Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01092

 

 

 

*******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/02587 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2112 дугаар магадлалтай,

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

*******, ******* нарт холбогдох

 

Үндсэн нэхэмжлэл: Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах хүртэл гэрээ биелснээс олсон ашиг 57,000,000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэл: Хохирол 104,551,371 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч *******, ******* нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, өмгөөлөгч С.Даваасүрэн, Ц.Өлзийбаяр, хариуцагч *******, өмгөөлөгч Ц.Батзаяа, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч *******, ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Бид 2006 оноос 2012.08.30-ны өдрийг хүртэл Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний захад байрлалтай №26 дугаартай цайны газрыг өдрийн 350,000-500,000 төгрөгийн ашиг, орлоготой ажиллуулж байгаад *******, ******* нартай худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж 100,000,000 төгрөгөөр худалдсан. *******т цайны газраа эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгсөн. *******, ******* нар нь тус цайны газрыг 2012.09.01-ний өдрөөс 2013.08.23-ны өдрийг хүртэл Нарантуул захын хүнсний захад гал гарч цайны газар шатах хүртэл ажиллуулсан. Нарантуул олон улсын худалдааны төвийн удирдлагууд 2016.02.20-ны өдөр цайны газар ажиллуулж байсан хүмүүстэй уулзаж, энэ удаагийн объектоос цайны газар өгч чадахгүй, дараагийн барилгаас цайны газар өгч болно, одоо Баялаг-Ундраа төвөөс худалдааны зориулалттай лангууг цайны газрын түрээслэгч нарт өгч байгаа тул тухайн лангуунаас авч болно, авахгүй гэвэл цайны газрыг 500,000,000 төгрөгөөр авч болно гэж хэлснийг *******, ******* нар эс зөвшөөрч цайны газар худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, 80,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг 2016.03.09-ний өдөр шүүхэд гаргасан байсан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Миний бие 2012.09.01-ний өдрөөс 2013.09 дүгээр сар хүртэл хугацаанд цайны газраа өөрөө ажиллуулсан бол энэ хугацаанд 80,000,000 төгрөг байтугай түүнээс ч илүү ашиг орлого олох боломжтой байсан. *******, ******* нар ч энэ хугацаанд ашиг орлого сайтай ажилласан гэдгээ өөрсдөө хүлээдэг бөгөөд энэ олсон ашиг, орлогоосоо надад цайны газар худалдан авсан мөнгийг өгсөн гэж би ойлгож байгаа. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.6 дахь хэсэгт зааснаар *******, ******* нараас гэрээ биелснээс тэдний олсон ашиг болох 84,911,000 төгрөгийг, мөн цайны газар эзэмших эрхийг бодитоор надад буцаан шилжүүлж өгөх боломжгүй болсон тул түүний өртөг болох 80,711,800 төгрөг, нийт 165,622,800 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэсэн шаардлагыг гаргасан. Гэвч шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр ашиг нь 57 сая төгрөг гэсэн тул нэхэмжлэгч нарын зүгээс шаардлагаа багасгаж хариуцагч нараас 57,000,000 төгрөг гаргуулъя гэжээ.

 

Хариуцагч *******, ******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* миний бие *******ээс түүний хувийн өмч гэж итгэн Нарантуул олон улсын худалдааны төвийн №26 дугаартай цайны газрыг 80,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Улмаар 10,000,000 төгрөгийг *******т бэлнээр өгч, үлдэгдэл 70,000,000 төгрөгийг *******ы Хаан банк дахь 500348947 тоот дансанд 2012.09.04-ний өдөр 30,000,000 төгрөг, 2012.11.06-ны өдөр 40,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний бие удаа дараа бичиг баримтыг нь шилжүүлж өгөхийг шаардсан боловч удахгүй өгнө гэж хэлээд хүлээлгээд байсан. Бичиг баримтыг шилжүүлж өгч амжаагүй байтал 2013.08.23-ны өдөр Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний захад гал гарч бүрэн шатсан. Хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад Нарантуул олон улсын худалдааны төвөөс №26 дугаар цайны газрын баримтыг нотлох баримтаар шаардахад тус цайны газар нь *******ийн өмч биш, Ү-2204007201 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам гудамж, Нарантуул худалдааны төвийн өмчлөгчөөр Нарантуул трейд ХХК /регистрийн дугаар: 2070022/ болох нь тогтоогдож, түүний хувийн өмч биш болохыг шүүхийн шатанд мэдсэн. Иймд миний бие *******ийн хувийн өмчийн эд зүйлсийг ашиглаад ашиг олж түүнд хохирол учруулсан зүйл байхгүй. Харин миний бие түүнд хууртан мөнгөө яаралтай өг гэж өдөр шөнөгүй нэхээд дарамтлаад байсан учир дүүгийнхээ байрыг зарж 40,000,000 төгрөг үлдэгдэл 40,000,000 төгрөгийг хувь хүнээс 10 хувийн хүүтэй зээлж авч орлогоосоо төлөх гэсэн боловч орлого муу учир хүүний дарамтад орж арга буюу өөрийн эцгийн хашаа байшин чацарганы талбай зэргийг зарж *******т төлсөн. ******* нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөө төлөхгүй намайг 6 жил хохироож байна. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэх 57 сая төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, ийм хэмжээний ашиг олдоггүй. Тухайн шинжээч үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Зоогийн газрын ашиг, орлоготой, Нарантуул захад бус өөр байранд байх газруудтай харьцуулсан. Хуульд ашиг олсон бол өгөх ёстой гэж заасан бол өгнө, харин ийм хэмжээний ашгийг бол олоогүй. Бидний хувьд 17 сая төгрөгийн л ашиг олсон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Бид 2012.08 дугаар сард иргэн *******, ******* нартай харилцан тохиролцож Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний зах дотор байрлах 26 тоот цайны газрыг 80,000,000 төгрөгөөр худалдан авсан боловч цайны газрын бичиг баримтыг бидний нэр рүү шилжүүлж өгөөгүй тул иргэний шүүхэд хандаж худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үнэ болгон шилжүүлсэн 80,000,000 төгрөг болон бусад зардлаа нэхэмжилсэн, *******, ******* нараас 80,000,000 төгрөг гаргуулан *******, ******* нарт олгохоор шийдвэрлэсэн. *******, ******* бидний *******, ******* нартай байгуулсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний үнэ болох 80,000,000 төгрөг, цайны газраа ажилуулах эхлэлийн зардал болгон 7,100,000 төгрөг, нийт 87,100,000 төгрөгийг Алтантуяа, Анхбаяр гэх хүмүүсээс зээлсэн байдаг бөгөөд энэхүү 87,100,000 төгрөгийг 2012.11 дүгээр сараас 2018.08 дугаар сарыг дуустал хугацаанд арилжааны банкинд хадгалуулсан бол олох байсан ашиг, орлого болох 89.551.371 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Үүнийг Итгэлт эстимэйт ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээгээр тооцсон болно. Гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байгаа хэдий ч *******, ******* нар нь одоо болтол бидний өгсөн 80,000,000 төгрөгийг өгөөгүй байгаа. Энэ хугацаанд уг мөнгийг маань хэдий хэмжээнд өсгөж өөрсдөдөө ашиг орлого олсон байхыг үгүйсгэх зүйл байхгүй болно. Мөн гэрээний үнэнд төлсөн 80,000,000 төгрөгийг бүрдүүлэхээр иргэн Н.Анхбаяраас 2012.09.18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2012.10.02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2012.10.24-ний өдөр 5,000,000 төгрөг, 2012.11.06-ны өдөр 30,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд 10 хувийн хүүтэй байхаар тохирсон бөгөөд уг мөнгийг төлж барагдуулах хүртлээ зээлийн хүүнд нийт 15,000,000 төгрөгийг төлсөн тул уг 15,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна. Иймд *******, ******* нараас нийт 104,551,371 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ...Хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус, ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэгч нарын зүгээс түүнийг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй. Хэрвээ цайны газар шатаагүй байсан бол өнөөдрийг хүртэл цайны газрыг эзэмшиж, ашиглаж, ажиллуулаад байж байх байсан нь бодит үнэн. Цайны газар худалдан авах мөнгөнийхөө эх үүсвэрийг яаж бүрдүүлэх асуудал нь хариуцагч нарын өөрсдийн шийдвэрлэх асуудал юм. Бидний зүгээс хариуцагч нарыг мөнгө зээлээр авч цайны газрыг та нар худалдаж ав гэж шахаж шаардсан зүйл байхгүй. Өөрсдөө л цайны газар ашигтай байсныг мэдээд худалдаж авсан. Улсын Дээд шүүх эцэслэн шийдвэрлээд хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоосон. Хариуцагч нарын хувьд гэрээнээс татгалзсанаар тэдэнд хохирол учраагүй, гэрээний үнэ болох 80,000,000 төгрөгийг буцааж авсан. Цайны газрыг ажиллуулж, гарсан зардлаа бүрэн төлж, ашиг олсон. Харин нэхэмжлэгч бидэнд цайны газраа биет байдлаар нь буцааж авах боломжгүй болж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон цайны газрын зах зээлийн үнэ цэнэ болох 80,711,800 төгрөгийн хохирол учирсан. Хариуцагч нар нь гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй. Цайны газар шатсан биет байдлаар нь буцаан өгөх боломжгүй ч гэсэн мөнгөөр нөхөн төлөх боломжтой тул бид энэ хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Хариуцагч нар нь цайны газрыг өөрсдийн эзэмшил, ашиглалтад бодитоор шилжүүлэн авч, 2012.09.01-ний өдрөөс 2012.11.06-ны өдрийг хүртэл хугацаанд зориулалтын дагуу ажиллуулж, олсон ашгаасаа бидэнд гэрээний үнэ болох 80,000,000 төгрөгийг төлсөн. Цайны газрыг ажиллуулахад гарсан зардлыг болон хүнээс зээлсэн мөнгөний хүүг бид хариуцан төлж барагдуулах үндэслэл байхгүй. Учир нь цайны газрыг худалдан авах мөнгөнийхөө эх үүсвэрийг өөрсдөө шийдвэрлэсэн. Мөн банкинд хадгалуулсан бол гэсэн тооцоо гарган нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Талуудын хоорондын үүрэг зөрчсөн асуудал байхгүй тул үүргээ гүйцэтгээгүйгээс гэрээ цуцалсан гэж үзэн Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасны дагуу сөрөг шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/02587 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нараас 17,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 40,000,000 төгрөгийг болон хариуцагч *******, ******* нарын 104,551,371 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,144,014 төгрөгөөс 986,069 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 685,000 төгрөгөөс 680,706 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 157,950 төгрөгийг, хариуцагчаас илүү төлсөн 4,294 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 157,950 төгрөгийг *******, ******* нарт, 4,294 төгрөгийг *******, ******* нарт, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 242,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2112 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/02587 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 221 дүгээр зүйлийн 221.5, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч *******, ******* нарын хариуцагч *******, ******* нараас 57,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч *******, ******* нарын нэхэмжлэгч *******, ******* нараас 104,551,371 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,144,014 төгрөгөөс 986,069 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 685,000 төгрөгөөс 680,706 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 157,950 төгрөгийг, хариуцагчаас илүү төлсөн 4,294 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 157,950 төгрөгийг *******, ******* нарт, 4,294 төгрөгийг *******, ******* нарт олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч *******, ******* нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч бид Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.16-ны өдрийн 2112 дугаартай магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан .. хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Хариуцагч *******, ******* нар нь *******, ******* нараас худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, 109 сая төгрөг гаргуулах /цайны газрын үнэд төлсөн 80,000,000 төгрөг орсон/ нэхэмжлэл гаргасан тул Баянзүрх дүүргийн 2017.06.15-ны өдрийн 2096 тоот шийдвэр, 2017.09.20-ны өдрийн 2084 тоот магадлал, Дээд шүүхийн 2018.01.25-ны өдрийн 157 тогтоол хүчин төгөлдөр болж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, мөн хуулийн 205.1 дэх хэсгийг үндэслэн 80,000,000 төгрөгийг *******, ******* нараас гаргуулж *******, ******* нарт олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Гэрээ биелэгдэж *******, ******* нар нь 80,000,000 төгрөгийг *******, ******* нарт төлж, цайны газрыг *******, ******* нар нь *******, ******* нарт хүлээлгэн өгч талууд үүргээ биелүүлсэн, *******, ******* нар нь 11 сарын хугацаанд цайны газрыг ажиллуулсан. Цайны газрыг шилжүүлснээр үр шим болон эрсдэл мөн шилжсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа өмнө нэгэнт үйл баримтаар тогтоогдсон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг орхигдуулсан, мөн өмнө нь *******, ******* нарын худалдах худалдан авах гэрээнээс татгалзах шаардлагын дагуу Иргэний хуулийн 205.1 дэх хэсэгт зааснаар 80,000,000 төгрөгийг буцаан гаргуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад .... Иргэний хуулийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсонгүй гэж буруу дүгнэлт хийсэн. Мөн магадлалын үндэслэх хэсэгт ...Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт зааснаар гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээн хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэжээ. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ нь хүндэтгэн үзэх үндэслэл буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас биелэгдэх боломжгүй болсноос /Биелэгдээд харилцан өгч авалцсан, 11 сар ашигласан/ талууд /зөвхөн худалдан авагч тал гэрээнээс татгалзсан/ гэрээнээс татгалзсан болох нь тогтоогдсон байх тул гэрээнээс татгалзсан нөхцөл байдлыг талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг хариуцагч *******, ******* нар нэхэмжлэгч *******, ******* нарт буцааж өгөх үүрэг хүлээх хууль зүйн үндэслэлгүй байна. ... гэжээ. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ өмнө нь болсон бодитой үйл баримт, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүдийг харгалзан үзэхгүйгээр нэг талыг барьж хариуцагч талд ашигтай байдлаар тайлбарлан, шударга бус үндэслэлгүй дүгнэлт хийж түүнийгээ магадлалынхаа үндэслэл болгосноор шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн байна. Нэгдүгээрт талууд үүргээ нэгэнт биелүүлчихсэн байсан, хоёрдугаарт гэрээнээс татгалзах шаардлагыг *******, ******* нар гаргаснаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Алтанчимэг, Даваажав нараас авсан 80,000,000 төгрөгийг *******, ******* нараас буцаан гаргуулах шийдвэр хүчин төгөлдөр болчихсон, цайны газар шатчихсан болохоор нэхэмжлэгч *******, ******* нар цайны газрыг нэхэмжлэх шаардлагаас татгалзаж, хариуцагч нар нэгэнт цайны газрыг хүлээн авч 11 сарын хугацаанд ямар нэг саадгүй ажиллуулж ашиг олсон тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт ...түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэснийг үндэслэн ашгийг нэхэмжилсэн юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтээс үзэхэд 2012.09.01-ний өдрөөс 2013.08.23-ны өдрийг хүртэлх хугацаанд Нарантуул худалдааны төвийн 26 тоот хаягт байрлах цайны газрыг ажиллуулснаас олсон ашиг, орлогын хэмжээг тооцож тогтоосон үнэлгээг үнэн зөв эргэлзээгүй баримт гэж дүгнэх, үнэлэх боломжгүй. Учир нь шинжээч талуудтай тооцоо нийлэхдээ тэдний гаргаж өгсөн ямар баримт, материалыг үндэслэсэн нь тодорхой бус, зах зээлийн үнийн судалгааг хийхдээ зоогийн газар, цайны газруудаас мэдээлэл цуглуулаад тухайн өдрийн орлогын 30 хувь нь ашиг, зоогийн газар, цайны газрын орлогын зөрүүг 100,000 төгрөг гэж тооцон, орлого 2 дахин нэмэгдсэн гэж дүгнэн харьцуулан жиших аргаар тооцоо гаргасан нь баримтад тулгуурлаагүй, мэдээллийн үнэн зөв эсэх нь тодорхой бус байна. Мөн орлогын хандлагын тооцооллын үндэс болох худалдан борлуулсан үнэ 80,000,000 төгрөг нь талуудын харилцан тохиролцсон үнэ тул бодит ашиг орлогыг тооцоолоход өрөөсгөл гэж үзнэ. Иймээс шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримт гэж дүгнээгүй болно. гэж бидний шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу шүүх буюу шүүгчийн захирамжаар үнэлгээний байгууллагыг шүүх өөрөө сонгож шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилсны үндсэн дээр хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн заалтыг зөрчөөгүй, мэргэжлийн шинжилгээний үнэлгээний дүгнэлтийг шүүх буруу үнэлж дүгнэн, учир дутагдалтай дүгнэлт хийсэн. Хэрэв ийм нөхцөл байдал шүүх хуралдааны явцад тогтоогдсон бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт Шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан бол шүүх өөр шинжээчээр дахин шинжилгээ хийлгэж болно. гэж заасныг үндэслэн шүүгчийн захирамж гарган дахин шинжээч томилох ёстой байтал ийм ажиллагааг хийгээгүйгээс анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу, буруу үнэлж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн байж магадгүй нөхцөл байдал харагдаж байна. Иймд дээрх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.10-ны өдрийн 184/ШШ2019/02587 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1-н ...Нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 40,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг... Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019.12.16-ны өдрийн 2112 дугаартай магадлалын тогтоох хэсгийн ...нэхэмжлэгч *******, ******* нарт холбогдох заалтуудыг тус тус хүчингүй болгож, хариуцагч *******, ******* нараас 57,000,000 төгрөгийг гаргуулж гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 165,622,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа анхан шатны шүүх хуралдаанд 57,000,000 төгрөг болгон багасгаж, үндэслэлээ тайлбарлахдаа ...2012.08 дугаар сард Нарантуул худалдааны төв-ийн 26 тоот хаягт байрлах цайны газрын түрээслэх эрхээ 100,000,000 төгрөгөөр худалдаж 80,000,000 төгрөг авсан, ...2013.08.23-ны өдөр худалдааны төв шатсан, хариуцагч нар гэрээнээс татгалзсанаас шүүхийн шийдвэрээр мөнгийг буцаан төлөх үүрэг хүлээсэн, гэрээ хэрэгжсэн 11 сард хариуцагч нар орлого олсон тул шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гаргуулна гэжээ.

 

Хариуцагч нар сөрөг нэхэмжлэл гарган 104,551,371 төгрөг шаардаж ...80,000,000 төгрөгийн 40,000,000 төгрөгийг бусдаас хүүтэй зээлсэн тул хүүд төлсөн 15,000,000 төгрөг, мөн цайны газрын үйл ажиллагаа явуулах эхлэлийн зардал 7,100,000 төгрөг, шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч нар биелүүлж мөнгө төлөөгүй байгаа, эдгээр мөнгийг 2012 оны 11 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сар хүртэл арилжааны банкинд хадгалуулсан бол хүүгээс 89,551,371 төгрөгийн ашиг олж болохыг шинжээч тогтоосон, ...иймд дээрх мөнгийг гаргуулна гэсэн байна.

 

Хариуцагч нар үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлийг хэн аль нь зөвшөөрөөгүй маргажээ.

 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

 

Нэхэмжлэгч нар гомдолдоо ...анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн, ...дахин шинжээч томилох боломжтой байсан, ...давж заалдах шатны шүүх ...хүндэтгэн үзэх шалтгаан буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээнээс татгалзсан нөхцөл байдал нь талуудын хэн алиныг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнд тооцохгүй гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан ...гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй болох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

1. Давж заалдах шатны шүүхийн зарим дүгнэлт үндэслэл бүхий болоогүй боловч уг дүгнэлтийг залруулах боломжтой байна.

 

Нарантуул худалдааны төв-ийн 26 тоот хаягт байрлах цайны газар нь Нарантуул трейд ХХК-ийн өмч бөгөөд уг цайны газрыг нэхэмжлэгч *******, ******* нар түрээсийн гэрээний дагуу эзэмшиж ашиглаж байсан, тухайн түрээсийн эрхээ хариуцагч *******, ******* нарт худалдсан, хариуцагч нар нь гэрээний үнэ бүрэн төлөөгүй, нэхэмжлэгч нар түрээсийн эрхийг шилжүүлж өгөөгүй байх үед худалдааны төвд гал гарсны улмаас цайны газар устсан, хариуцагч нарын гэрээнээс татгалзаж, хэлцлээр шилжүүлсэн 80,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдсон байна.

 

Гэрээнээс татгалзсан явдалд талуудын хэн аль нь буруугүй, өөрөөр хэлбэл, гэрээний зүйл шатаж устсан, давагдашгүй хүчин зүйлээс цаашид талууд гэрээний үүргээ бүрэн хэрэгжүүлэх буюу нэхэмжлэгч нар түрээсийн эрхээ шилжүүлэх, хариуцагч нар үлдэгдэл мөнгийг төлөх боломжгүйгээс хариуцагч нар гэрээнээс татгалзсан шалтгаан нь хүндэтгэн үзэх нөхцөл байсан талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т заасантай нийцсэн боловч тус шүүх нэхэмжлэлийн шаардлага нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар ашиг буюу үр шим гаргуулахтай холбоотойгоос бус мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан аль нэг талын үүрэг зөрчсөн гэм буруутайн улмаас учирсан хохирол шаардсантай холбоогүйг анхаараагүй байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний талуудын аль нэг нь гэрээнээс татгалзсан бол гэрээгээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаахаас гадна гэрээ биелснээс /хэрэгжиж байх үед/ олсон ашиг буюу үр шимийг харилцан буцаах үүргийг хүлээх тул цайны газрыг эзэмшсэн хугацаанд олсон ашгийг нэхэмжлэгч нар хариуцагч нараас шаардах эрхтэй.

 

Иймд давж заалдах шатны шүүхийн шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг оновчгүй тодорхойлсон дүгнэлтийг залруулав.

 

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын шаардах эрхийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хариуцагч нар гэрээний зүйлийг эзэмшилдээ байлгах хугацаанд ашиг олсон эсэх нь болоод олсон ашгийн хэмжээ хэрэгт байгаа баримтаар бүрэн тогтоогдоогүй гэж үзэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

Хариуцагч нар цайны газрыг ажиллуулах хугацаанд ашиг олж чадаагүй, түрээс болон бусдаас зээлсэн мөнгөнд хүү төлж байсан, нотлох баримт галд бүрэн шатсаны улмаас гаргаж өгөх боломжгүй болсон гэж тайлбарласан, /бусдад хүү төлж байсан тухай гэрч нараас мэдүүлэг авахуулсан/ нэхэмжлэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын олсон ашгийг тогтоолгох зорилгоор шинжээч томилох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, уг ажиллагааг хийсэн байна.

 

Шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК ашгийг 57,000,000 төгрөг гэж тогтоосон боловч шинжээч нь гэрээгээр шилжүүлсэн цайны газартай адил бус өөр хүчин чадал, багтаамж, ая тухтай зоогийн газрын ашгаар жишиж дүгнэлт гаргасан тул уг баримт нь хариуцагч нарын олсон бодит ашгийг тогтоохгүй гэж шүүх үзсэнийг буруутгах боломжгүй, өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтын нэг төрөл болдог ба шинжээчийн дүгнэлтийг шүүх бусад баримттай харьцуулж дүгнэх учиртай бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй баримт болж чадахгүй, хариуцагч нарын олсон ашгийг тодорхойлох өөр баримтыг нэхэмжлэгч нар гаргаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй гэж үзэх нь хууль зөрчихгүй байна.

 

Нөгөө талаар шинжээчийн дүгнэлтээр хариуцагч ашиг олсон байж болох эсэх болон ашгийн хэмжээг тогтоосон нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн нотолгооны хэрэгсэл болж чадахгүй байж болох бөгөөд шүүх дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулаагүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэлт хийсэн гэж үзэв.

 

Харин анхан шатны шүүх, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан ...магадгүй 17,000,000 төгрөг орчим мөнгө олсон байж болох юм гэсэн тайлбарыг үндэслэн уг мөнгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэнийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Учир нь хариуцагч нар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөөгүй байхад шүүх 17,000,000 төгрөгийг гэрээ биелснээс олсон ашиг гэж үзэн энэ хэмжээнд нэхэмжлэлийг хангасан нь учир дутагдалтай байна.

 

Дээр дурдсанаар үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэж, бусдад хүү төлсөн, эхлэлтийн зардал гаргасан, хэлцлээр шилжүүлсэн 80,000,000 төгрөгийг буцаан төлөхгүй байгаагаас учирсан хохирол гэж нэхэмжлэгчээс 104,551,371 төгрөг шаардсан хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийн талаар хариуцагч нар гомдол гаргаагүйг дурдаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2112 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* нар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.01.15-ны өдөр төлсөн 442,950 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД