Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Мандал 1 дүгээр баг, Төмөр зам вокзал гудамж, 1 а тоотод оршин суух, Хиа нар овогтой Сүхбаатарын Нямжав /РД:ИХ91050914/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж-42, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Нямжав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, Г.Эрдэнэхүү, гэрч Э.Энхтайван, Б.Бямбабаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Нямжав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Нямжав миний бие 2013 оны 01 сараас тус вагон депод туслах машинчаар ажиллаж эхэлсэн. Туслах машинчаар ажиллах хугацаандаа 2018 оны 7 дугаар сарын 16-ны орой би сэлгээний ажил хийх явцдаа хөдлөх бүрэлдэхүүнээр вагон засварын цехийн гүүрэн краныг мөргөж зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ажлаасаа халагдлаа. Ер нь хөдлөх бүрэлдэхүүн ажиллаж байх тохиолдолд дохиочин заавал ажиллах ёстой байдаг боловч манайд дохиочин байхгүй. Сумчинд дохио өгөх үүрэг өгдөг боловч сумчин ажил үүргийн хуваарийн дагуу суман дээрээ үлддэг, хөдлөх бүрэлдэхүүн дагаж дохио өгч чаддаггүй. Дохиочин байхгүй гар дохиогүйгээс хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангаж ажиллах ямар ч боломж байдаггүй. Иймд энэ талаар мастерт байнга хэлж, шаардлага тавьдаг байсан боловч урьдын хэвээр байдаг байсан. Станцаар дамжуулан дохио өгдөг боловч станцыг дохионы хэрэгсэлд үзэх ямар ч боломжгүй, ажлын шаардлагыг хангадаггүй. Уг нь миний тушаалтай хийж гүйцэтгэж байсан ажил бол туслах машинчийн ажил байсан боловч надтай ажилладаг машинч ээлжийн амралтаа авч намайг оронд нь ажиллах үүрэг даалгаврыг мастер амаар өгсний дагуу би түр орлон ажиллаж байсан. 2018 оны 7 дугаар сарын 16-ны орой намайг ажиллах үед Т.Г.М-ийн жанамны ремен тасарсан, үзэгдэх орчин хязгаарлагдсан харанхуй болсон байсан, станц ажиллахгүй тасарсан үед би мастераас ажлаа үргэлжлүүлэх үүрэг даалгавар өгсний дагуу хөдлөх бүрэлдэхүүнийг жолоодсон. Миний бие ам бүл гурвуулаа амьдардаг. Ээж 10 настай дүүтэйгээ хамт амьдарч энэ хүмүүсийг тэжээн тэтгэдэг ганц хүн нь би юм. Мөн миний бие банканд 26,000,000 төгрөгийн зээл төлдөг гэтэл вагон депогийн захиргаа миний ажлын болон амьдралын байдлыг судлан үзэлгүй намайг ажлаас шууд халсанд гомдолтой байна. Иймд намайг туслах машинчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 5,000,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн төлүүлж өгнө үү. Хэрвээ ажил олгогчийн зүгээс намайг ажилд эгүүлэн авна гэвэл, цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага дээрээ эвлэрч болно гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, Г.Эрдэнэхүү нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

С.Нямжавыг УБТЗ-ын Зүүнхараагийн ачааны вагон засварын депогийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 97 дугаар тушаалаар мөн өдрөөс эхлэн туслах машинчаар, 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн тус депогийн даргын 450 дугаар тушаалаар мөн сарын 05-ны өдрөөс машинчаар /VI зэргээр/ ажиллуулахаар тус тус шийдвэрлэсэн байна. С.Нямжав нь 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн оройн ээлжинд сэлгээний ажил хийх явцдаа хөдлөх бүрэлдэхүүнээр вагон засварын цехийн гүүрэн краныгмөргөж, ноцтой зөрчил гаргасан тул УБТЗ-ын Зүүнхараа дахь ачааны вагон засварын депогийн даргын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 457 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 43 дугаар зүйлийн 43.1, Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 16.18 /б.в.г/, Төмөр замын дохиоллын журмын 6.4, галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.34 /а.б/, хөдөлмөрийн дотоод журмын 9.7 а, Хөдөлмөрийн гэрээний 5.3.5, тус депогийн даргын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шуурхай хурлын шийдвэрийг тус тус үндэслэн мөн өдрөөр тасалбар болгон, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, ажлаас халжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор заасан. Нэхэмжлэгч С.Нямжавын тухайн үед гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцохоор талууд харилцан тохиролцсон зөрчил мөн.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах-аар зохицуулсан байдаг. Зүүнхараа дахь ачааны вагон засварын депогийн Хөдөлмөрийн дотоодын журмын 9.7-ын а-д Галт тэрэгний хөдөлгөөнд сүйрэл, осол, ажлын ноцтой гологдол гаргасан, 9.7-ын е-д хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж, мөн хөдөлмөрийн гэрээний 5.3.5-д Ажилтан нь аваарь, сүйрэл ажлын ноцтой гологдол гаргасан, гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааны ба төмөр замын тээврийн багц дүрмийн шаардлага зөрчсөн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй, ....осол, гологдол, сүйрэл, зөрчлийг үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг сахилгын ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ.

 

С.Нямжав нь 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр сэлгээний ажил гүйцэтгэж байх үедээ Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.22- т: Сэлгээний ажлыг найруулагч буюу туслах найруулагч гүйцэтгэнэ, 10.34- т: Өртөөний жижүүр, сэлгээний хөдөлгөөн зохицуулагч, довын жижүүр хүн суулгасан, тэсрэх дэлбэрэх аюултай ачаа ачсан вагонтой сэлгээ хийх шаардлагатай үед энэ тухай найруулагчид мэдэгдэх бөгөөд найруулагч өөрийн туслах, зүтгүүрийн бригадад мэдээлнэ. Сэлгээ хийх үед зүтгүүрийн бригадын үүрэг нь: а/ Сэлгээний ажлын төлөвлөгөөг цаг тухайд нь биелүүлэх, б/ Өгөгдөж байгаа дохиог анхааралтай ажиглаж, дохионы заалтыг тухай бүр биелүүлж байх, в/ Зам дээр байгаа хүмүүс, сумны байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглаж байх, г/ Сэлгээний аюулгүй ажиллагаа, хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангаж байх үүрэгтэй, 10.35-д Машинч зүтгүүр хөдөлгөөнд оруулахын өмнө өгөгдөж байгаа дохио, радио холбоо, паркийн хоёр талын чанга яригчийн холбоогоор хүлээн авсан захирамжийг зүтгүүрийн шүглээр, радио холбоогоор товч давтан батална. Хэрэв машинч дохио ба захирамж зөв эсэхэд эргэлзсэн, сэлгээний ажлын төлөвлөгөөг мэдээгүй байгаа бол бүрэн тодруулж, магадласны дараа хөдөлгөөнд орно. Машинч сэлгээний ажил удирдагчийн тушаалыг радио холбоо, паркийн хоёр талын чанга яригчийн холбоогоор аваагүй, гар дохионы хэрэгслээр өгч байгаа дохио харагдаагүй нөхцөлд зүтгүүрийг хөдөлгөөнд оруулахыг хориглоно гэснийг, 10.36-д Вагоноо өмнө түрж яваа үед хэрэв машинчид замнал бэлэн болсон тухай өгч байгаа дохио, сэлгээний гэрлэн дохионы зөвшөөрсөн заалт харагдахгүй байгаа бол сэлгээний удирдагчаас дохионы нээлттэй байдлыг лавлаад сэлгээний удирдагчийн дохиогоор авна, Техник ашиглалтын дүрмийн 16.18 /б.в.г/-д Өгөгдөж байгаа дохиог анхааралтай ажиглаж, хөдөлгөөний тухай дохионы заалтыг тухай бүр биелүүлэх, зам дээр байгаа хүмүүс, сумны байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх, Сэлгээний хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангах, Төмөр замын дохиоллын журмын 6.4-т Сэлгээний үед өгч байгаа уг дохиог зүтгүүрийн шүглээр давтаж гүйцэтгэхээр хүлээн авсан тухайгаа батална гэснийг тус тус зөрчиж, хөдөлгөөнийг үргэлжлүүлсний улмаас хөдлөх бүрэлдэхүүнээр вагон засварын цехийн гүүрэн краныг мөргөж, ноцтой зөрчил гаргасан.

 

Сэлгээний бригад нь радио холбоог бус, Төмөр замын дохиоллын журмыг баримтлан хөдөлгөөнд оролцох ёстой. Төмөр замын дохиоллын журмын 6.3.5-д Сэлгээний ажлын тушаал заалтыг дамжуулахад радио холбоо хэрэглэнэ. Радио холбоо нь дохионы үүрэг гүйцэтгэхгүй гэж заасан. Тухайн үед сэлгээний машинч, туслах машинч нар нь найруулагчийн өгсөн дуут дохиог анхаарахгүйн улмаас сонсоогүй байдаг.Нэхэмжлэгч нь ажил олгогчид 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр тухайн өдрийн зөрчлийн талаар гаргаж өгсөн тодорхойлолтдоо: ...эхний вагон хаалгаар орох үед үзэгдэх орчин хязгаарлагдсан. Станцаар хагас вагон ухрах гэсэн дохио өгсөн. Дохиог давтан 1км/цагийн хурдтай ухарсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан учир станцаа сонсож ухарсан боловч станц сонсогдохгүй тасарсан учраас яаралтай тормослолт хийсэн боловч амжихгүй краны зам мөргөсөн гэжээ.

 

Харин жинхэнэ бодит байдлаас үзэхэд: засварын 2-р замын Сүхбаатар талын домкрат орсноос хэмжилт хийхэд нийт 12 метр замыг 20 секундэд туулж, гүүрэн краныг мөргөж зогссон нь найруулагчийн тушаал шийдвэргүйгээр туулах ёстой замаас 5 метр замыг илүү явж, гүүрэн кран мөргөсөн зөрчил гаргасан юм. Энэ зөрчлөө тэрээр радио холбоо ажиллаагүй гэсэн шалтаг зааж, тайлбарладаг. Энэ нь түүнийг Ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр зорилтод заасан УБТЗ-ын багц дүрмийн хүрээнд сэлгээний галт тэргийг жолоодох, сэлгээний ажлын журам, техник захирамжийн акт, сэлгээний ажлын технологийн мөрдөлтийг бүрэн хангаж, хэрэгжүүлж ажиллах гэснийг болон дээр дурдсан Техник ашиглалтын дүрмийн 16.18 /б.в.г/, Төмөр замын дохиоллын журмын 6.4, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.34 /б,в,г/ заалтуудыг зөрчсөн болохыг тус тус нотолно.

Тухайн нөхцөл байдалд сэлгээний машинч, туслах машинч нарын мэдүүлснээр ТГМ-ын динамны ремен тасарсан нь радио холбоо доголдож ажиллахгүй байх шалтгаан мөн эсэх, динамны 1 ремен тасрахад үзэгдэх орчин хязгаарлагдах эсэхийг тодруулах зорилгоор байгууллагын техникийн комисс үзлэг хийхэд радио холбооны ажиллагаа хэвийн гарсан нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 00:10 цагт хийгдсэн үзлэгийн 3/133 тоот акт, 07 дугаар сарын 17-ны өдрийн 15:00 цагт хийсэн үзлэгийн 3/134 тоот актуудаар тогтоогддог. Ер нь динамны нэг ширхэг ремен тасрахад аккумляторыг удаан цэнэглэх болохоос явах анги болон гар станцын ажиллагаанд нөлөөлөхгүй юм.

 

С.Нямжав нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч, тодорхойлолт бичиж өгсөн төдийгүй уг зөрчлийн талаар хэлэлцсэн шуурхай хуралд ч мөн адил өөрийн гаргасан сахилгын зөрчлийг эсэргүүцээгүй нь мөн өдрийн шуурхай хурлын тэмдэглэлийн би 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн орой 21.30 минутын үед засварын 2-р зам руу 24-р замаас 4 вагон аваад 3-р замаас 2 вагон аваад 25-р зам руу орсон. Эхний вагон тогтоосон хурдаар орсон. Дотор ороод нэг вагон гээд дохио харагдахаа больж, үзэгдэх орчин хязгаарлагдсан. Хагас вагон гэж хэлэхэд тогтоосон хурдаар орж байсан, гэтэл станц сонсогдохгүй болохоор нь тормоз хийтэл дээд тулгуурын хөндлөвчинд хүрсэн байсан гэснээр, мөн ВЧДЗк-аас асуусан Өгөгдөж байгаа дохио тодорхойгүй болоход машинч яах ёстой бэ? гэх асуултад тэрээр нэн даруй зогсох ёстой гэж хариулсан зэргээр нотлогдоно. Ийнхүү тухайн зөрчил нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 217 дугаар тушаалаар батлагдсан Төмөр замын тээвэр дэх сүйрэл, осол, гологдлыг шинжлэн судлах журам-ын 2.3.2, 2.4-т заасан гологдол, зөрчилд хамаарагдана. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Нямжав нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч С.Нямжавыг Улаанбаатар төмөр замын зүүнхараа дахь ачааны вагоны засварын депогийн даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 457 дугаартай тушаалаар ажлаас халсныг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба үндэслэлээ...дохиочин ажилладаггүй учраас хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөний аюулгүй ажиллагаа хангаж ажиллах ямар ч боломжгүй, ...мөн динамны ремень тасарсан, ...үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй болсон, ...станц ажиллахгүй тасарсан үед мастераас хөдөлгөөнөө үргэлжлүүлэх үүрэг даалгавар өгсний дагуу хөдөлгөөнөө үргэлжлүүлснээс хөдлөх бүрэлдэхүүнээр вагон засварын цехийн гүүрэн краныг мөргөсөн... гэж тайлбарлажээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тухайн өдөр хөдлөх бүрэлдэхүүнээр вагон засварын цехийн гүүрэн краныг мөргөсөн явдалд өөрийнх нь буруутай үйлдэл байхгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байна.

 

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ ... машинч 6 дугаар зэрэгтэй С.Нямжав нь 2018 оны 07 дугаар сарын 16-ны орой сэлгээний ажил хийх явцдаа хөдөлмөрийн гэрээний 5.3.5 дахь хэсэгт заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж... гэж тайлбарлаж байх ба энэхүү үндэслэлээ нотлохоор 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл, 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн техникийн комиссын акт 3/133, 3/134, 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Э.Энхтайван гэх хүний гаргасан ТГМ-23в илчит тэрэгтэй хамааралтай 2018 оны 07 дугаар сарын 16-ны орой гарсан гэмтлийн талаарх дүгнэлт болон сэлгээний ажлын хурдны тооцоо зэрэг бичгийн баримтуудыг хэрэгт өгсөн байхаас гадна шүүх хуралдаанд гэрчээр Э.Энхтайван, Б.Бямбабаатар нарыг оролцуулжээ.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар 2018 оны 07 дугаар сарын 16-ны орой нэхэмжлэгч С.Нямжав нь сэлгээний ажил хийх явцдаа хөдлөх бүрэлдэхүүнээр вагон засварын цехийн гүүрэн краныг мөргөсөн болох нь тогтоогдож байх ба энэ үйл явдалд зохигч маргахгүй байна.

С.Нямжав нь Улаанбаатар төмөр замын зүүнхараагийн ачааны вагоны засварын депогийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 97 дугаартай тушаалаар машинч 5 дугаар зэрэг ажлын байранд, тус газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 16 дугаартай тушаалаар мөн л машинч 5 дугаар зэрэг ажлын байранд томилогдон ажилласан байгаад 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 450 дугаартай тушаалаар сэлгээний машинч 6 дугаар зэрэг-ээр түр томилогдон ажиллаж байсныг тус газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 457 дугаартай тушаалаар ажлаас халжээ.

Ийнхүү С.Нямжавыг ажлаас халахдаа 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сэлгээний машинч 5 дугаар зэрэг ажлын байранд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3.5 дахь заалт болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэл болгосон байна.

 

Нэхэмжлэгч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад туслах машинчийн ажлын байранд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинд 5,000,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан мэтгэлцэж байх боловч С.Нямжавыг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт болон ажлаас халсан тушаал зэргээс үзэхэд туслах машинч биш харин машинчийн 5,6 дугаар зэрэгтэй ажлын байранд ажиллуулж байсан болох нь тогтоогдож байхаас гадна хариуцагч тал нь шүүх хуралдаанд ... туслах машинч гэх нэршилтэй ажлын байр байдаггүй, харин машинчийн зэргээсээ хамаарч туслах машинч, машинч гэх байдлаар бодит байдал дээр тайлбарладаг. Өөрөөр хэлбэл машинчийн 5 дугаар зэрэгтэй ажилтныг туслах машинч, машинчийн 6 дугаар зэрэгтэй ажилтныг машинч гэх байдлаар өдөр тутамдаа хэрэглэж хэвшсэн гэх тайлбарыг гаргаж байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь машинчийн 5 дугаар зэрэгтэй ажлын байранд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж үзлээ.

 

Ажил олгогч нь С.Нямжавыг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 450 дугаартай тушаалаар сэлгээний машинч 6 дугаар зэрэг-ээр түр томилогдон ажиллуулсан байх ба тус тушаалд ...Оросын холбооны улсаас худалдан авсан вагонуудыг засварлах гурван ээлжийн зохион байгуулалттай холбоотой цехээс өөр цехэд хуваарилагдан ажиллах ажилтнуудын нэрс, албан тушаал, ажиллах зэргийг хавсралтаар баталж, 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлж татан буух хүртэл хугацаанд ажиллуулсугай гэснээс үзэхэд С.Нямжавыг тухайн байгууллагын ажлын онцлогоос шалтгаалан 6 дугаар зэрэгтэй машинчийн ажил үүргийг түр хавсран гүйцэтгүүлсэн байх ба энэ нь С.Нямжавын машинчийн 5 дугаар зэрэгтэй ажлын байрнаас чөлөөлсөн, тухайн ажлын байранд байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болохгүй юм.

 

Хариуцагч байгууллага нь С.Нямжавыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа ... Хөдөлмөрийн гэрээний 5.3.5 дахь хэсэгт заасан Ажилтан нь аваарь сүйрэл, ажлын ноцтой гологдол гаргасан, гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагаа ба төмөр замын тээврийн багц дүрмийн шаардлага зөрчсөн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй, зөрчлийг эрх бүхий этгээдэд мэдээлээгүй, осол, гологдол, сүйрэл зөрчлийг үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан албаны дүгнэлтээр тогтоогдсон гэснийг зөрчсөн гэжээ.

 

Өөрөөр хэлбэл гэрээний 5.3.5 дахь заалтанд заасан ноцтой зөрчлүүдийн алийг гаргасан болох нь хөдөлгөөний аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан албаны дүгнэлтээр тогтоогдсон байхыг шаардсан байна.

Гэтэл ажил олгогч нь ажилтан С.Нямжавыг тухайн сахилгын зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа Зүүнхараа дахь ачааны вагон депогийн даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шуурхай хурлын шийдвэрийг үндэслэн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Зүүнхараа дахь ачааны вагон депогийн даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шуурхай хурал нь сахилгын ноцтой зөрчил гаргасан гэдгийг тогтоох эрх бүхий байгууллага биш байна.

 

Хариуцагч тал хэрэгт авагдсан 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн техникийн комиссын акт 3/133, 3/134, 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Э.Энхтайван гэх хүний гаргасан ТГМ-23в илчит тэрэгтэй хамааралтай 2018 оны 07 дугаар сарын 16-ны орой гарсан гэмтлийн талаарх дүгнэлт болон сэлгээний ажлын хурдны тооцоо зэргээр С.Нямжав нь ноцтой зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдсон гэж тайлбарлаж байна.

 

2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 3/133, 3/134 тоот техникийн комиссын актаар вагон депогийн сэлгээний ажилд ашиглагдаж байгаа гар станцуудад хийсэн шалгалт, туршилтын дүнг баталгаажуулсан бол ТГМ-23в илчит тэрэгтэй хамааралтай 2018 оны 07 дугаар сарын 16-ны орой гарсан гэмтлийн талаарх дүгнэлт болон сэлгээний ажлын хурдны тооцоо зэргийг С.Нямжавт сахилгын шийтгэл ногдуулснаас хойшхи хугацаанд буюу 2018 оны 12 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд нөхөж хийсэн баримтууд байх тул эдгээр баримтыг үндэслэн С.Нямжавыг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй юм.

 

Мөн хариуцагч талаас хэргийн 61, 62,67-74,92 дугаар талуудад авагдсан тухайн осол гарах үед байсан, харсан гэх ажилтнуудын гаргасан тодорхойлолтуудыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байх боловч эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэл болж чадахгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 

Иймд ажил олгогч байгууллага нь С.Нямжавыг Хөдөлмөрийн гэрээний 5.3.5 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан болохыг тогтоосон эрх бүхий байгууллага болох хөдөлгөөний аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан албаны дүгнэлт гараагүй байхад түүнийг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан ажил олгочгийн шийдвэр үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс хойшхи хугацааны цалинд нийт 5,000,000 төгрөг нэхэмжилжээ.

 

С.Нямжавын сарын дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалд заасны дагуу тооцоход 984,820 төгрөг байх тул ажилгүй байсан 5 сарын хугацааны цалин хөлсөнд нийт 4,924,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч С.Нямжавыг Улаанбаатар төмөр замын зүүнхараа дахь ачааны вагоны засварын депогийн машинчийн 5 дугаар зэрэгтэй ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 4,924,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 75,900 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118,160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сүхбаатарын Нямжавыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын Зүүнхараа дахь ачааны вагон депогийн машинч 5 дугаар зэрэгтэй ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 4,924,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 75,900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Нямжавын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д үүрэг болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-аас улсын тэмдэгтийн хураамжид 53,870 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА