Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/00349

 

Х Х Б- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  28-ны өдрийн 101/ШШ2017/03816 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х Х Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ж.Б-, Ц.Б-, С.Б- нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 160 988 043 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах,зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ц.Б-, С.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох, хариуцагч Ц.Б-, С.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямдалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х Х Б- ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтохын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ж.Б-, Ц.Б- нартай 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр орон сууц худалдан авах зориулалтаар, 146 000 000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдүүлсэн. Ж.Б-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн, 1 дүгээр хороо, Үйлдвэр-2 /17042/ тоот хаягт байрлах хд-82 байрны 42 тоотод орших 153,5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалж, С.Б- болон Батжинсрэгт ХХК-тай батлан даалтын гэрээ байгуулсан. Зээлдэгч нар зээлд 8 278 382 төгрөг, хүүд 74 381 400 төгрөгийг төлсөн боловч өнгөрсөн 1 жил гаруй хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар  зээл  137 721 617 төгрөг,  хүү 11 794 249 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 698 төгрөгийг төлөөгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн өдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл зээлийн хүү 23 225 143 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30 782 төгрөг, нийт 160 977 543 төгрөгийг төлөөгүй. Талуудын  гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.2.-т зааснаар зээлдэгч зээлийн төлбөрийг төлөхгүй 90 хоног хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах зохицуулалттай, мөн батлан даалтын гэрээнд зааснаар үндсэн үүрэг гүйцэтгэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол батлан даагч тухайн зээлийг төлж барагдуулах үүрэгтэй.  

Иймд, хариуцагч Ж.Б-, Ц.Б-, С.Б- нараас үндсэн зээлийн үлдэгдэл 137 721 617 төгрөг, зээлийн хүү 23 225 143 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30 782 төгрөг, нотариатын зардал 10 500 төгрөг, нийт 160 988 043 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Б-, Ц.Б- нар тус шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Булганы шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Энэхүү зээлийг хариуцагч С.Б- авч, зээл, зээлийн хүүг төлж байсан талаар хэрэгт авагдсан баримтууд нотолно. Зээлийг Ж.Б-, Ц.Б- нарын нэрээр авч, сууцыг анхнаасаа батлан даагч С.Б- худалдан авсан. Барьцааны зүйл болох 153,5 м.кв талбайтай сууцыг  н.Мэндсайханаас н.Баярсайханд шилжүүлсэн үйлдлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг маргааныг хянан хэлэлцэж байгаа бөгөөд хариуцагч С.Б-ийн эхнэр н.Дэлгэрмаа уг орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд тул дээрх маргааныг хянан шийдвэрлэж дуустал барьцааны зүйлтэй холбоотой энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй байгааг харгалзан түдгэлзүүлэх нөхцөл байдал байгааг шүүхээс анхаарч үзэхийг хүсье. Хариуцагч буюу зээлдэгч нарын хувьд ерөөсөө энэхүү зээлийг авч ашиглаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийн хувьд мөн дээр дурьдснаар Батжинсрэгт ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор бага хүүтэй зээл авахаар дүр үзүүлж, орон сууцны зээл хэлбэрээр авсан. Өнгөрсөн хугацаанд талууд энэ талаар ярилцаж байсан бөгөөд нэхэмжлэгч тал зээл олгохдоо мэдэж байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Б-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Тухайн үед зээл авах гэтэл зээл гарах боломжгүй гэсэн тул дээрх орон сууцны өмчлөлийг эхнэр Ш.Дэлгэрмаад хэлж байгаад С.Баярсайханы нэр дээр шилжүүлж, С.Баярсайханаас Ж.Б- худалдан авч байгаа нөхцөлөөр зээл гаргуулж компанид учирсан асуудлаа шийдвэрлэсэн. Банкнаас авсан дээрх зээл нь Ж.Б-, С.Баярсайхан нарт очоогүй зөвхөн компанийхаа үйл ажиллагаанд зарцуулсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т хэсэгт заасныг үндэслэн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтохын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагын хувьд зээлийн гэрээг зөвхөн зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан тул батлан даагч С.Б-өд уг нэхэмжлэлийг гаргах эрх байхгүй. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нараас орон сууцны зээл хүссэн өргөдөл гаргасныг үндэслэн манай банкны зүгээс дотоод дүрэм, журамд заасан судалгааг хийж, зээлдэгчдийг санхүүгийн боломжтой этгээд гэж үзсэн тул тэдгээрт 146 000 000 төгрөгийн зээл олгосон. Зээлдэгч нар иргэн н.Баярсайханаас барьцааны зүйл болох орон сууцыг нийт 245 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, өөрийн дансандаа урьдчилгаа 30 хувь буюу 99 000 000 төгрөгийг байршуулж, нэмж 146 000 000 төгрөгийн зээл авахад эдгээр хүмүүс батлан даагч Батжинсрэгт ХХК-д ажилладаг, хувьцаа эзэмшигч, уг компанийн үйл ажиллагаа тогтвортой, тодорхой төрлийн орлоготой байсныг үндэслэсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3, 458 дугаар зүйлийн 458.1.-д заасныг үндэслэн хариуцагч Ж.Б-, Ц.Б- нараас 160 820 956.10 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х Х Б- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 160 087 төгрөг болон хариуцагч С.Б-өд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасныг үндэслэн хариуцагч С.Б-ийн гаргасан нэхэмжлэгч Х Х Б- ХХК-нд холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэхь заалтыг баримтлан хариуцагч Ж.Б-, Ц.Б- нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан Уул дүүрэг, 1 дүгээр хороо, үйлдвэр-2 /17042/ тоот хаягт байрлах хд-82 байр, 14 тоотод орших Ү-2206010924 тоот улсын бүртгэлийн дугаартай 153.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч Х Х Б- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 103 867.65 төгрөг, хариуцагч С.Б-ийн төлсөн 887 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б-, Ц.Б- нараас 962 055 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Б-, С.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямдалай давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс хурадааны товыг албан ёсоор бичгээр мэдэгдэнэ гэсэн атал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямдалай надад шүүх хуралдаан эхлэхээс 1 цагийн өмнө утсаар мэдэгдэж хариуцагч: талын хуульд заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй. Шүүх хуралдаан болсон 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цаг 00 минутад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хурал давхцсан байсан. Энэ талаар тайлбар хүсэлт явуулах боломжит бус хугацаагаар хуралдааны товыг мэдэгдэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Урьд нь нэхэмжлэгч тал хүндэтгэх шалтгаангүйгээр хуралд ирдэггүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь байн байн солигддог шалтгаанаар удаа дараа шүүх хуралдаан хойшлох бүрд надад шуудангаар бичгээр тухай бүр жич мэдэгдэнэ гэж байсан. Ц.Б- болон нөхөр Ж.Б- нар нь зээлийн гэрээнд заасан данс болон өөрсдийн дансанд ямар нэгэн мөнгө банкнаас хүлээн авч байгаагүй, барьцааны зүйл нь өмчлөлийн хувьд бидний нэр дээр гаргуулсан ч тус барьцааны орон сууцад амьдардаггүй, бодит амьдрал дээр хамаагүй эд хөрөнгө байтал хариуцагчаар татаж үнэн бодит байдлыг тогтоолгүй шийдвэрлэсэн. С.Б-, С.Баярсайхан нар нь Ц.Б- болон Ж.Б- нарын нэрийг ашиглан орон сууц шилжүүлж өгөх нэрийдлээр банкнаас зээл аваад, түүнийгээ өөрсдийн Батжинсрэгт гэх компанид зарцуулсан, зээлдэгч гэх бидэнд нэг ч төгрөг ирээгүй, үүнийг банк анхнаасаа мэдэж байсан ба тэр компани болон захирлаар нь баталгаа гаргуулсан нь талуудын тайлбар нотлох баримтаар нотлогдож байгааг шүүх анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл зээлдэгч Ж.Б-, Ц.Б- нар нь зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгөөс нэг ч төгрөг хүлээж аваагүй, харин С.Баярсайхан, "Батжинсрэгт" ХХКомпани бүгдийг авч зарцуулсан байхад зээлийн гэрээ байгуулсан гэж төлбөр гаргуулж шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцээгүй шийдвэр болсон. С.Б- нь зээлийн асуудлыг би хариуцана гэсээр байхад түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримт тайлбаруудыг үндэслээгүй зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тайлбар хүсэлтээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсанаас цаашгүй байхад бусад бүх байдлыг тогтоолгүй шийдвэрлэсэн. Гэрч оролцуулах, үнэн зөвийг олох боломжтой цаг хугацаа буюу хэрэг түдгэлзүүлэх хүсэлт зэргийг хүлээж авахгүй байсаар хэргийг эзгүйд шийдвэрлэсэнд гомдолтой. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.  

 

Нэхэмжлэгч Х Х Б- ХХК нь хариуцагч Ж.Б-, Ц.Б-, С.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 160 988 043 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан байна.

 

Зохигчид 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, Ж.Б-, Ц.Б- нар нь 146 000 000 төгрөгийг 15 жил буюу 180 сарын хугацаатай, сарын 1,5 хувийн хүүтэйгээр зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ж.Б-ын  өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, үйлдвэр 2 /17042/, ХД-82 дугаар байр, 14 тоотод байрлах, 153.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалжээ. Мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч нь Батжинсрэгт ХХК болон хариуцагч С.Б- нартай батлан даалтын гэрээ байгуулжээ. Зээл, барьцаа, батлан даалтан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгтэй нийцсэн, хүчин төгөлдөр болжээ. /х.х-ийн 4-7, 8-9/

 

Талууд гэрээний үүрэгт зээлд 8 278 382.03 төгрөг, хүүд 74 381 400.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 55 014.07 төгрөг төлсөнд маргаагүй бөгөөд зээлдэгч Ж.Б-, Ц.Б- нар нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх тул маргааны үйл баримт болон зээлийн гэрээнд дүгнэлт хийж зээлдэгч буюу хариуцагч Ж.Б-, Ц.Б- нарын гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг 160 820 956 төгрөг гэж тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй.

 

Хэдийгээр хариуцагч С.Б- нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ үндсэн зээлийг төлж барагдуулах талаар тайлбар гаргасан хэдий ч хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч бус батлан даагч байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн  458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч нарт 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлж, зохигчид гардаж авсан байх тул шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэх итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямдалайгийн гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Б-, Ц.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  28-ны өдрийн 101/ШШ2017/03816 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, С.Б-, Ц.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямдалайгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 962 055 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

                              

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

                               ШҮҮГЧИД                                                     А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                     Ш.ОЮУНХАНД