Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 хороо, 10 хороолол, 18/1 байрны 1 тоот хаягт оршин суух Ийнж овогт Энхтайваны Өсөхбаяр /РД: УП96030333/

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 18/1 байрны 1 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Америкийн нэгдсэн улсад оршин суух, Ийнж овогт Энхтайваны Золжаргал /РД: УП94030361/

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 39 дүгээр байр, 126 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Америкийн нэгдсэн улсад оршин суух, Ийнж овогт Энхтайваны Билгүүн /РД: МИ89042331/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 71 дүгээр тойргийн нотариатч Пахал овогт Даваагийн Дуламцоо /РД: ЖЮ59063061/-д холбогдох,

 

нотариатын 62, 63, 64, 65 дугаарын өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч буюу нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өсөхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд, хариуцагчийн өмгөөлөгч Д.Алтантуяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, О.Амарсанаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Өсөхбаяр, Э.Золжаргал, Э.Билгүүн нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Д.Батхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний аав Я.Энхтайван 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд эгч Э.Золжаргал, Э.Өсөхбаяр бид хоёр асарч байсан. Аав, миний ах Э.Билгүүн, миний эгч Э.Золжаргал гэсэн гурван хүүхэдтэй. Аавыг нас бармагц аавын эгч Я.Энхтуяагийн охин Э.Мандухай намайг гэр орноос минь хөөж, компанийн бүх баримт бичиг, эд хөрөнгөнд ойртуулаагүй. Гэтэл сэтгэцийн гүн хямралд орсон тул ээж АНУ руу авч яваад, намайг эмчлүүлээд иртэл, энэ нотариатч хууль бусаар бид гурвыг байлцуулахгүйгээр 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 62 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 63 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 64 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 65 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1024 тоот Өв хүлээн авах тухай гэрчилгээнүүдийг хууль бус этгээдүүдэд олгосон. Уг нь эгч, бид хоёр Монголын Нотариатчдын Танхимд өвийн талаар маргаантай байгаа хүсэлтээ бичиж өгөөд мөн нотариатч Д.Дуламцоод өвлөх эрхийн гэрчилгээ бичихгүй байхыг хүсэж хандахад, биднийг АНУ руу эмчилгээнд яваад иртэл өвийн гэрчилгээг олгохгүй зогсоолгоно гэсэн. Мөн өвийг хүлээн авах эрхгүй Б.Эрдэнэтуяад хуваарилан, Э.Билгүүнд өвөөс өгөөгүй нь хууль зөрчсөн тул Баянгол дүүргийн 71 дүгээр тойргийн нотариатч Д.Дуламцоогийн өвлөх эрхийн 62, 63, 64, 65 дугаарын гэрчилгээг олгосон нотариатын үйлдэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Дуламцоо шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн нотариатч Д. Дуламцоо би 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Я.Энхтайваны өвийн 2/4 хувийн өвлөх эрхийн гэрчилгээг өвлүүлэгчийн ээж Ж.Ичинхорлоод олгосон. Я.Энхтайваны амьдарч байсан хорооны Засаг даргын тодорхойлолт, Монголын Нотариатчдын Танхимаас Я.Энхтайваны өвийг өвлөх, татгалзах хүсэлт гаргасан, гэрээслэл буй эсэх талаар лавлагааг авсан. Хорооны Засаг даргын тодорхойлолтод өвлүүлэгчтэй хамт ээж Ж.Ичинхорлоо, хүү Э.Өсөхбаяр нар хамт амьдарч байсныг тодорхойлж, Монголын Нотариачдын Танхимын өвийн лавлагаанд өвлүүлэгчийн ээж Ж.Ичинхорлоо, охин Э.Золжаргал нар өвлөх хүсэлт гаргасан, охин Б.Эрдэнэтуяа өөрийн хувийг эмээ Ж.Ичинхорлоод шилжүүлэн, өвөөсөө татгалзах хүсэлтээ бүртгүүлж, өөр хүсэлт гаргасан, татгалзсан өвлөгч байхгүй байсан тул ээж Ж.Ичинхорлоо, хүү Э.Өсөхбаяр нар өвлүүлэгчтэй хамт амьдарч байсны хувьд, охин Э.Золжаргал, Б.Эрдэнэтуяа нар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өвлөх хүсэлтээ гаргаж, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5 дахь хэсэгт заасны дагуу Б.Эрдэнэтуяа өвлөх эрхээ Ж.Ичинхорлоод шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзсан байсан. Тэрээр өвийг олгохдоо Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны дөрвөн өвлөгч бүрт тэнцүү хэмжээгээр хуваарилан Б.Эрдэнэтуяад оногдох 1/4 хувийг түүний хүсэлтийн дагуу эмээ Ж.Ичинхорлоод нэмж олгосон. Хүү Э.Өсөхбаяр, охин Э.Золжаргал нарын өвлөх хэсгийн хувийг зааж, үлдээсэн болохыг өвлөх эрхийн гэрчилгээн дээр тэмдэглэсэн. Э.Билгүүн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан хугацаанд өвлөх хүсэлт гаргаагүй тул 528.3 дахь хэсэгт заасны дагуу өвөөс татгалзсан гэж үзээд, хуваарилаагүй бөгөөд Э.Өсөхбаяр ямар нэгэн хүсэлтийг нотариатч надад гаргаж байгаагүй учир хууль ёсны өвлөгч Э.Өсөхбаяр, Э.Золжаргал нарт ногдох өвийг тэнцүү хуваарилж, өөр хэн нэгэнд тэдний хувийг өвлөх эрхийг олгоогүй. Э.Билгүүний хувьд хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаагүй нь түүнээс хамаарсан асуудал тул нотариатч эрхийг нь зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Энхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний дүү Я.Энхтайван бид хоёр хар багаасаа ойр дотно өссөн. Өвдсөнийг нь мэдсэн цагаас хойш би асарч хамт байсан. Миний охин Мандухай ахтайгаа болон түүний хүү Э.Өсөхбаяр нартай дотно харьцаатай ямар нэгэн юм болоход охинд ханддаг байсан. Миний дүү Я.Энхтайван нас барахаасаа өмнө аман гэрээслэл үлдээн, одоо байгаа компани нилээд өртэй үйл ажиллагаа зогсонги байдалд байгаа тул охин Э.Мандухайг гүйцэтгэх захирал хийлгүүлэх хүсэлтээ өвдсөнөө мэдсэн цагаас эхлэн хэлсэн. Охин өөрөө компанитай, нийгмийн идэвхтэй, ИТХ-н төлөөлөгч байсан болохоор 2 компани авч яваад бусад ажлаа зохицуулахад хэцүү гээд зөвшөөрөхгүй байсаар дүүгийн минь бие нилээн муудсан үед аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрч, гэрт нь ирж дүү Я.Энхтайваны компаний үйл ажиллагаатай холбоотой болон бусад эд хөрөнгийн бичиг баримтыг хүлээн авсан. Ахынхаа захиас ёсоор Э.Өсөхбаяртай хамт явж тойргийн нотариатч Д.Дуламцоо дээр анх очиж зөвлөгөө авсан. Тэр үед охин Э.Золжаргал сургуульдаа сурахаар яаралтай буцах байсан тул явсан. Э.Өсөхбаяр аавыгаа нас барснаас хойш хуулийн дагуу өөрт ногдох өвөө хүлээж авахын оронд эмээ Ж.Ичинхорлоогоос ямар нэг аргаар хууль бусаар өвийг бүгдийг булааж авах гэж удаа дараа оролдож байсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Өсөхбаяр, Э.Золжаргал, Э.Билгүүн нар нь хариуцагч Д.Дуламцоод холбогдуулан Баянгол дүүргийн тойргийн нотариатч Д.Дуламцоогийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 62, 63, 64, 65 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хүү Э.Билгүүнд өвлөх эрхийн гэрчилгээгээр өв олгоогүй, Э.Өсөхбаяр, Э.Золжаргал нар нь өвийн талаар маргаантай байгаа тул өвлөх эрхийн гэрчилгээ олгохгүй байхыг хүссэн байхад, мөн  Б.Эрдэнэтуяа нь бусдад үрчлэгдсэн тул өвлөх эрхгүй байхад гэрчилгээ олгосон” гэж тодорхойлсон бол хариуцагч нь шаардлагын үндэслэлийг “...Э.Өсөхбаяр, Э.Золжаргал нарыг эрхийг хөндөөгүй, ...Э.Билгүүн хуульд заасан хүсэлт гаргах хугацаагааг хэтрүүлсэн, нотариатын үйлдэлийг хуульд заасан журмын дагуу үйлдсэн, ...Э.Билгүүн нь талийгчийн төрсөн хүүхэд биш тул өвийн талаар шаардлага гаргах эрхгүй” гэж маргажээ. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргажээ.

 

Шүүх Э.Билгүүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Э.Өсөхбаяр, Э.Золжаргал нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Э.Өсөхбаяр, Э.Золжаргал, Э.Билгүүн нар нь хариуцагчид холбогдуулан хамтран нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгтэй нийцсэн байна.

 

Нотариатч буюу хариуцагч Д.Дуламцоо нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр улсын бүртгэлийн 2201010358 дугаарт бүртгэлтэй, Я.Энхтайван, С.Буянжаргал, Э.Билгүүн, Э.Золжаргал, Э.Өсөхбаяр нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, “Хөтөл” хороололд байрлах, үл хөдлөх эд хөрөнгөөс талийгаач Я.Энхтайванд оногдох хэсгийн 1/4 хувийг нэхэмжлэгч Э.Золжаргалд, 1/4 хувийг нэхэмжлэгч Э.Өсөхбаярт, Б.Эрдэнэтуяа нь өөрт ногдох хэсгээс татгалзаж, эмэг эх Ж.Ичинхорлоод шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзсан үндэслэлээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн 2/4 хувийг Ж.Ичинхорлоод, мөн 63 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Я.Энхтайваны өмчлөлийн 1661 УБВ улсын дугаартай, Шэвролэйт тахой /Chevrolet tahoe/ маркын автомашины 1/4 хувийг нэхэмжлэгч Э.Золжаргалд, 1/4 хувийг нэхэмжлэгч Э.Өсөхбаярт, Б.Эрдэнэтуяа нь өөрт ногдох хэсгээс татгалзаж, эмэг эх Ж.Ичинхорлоод шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзсан үндэслэлээр уг автомашины 2/4 хувийг Ж.Ичинхорлоод, 64 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр “Иххаранга” ХХК-ийн хувьцаа, үндсэн хөрөнгийн Я.Энхтайванд оногдох хэсгээс 1/4 хувийг нэхэмжлэгч Э.Золжаргалд, 1/4 хувийг нэхэмжлэгч Э.Өсөхбаярт, Б.Эрдэнэтуяа нь өөрт ногдох хэсгээс татгалзаж, эмэг эх Ж.Ичинхорлоод шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзсан үндэслэлээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн 2/4 хувийг Ж.Ичинхорлоод, 65 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Я.Энхтайваны өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205057334 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж, 32А дугаар байр, 45 тоот орон сууц, зоорийн давхарын 11 тоот хаягт байрлах, автомашины зогсоолын 1/4 хувийг нэхэмжлэгч Э.Золжаргалд, 1/4 хувийг нэхэмжлэгч Э.Өсөхбаярт, Б.Эрдэнэтуяа нь өөрт ногдох хэсгээс татгалзаж, эмэг эх Ж.Ичинхорлоод шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзсан үндэслэлээр уг автомашины 2/4 хувийг Ж.Ичинхорлоод тус тус өвлөх эрхийн гэрчилгээ олгожээ.  Уг өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн буюу хариуцагчийн үйлдэл нь маргааны зүйл болж байна. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Э.Золжаргал, Э.Өсөхбаяр нар нь хуульд заасан хугацаанд хариуцагчид өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан талаар талууд маргаагүй.

 

Л.Яринпил болон Ж.Ичинхорлоо нарын дундаас 1958 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Яринпилын Энхтайван төрсөн, Я.Энхтайван болон Б.Эрдэв нарын дундаас 1988 оны 7 дугаар сарын 20-ны өдөр охин Э.Эрдэнэтуяа төрсөн, 1994 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Я.Энхтайван болон Б.Эрдэв нар гэрлэлтээ цуцлуулж, 1996 оны 5 дугаар сарын 06-ны өдөр охин Э.Эрдэнэтуяаг Г.Баттогтвор болон Б.Эрдэв нарт үрчлүүлж, Баттогтворын Эрдэнэтуяа болгон бүртгэсэн үрчлэлтийн бүртгэлд бүртгэсэн нь төрсний болон үрчилсний бүртгэлийн лавлагаа, гэрчилгээгээр тус тус нотлогдож байна.

 

Я.Энхтайван нь С.Буянжаргалтай 1993 онд гэр бүл болж, тэдний дундаас 1994 оны 3 дугаар сарын 03-ны өдөр охин Э.Золжаргал, 1996 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүү Э.Өсөхбаяр нар төрсөн, Я.Энхтайван болон С.Буянжаргал нар 2008 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан болох нь иргэний болон гадаад пасспортын хуулбар, Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 656 дугаар шийдвэрээр тус тус нотлогдож байна. Түүнчлэн, талууд  Я.Энхтайваны төрсөн эх нь Ж.Ичинхорлоо, Я.Энхтайваны төрүүлсэн хүүхэд нь Э.Эрдэнэтуяа, Э.Золжаргал, Э.Өсөхбаяр нар мөн эсэхэд, мөн Э.Эрдэнэтуяаг бусдад үрчлүүлсэн үйл баримтын талаар маргаагүй.

 

Буянжаргалын Билгүүн нь 1989 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төрснийг 1989 оны 5 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, 58 дугаартай төрсний гэрчилгээ олгосон байх бөгөөд 1994 оны 6 дугаар сарын 24-ний өдөр эцэг тогтоолтын 51 дугаарт Я.Энхтайванг түүний эцгээр тогтоосон нь төрсний гэрчилгээний хуулбар, эцэг тогтоолтын лавлагаараар тус тус нотлогдож байна. Түүнчлэн, Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 656 дугаартай шийдвэрт нэхэмжлэгч С.Буянжаргал нь “...хүү Билгүүнийг Энхтайван нь өөрөөрөө овоглохыг хүссэн” гэж шүүхэд тайлбар гаргасан байхаас гадна шүүхийн шийдвэрт Э.Билгүүнийг Я.Энхтайваны төрсөн болон үрчилж авсан хүүхэд мөн талаар заагаагүй байна. Өөрөөр хэлбэл, хэдийгээр Э.Билгүүний эцгээр Я.Энхтайванг тогтоосон боловч түүнийг Я.Энхтайваны төрсөн, эсхүл үрчилж авсан хүүхэд гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Яринпилын Энхтайван нь 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нас барсныг 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр нас барсны бүртгэлийн 3799 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгожээ.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг хууль ёсны өвлөгч гэж үзэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар Э.Билгүүнийг  Я.Энхтайваны төрсөн, эсхүл үрчилж авсан хүүхэд гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул тэрээр өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатчийн үйлдэлийн талаар шүүхэд шаардлага гаргах эрхгүй. Өөрөөр хэлбэл, дээрх өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үлдэл нь нэхэмжлэгч Э.Билгүүний өвлөх эрхийн талаарх ашиг сонирхолыг хөндсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч Э.Билгүүн нь Баянгол дүүргийн тойргийн нотариатч Д.Дуламцоогийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 62, 63, 64, 65 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгуулахаар хариуцагчаас шаардах эрхгүй.

 

Харин нотариатчийн дээрх үлдэл нь нэхэмжлэгч Э.Золжаргал, Э.Өсөхбаяр нарын эрх ашиг сонирхолыг доорх байдлаар зөрчсөн байна.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагч Я.Энхтайваны хувьд түүний эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан хүүхэд, мөн төрүүлсэн эхийг Я.Энхтайваны хууль ёсны өвлөгч гэж үзэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй.

 

Гэтэл хариуцагч нь Я.Энхтайваныг 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нас барахаас өмнө буюу 1996 оны 5 дугаар сарын 06-ны өдөр охин Э.Эрдэнэтуяаг бусдад үрчлүүлсэн байхад Э.Эрдэнэтуяаг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан нас барагч Я.Энхтайваны хууль ёсны өвлөгч гэж үзэн, түүнд өвлөх эрхийн гэрчилгээнд заасан хөрөнгөөс буюу өвөөс оногдох хэсгийн 1/4 хувийг хуваарлан, мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-д “Өвлөгч өвлөх эрхээ өвлөвөл зохих бусад этгээдэд шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзах эрхтэй” гэж заасныг үндэслэн түүнийг уг 1/4 хувиас татгалзсан гэж үзэн, уг 1/4 хувийг нас барагч Я.Энхтайваны төрсөн эх Ж.Ичинхорлоод олгож, улмаар Ж.Ичинхорлоо дээрх хөрөнгийн 2/4 хувийг өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн хууль ёсны төлөөлөгч адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэснийг зөрчсөн байна. Түүнчлэн, хариуцагч нь 62, 63, 64, 65 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйл, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.4-д заасныг баримтлаагүй, түүнчлэн, мөн зүйлийн 43.2.1-д зааснаар Э.Эрдэнэтуяаг хууль ёсны өвлөгч мөн эсэхийг бүрэн шалгаагүй атлаа түүнд ногдох хэсгийг өвлөгч Ж.Ичинхорлоод шилжүүлж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгтэй нийцээгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Э.Золжаргал, Э.Өсөхбаяр нарын нэхэмжлэлийг хангаж, Баянгол дүүргийн тойргийн нотариатч Д.Дуламцоогийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 62, 63, 64, 65 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Э.Билгүүний Баянгол дүүргийн тойргийн нотариатч Д.Дуламцоогийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 62, 63, 64, 65 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хүчингүй болгуулах тухай хариуцагч Д.Дуламцоод холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Энхтуяа нь шүүх хуралдааны товыг мэдсээр байж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т зааснаар бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр улсын тэмдэгтийн хураамжийг төлөх бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг төлнө. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь 4 ширхэг өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэлийг хүчингүй болгуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 280 800 төгрөг төлөхөөс 70 200 төгрөг төлж, 210 600 төгрөг дутуу төлсөн байх тул нэхэмжлэгч нараас нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Э.Золжаргал, Э.Өсөхбаяр нарт олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан  Баянгол дүүргийн тойргийн нотариатч Д.Дуламцоогийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 62, 63, 64, 65 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Э.Билгүүний “Баянгол дүүргийн тойргийн нотариатч Д.Дуламцоогийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 62, 63, 64, 65 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус хүчингүй болгуулах тухай” хариуцагч Д.Дуламцоод холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогодд хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 210 600 төгрөг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 280 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Золжаргал, Э.Өсөхбаяр нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.БАЯСГАЛАН