Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 202

 

Ц.Нямдаваагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Ц.Нямдаваа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Таванбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний  өдрийн 21 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0200 дугаар магадлалтай, Ц.Нямдаваагийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 21 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Нямдаваагийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжийн иргэн Б.Халиунд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0200 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгч Ц.Нямдаваа, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6, 30 дугаар зүйлийн 30.3.4, 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар хяналтын гомдол гаргаж байна.

Үндэслэл 1. Давж заалдах шатны шүүх “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бэлхэд 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар иргэн Б.Халиун эзэмших эрхтэй болжээ” гэж дүгнэжээ.

Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6 га газрыг, 13-18 хороонд 10 га газрыг жилдээ багтаан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмших эрхийг баталгаажуулах ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан. Гэтэл гуравдагч этгээд Б.Халиунд 2011 оны газар зохион байгуулах төлөвлөгөөнд тусгагдаагүй, төлөвлөгдөөгүй газрыг 2012 оны төлөвлөгөө гарахаас өмнө урдчилан эзэмшүүлэхээр 316 дугаар захирамж гаргасан нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т “хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж дүүргийн Засаг дарга захирамж гаргасан байхад шүүх дээрх дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Үндэслэл 2. Шүүх “...Сүхбаатар дүүргийн газрын албаны архивт хийсэн үзлэгийн тэмдэглэл, 2009 оны дүүргийн газрын албаны “ирсэн бичиг”-ийн хуулбарын 2362 дугаарт “Батбаатарын Халиун” гэж тэмдэглэсэн зэргээр анх 2009 онд маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг гуравдагч этгээд Б.Халиун гаргасан болох нь нотлогдож, гуравдагч этгээд Б.Халиун нь дүүргийн газрын албанд хандаж 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гаргасан болох нь “өргөдөл, гомдлын бүртгэл хяналтын картын маягт”-аар тогтоогдсон гэж үзлээ” гэж дүгнэжээ.

Гэтэл нэхэмжлэгч Ц.Нямдаваа нь 2008 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн амьдарч байгаа, одоогийн маргаан бүхий газрын кадастрын зургийг “Голубой камень” ХХК-аар хийлгэж газар зохион байгуулагч, газрын албанд зуслангийн газар эзэмших хүсэлтийг гаргасан боловч тухайн үед нийслэлийн Засаг дарга “захирамж” гарган “зуслангийн газрыг эзэмшүүлэх асуудлыг зогсоочихсон” гэсэн хариу өгөөд хүлээн аваагүй, сансарын зургаар нотлогдсон.

Харин гуравдагч этгээд Б.Халиун нь 2009 онд хүсэлт гаргасан бол 2011 он хүртэлх хугацаанд төрийн байгууллага хүсэлтийг шийдвэрлэхгүй хадгалсан нь дүүргийн байгаль хамгаалах газарт хамаатан нь ажиллаж байсантай холбоотой, харин маргаан бүхий газарт амьдарч байсан нэхэмжлэгч хүсэлт гаргахаар зуслангийн газар эзэмшүүлэх асуудлыг зогсоосон, шийдвэрлэх болоогүй гээд хүсэлтийг хүлээн аваагүй байдал нь төр танил тал муутай жирийн иргэддээ ялгавартай хандаж эрхийг нь эдлүүлээгүй байдаг.

Гуравдагч этгээд Б.Халиун нь анх “...20 хорооны Бэлхийн аманд хувьд ногдох 0,7 га газраа эзэмшихийг хүсч байгаа тул олгож туслана уу гэсэн өргөдлийг Сүхбаатар дүүргийн Байгаль хамгаалах газарт хандан гаргасан байхад давж заалдах шатны шүүхээс Б.Халиуныг “...анх 2009 онд маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг гаргасан” гэж үндэслэлгүйгээр дүгнэсэн нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн ... газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргана”, 32.2.2-т “эзэмших газрын ... зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг”-ийг хавсаргах, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй, улмаар гуравдагч этгээдийн хүсэлт хуульд нийцээгүй байхад тухайн маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг газрын албанд гаргасан мэтээр дүгнэсэн нь хууль бус гэж үзэж байна.

Үндэслэл 3. Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2011 оны 316 дугаар захирамж гаргах үед нэхэмжлэгч Ц.Нямдаваа нь тухайн маргаан бүхий газарт амьдарч байсан нь 18, 20 хорооны тодорхойлолт, өрхийн бүртгэлд тэмдэглэгдсэн, зусланд гардаг гэрчүүд мэдүүлсэн, маргаан бүхий газрын байршлыг харуулсан сансарын зураг, 2008 оны кадастрын зураг зэрэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдож тогтоогдсон.

Өмнө нь гуравдагч этгээд Б.Халиуны давж заалдах гомдлоор тухайн хэргийг хянан шийдвэрлээд хэргийг анхан шатны шүүхэд буцаасан магадлалд “... маргаан бүхий газарт хашаа хэн хэзээ барьсан, нэхэмжлэгч талын гэрчийн мэдүүлэг, 18, 20 хорооны Засаг дарга нарын тодорхойлолтын зөрүү байгааг арилгах ажиллагааг анхан шатны шүүх бүрэн хийгээгүй, харин шүүх “хашааг бид барьсан гэж маргаан үүсгэсэн гуравдагч этгээдийн хашаа барьсан нь нотлогдохгүй байдлыг “нэхэмжлэгч хашаа барьсан гэж байдал тогтоогдохгүй байна” гэж илтэд нэг талыг барьсан дүгнэлтийг хийж хэрэг маргааныг шийдвэрлэсэн.

Үндэслэл 4. Давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 32 дугаар зүйл заалт нь зөвхөн нэхэмжлэгчид хамааралтай мэтээр дүгнэж, хэрэгт авагдсан баримтуудыг нэхэмжлэгчийн шаардлагыг үгүйсгэх байдлаар, гуравдагч этгээдэд ашигтайгаар үнэлсэн, мөн Сүхбаатар дүүргийн Засаг дарга 316 дугаар захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны үйл ажиллагаа хууль дээдлэх, 4.2.5-д шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, улмаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол ... хүчингүй болгоно” гэж хуульчилсан байхад хууль бус захирамж нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу хэрэгт авагдсан нэхэмжлэгч талын бичгийн баримтуудыг дутуу үнэлсэн, дээд шатны шүүхийн магадлал, тогтоолд заасан ажиллагааг бүрэн хийгээгүй, хариуцагчийн тайлбар татгалзалд дүгнэлт өгөөгүй, маргаан бүхий газрын анхны кадастрын зэрэг, мэдээллийн санд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулсан төрийн үйл ажиллагаанд шүүх дүгнэлт өгөөгүй, хариуцагч, гуравдагч этгээдийн дээрх хууль зөрчсөн, хууль бус ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байдалд шүүхээс хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, ялангуяа хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 316 дугаар захирамж нь хуульд нийцэж гарсан эсэхэд шүүх дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0200 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнэж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Гомдлын нэг дэх үндэслэлийн тухайд: Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс гадна тус дүүргийн 2011 оны төлөвлөгөөнд 18 дугаар хорооны Бэлхэд 7 га газрыг гэр бүлийн хэрэгцээнд олгохоор төлөвлөсөн /Хэргийн 1 дүгээр хавтас, 233 дахь тал, 2 дугаар хавтас, 158 дахь тал/, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/48 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооноос 20 дугаар хороог  шинээр байгуулсан боловч /Хэргийн 2 дугаар хавтас, 165 дахь тал/ Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 30 дугаар тогтоолоор 15, 18 дугаар хороодыг хуваан шинээр 19, 20 дугаар хороо байгуулсантай холбогдуулан шинэ хороодын нутаг дэвсгэрийг шинэчлэн тогтоосон /Хэргийн 2 дугаар хавтас, 167 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн “...маргаан бүхий газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан...” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Иймд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан “...гуравдагч этгээд Б.Халиунд 2011 оны газар зохион байгуулах төлөвлөгөөнд тусгагдаагүй, төлөвлөгдөөгүй газрыг 2012 оны төлөвлөгөө гарахаас өмнө урдчилан эзэмшүүлэхээр захирамж гаргасан нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.4-ийг зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй.

Гомдлын хоёр дахь үндэслэлийн тухайд: Анхан болон давж заалдах шатны шүүхээс гуравдагч этгээд Б.Халиун нь анх 2009 онд газар эзэмших хүсэлтээ өгч байсан, мөн 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр дахин гаргасан гэдгийг холбогдох нотлох баримтыг үндэслэн зөв дүгнэсэн байна. Хэдийгээр гуравдагч этгээд  өргөдлөө Сүхбаатар дүүргийн Байгаль хамгаалах газарт гаргасан боловч эрх бүхий Засаг даргаас түүнийг хүлээн авч газар эзэмших захирамж олгосныг буруутгах боломжгүй.

Түүнчлэн “Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2.2, 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан шаардлагад нийцээгүй гуравдагч этгээдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль бус” гэх утгатай гомдлын үндэслэл нь нэхэмжлэгчийн субьектив буюу шаардах эрхтэй холбоогүй байна. Өөрөөр хэлбэл, хуулийн уг зүйл, заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

Гомдлын гурав дахь үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгчийн хувьд гуравдагч этгээдэд олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг шаардаж буй үндэслэлээ тодорхойлохдоо “миний бие тухайн газар 2007 оноос хойш амьдарч байсан, жил бүр газрын алба, хариуцсан газар зохион байгуулагчтай уулзаж өргөдлөө гаргахад “асуудлыг одоо шийдвэрлэхгүй” гэсэн хариуг амаар, бичгээр удаа дараа өгч байсан” гэжээ. Гэвч энэхүү үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдохгүй, харин ч “нэхэмжлэгч нь маргаан бүхий газар 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдөр анх шилжиж ирсэн, 2011 оноос өмнө тухайн газар амьдарч байгаагүй болох нь өрхийн бүртгэлийн дэвтэр, сансрын зураг зэргээр нотлогдож байна” гэх агуулга бүхий анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Гомдолд дурдсанчлан “маргаан бүхий захирамж гарах үед буюу 2011 онд нэхэмжлэгч тухайн газар дээр амьдарч байсан” гэх үндэслэл нь тухайн цаг хугацаанаас өмнө хүсэлтээ өгсөн гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Гомдлын дөрөв дэх үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших хүсэлтээ гаргах, хэрэв захиргаа түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан бол өргөдөл, гомдлоо дээд шатны байгууллага, улмаар шүүхэд гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байжээ. Нэхэмжлэгч 2007 оноос хойш маргаан бүхий газар дээр амьдарч байсан, газар эзэмших хүсэлтээ өгч байсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул хуульд заасан эрхийнхээ дагуу хандсан гуравдагч этгээдэд газар эзэмшүүлснийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Иймд “Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2011 оны 316 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-ийг зөрчсөн тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар хүчингүй болгох ёстой” гэх гомдол үндэслэлгүй.

Мөн өмнө нь хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан үндэслэлийг тодруулахаар анхан шатны шүүх хангалттай нотлох баримт цуглуулан эдгээр баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, дүгнэсэн байх тул хэргийг дахин буцаах шаардлагагүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр “шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу хэрэгт авагдсан нэхэмжлэгч талын бичгийн баримтуудыг дутуу үнэлсэн, дээд шатны шүүхийн магадлал, тогтоолд заасан ажиллагааг бүрэн хийгээгүй, хариуцагчийн тайлбар татгалзалд дүгнэлт өгөөгүй, маргаан бүхий газрын анхны кадастрын зураг, мэдээллийн санд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулсан төрийн үйл ажиллагаанд шүүх дүгнэлт өгөөгүй, хариуцагч, гуравдагч этгээдийн дээрх хууль зөрчсөн, хууль бус ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байдалд шүүхээс хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, ялангуяа хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 316 дугаар захирамж нь хуульд нийцэж гарсан эсэхэд дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний  өдрийн 21 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0200 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Л.АТАРЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ