Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2019/00269

 

2019 оны 01 сарын 22 өдөр  Дугаар 184/ШШ2019/00269  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.О,

Нэхэмжлэгч: Д.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Д,

Хариуцагч: Б.А нарт холбогдох

Эд хөрөнгө эзэмших, ашиглах эрх худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсаны улмаас буцаан шилжүүлж авах эрх-ийн өртөг 80.711.800 төгрөг, мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.6-д заасан үндэслэлээр, гэрээ биелснээс олсон ашиг 84.911.000 төгрөг, нийт 165.622.800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэлээр, гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол, олох ёстой орлогод нийт 104.551.371 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Д.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, хариуцагч болон хариуцагч Н.Д-ынитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батзаяа, Б.Баттогтох, гэрч Б.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Д.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2006 оноос 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний захад байрлалтай №.. дугаар цайны газрыг өдрийн 350.000-500.000 төгрөгийн ашиг, орлоготой ажиллуулж байгаад Н.Д, Б.А нартай цайны газраа худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж 100.000.000 төгрөгөөр худалдсан. Н.Дт цайны газраа эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгч, цаашид цайны газрыг хүлээн авч ажиллуулах бүх асуудлыг Н.Дтай тохиролцсон. Н.Д, Б.А нар нь тус цайны газрыг 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажиллуулж байгаад 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Нарантуул захын хүнсний захад гал гарч цайны газар бүрэн шатсан. Нарантуул олон улсын худалдааны төвийн удирдлагууд 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр цайны газар ажиллуулж байсан хүмүүстэй уулзаж, энэ удаагийн объектоос цайны газар өгч чадахгүй, дараагийн барилгаас цайны газар өгч болно. Одоо Баялаг-Ундраа төвөөс худалдааны зориулалттай лангууг цайны газрын түрээслэгч нарт өгч байгаа тул тухайн лангуунаас авч болно, авахгүй гэвэл цайны газрыг 500.000.000 төгрөгөөр авч болно гэж хэлснийг Н.Д, Б.А нар эс зөвшөөрч цайны газар худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, Ж.О надаас 80.000.000 төгрөгийг нэхэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан байсан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Миний бие 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд цайны газраа өөрөө ажиллуулсан бол энэ хугацаанд 80.000.000 төгрөг байтугай түүнээс ч илүү ашиг орлого олох боломжтой байсан. Н.Д, Б.А нар ч энэ хугацаанд ашиг орлого сайтай ажилласан гэдгээ өөрсдөө хүлээдэг бөгөөд энэ олсон ашиг, орлогоосоо надад цайны газар худалдан авсан мөнгийг өгсөн гэж би ойлгож байгаа. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.6 дахь хэсэгт зааснаар Н.Д, Б.А нараас, гэрээ биелснээс тэдний олсон ашиг болох 84.911.000 төгрөгийг, мөн цайны газар эзэмших эрхийг бодитоор надад буцаан шилжүүлж өгөх боломжгүй болсон тул түүний өртөг болох 80.711.800 төгрөг, нийт 165.622.800 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон хариуцагч Н.Д-ынитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.А миний бие Ж.Оээс түүний хувийн өмч гэж итгэн Нарантуул олон улсын худалдааны төвийн №.. дугаар цайны газрыг 80.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Улмаар 10.000.000 төгрөгийг Ж.От бэлэнээр өгч, үлдэгдэл 70.000.000 төгрөгийг Д.Бы Хаан банк дахь 500348947 тоот дансанд 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 30.000.000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 40.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний бие удаа дараа бичиг баримтыг нь шилжүүлж өгөхийг шаардсан боловч удахгүй өгнө гэж хэлээд хүлээлгээд байсан. Бичиг баримтыг шилжүүлж өгч амжаагүй байтал 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний захад гал гарч бүрэн шатсан. Ингээд хохирогчоор тогтоолгох гэтэл Ж.О өөрөө хохирогчоор тогтоогдсон. Нэхэмжлэгч Ж.О нь бидэнд хэлэхдээ шинэ баригдах барилгаас цайны газар өгнө тэвчээртэй байж бай гээд хүлээлгэсэн. Бид итгээд хүлээж байсан. Барилга баригдаж дуусаанд Нарантуул худалдааны төвийн удирдлагууд бидэнтэй уулзаж, цайны газар өгөхгүй, заавал цайны газар авна гээд байгаа бол 500.000.000 төгрөгөөр худалдаж ав гэж байна гэхээр нь гайхаад Ж.Отэй уулзан би худалдаж авчихаад яагаад дахин худалдаж авах төлбөр төлөх ёстой гэж хэлэхэд чаддаг юм бол шүүх, цагдаагаараа яваад мөнгөө олж ав гэсэн тул бид шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад Нарантуул олон улсын худалдааны төвөөс №.. дугаар цайны газрын баримтыг нотлох баримтаар шаардахад тус цайны газар нь Ж.Оийн өмч биш, Ү-22......улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам гудамж, Нарантуул худалдааны төвийн өмчлөгчөөр Нарантуул трейд ХХК /регистрийн дугаар: 20..../ болох нь тогтоогдож, Ж.О нь түрээсийн гэрээгээр ажиллуулдаг бөгөөд тус цайны газрыг бусдад зарах, түрээслүүлэх эрхгүй байсан. Мөн сар бүр 500.000-600.000 төгрөгийг цайны газрын ашиглалтын зардал гэж төлдөг байсан. Гэтэл тус мөнгө нь түрээс болон ашиглалтын зардлын төлбөр байсан гэдгийг сүүлд мэдсэн. Ж.О нь тус мөнгийг тоног төхөөрөмж ажиллуулдаг учир ийм хэмжээний төлбөр гардаг гэж ойлгуулж байсан. Шүүхээс цайны газрыг худалдан авсан төлбөрт өгсөн 80.000.000 төгрөгийг Б.А надад олгохоор 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Миний бие Ж.Оийн хувийн өмчийн эд зүйлсийг ашиглаад ашиг олж, түүнд хохирол учруулсан зүйл байхгүй. Харин ч түүнд хууртан мөнгөө яаралтай өг гэж өдөр шөнөгүй нэхээд дарамтлаад байхаар нь дүүгийнхээ байрыг зарж 40.000.000 төгрөг, үлдэгдэл 40.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээл авч байж өгсөн. Тус зээлээ орлогоосоо төлөх гэсэн боловч орлого муу учир хүний дарамтанд орж арга буюу өөрийн эцгийн хашаа байшин, чацарганы талбай зэргийг зарж Ж.От мөнгийг нь төлсөн гэжээ.

Хариуцагч болон хариуцагч Н.Д-ынитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А, Н.Д бид 2012 оны 8 дугаар сард иргэн Ж.О, Д.Б нартай харилцан тохиролцож, цайны газрын түрээсийн эрх худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулсан юм. Талуудын хооронд үүссэн маргааныг Улсын Дээд шүүх эцэслэн шийдвэрлэж, талуудын хооронд эрх худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээнээс татгалзах эрхтэй гэж үзэж, улмаар миний төлсөн 80.000.000 төгрөгийг Ж.О, Д.Б нараас буцаан гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Бидний хувьд Ж.О, Д.Б нарт төлсөн 80.000.000 төгрөг, цайны газар ажиллуулах эхлэлтийн зардал болох 7.100.000 төгрөг, нийт 87.100.000 төгрөгийг Алтантуяа, Анхбаяр нараас зээлсэн байдаг бөгөөд энэхүү 87.100.000 төгрөгийг 2012 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сарыг дуустал арилжааны банкинд хадгалуулсан бол олох байсан ашиг, орлого болох 89.551.371 төгрөгийг гаргуулах, мөн гэрээний үнэд төлсөн 80.000.000 төгрөгийг бүрдүүлэхэд иргэн Анхбаяраас 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 2.000.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 3.000.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 5.000.000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 30.000.000 төгрөг, нийт 40.000.000 төгрөгийг зээлсэн бөгөөд 10%-ийн хүүтэй байхаар тохирсон ба уг мөнгийг төлж барагдуулах хүртлээ зээлийн хүүнд нийт 15.000.000 төгрөгийг төлсөн тул уг 15.000.000 төгрөг, нийт 104.551.371 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэлээр гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Д.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Цайны газар худалдан авах мөнгөнийхөө эх үүсвэрийг яаж бүрдүүлэх асуудал нь хариуцагч нарын өөрсдийн шийдвэрлэх асуудал юм. Бидний зүгээс хариуцагч нарыг мөнгө зээлээр авч цайны газрыг та нар худалдаж ав гэж шахаж шаардсан зүйл байхгүй. Өөрсдөө л цайны газар ашигтай байсныг мэдээд худалдаж авсан. Улсын Дээд шүүх эцэслэн шийдвэрлээд хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоосон. Хариуцагч нарын хувьд гэрээнээс татгалзсанаар тэдэнд хохирол учраагүй, гэрээний үнэ болох 80.000.000 төгрөгийг буцааж авсан. Цайны газрыг ажиллуулж, гарсан зардлаа бүрэн төлж, ашиг олсон. Харин нэхэмжлэгч бидэнд цайны газраа биет байдлаар нь буцааж авах боломжгүй болж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон цайны газрын зах зээлийн үнэ цэнэ болох 80.711.800 төгрөгийн хохирол учирсан. Хариуцагч нар нь гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй. Цайны газар шатсан биет байдлаар нь буцаан өгөх боломжгүй ч гэсэн мөнгөөр нөхөн төлөх боломжтой тул бид энэ хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Хариуцагч нар нь цайны газрыг өөрсдийн эзэмшил, ашиглалтад бодитоор шилжүүлэн авч, 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл хугацаанд зориулалтын дагуу ажиллуулж, олсон ашгаасаа бидэнд гэрээний үнэ болох 80.000.000 төгрөгийг төлсөн. Энэ тухайгаа болон ашигтай ажиллаж байсан талаараа удаа дараагийн шүүх хуралдаануудад мэдүүлж байсан. Цайны газрыг ажиллуулахад гарсан зардлыг болон хүнээс зээлсэн мөнгөний хүүг бид хариуцан төлж барагдуулах, хариуцагч нар үүнийг нэхэмжлэх үндэслэл байхгүй. Яагаад гэвэл хариуцагч нар нь цайны газрыг худалдан авах мөнгөнийхөө эх үүсвэрийг өөрсдөө шийдвэрлэсэн, цайны газрыг ажиллуулж олсон орлогоороо энэ бүх гарсан зардлаа бүрэн төлсөн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Иймд хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.О, Д.Б нар нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.6-д заасан үндэслэлээр, гэрээ биелснээс олсон ашиг 84.911.000 төгрөг, гэрээнээс татгалзсаны улмаас буцаан шилжүүлж авах эрх-ийн өртөг 80.711.800 төгрөг, нийт 165.622.800 төгрөг шаардсаныг хариуцагч Б.А, Н.Д нар бүхэлд нь эс зөвшөөрч, улмаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэлээр гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол, олох ёстой орлогод нийт 104.551.371 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Талууд 2012 оны 8 дугаар сард, Нарантуул худалдааны төвийн 26 тоот хаягт байрлах цайны газрыг эзэмших, ашиглах эрхийг хариуцагч нарын өмчлөлд шилжүүлэхээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу хариуцагч нар нь нэхэмжлэгч нарт 80.000.000 төгрөг төлсөн, цайны газрыг хариуцагч нар нь 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд ашигласан, цайны газар нь 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шатаж, талууд гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон, улмаар эрх худалдан авагч Б.А, Н.Д нар нь гэрээнээсээ татгалзсан болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогджээ. /хх 28-41 дүгээр тал/

Дээрх үйл баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр талуудын хувьд нэгэнт тогтоогдсон үйл баримтууд мөн юм.

Нэхэмжлэгч нь гэрээ биелснээс олсон ашигт 84.911.000 төгрөг нэхэмжлэхдээ Тод үнэлгээ ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланг үндэслэл болгожээ. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан гэрээ биелснээс олсон ашиг гэдэг нь мөн хуулийн өөр зүйл, хэсэгт заасан олох ёстой байсан орлого, гарсан зардал, учирсан хохирол биш ба харин гэрээ биелснээс бий болсон бодит үр шим юм. Энэхүү бодит үр шим буюу нэгэнт бий болсон хөрөнгийг олох ёстой байсан орлого буюу бий болоогүй хөрөнгө /судалгаа, шинжлэх ухаанд суурилсан ашиг, орлогын тооцоолол/-тэй харьцуулах боломжгүй учир Тод үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар, нэхэмжлэгчийн шаардаж буй үндэслэлийн хувьд үнэн, зөв гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлага буюу гэрээ биелснээс олсон ашгийг шүүхэд нотлох үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг /84.911.000 төгрөг/-ийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нөгөө талаас, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6-д заасан үүрэг /эсрэг тохиолдолд шаардах эрх/ гэдэг нь, үүрэг гүйцэтгэгч /гүйцэтгүүлэгч/-ээс зайлшгүй гарсан зардал болон бусад зардал-ыг төлөх тухай үүрэг юм. Хуулийн энэ хэсэгт зохицуулсан зардал нь мөн л гэрээ биелснээс олсон ашиг, эсхүл олох ёстой байсан орлого гэдэгт хамаарахгүй. Өөрөөр хэлбэл шилжүүлсэн эд хөрөнгөтэй холбоотой нэгэнт бий болсон буюу гарсан бодит зардлын тухай ойлголт гэж үзнэ.

Эрх худалдагч Ж.О, Д.Б нар нь эд хөрөнгө эзэмших, ашиглах эрх-ийг худалдан авагч Б.А, Н.Д нарт шилжүүлж өгөөгүйн улмаас эсрэг тал гэрээнээс татгалзсан болох нь дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул нэхэмжлэгч нь мөн л шилжүүлсэн эрхийг буцааж авах ёстой гэх үндэслэлээр, түүний үнэ буюу өртөг /80.711.800 төгрөг/-ийг хариуцагч нараас буцаан шаардах үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл шилжүүлж өгөөгүй зүйлийг буцаан шаардах боломжгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Эрх худалдан авагч буюу хариуцагч тал нь, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэлээр, нэг тал гэрээнээс татгалзсаны улмаас олох ёстой байсан орлого, хохиролд нийт 104.551.371 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/0...дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт, олох ёстой байсан орлого болон хохирлыг үгүйсгэсэн Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй, давж заалдах болон хяналтын шатны шүүх энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулаагүй байх тул олох ёстой байсан орлого, хохиролтой холбоотой маргааныг өмнө шүүх шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй юм. Иймд хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2084 дугаар магадлалд: ...Нарантуул трейд ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний түрээслэх эрхийг хариуцагч тал /Д.Б, Ж.О/ нэхэмжлэгч тал /Б.А, Н.Д/-д шилжүүлж өгөхөөс өмнө буюу 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Нарантуул худалдааны төвийн хүнсний захад гал түймэр гарсны улмаас шатсан учир хариуцагч тал нь худалдсан эрхийг цаашид захиран зарцуулах боломжтой байдлаар нэхэмжлэгч талд шилжүүлж өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн... гэж дүгнэснийг Монгол Улсын дээд шүүх хянаад, уг дүгнэлт буюу магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх34-41 дүгээр тал/

Дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу талуудын хувьд нэгэнт тогтоогдсон үйл баримтаас үзвэл, эрх шилжүүлэх үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон явдалд худалдагч Ж.О, Д.Б нарыг шууд буруутай гэж үзэх боломжгүй байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т зааснаар нэг тал гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгчид хариуцлага хүлээлгэж болдоггүй байна.

Иймд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул гэрээ биелснээс олсон ашиг, харилцан буцаах ёстой эрхийн өртөгт нийт 165.622.800 төгрөг гаргуулахыг хүссэн, Н.Д, Б.А нарт холбогдох, Ж.О, Д.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул олох ёстой байсан орлого, хохиролд 104.551.371 төгрөг гаргуулах тухай, Ж.О, Д.Б нарт холбогдох, Б.А, Н.Д нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.144.014 төгрөгөөс 986.069 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 685.000 төгрөгөөс 680.706 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 157.950 төгрөгийг, хариуцагчаас илүү төлсөн 4.294 төгрөгийг тус тус Улаанбаатар хотын банк дахь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас буцаан гаргуулж, 157.950 төгрөгийг Ж.О, Д.Б нарт, 4.294 төгрөгийг Б.А, Н.Д нарт буцаан олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР