Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 281

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

   Нэхэмжлэгч: Төв аймгийн Татварын хэлтэс

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Батзаяа

   Хариуцагч: Төв аймаг, Сүмбэр сум, Жавхлант 2 дугаар багт байрлах “Өгөөжсүмбэр” ХХК / УБД:1411005142, РД:2053314/

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Нямжав

   Татварын өр 62 164 925.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа, төрийг төлөөлж прокурор Х.Оюунцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Бат-Отгон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төв аймгийн Сүмбэр суманд үйл ажиллагаа явуулдаг “Өгөөжсүмбэр” ХХК нь албан татварын дутуу төлөлт болох 62 164 925.60 төгрөгийг төлөхгүй байна. Тус ХХК-д 2012 онд татварын хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн актаар 34 949 500 төгрөгийн нөхөн татвар, 17 566 500 төгрөгийн торгууль, алданги ногдуулсныг захирал С.Мөнхтүвшин хүлээн зөвшөөрч, актыг хүлээн авч гарын үсэг зурсан байна.

   Татварын хэлтсээс дээрх өрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуульд заасан мэдэгдэх хуудас гардуулах, татвар төлөгчийн харилцах банкны дансны гүйлгээг хаах, эд хөрөнгө барьбаалах, битүүмжлэх арга хэмжээнүүдийг шат дараалан хэрэгжүүлсэн боловч татварын өрийг барагдуулаагүй. Хамгийн сүүлд “Өгөөжсүмбэр” ХХК-ийн нягтлан бодогч Б.Нямжавт мэдэгдэх хуудас гардуулж, Хаан банкны Зуунмод тооцооны төвд мэдэгдэх хуудас хүргүүлж, харилцах дансны гүйлгээг хаасан.

   Иймд “Өгөөжсүмбэр” ХХК-с нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татварт 34 949 500 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 1 335 100 төгрөг, торгууль 18 196 500 төгрөг, алданги 1 088 900 төгрөг, хүү 231 500 төгрөг, 2015-2017 оны хувь хүний орлогын албан татварын тайлангийн ногдолд 3 658 800 төгрөг, 2010 оны автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн татварын дутуу төлөлт 135 410 төгрөг, 2015-2016 оны үл хөдлөх эд хөрөнгийн татварын дутуу төлөлт 446 385.60 төгрөг, 2014-2017 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн ногдол 2 122 830 төгрөг нийт 62 164 925.60 төгрөгийг “Өгөөжсүмбэр” ХХК-с гаргуулж өгнө үү. Анх 1998 онд Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль батлагдсан түүнээс хойш нийт 14 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон байдаг. 2006 онд буюу “Өгөөжсүмбэр” ХХК хяналт шалгалтаар хамрагдах үед хуулийн 13 дугаар зүйлээр чөлөөлөгдөх зүйлүүдийг зааж өгсөн байдаг тэрэнд үр тариа, төмс, хүнсний ногоо, зэрэг байгаагүй юм. 2011 оны хуулийн нэмэлтээр энэ зүйл заалт орж ирсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын гэрчилгээ аваагүй байснаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч бус, хууль мэдэхгүй байгаа нь хуулиас чөлөөлөгдөх үндэслэл биш гэж үзэж байна. Татварын алба нь Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаж байгаа байгууллага, татвар төлөгч байгууллага ч гэсэн татвараа төлж бүх хариуцлага хүлээх үүрэгтэй.” гэжээ.      

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын хэлтэс энэхүү нэхэмжлэлийг гаргахдаа “Өгөөжсүмбэр” ХХК-ийн захирал Б.Пүрэвжаргалыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан байна. Шүүх иргэний хэрэг үүсгэхдээ хариуцагчаар “Өгөөжсүмбэр” ХХК-ийг татсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Татварын хэлтсийн 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 140646 тоот актаар нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татвар, хүү, торгууль ногдуулсан байдаг. Гэтэл тухайн үед тус компани НӨАТ төлөгч байгууллагаар бүртгүүлж гэрчилгээ аваагүй байсан. Иймд дээрх нөхөн татвар, хүү, торгууль нь огт үндэслэлгүй юм. Мөн татварын байцаагчийн 140646 тоот актыг тухайн үед бидэнд нарийн сайн тайлбарлаж өгөөгүй бөгөөд акттай шүүхийн шатанд танилцахад актад улсын байцаагч Д.Наранцэцэг гарын үсэг зураагүй байгаа нь уг акт нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тус компани сүүлийн 2 жилийн хугацаанд хэт халуун, ган гачгаас шалтгаалж ургац алдаж, санхүүгийн бэрхшээлтэй байгаа тул нэхэмжлэлд заасан 62 164 925.60 төгрөгийг төлөх боломжгүй байна. Ган гачиг болоод бороо ороогүй гэсэн баримт аймгийн Хөдөө аж ахуйн газарт байгаа байх, бидэнд тийм баримт байхгүй. Дахин хэлэхэд гурилын үйлдвэр,  газар тариалан нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш гээд хуульд заасан байсан. Тэр үед бид нарт нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн дэвтэр бүртгэл гэх зүйл байгаагүй. Гэтэл гэнэт акт тавина гэсэн, тэгээд татварын өрийг манайх төлөхгүй гэж явсаар байгаад ийм зүйл болсон. Бид нар нэмэгдсэн өртгийг албан татвар төлөгчийн гэрчилгээ аваагүй.” гэжээ.

Төрийг төлөөлж прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд зааснаар иргэн аж ахуй нэгж, тухайн үйл ажиллагааныхаа орлогоос 10 000 000 төгрөгөөс дээш орлоготой бол татвар төлнө гэж заасан байдаг. “Өгөөжсүмбэр” ХХК-ийн орлого 10 000 000 төгрөгөөс дээш гараад болзол шаардлагыг нь хангасан тохиолдолд гэрчилгээ авах нь танай үүрэг, үүргээ биелүүлээгүй нь татвараас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Мөн Татварын улсын ахлах байцаагч гарын үсэг зурж баталгаажуулсан актыг “Өгөөжсүмбэр” ХХК-ийн  захирал, нягтлан бодогч хүлээн авч гарын үсэг зурсан байдаг. Хэрэв тухайн үед танайх энэ актыг хүчин төгөлдөр бус гэж үзсэн бол Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж актаа хүчингүй болгуулж болох байсан. Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон татварын харилцааг зохицуулсан бусад хуульд зааснаар акт тогтоогдсон. Нэхэмжилж байгаа мөнгийг өгөх нь үндэслэлтэй  гэж үзэж байна.” гэв.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөх тухай заасан тул “Өгөөжсүмбэр” ХХК-ийг хуульд хамааруулж татварын өрөөс чөлөөлж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

   Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч “Өгөөжсүмбэр” ХХК-д холбогдуулан татварын өр 62 164 625.60 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

   Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоодож байна.

   Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар татварын өр гэдэгт татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон татварын өр, түүнд тооцсон алданги, татварын албанаас тогтоосон татвар, ногдуулсан торгууль, тооцсон алданги, татварын албаны хяналт шалгалтаар тогтоосон татвар, түүнд тооцсон алданги, ногдуулсан торгууль хамаардаг байна. Маргааны зүйл болж буй 62 164 625.60 төгрөг нь Төв аймаг дахь Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 140646 дугаар хяналт шалгалтаар тогтоогдсон актад /хэргийн 6, 7 дугаар тал/ тусгагдсан үнийн дүн байх бөгөөд татварын өр байна. Мөн хуулийн 35 дугаар зүйлд зааснаар Татварын хэлтэс нь татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийн биелэлтэд хяналт тавин хангуулах, 63, 64 дүгээр зүйлд заасан журмаар хэрэгжүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй болсон бол биелэлтийг хангуулах нэхэмжлэлийг /хэргийн 1, 2 дугаар тал/ шүүхэд гаргах эрхтэй байна.

Татварын өр үүсэх үндэслэл нь Төв аймаг дахь Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 140646 дугаар акт /хэргийн 6, 7 дугаар тал/  буюу татварын албаны хяналт шалгалтаар тогтоосон татвар, түүнд тооцсон алданги, ногдуулсан торгууль байх бөгөөд тус актад хяналт шалгалт хийсэн Татварын улсын байцаагч Г.Хатанбаатар гарын үсэг зурж, Татварын улсын байцаагч Д.Наранцэцэг гарын үсэг зураагүй байна. Хариуцагч тал байцаагч Д.Наранцэцэг актад гарын үсэг зураагүй нь уг акт нотлох баримтын шаардлага хангахгүй гэж маргажээ. Хэдийгээр татварын улсын байцаагч Д.Наранцэцэг тухайн үед өвчтэй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй боловч Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлд Татварын улсын байцаагчийн актад татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, татвар төлөгчид актыг хүргүүлснээр гардуулсанд тооцохоор заажээ. Хариуцагч “Өгөөжсүмбэр” ХХК нь татварын акт, татварын зөрчил, тооцоотой танилцан, гарын үсэг зурж, актыг хүлээн зөвшөөрсөн болох нь хавтаст хэргийн 7, 8, 9 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

Татварын өртэй болохоо хариуцагч хүлээн зөвшөөрсөн боловч хуульд заасан хугацаанд барагдуулаагүй байх тул нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хуулийн 63-69 дүгээр  зүйлд заасан татварын өрийг үл маргах журмаар гаргуулах, эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах талаар хариуцагчид мэдэгдэх /хэргийн 23 дугаар тал/, барьцааны гэрээ байгуулах /хэргийн 18,19 дүгээр тал/, эд хөрөнгө барьцаалсан тухай тэмдэглэл үйлдэх /хэргийн 20 дугаар тал/, эд хөрөнгө битүүмжлэх /хэргийн 21, 22 дугаар тал/ зэрэг татварын өрийг барагдуулах ажиллагааг хэрэгжүүлжээ. Татварын хэлтэс хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д “Татварын өрийг энэ хуулийн 63.1-д заасны дагуу гаргуулах тухай татварын улсын байцаагчийн мэдэгдэх хуудсыг тухайн татварын албаны дарга баталж, банкинд хүргүүлэх …” ажиллагааг хийсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй боловч хариуцагчийн харилцагч банк уг мэдэгдэх хуудсыг хүлээн авч татварын өрийг барагдуулах талаар холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн баримт хэрэгт авагдсан тул /хэргийн 24 дүгээр тал/ татварын алба банкинд мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч хуулийн этгээдийг бус иргэнийг хариуцагчаар татсан нь хууль зөрчсөн гэх тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргажээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд /хэргийн 1, 2 дугаар тал/ хариуцагч “Өгөөжсүмбэр” ХХК-ийн захирал Б.Пүрэвжаргал гэсэн боловч нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд хариуцагчаар иргэн бус хуулийн этгээдийг сонгосон болох нь тодорхой байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар энэ нь давхар тогтоогдож байна.

Монгол Улсын Их Хурлаас 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа ... хуулийн этгээдийн орлогын албан татварын тайлангаар ... 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг” ойлгоно, 6 дугаар зүйлийн 6.1-д “энэ хуулийн 4.1.10-т заасан нөхцөл хангасан этгээд ажлын 3 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана”, 6.2-т “... татварын алба нь энэ хуулийн ... 13 дугаар зүйлд зааснаас бусад ... этгээдийн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдөрт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж, тухайн этгээдэд гэрчилгээ олгоно” гэж тус тус заажээ. 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.18-д “газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа ...” нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө гэж нэмэлт оруулжээ. “Өгөөжсүмбэр” ХХК-д хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийн жагсаалт /хэргийн 7 дугаар талын ард/ НӨАТ ногдуулах орлогод 2008 онд 8 771 310 төгрөг, 2009 онд 8 756 140 төгрөг, 2010 онд 17 422 110 төгрөг нийт 34 949 560 төгрөгийн зөрчлийн акт тогтоосон байна. Өөрөөр хэлбэл хариуцагч “Өгөөжсүмбэр” ХХК нь хуулийн дагуу НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ гаргасны дагуу татварын алба НӨАТ төлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгох бөгөөд 34 949 560 төгрөгийн нөхөн төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар нь тухайн хуульд нэмэлт орохоос өмнөх жилүүдийн орлогод /2008 он, 2009 он, 2010 он/ ногдуулсан татвар байх тул хариуцагчийн “гурилын үйлдвэр,  газар тариалан нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш гээд хуульд заасан, ... Бид нар нэмэгдсэн өртгийг албан татвар төлөгчийн гэрчилгээ аваагүй.” гэх тайлбарыг няцааж байна.

Хариуцагчийн “тус компани сүүлийн 2 жилийн хугацаанд хэт халуун, ган гачгаас шалтгаалж ургац алдаж, санхүүгийн бэрхшээлтэй байгаа тул нэхэмжлэлд заасан 62 164 925.60 төгрөгийг төлөх боломжгүй ...” гэх тайлбарыг нотолсон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Статистикийн хэлтэс бусад холбогдох байгууллагуудын нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагчийн тайлбар нотлогдоогүй гэж үзнэ. Татварын хэлтсийн нэхэмжлэл, татварын тооцооллын жагсаалтад дурдсан хяналт шалгалтын актаар тогтоогдсон татварын алдангийн орлого 1 088 900 төгрөг, татварын торгуулийн орлого 18 196 500 төгрөг, татварын хүү, торгуулийн орлого 231 500 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого 1 335 100 төгрөг, татварын тайлангаар тогтоогдсон автотээвэр, өөрөө явагч хэрэгслийн татвар 135 410 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн татвар 446 385.60 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 2 122 830 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого 3 658 800 төгрөгийн талаар хариуцагч ямар нэг тайлбар, татгалзал гаргаагүй болно.

Иймд Төв аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй “Өгөөжсүмбэр” ХХК-д холбогдох татварын өр 62 164 925.60 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-д зааснаар Татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч “Өгөөжсүмбэр” ХХК-с 62 164 925.60 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 468 775 төгрөг гаргуулан Төв аймгийн Татварын хэлтэст олгох нь зүйтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гаргахдаа итгэмжлэл /хэргийн 3 дугаар тал/, Төв аймгийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 6/1237 дугаар албан бичиг /хэргийн 4 дүгээр тал/, татварын тооцооллын жагсаалт /хэргийн 5 дугаар тал/, татварын улсын байцаагчийн акт, түүний хавсралт /хэргийн 6-9 дүгээр тал/, ярилцлагын тэмдэглэл /хэргийн 9-10 дугаар тал/, татварын байцаагчийн акт, дүгнэлтийг танилцуулж гардуулсан тухай тэмдэглэл /хэргийн 10 дугаар талын ар/, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан /хэргийн 11-12 дугаар тал/, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /хэргийн 13-14 дүгээр тал/, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлан /хэргийн 15 дугаар тал/, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1209 дүгээр албан бичиг /хэргийн 16 дугаар тал/, Төв аймгийн Татварын хэлтсийн даргын тушаал /хэргийн 17 дугаар тал/, барьцааны гэрээ /хэргийн 18-19 дүгээр тал/, эд хөрөнгө барьцаалсан тухай тэмдэглэл /хэргийн 20 дугаар тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай акт /хэргийн 21 дүгээр тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хэргийн 21-22 дугаар тал/, мэдэгдэх хуудас хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 23-24 дүгээр тал/, мэдэгдэх хуудас гардуулсан тухай тэмдэглэл /хэргийн 23 дугаар талын ар/, итгэмжлэл /хэргийн 32 дугаар тал/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 36 дугаар тал/, “Өгөөжсүмбэр” ХХК-ийн дүрэм /хэргийн 37-39 дүгээр тал/ зэрэг баримтыг нотлох баримтаар үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1.Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 35 дугаар зүйлийн 35.2-д зааснаар “Өгөөжсүмбэр” ХХК-с татварын алдангийн орлого 1 088 900 төгрөг, татварын торгуулийн орлого 18 196 500 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татвар 34 949 560 төгрөг, татварын хүү, торгуулийн орлого 231 500 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого 4 933 900 төгрөг, автотээвэр, өөрөө явагч хэрэгслийн татвар 135 410 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн татвар 446 385.60 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 2 122 830 төгрөг нийт 62 164 925.60 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэст олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Өгөөжсүмбэр” ХХК-с 62 164 925.60 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 468 775 төгрөг гаргуулан Төв аймгийн Татварын хэлтэст олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.ЭНХТӨР