Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2112

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.О, Д.Б нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/02587 дугаар шийдвэртэй

Ж.О, Д.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Д, Б.А нарт холбогдох

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсанаас олсон ашиг 57 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол, олох ёстой байсан ашиг, орлогод 89 551 371 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 15 000 000 төгрөг, нийт 104 551 371 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч, нэхэмжлэгч Ж.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч С.Даваасүрэн, Ц.Өлзийбаяр, хариуцагч, хариуцагч Н.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, өмгөөлөгч Ц.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.О, Д.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2006-2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний захад байрлалтай №26 дугаартай цайны газрыг өдрийн 350 000-500 000 төгрөгийн ашиг, орлоготой ажиллуулж байгаад Н.Д, Б.А нартай худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж 100 000 000 төгрөгөөр худалдсан. Н.Д-т цайны газраа эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгсөн. Н.Д, Б.А нар нь тус цайны газрыг 2012 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл буюу Нарантуул захын хүнсний захад гал гарч цайны газар шатах хүртэл ажиллуулсан. Нарантуул олон улсын худалдааны төвийн удирдлагууд 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр цайны газар ажиллуулж байсан хүмүүстэй уулзаж, энэ удаагийн объектоос цайны газар өгч чадахгүй, дараагийн барилгаас цайны газар өгч болно, одоо Баялаг-Ундраа төвөөс худалдааны зориулалттай лангууг цайны газрын түрээслэгч нарт өгч байгаа тул тухайн лангуунаас авч болно, авахгүй гэвэл цайны газрыг 500 000 000 төгрөгөөр авч болно гэж хэлснийг Н.Д, Б.А нар эс зөвшөөрч цайны газар худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, 80 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан байсан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд цайны газраа өөрөө ажиллуулсан бол энэ хугацаанд 80 000 000 төгрөгөөс илүү ашиг орлого олох боломжтой байсан. Н.Д, Б.А нар ч энэ хугацаанд ашиг орлого сайтай ажилласан гэдгээ өөрсдөө хүлээдэг бөгөөд энэ олсон ашиг, орлогоосоо надад цайны газар худалдан авсан мөнгийг өгсөн гэж би ойлгож байгаа. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.6 дахь хэсэгт зааснаар Н.Д, Б.А нараас гэрээ биелснээс тэдний олсон ашиг болох 84 911 000 төгрөгийг, мөн цайны газар эзэмших эрхийг бодитоор надад буцаан шилжүүлж өгөх боломжгүй болсон тул түүний өртөг болох 80 711 800 төгрөг, нийт 165 622 800 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр ашиг нь 57 000 000 төгрөг гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч нараас 57 000 000 төгрөг гаргуулья гэжээ.

Хариуцагч Б.А, Н.Д нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Оээс түүний хувийн өмч гэж итгэн Нарантуул олон улсын худалдааны төвийн №26 дугаартай цайны газрыг 80 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 10 000 000 төгрөгийг Ж.О-т бэлнээр өгч, үлдэгдэл 70 000 000 төгрөгийг Д.Б-ы Хаан банк дахь 500348947 тоот дансанд 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 30 000 000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 40 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Удаа дараа бичиг баримтыг нь шилжүүлж өгөхийг шаардсан боловч удахгүй өгнө гэж хэлээд хүлээлгээд байсан. Бичиг баримтыг шилжүүлж өгч амжаагүй байтал Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний захад 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр  гал гарч бүрэн шатсан. Хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад Нарантуул олон улсын худалдааны төвөөс №26 дугаар цайны газрын баримтыг нотлох баримтаар шаардахад тус цайны газар нь Ж.О-ийн өмч биш, Ү-2204007201 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам гудамж, Нарантуул худалдааны төвийн өмчлөгчөөр Нарантуул трейд ХХК /регистрийн дугаар: 2070022/ болох нь тогтоогдож, түүний хувийн өмч биш болохыг шүүхийн шатанд мэдсэн. Иймд Ж.О-ийн хувийн өмчийн эд зүйлсийг ашиглаад ашиг олж түүнд хохирол учруулсан зүйл байхгүй. Харин түүнд хууртан мөнгөө яаралтай өг гэж өдөр шөнөгүй нэхээд дарамтлаад байсан учир дүүгийнхээ байрыг зарж 40 000 000 төгрөг үлдэгдэл 40 000 000 төгрөгийг хувь хүнээс 10 хувийн хүүтэй зээлж авч орлогоосоо төлөх гэсэн боловч орлого муу учир арга буюу өөрийн эцгийн хашаа байшин чацарганын талбай зэргийг зарж Ж.О-т төлсөн. Ж.О нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөө төлөхгүй намайг 6 жил хохироож байна. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэх 57 000 000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, ийм хэмжээний ашиг олдоггүй. Тухайн шинжээч үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Зоогийн газрын ашиг, орлоготой, Нарантуул захад бус өөр байранд байх газруудтай харьцуулсан. Хуульд ашиг олсон бол өгөх ёстой гэж заасан бол өгнө, харин ийм хэмжээний ашгийг бол олоогүй. Бидний хувьд 17 000 000 төгрөгийн л ашиг олсон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагч Н.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.А, Н.Д бидний Ж.О, Д.Б нартай байгуулсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний үнэ болох 80 000 000 төгрөг, цайны газраа ажиллуулах эхлэлийн зардал болгон 7 100 000 төгрөг, нийт 87 100 000 төгрөгийг н.Алтантуяа, н.Анхбаяр гэх хүмүүсээс зээлсэн байдаг. Энэхүү 87 100 000 төгрөгийг 2012 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд арилжааны банканд хадгалуулсан бол олох байсан ашиг, орлого болох 89 551 371 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Үүнийг “Итгэлт эстимэйт” ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээгээр тооцсон болно. Гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байгаа хэдий ч Ж.О, Д.Б нар нь одоо болтол бидний өгсөн 80 000 000 төгрөгийг өгөөгүй байгаа. Энэ хугацаанд уг мөнгийг маань хэдий хэмжээнд өсгөж өөрсдөө ашиг орлого олсон байхыг үгүйсгэх зүйл байхгүй болно. Мөн гэрээний үнэнд төлсөн 80 000 000 төгрөгийг бүрдүүлэхээр нийт 40 000 000 төгрөгийг зээлсэн бөгөөд 10 хувийн хүүтэй байхаар тохирсон бөгөөд уг мөнгийг төлж барагдуулах хүртлээ зээлийн хүүнд нийт 15 000 000 төгрөгийг төлсөн тул уг 15 000 000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна. Иймд Ж.О, Д.Б нараас нийт 104 551 371 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Д.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус, ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэгч нарын зүгээс түүнийг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй. Хэрвээ цайны газар шатаагүй байсан бол өнөөдрийг хүртэл цайны газрыг эзэмшиж, ашиглаж, ажиллуулаад байж байх байсан нь бодит үнэн. Цайны газар худалдан авах мөнгөнийхөө эх үүсвэрийг яаж бүрдүүлэх асуудал нь хариуцагч нарын өөрсдийн шийдвэрлэх асуудал юм. Бидний зүгээс хариуцагч нарыг мөнгө зээлээр авч цайны газрыг та нар худалдаж ав гэж шахаж шаардсан зүйл байхгүй. Улсын Дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн шийдвэрээр хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоосон. Хариуцагч нарын хувьд гэрээнээс татгалзсанаар тэдэнд хохирол учраагүй, гэрээний үнэ болох 80 000 000 төгрөгийг буцааж авсан. Цайны газрыг ажиллуулж, гарсан зардлаа бүрэн төлж, ашиг олсон. Цайны газрыг ажиллуулахад гарсан зардлыг болон хүнээс зээлсэн мөнгөний хүүг бид хариуцан төлж барагдуулах үндэслэл байхгүй. Талуудын хоорондын үүрэг зөрчсөн асуудал байхгүй тул үүргээ гүйцэтгээгүйгээс гэрээ цуцалсан гэж үзэн Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасны дагуу сөрөг шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 17 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 40 000 000 төгрөгийг болон хариуцагч нарын 104 551 371 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 144 014 төгрөгөөс 986,069 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 685 000 төгрөгөөс 680 706 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 157 950 төгрөгийг, хариуцагчаас илүү төлсөн 4 294 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 157 950 төгрөгийг нэхэмжлэгч нарт, 4 294 төгрөгийг хариуцагч нарт, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 242 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт тус тус олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Ж.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 111.3 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгчийн захирамж гарган дахин шинжээч томилох боломжтой байхад ийм ажиллагааг хийгээгүйгээс анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нөхцөл байдал харагдаж байна. Мөн шийдвэрээ нэг талыг хэт барьсан нэхэмжлэгч бидний эрхийг зөрчсөн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Шүүх хариуцагч 17 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж үнэлэх нь зөв, гэхдээ энэ хүлээн зөвшөөрсөн хэмжээнээс гадна хэрэгт авагдсан үнэлгээний тайлангууд болон бусад нотлох баримт болох нэхэмжлэгч тал өөрсдөө ажиллуулж байсан хугацаандаа худалдан авсан хөрөнгө, түүний үнийг төлсөн баримт, Б.А нь манай цайны газарт 1 жил касс дээр өдрийн 50 000 төгрөгийн цалинтай ажилласны хувьд Н.Д-т манай цайны газрын 1 жилийн цэвэр ашиг нь 102 000 000 төгрөг гэж хэлснийг хариуцагч Н.Д шүүх хуралдаан дээр хэлсэн тэмдэглэл, цайны газар шатахаас өмнө Нарантуул зах дээр хажууд ойролцоо яг адилхан цайны газар ажиллуулж байсан гэрч Мөнгөн гэх хүн өдөрт цэвэр ашиг 300 000-600 000 төгрөг олдог байсан гэх мэт хэрэгт авагдсан мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудыг огт үнэлээгүй, нэхэмжлэгч бидний зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 болон 38 дугаар зүйлд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Иймд хариуцагч Н.Д, Б.А нараас 57 000 000 төгрөг гаргуулж гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А би шүүх хуралдаан эхэлж талуудад эвлэрэн хэлэлцэх санал хүсэлт болон нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх санал хүсэлт байгаа эсэхийг шүүх бүрэлдэхүүнээс асуухад эвлэрэхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болохоо илэрхийлээд шүүхийн хэлэлцүүлэг эхэлж улмаар шүүх хуралдаанд энэ байр сууринаасаа оролцож дуусгасан. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэг дууссаны дараа буюу нэмэлт тайлбарууд хэлж дууссаны дараа шүүгч тодруулах асуултууд асуух явцад 17 000 000 төгрөг магадгүй олсон байж болох юм аа гэсэн үгийг минь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн гэдэг байдлаар дүгнэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн баримт огтхон ч байхгүй. Иймд энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж.О, Д.Б нар нь Б.А, Н.Д нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулан учирсан хохирол 80 711 800 төгрөг, гэрээ биелснээс буюу тухайн цайны газрыг ажиллуулж олсон ашиг 84 911 000 төгрөг, нийт 165 622 800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол, олох ёстой орлогод 89 551 371 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 15 000 000 төгрөг, нийт 104 551 371 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар 165 622 800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 57 000 000 төгрөг болгон багасгасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...цайны газрыг ажиллуулснаар 350 000-500 000 төгрөгийн ашиг олдог байсан, гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан бол гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул гэрээ биелснээс олсон ашигт хариуцагч нараас 57 000 000 төгрөг гаргуулна” гэж тайлбарлажээ.

Зохигчид 2012 оны 8 дугаар сард Нарантуул худалдааны төвийн 26 тоот хаягт байрлах цайны газрын эзэмших, ашиглах эрхийг худалдах, худалдан авахаар тохиролцож, амаар гэрээ байгуулсан байх бөгөөд хариуцагч нэхэмжлэгчид гэрээний үнэд 80 000 000 төгрөгийг төлсөн, цайны газрыг 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд ашиглаж үйл ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогдсон, энэ талаар талуудын хэн аль нь маргаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Нарантуул захын хүнсний захад гал гарч 26 тоот хаягт байрлах цайны газар шатсан нь хариуцагчийн үйл ажиллагаанаас шалтгаалахгүйгээр обьект устсан нөхцөл байдал үүсжээ. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/02096 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр Ж.О, Д.Б нараас 80 000 000 төгрөг гаргуулан Б.А, Н.Д нарт олгохоор шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх хариуцагч 17 000 000 төгрөг төлнө гэсэн тайлбар гаргасан гэсэн үндэслэл зааж, уг мөнгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч “...шүүгч тодруулах асуулт асуух явцад магадгүй 17 000 000 төгрөг орчим мөнгө олсон байж болох юм гэж хэлснийг нэхэмжлэлийн шаардлагыг уг хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн” гэж дүгнэсэн гэсэн, нэхэмжлэгч “...гэрээ биелснээс олсон ашигт 57 000 000 төгрөг гаргуулна” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргажээ.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт зааснаар гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэжээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь хүндэтгэн үзэх үндэслэл буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас биелэгдэх боломжгүй болсноос талууд гэрээнээс татгалзсан болох нь тогтоогдсон байх тул гэрээнээс татгалзсан нөхцөл байдлыг талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг хариуцагч Б.А, Н.Д нар нэхэмжлэгч Ж.О, Д.Б нарт буцааж өгөх үүрэг хүлээх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч тал хууль буюу гэрээнд заасан үүргээ зөрчсөнөөс гэрээнээс татгалзсан гэж үзэхгүй, нэхэмжлэгч гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэг хүлээх үндэслэлгүй байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэгэнт тогтоогдсон үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч буюу худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь тогтоогдоогүй тул хариуцагч тал гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол, олох ёстой орлогод 89 551 371 төгрөг, бусдаас зээл авсны зээлийн хүүнд төлсөн 15 000 000 төгрөг, нийт 104 551 371 төгрөг гаргуулахаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхгүй байх тул анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/02587 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 221 дүгээр зүйлийн 221.5, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ж.О, Д.Б нарын хариуцагч Н.Д, Б.А нараас 57 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч Б.А, Н.Д нарын нэхэмжлэгч Ж.О, Д.Б нараас 104 551 371 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 144 014 төгрөгөөс 986 069 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 685 000 төгрөгөөс 680 706 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 157 950 төгрөгийг, хариуцагчаас илүү төлсөн 4 294 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 157 950 төгрөгийг Ж.О, Д.Б нарт, 4 294 төгрөгийг Б.А, Н.Д нарт олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ЦОГТСАЙХАН

 

                   ШҮҮГЧИД                               Ш.ОЮУНХАНД

 

                                                        Ц.ИЧИНХОРЛОО