Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2018/02447

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  “Т” ХХК -д холбогдох

Гэрээний үүрэгт 36.287.167 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамирцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “ХБ” ХХК нь улс хоорондын тээврийн зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг “Т” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ТЗ/6/14/45 дугаартай “Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ”-г байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Гэрээний дагуу Европын орнууд, Австрали, Хонг Конг зэрэг дэлхийн олон улсаас хүнс, гэр ахуй, өргөн хэрэглээний барааг тус компаниар тээвэрлүүлж ирсэн. Улмаар Австрали улсын “Черч энд Двайт” /Church & Dwight/ компаниас 29 нэр төрлийн нийт 9.876,18 австрали долларын үнэ бүхий барааг 2017 оны 3 сард манай компанид нийлүүлэхээр болсон бөгөөд уг барааг манай компани гэрээний дагуу “Т” ХХК-аар тээвэрлүүлэхээр 2017 оны 3 сард захиалга өгсөн боловч өнөөг хүртэл бараагаа хүлээн авч чадалгүй бизнесийн хувьд маш их хохирол амсаад байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д “Зууч нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болох Захиалга авах хуудасны дагуу ачааг тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж, зохих ёсоор хүлээлгэж өгснөөр үүрэг дуусгавар болно”, 6.1-д “Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохирлыг гэм буруутай тал нь нөгөө талдаа нөхөн төлнө”, 6.3-т “Зууч нь ачаа тээвэрлэлтээс бусад тээвэр зуучийн үйлчилгээний үйл ажиллагааны улмаас үйлчлүүлэгчид учирсан гэм хор, хохирлыг хариуцна” гэж тус тус заасан. Түүнчлэн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заажээ. Барааны нийт үнэ болох 9,876.18 австрали долларыг “ХБ” ХХК 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Австрали улсын “Черч энд Двайт” компани руу гадаад шилжүүлгээр шилжүүлсэн бөгөөд тухайн өдрийн Монгол банкны валютын ханшийн мэдээгээр нэг австрали долларыг зарах бэлэн бус гүйлгээний ханш нь 1924 төгрөг байсан тул уг 9.876,18 австрали долларыг төгрөгт хөрвүүлбэл нийт 19.001.770 төгрөг болно. Нөгөөтэйгүүр хэрэв уг 19.001.770 төгрөгийн барааг манай тал хугацаандаа хүлээн авч борлуулсан бол нийт 17.285.397 төгрөгийн ашиг, орлого олох байсан юм. Манай харилцагч болох Австралийн “Черч энд Двайт” компани тээвэрлэгч “Т” ХХК-ийн өгсөн хаягаар хариуцагчийн харилцдаг байгууллагад барааг хүргэсэн байдаг.

Иймд “Т” ХХК-аас барааны үнэ 19.001.770 төгрөг, зайлшгүй орох байсан орлого 17.285.397 төгрөг, нийт 36.287.167 төгрөгийг гаргуулан “ХБ” ХХК-д олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “Т” ХХК нь олон улсын ачаа тээврийг зохион байгуулах чиглэлээр олон жилийн турш идэвхитэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд энэхүү үйл ажиллагааны хүрээнд “ХБ” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ТЗ/6/14/45 дугаар “Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ” байгуулж, өнөөдрийг хүртэл талуудын хамтын үйл ажиллагааг алдагдуулахгүй, ажил хэрэгч байх зарчмыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллаж ирсэн. Гэрээний 3.1.1, 3.2.1 дэх хэсэгт зааснаар үйлчлүүлэгч “ХБ” ХХК-аас тээвэрлэлт хийлгэхээр захиалга өгөх тохиолдолд “Захиалгын хуудас”-ыг бөглөж захиалга өгөх, Зууч /Т ХХК/-аас энэхүү гэрээний салшгүй хэсэг болох "Захиалгын хуудас”-ыг хүлээн авч, “Үнийн санал”-ыг үйлчлүүлэгчид хүргүүлснээр талуудын хооронд энэхүү гэрээнд заасан тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцаа үүсэх юм. “ХБ” ХХК нь худалдагч байгууллага болох Австрали улсын “Черч энд Двайт” компаниас 29 нэр төрлийн нийт 9.876,18 Австрали долларын үнэ бүхий бараа худалдан авсан боловч гэрээнд заасны дагуу эдгээр ачааг “Т” ХХК-иар тээвэрлүүлэх талаар “Захиалгын хуудас”-ыг бөглөж захиалга өгөөгүй, мөн “Т” ХХК-ийн харилцагч тээвэрлэгч байгууллагад ачааг хүлээлгэн өгөөгүй байдаг. Талуудын хооронд нэхэмжлэлд дурдсан ...29 нэр төрлийн барааг... тээвэрлэх талаар гэрээнд заасан харилцаа үүсээгүй тул “ХБ” ХХК-ийн харилцагч байгууллага болох Австрали улсын “Черч энд Двайт” компанийн буруутай үйл ажиллагаанаас тус компанид учирсан хохирлыг “Т” ХХК барагдуулах хууль зүйн үндэслэлгүй. “ХБ” ХХК-иас ачааг тээвэрлэх талаар захиалга өгөөгүй. Мөн ачаа илгээгч “Черч энд Двайт” гэх компани нь худалдан авагч болон тээвэр зуучийн нэрлэсэн “Т” ХХК-ийн Австрали улс дахь түнш болох “Фасипик Харвест” гэх тээврийн компанид ачааг хүлээлгэн өгөх ёстой байсан боловч энэ талаар зааварчилгааг дагахгүй, өөр этгээдэд буюу Жонстон гэх тээврийн компанид ачааг хүлээлгэн өгсөн. Австрали улс дахь Жонстон гэх компани нь эдгээр ачааг “Черч энд Двайт” компанид буцаан олголгүй, ачааг барьцаалан, өөрийн агуулахдаа өнөөдрийг хүртэл байлгасаар байна. Ийнхүү “ХБ” ХХК-ийн харилцагч болох “Черч энд Двайт” компани нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас дурдсан ачааг “Т” ХХК-ийн Австрали улс дахь түнш болох “Фасипик Харвест” компанид хүлээлгэн өгөөгүй тул гэрээний 6.1, 6.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. “Т” ХХК нь өөрийн харилцагч байгууллагад учирсан энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж, “ХБ” ХХК-ийн гадаад харилцааны менежер н.Тамирын хамт “Черч энд Двайт” компани руу яаралтай холбогдох арга хэмжээ авч, өөрийн буруутай үйл ажиллагааг залруулж, ачааг тээвэрлэгчид хүргүүлэх талаар удаа дараа и-мэйл явуулсан боловч хариу ирүүлэхгүй алга болсон. Манай компаниас Австрали дахь Монголчуудын холбоогоор дамжуулан Жонстон гэх компани руу ачааг авах зорилгоор ачааны автомашин явуулсан боловч “Черч энд Двайт” компанитай өр авлагын асуудал байгаа гэх шалтгаанаар хүлээлгэн өгөөгүй байдаг. “ХБ” ХХК өөрийн худалдааны түнш “Черч энд Двайт” компанийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан энэхүү хохирлыг Австрали улсын хууль тогтоомжийн дагуу тус компаниас нэхэмжлэх боломжтой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь “Т” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 36.287.167 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.

Нэг талаас “ХБ” ХХК, нөгөө талаас “Т” ХХК нар 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр харилцан тохиролцож, Тээвэрлэгч нь захиалгын дагуу заасан тээврийн замналаар Монгол Улсын нутаг дэвсгэрт орж гарах импорт, экспорт, дамжин өнгөрөх усан, хуурай болон агаарын замаар ачаа тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэхээр, Тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөхөөр ТЗ/6/14/45 тоот “Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ”-г байгуулжээ. /1хх 7-13/

Талуудын хоорондох дээрх гэрээ Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна. 

Хариуцагч нь баталсан маягтын дагуу “захиалга авах хуудас”-аар захиалга өгөөгүй, гэрээнд заасан үнийн саналыг хүргүүлээгүй тул 2017 оны 01 сард Австрали улсаас ачаа тээвэрлүүлэх тухай тохиролцоогүй, гэрээ байгуулагдаагүй гэж маргав.

Талуудын хоорондох гэрээний 1.3, 2.2, 3.1.1-т “Захиалга авах хуудас” гэрээний салшгүй хэсэг байхаар, зууч нь “Захиалга авах хуудас”-ны дагуу ачаа тээвэрлэх үйл ажиллагаа зохион байгуулахаар тус тус заажээ.

Нэхэмжлэгч ачаа тээвэрлүүлэх тухай захиалгыг “Захиалга авах хуудас”-ын дагуу өгөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх боловч талууд ажил хэргийн хүрээнд тогтсон заншил ёсоор тухайн тохиолдолд нэхэмжлэгч гэрээ байгуулах саналыг цахим шуудангаар гаргасан, хариуцагч саналыг хүлээн авч, зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан хоёр байгууллагын хариуцсан ажилтнуудын хоорондох 2017 оны 01 дүгээр сарын 24, 25-ны өдрийн, 02 дугаар сарын 01-ний өдрийн цахим шуудангаар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.7, 196.2-т зааснаар талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзнэ. /1хх 110, 187-195/

Нэхэмжлэгч нь хариуцагчийг Австрали улсын “Черч энд Двайт” компаниас худалдан авсан барааг тээвэрлэн авчрах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд барааны үнэ 9.876,18 австрали доллар буюу 19.001.770 төгрөг, олох байсан орлого 17.285.397 төгрөг, нийт 36.287.167 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч илгээгч Австрали улсын “Черч энд Двайт” компани хариуцагч байгууллагын зөвлөсөн тээвэрлэгч болох “Фасипик харвест” компанид барааг хүлээлгэн өгөөгүй, ачааг хүлээн авах эрхгүй этгээдэд барааг хүргэсэн, мөн өгсөн зааврыг дагаагүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлав.

Зохигчид хэн алин нь нэхэмжлэлийн үндэслэл болон татгалзлаа нотлохоор цахим шуудангуудыг баримтаар ирүүлсэн байх бөгөөд хэн алин нь баримтын орчуулга үнэн зөв эсэхэд маргаагүйг дурдав.

Хэрэгт авагдсан цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэл, зохигчдын ирүүлсэн цахим шуудангийн орчуулгаас үзвэл тээвэрлэгч “Т” ХХК нь илгээгч “Черч энд Двайт” компанид 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ачааг Австрали улсаас тээвэрлэх “Пасифик харвест Ложистик” компанийн хаягийг “Австрали улс, Марризвилле, Шинэ өмнөд Уэльс муж, 2204, Фитзроу гудамж, 56 тоот” гэж холбогдох бусад мэдээллийн хамт өгсөн, уг хаягийн дагуу илгээгч ачааг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр илгээснийг 2017 оны 3 дугаар сарын 13-нд хүлээн авсан, ийнхүү ачааг хүлээн авсан тухайгаа “Пасифик харвест Ложистик” компанийн ажилтан 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн цахим шуудандаа дурдаж сав баглаа боодлын тухай буюу нэмэлт мэдээллийг илгээгчээс хүссэн байна. /1хх 49, 111, 114, 121, 206, 236-241, 2хх 9, 10 /

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д зааснаар гэрээний үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болохоор, гуравдагч этгээд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцахаар мөн зүйлийн 210.3-т заасан байна.

Иймд тээвэрлэгч байгууллагын зөвлөсөн байгууллага, хаягаар илгээгч ачааг илгээсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч үндсэн үүрэг гүйцэтгэгчээс хохирол шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч “Черч энд Двайт” компанид барааны үнэд 9.876,18 австрали доллар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй тул 9.876,18 австрали доллар буюу 18.687.411 /9.876,17*1892,17/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. /1хх 19-22, 24,138, 208-211/

Харин олох байсан орлого 17.285.397 төгрөг гэрээнээс учирсан бодит хохирол гэж үзэх боломжгүй, мөн энэ шаардлагыг нотлосон баримтгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас нийт 18.687.411 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан “Т” ХХК-иас 18.687.411 /арван найман сая зургаан зуун наян долоон мянга дөрвөн зуун арван нэгэн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгож, үлдэх 17.599.756 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 339.390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 251.387 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      О.ОДГЭРЭЛ