгэхэд зарцуулсан гэсэн тайлбараа аль аль тал нь баримтаар нотлоогүй, 2014 оны 05 сарын 28-ны банкны орлогын мэдүүлгээр П.Ариунцэцэгээс 500,000 төгрөг шилжүүлсэн баримтын агуулгаас үзэхэд хариуцагчаас 2,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

4. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадаагүй байх тул магадлалыг хүчингүй болгоно.

Хариуцагч Г.Одбаярын ...шинээр ашиглалтанд орсон байрнаас нэхэмжлэгч нар амьдрах орон сууц худалдан авч, түүнийхээ өрөөний зохион байгуулалтыг өөрчлүүлж, засвар үйлчилгээ хийлгэхэд зориулж мөнгө шилжүүлсэн тухай тайлбарыг нэхэмжлэгч нар үгүйсгээгүй байхад 2014 оны 05 сарын 28-ны банкны орлогын мэдүүлгээр П.Ариунцэцэгээс 500,000 төгрөг шилжүүлсэн баримтын агуулгыг зохигчдын тайлбар, хэргийн бусад баримттай харьцуулан үнэлэхгүйгээр худалдах-худалдан авах гэрээний төлбөрийн хэмжээнд оруулан тооцсон нь алдаатай болжээ.

5. 2018 онд хариуцагч 2,000,000 төгрөгийг буцаан өгсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, нэхэмжлэлийг 2019 оны 04 сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан, зохигчид хөөн хэлэлцэх хугацааны талаар мэтгэлцээгүй байх тул хариуцагчийн ...анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэдгийг анхааран үзээгүй гэсэн гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлсэн тул ....буруу үнэлж, худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн гомдлыг хангахгүй.

Харин магадлалыг хүчингүй болгосон тул хариуцагчийн ...гүйлгээний утга засварын хөлс гэж өөрсдөө тодорхой бичсэн байхад давж заалдах шатны шүүх ажлын байрны талбайн үнэ гэж үзэж гаргуулсан гэсэн гомдол хангагдаж байна.

Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 69 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 537 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 67,750 /жаран долоон мянга, долоон зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД