Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 11 хороо, Овоотын 9 дүгээр гудамж, 43 тоотод байрлах, “Арбаян шанд” ХХК /РД: 2692413/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 хороо, 6 дугаар Бичил хороолол, Хасбаатарын гудамж, 6-К дугаар байр, 15 тоотод оршин суух Боржигон овогт Дэмбэрэлийн Наранцэцэг /РД: ШЕ63062866/,

 

Баянгол дүүрэг, 12 хороо, 6 дугаар Бичил хороолол, Хасбаатарын гудамж, 6-К дугаар байр, 15 тоотод оршин суух Харчу овогт Яйчилын Ганболд /РД:ШЕ61063110/ нарт холбогдох,

 

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 114 844 213 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2 511 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Дэлгэрмаа, хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ганболд, хариуцагч нарын өмгөөлөгч О.Чулуунчимэг, шинжээч А.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК-ийн төлөөлөгч С.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах 9 давхар 63 айлын орон сууцны дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр Я.Ганболдтой барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын үнэлгээг харилцан тохирч, барилгын дотор заслын ажил эхэлсэн ба Я.Ганболд нь 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр урьдчилгаанд 2 000 000 төгрөгийг өгсөн. Бид ажлаа гэрээнд заасан хугацаанд буюу 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хийж гүйцэтгээд актын хамт хүлээлгэн өгсөн. Барилгын ажил эхлэхэд хөрөнгө оруулагч Я.Ганболд нь манай ажилчид болох Солонгос иргэдийг барилга дотор байрлаж ажиллах зөвшөөрөл өгсөн. Энэ зөвшөөрөл нь 2 төрөл байдаг. Манай компани ажлыг хугацаандаа хийж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд Я.Ганболд нь гэрээнд гарын үсэг зурдаггүй. Би гарын үсэг зуруулъя гээд өгөхөөр маргааш зурж өгнө гэж авч яваад буцааж өгөөгүй бөгөөд удахгүй зурж өгнө гэдэг байдлаар яваад байсан. Бид урьдчилгаа мөнгөө аваагүй байж ажил эхлүүлсэн. Иймээс бид шприц цацах, муруй хананд бетон цутгах багахан ажил үлдсэн бөгөөд энэ үед ажлаа зогсоосон. Хариуцагч талын инженер н.Даваанямд хэлэхэд Я.Ганболдод хэлсэн. Я.Ганболд нь “...манай ажлыг яаралтай дуусгах хэрэгтэй байна, улсын комисс хүлээж авах гээд байна” гэхэд нь “... та гэрээнд гарын үсэг зурж өгөхгүй бол ажлаа үргэлжүүлэхгүй” гэж хэлсэн. Я.Ганболд нь н.Давааням, П.Наранцэцэг хоёрт борлуулалтын өрөөнд очоод үнэлгээгээ тохироод ир гэж үүрэг өгсөн. Би тухайн үед хажууд нь байсан. Ингээд бид үнэлгээг тохиролцох үед би үлдсэн бага ажил дээр бага зэрэг буулгаж болох талаар хэлсний дагуу тохирч надаас бусад нь инженер болон н.Наранцэцэг нар гарын үсэг зурсан. Баталгаажсан тул ажлаа үргэлжлүүл гэхэд нь би жаахан ажил үлдээгээд яахав гээд дуусгасан. Би өдөр болгон ирж гэрээнд гарын үсэг зурж өгөөч гэж Я.Ганболдоос гуйдаг байсан. Сүүлд ажил дууссаны дараа тогоо тасалж биднийг хөөж эхэлсэн ба тогоо таслаад байсан учир ажлаа дуусгасан тул бид гарсан. Түүнээс хойш Я.Ганболдоос төлбөрөө төлөхийг шаардахад гарын үсэг зурсан хүмүүстэй ярь гэж өөрөө алга болсон. Албан бичгээр 4-5 удаа албан бичгээр сануулж байсан. Энэ ажлыг Я.Ганболд нь хүлээн зөвшөөрч үнэ тохирч ажил эхлэх зөвшөөрөл өгсөн. Ганцхан өөрөө л баталгаажуулаагүй байгаа. Биднийг ажлаа чанартай 100 хувь гүйцэтгэж дууслаа гэж акт үйлдэж гарын үсэг зурсан. Иймд гэрээнд заасан үлдэгдэл төлбөрт 76 562 809 төгрөг, гэрээнд заасан алданги 38 281 404 төгрөг, нийт 114 844 213 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч буюу хариуцагч Д.Наранцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ганболд, хариуцагч нарын өмгөөлөгч  О.Чулуунчимэг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр С.Дэлгэрмаатай барилгын ажил хийхээр тохиролцсон. Солонгос ажилчид ажиллуулна гэхэд нь би зөвшөөрөөгүй. Гадаадын иргэн ажиллуулах зөвшөөрөл авч ирж өг, улсын комисс хүлээж аваагүй байранд ажилчид байрлуулж болохгүй гэж хэлсэн. С.Дэлгэрмаатай зөвшилцөөнд хүрээгүй үндэслэл нь м.кв-ийн үнэ 2 500 төгрөгийн ажлыг 1 350 төгрөгөөр хийнэ гэсэн. Монгол хэл мэдэхгүй солонгос ажилчдаар шууд ажил хийлгэж эхэлсэн бөгөөд ажилчид нь миний үгэнд орохгүй, миний үүрэг болгосноос өөр байдлаар хийж байсан. Шаардлага тавихад С.Дэлгэрмаагийн үгэнд л орно гээд миний үгэнд орохгүй байсан. Анх тохирсон ажил дээр шприц гэсэн нэг ч үг байхгүй. Гэтэл С.Дэлгэрмаа нь өөрийн хүссэнээр ажлаа хийж миний хэлснээс зөрүүтэй зүйлүүд хийж байсан. Мэргэжлийн хяналтын байцаагчтай ярилцахад барилгын гадна талд цавуулаг материалаар хийж болно гэсэн. Манай барилгын ажил нь автортойгоо хэрхэн хийгдэх талаар ярилцаж байж барилгын бүх зураг төсөл батлагдсан. Хэрэв өөрчлөх шаардлага гарвал барилгын автортой ярилцаж байж шийдэгдэх асуудал. Гэтэл С.Дэлгэрмаа өөрөө дур мэдэж өөрчлөн шприц цацсан. С.Дэлгэрмаа аливаа баримт дээр надаар гарын үсэг зуруулдаггүй. Ажлаа 100 хувь хийсэн гэж өөрөө гарын үсэг зурдаг. Би С.Дэлгэрмаагийн хийсэн ажил буюу тоосго, шавар, өрлөг хэсгийг хүлээн зөвшөөрнө. Хүлээн зөвшөөрсөн ажлын баримт дээр гарын үсэг зурсан. Шприц явагдахгүй. автортой ярь гэж олон хэлсэн. Мэргэжлийн хяналтын дүгнэлт дээр барилгын гадна талд цавуулаг материал орж болно гэсэн. Нэгэнт мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч байгаа тохиолдолд гаднах цавуулгийн зүйлийг хүлээн зөвшөөрье. Солонгос ажилчид ажиллах зөвшөөрөлтэй гэрээг авч ирж өг гэхээр өгдөггүй хэрнээ жилийн дараа 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хэрэгт гарган өгсөн байдаг. Бичиг баримтууд дээр миний гарын үсэгтэй баримт маш цөөхөн. Гадна талын хийх ёстой талбай нь 1371 м.кв талбай юм. Дотор талын айлуудын хананд шприц цацах ёс журам байхгүй. Ер нь бол нэхэмжлэгчийн хийсэн ажлын бүрэн үгүйсгэхгүй. Энэ маргаанд манай эхнэр Д.Наранцэцэг ямар ч хамаагүй. Тэрээр миний ажилд тусалдаг байсан. Ажлын урьдчилгаанд 3 000 000 төгрөгийг би нэхэмжлэгчид өгсөн бөгөөд энэ талаар гэрч мэдүүлсэн байгаа. Надаас 76 562 809 төгрөг нэхэмжилж байгаа зөвшөөрөхгүй. Шинжээчийн дүгнэлтээр түүний хийсэн ажлыг 51 962 468 төгрөг гэж тогтоосон үндэслэлтэй. Мөн нэмэлт шинжээчийн дүгнэлтээр 2, 3 дугаар давхарын ажлыг үнэлгээнд оруулсан гэсэн. Харин сүүлд гарсан шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүй. Учир нь цаг хугацааны хувьд сүүлд гарсан бөгөөд бодит үнэнд нийцээгүй гэж үзэж байна. Ажлын доголдолд 2 511 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК нь хариуцагч Д.Наранцэцэг болон Я.Ганболд нарт холбогдуулан нийт 114 844 213 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Я.Ганболд нь нэхэмжлэгчид холбогдуулан 2 511 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд хариуцагч Я.Ганболд нь сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон хариуцагч Д.Наранцэцэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс хариуцагч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь нийт 114 844 213 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ “...ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 76 562 809 төгрөг, Иргэний хуулийн 196 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулсан тооцох тул алданги 38 281 404 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон ба уг төлбөрийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан. Хариуцагч Д.Наранцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд оролцоогүй, гэрээ байгуулаагүй” гэж, хариуцагч Я.Ганболд нь “...гэрээний дагуу төлбөрөөс 3 000 000 төгрөг төлсөн, шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийг 51 962 468 төгрөгийн ажил хийсэнийг хүлээн зөвшөөрч байна. Бичгээр гэрээ байгуулаагүй тул алданги төлөх үндэслэлгүй” гэж тус тус үгүйсгэн маргажээ. Өөрөөр хэлбэл, маргааны зүйл нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажлын хөлс, үнэлгээ, урьдчилгаанд төлсөн төлбөрийн хэмжээ болж байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч Я.Ганболд нарын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн захиалгын дагуу Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороонд байрлах, 9 давхар, 63 айлын орон сууцны барилгын дотор хананы болон заслын ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч Я.Ганболд нь хөлс төлөхөөр тохиролцсон нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Хэдийгээр талууд гэрээг бичгээр байгуулаагүй боловч хариуцагч Я.Ганболд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан, нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх явцад татгалзаагүй зэрэг үйл баримтаас үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байхаас гадна талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно.

 

Нэхэмжлэгч нь хэлэлцэн тохирсон хөлснийг “иргэн Я.Ганболдын хийсэн ажлыг актаар хүлээн авсаны дараахи санхүүжилт олгох ажлын тоо хэмжээ дүн” гэх баримтыг үндэслэн байх боловч уг баримтад гэрээний нэг тал болох хариуцагч Я.Ганболд гарын үсэг зураг зурж, баталгаажуулаагүй байх тул талуудыг хөлсний талаар 76 562 809 төгрөг төлөхөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, уг баримтад захиалагчийн төлөөлөгч талбай хариуцсан инженер Б.Давааням гарын үсэг зурсан байх боловч энэ нь гэрээний тал биш байхаас гадна хариуцагчийг бүрэн төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн, уг баримт нь гэрээний үнийн дүнг тохиролцсон гэж үзэх үндэслэлийг бий болгохгүй байна. 

 

Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтээр нэхэмжлэгчийг Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороонд байрлах, 9 давхар орон сууцанд хийсэн дотоод ажлын хэмжээ болон түүний үнэлгээг 51 962 468 төгрөг гэж тогтоосон байна. Улмаар шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны нэмэлт шинжилгээний дүгнэлтээр дээрх үнэлгээ болон ажлын хэмжээнд уг орон сууцны 2 болон 3 дугаар давхарт нэхэмжлэгчийн хийсэн ажлын хэмжээ болон үнэлгээ 10 222 135 төгрөг орсон талаар дүгнэсэн байхаас гадна шинжээч нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөрийн шүүх хуралдаанд энэ талаар дүгнэлтээ тайлбарласан байхаас гадна хариуцагч нь нэхэмжлэгчийг 2 болон 3 дугаар давхарт дүгнэлтэд дурдсан ажлыг ажлыг хийж гүйцэтгэснийг үгүйсгээгүй байна. Иймд шинжээчийг тухайн орон сууцанд хийсэн ажлын хэмжээг бүрэн тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Харин шинжээч Барилгын төсөвчдын холбооны мэргэшсэн төсөвчин А.Эрдэнэбаатарын 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлтээр нэхэмжлэгчийг хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээг 62 179 857 төгрөг, гүйцэтгэлийн үнэлгээг 105 651 668 төгрөгөөр үнэлсэн байна. Шинжээч дүгнэлтээ гаргахдаа барилгын ажлын журнал, фото зураг, “Каркас зураг” ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн барилгын хөгжлийн төвийн магадлалаар баталгаажсан ажлын зургийг үндэслэсэн, мөн шинжээчийн шүүх хуралдаанд гаргасан “...уг барилгын 63 айлын орон сууцаар нэг бүрчлэн орж үзээгүй, зарим айл нь засвар хийсэн, зарим айл нь гэртээ оруулж үзүүлээгүй” гэх тайлбар зэргээс үзвэл шинжээчийн дээрх дүгнэлтээс шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхээр байна. Иймд хариуцагч Я.Ганболд нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т зааснаар ажлын хөлсийг тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээ болох 51 962 468 төгрөгийг ажил гүйцэтгэгч “Арбаян шанд” ХХК-д төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Я.Ганболдоос ажлын урьдчилгаа хөлсөнд 2 000 000 төгрөг авсан гэх боловч хариуцагч Я.Ганболд нь 3 000 000 төгрөг төлсөн талаар маргасан. Нэхэмжлэгч нь 2 000 000 төгрөг авсан гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй, харин хариуцагч 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн нь гэрч Ж.Эрдэнэбилэгийн мэдүүлэгээр нотлогдож байна /1хх-148 дугаар тал/. Өөрөөр хэлбэл, хэдийгээр гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдох боловч нэхэмжлэгч нь тайлбараа нотлох баримтаар нотлоогүй байна. Иймд нэхэмжлэгчийг хариуцагчаас урьдчилгаа төлбөрт 3 000 000 төгрөг авсан гэж үзэв.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох ажлын хөлсөнд 51 962 468 төгрөгөөс урьдчилгаа хөлсөнд авсан 3 000 000 төгрөгийг хасаж 48 962 498 төгрөг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд мөн зүйлийн 232.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. Өөрөөр хэлбэл, талууд ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан тохиолдолд гэрээний хариуцлага болох алданги төлөх асуудал талуудад үүсдэг. Гэвч шүүх хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ амаар байгуулагдсан, бичгээр байгуулагдаагүй гэж үзсэн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар хариуцагчаас алданги 38 281 404 төгрөг шаардах эрхгүй. Түүнчлэн, нэхэмжлэгчийн тайлбарт дурдсанаар талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулагдсан тооцох үндэслэл нь алданги шаардах эрхийг бий болгох үндэслэл болохгүй.

 

Хэрэгт авагдсан “Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд баригдаж буй иргэн Я.Ганболдын 9 давхар орон сууцны барилгын ажлын үнэ, үнэлгээ”, “Каркасны хананыг шалгаж шиприцтэй шавар хийх зөвшөөрөл” гэх баримтад хариуцагч Д.Наранцэцэг гарын үсэг зурсан нь талуудын хооронд дээрх маргаантай холбоотой ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар гэрээний төлбөр болон алданги шаардах эрхгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Я.Ганболдоос 48 962 498 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 65 881 715 төгрөг, хариуцагч Д.Наранцэцэгт холбогдох хэсгийг, нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК-д холбогдох 2 511 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч Я.Ганболд татгалзсаныг баталж, холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтийн ажлын хөлс 2 200 000 төгрөг, мөн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтийн ажлын хөлс 330 000 төгрөг, шинжээч “Барилгын төсөвчин, үнэлгээчдийн холбоо”-ны мэргэшсэн төсөвчин Ж.Цээлээгийн дүгнэлтийн ажлын хөлс 150 000 төгрөг, шинжээчийн нийт ажлын хөлс 2 680 000 төгрөг болж байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан журмын дагуу нэхэмжлэлийг хангасан хэмжээгээр талуудаас гаргуулж шинжээч нарт олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Я.Ганболдоос 48 962 498 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 65 881 715 төгрөг, хариуцагч Д.Наранцэцэгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Арбаян шанд” ХХК-д холбогдох, 2 511 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч Я.Ганболд татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 732 171 төгрөгийг, хариуцагч Я.Ганболдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Ганболдоос 402 762 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, шинжээчийн зардалд хариуцагч Я.Ганболдоос 1 077 780 төгрөг, нэхэмжлэгчээс 1 452 220 төгрөг гаргуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д, хариуцагч Я.Ганболдоос 63 900 төгрөг, нэхэмжлэгчээс 86 100 төгрөг гаргуулан шинжээч Ж.Цээлээд тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН