Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2018/02448

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ч.Б -ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “М” ХХК, М.Б, Т.Б нарт холбогдох,

Хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 1.037.258.167 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат, хариуцагч Т.Б, М.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунболд, түүний өмгөөлөгч С.Жавхлан, хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг, түүний өмгөөлөгч Н.Цогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “М” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн тогтоолоор баталсан дүрмээр Ч.Б нь “М” ХХК-ийн хувьцааны 49.96 хувийг эзэмшдэг байсан. Өөрийн эзэмшлийн дээрх хувьцааг худалдах талаар Компанийн тухай хуульд заасны дагуу компанийн бусад хувьцаа эзэмшигч нарт санал болгоход Т.Б, М.Б нар худалдаж авах санал гаргасан. Үүний дагуу Т.Б, М.Б нартай уулзаж ярилцахад миний эзэмшлийн 49.96 хувийн хувьцааг нийт 691.505.445 төгрөгөөр үнэлж, Т.Б хувьцааны 24.98 хувийг авч 345.752.722 төгрөгийг, М.Б хувьцааны 24.98 хувийг авч 345.752.722 төгрөгийг тус тус нэхэмжлэгч надад төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч Т.Б, М.Б нар нь “хувьцааны дээрх төлбөрийг Ч.Б надад шууд төлөх боломжгүй байна, иймд 5 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулаад гэрээний дагуу төлбөрийг төлж барагдуулна, харин хувьцааг Бэлэглэх гэрээгээр шилжүүлье” гэсэн. Энэ саналыг миний бие зөвшөөрч 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Т.Бтой “М” ХХК-ийн 24.98 хувийн хувьцааг бэлэглэх гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, М.Бтой “М” ХХК-ийн 24.98 хувийн хувьцааг бэлэглэх гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус байгуулж, харин хувьцааны хариу төлбөрийн хувьд мөн өдрөө Т.Б, М.Б нартай 5 жилийн хугацаатай, хүүгүй 691.505.445 төгрөгийн Зээлийн гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгийг хариу төлбөргүй шилжүүлэх үүрэгтэй. Бэлэглэлийн гэрээгээр зөвхөн бэлэглэгч ямар нэгэн үйлдэл, тухайлбал эд хөрөнгийг шилжүүлэх гэх мэт үйлдэл хийх үүрэг хүлээх бөгөөд уг үйлдэлдээ бэлэг хүлээн авагчаас хариу төлбөр шаардахгүй. Эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр бэлэг хүлээн авагчид шилжүүлж байгаагаар бэлэглэлийн гэрээний үндсэн шинж тодорхойлогддог. Хариу төлбөр шаардахгүйгээр өөрийн өмч, эд хөрөнгийг бэлэг хүлээн авагчид шилжүүлж буй уг үйлдэл нь бэлэглэгчийн сэтгэлээс хийгддэг, бэлэг өгснөөрөө бэлэглэгч өөрөө сэтгэл ханамжтай байдаг. Гэтэл Ч.Б би “М” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 49.96 хувийн хувьцааг хэн нэгэнд бэлэглэх хүсэл сонирхол байгаагүй бөгөөд хувьцааг хариу төлбөртэйгөөр шилжүүлэх хүсэлтэй байсан. Үүний дагуу Т.Б, М.Б нар нь миний саналыг хүлээн авч надад хувьцааны төлбөрт 691.505.445 төгрөгийг төлөхөөр тохиролцож энэ дүнгээр Зээлийн гэрээг байгуулсан. Хэрхэн ямар зорилгоор хувьцаа худалдан авч байгаа тал Хувьцаа бэлэглэх гэрээ байгуулах болсныг миний бие мэдэхгүй бөгөөд тэдний хүсэлтийг үндэслэн би гарын үсэг зурсан. Одоо харин хариуцагч Т.Б, М.Б нар нь хувьцааны хариу төлбөрийг төлдөггүй, миний зүгээс төлөхийг шаардахад бид таниас мөнгө аваагүй тийм учраас мөнгө төлөхгүй гэдэг. Хувьцааны үнийг төлөхгүй гэж байвал миний хувьцааг эгүүлэн өг гэж шаардахаар үгүй гэсээр Ч.Б миний хуулиар олгогдсон эрхийг зөрчсөөр байна.

Иймд Т.Б, Ч.Б нарын хооронд 2011 оны 10 сарын 15-ны өдөр байгуулсан “М” ХХК-ийн Хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, М.Бат- Оргил, Ч.Б нарын хооронд 2011 оны 10 сарын 15-ны өдөр байгуулсан “М” ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ гэсэн энэхүү 4 гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Бүртгэлээс ирсэн лавлагаагаар Компанийн хувьцаа гуравдагч этгээдэд шилжсэн байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсоноор үр дагаварыг арилгуулах шаардлага гаргаагүй. Жич тусдаа гаргана. Мөн нэхэмжлэгч компанийн хувьцааг эзэмшиж байх үедээ 2010 оны 8 дугаар сарын 31-ний байдлаар компанид 743.279.030 төгрөгний хөрөнгө оруулалт оруулсан байдаг. Үүнийг баталгаажуулж тооцооны үлдэгдлийн баталгааг талууд хийсэн байдаг. Уг баримт шаардлага хангасан хүчин төгөлдөр баримт. Мөн хэрэгт авагдсан тус компанийн 2011 оны санхүүгийн тайланаудитын дүгнэлтэд компани бусдад 743.279.030 төгрөгний өртэй болохыг баталгаажуулж дурдагдсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс уг мөнгийг компанид зээлдүүлсэн гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар 743.279.030 төгрөгийг “М” ХХК-иас нэхэмжилж байна. Уг үнэ Т.Б, М.Б нарт шилжүүлсэн хувьцааны үнэ болох 691.505.445 төгрөг хоёр хоорондоо хамааралгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 293.979.137 төгрөгийн хувьд татгалзаж байгаа гэв.

 

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Ч.Б нь “М” ХХК-ийн 49,96 хувийн хувьцаа эзэмшигч байсан гэдэгт маргахгүй. 2010-2011 онуудад “М” ХХК нь Ч.Б болон бусад хэд хэдэн хувьцаа эзэмшигчээс компанид оруулсан хөрөнгө оруулалтаар шинэ төслийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Үндсэндээ Хөрөнгийн биржийн хувьчлалд оролцох зорилгоор тендерийн баримт бичгийг бүрдүүлсэн. Тухайн үедээ тендерт шалгарвал компанийн хувьцаа ирээдүйд ихээхэн хэмжээгээр өсөх боломжтой гэж үзсэн учраас Ч.Б хөрөнгө оруулсан. Гэвч харамсалтай нь төрийн эрх бүхий байгууллагаас тендерийг зогсоосноор төсөл амжилтгүй болж компани дахин үйл ажиллагаа явуулаагүй. Нөхцөл байдлыг ойлгоод нэхэмжлэгч өөрөө хүсэл зоригоо илэрхийлээд компанийн хувьцааг үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгч 2010 оны 8 дугаар сард оруулсан хөрөнгө оруулалтаа шалгуулж аудитын дүгнэлт гаргуулж байсан. Тухайн үеийн бүх хувьцаа эзэмшигч нарын оруулсан хөрөнгийн хэмжээ ойролцоогоор 700 сая орчим гэсэн тайлан гарсан. Хэрэгт авагдсан компанийн санхүүгийн тайланд хөрөнгө оруулагч нараас оруулсан хөрөнгө 743.279.030 төгрөгийг өр төлбөр хэсэгт бүртгэсэн гэж бичигдсэн байгаа. Энэ нь дан ганц Ч.Бгийн бус бүх хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө бөгөөд зээлсэн зээл биш. Нэхэмжлэгч дангаараа тийм хэмжээний хөрөнгө оруулаагүй. Компанийн хувьцааны нэрлэсэн үнэ, нэгжийн үнэ нь бодит үнэээс өөр байсан нь үнэн. 

 Монгол Улсын Иргэний хууль болон компанийн тухай хуульд зааснаар хөрөнгө оруулагч компани ашиггүй ажилласан гэх үндэслэлээр хөрөнгө оруулалтаа буцаан шаардах эрх байдаггүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж байна. Харин компанийн үйл ажиллагаа сэргэж ирээдүйд ашигтай ажилласан тохиолдолд Ч.Бд тодорхой ашиг хуваарилах талаар ярилцсан боловч “М” ХХК тодорхой үйл ажиллагаа явуулаагүй өнөөдрийг хүрсэн.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “М” ХХК-иас “2010 оны 8 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хоёр талын эрх бүхий хүмүүсийн хоорондын Тооцооны үлдэгдлийн баталгаанд дурьдсан 743.279.030 төгрөгийг гаргуулж өгнө үү” хэмээн дурдсан байна. Гэвч шаардлагын үндэслэл болж буй энэхүү баримтыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудын үнийн дүн нь хоорондоо давхацсан, тус баримтад хэн гарын үсэг зурсан эсэх нь тодорхойгүй, бэлэн мөнгөний зарлагын баримтуудад хариуцагч компанийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дараагүй байна. Түүгээр ч зогсохгүй Ч.Б нь анх иргэн Б.Эрдэнэсанаагаас компанийн хувьцааг худалдан авсан төлбөрийг тооцоонд оруулж “М” ХХК-иас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн компани болон нэхэмжлэгчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан харилцаа үүсээгүй тул  “М” ХХК-иас 743.279.030 төгрөг гаргуулах тухай Ч.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Б, Т.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Б болон Т.Б нарын хувьд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2011 онд гэрээ байгуулагдах үед “М” ХХК-ийн ажиллаж байсан төсөл амжилтгүй болсон, ашиггүй үйл ажиллагаатай байсан тул Ч.Б нь хариу төлбөргүйгээр хувьцаагаа М.Б болон Т.Б нарт бэлэглэсэн. Үндсэндээ компанийн хувьцаа 0 төгрөгт хүрч үнэгүйдсэн байсан. Талууд Бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг байгуулахдаа хүсэл зоригоо тодорхой, чөлөөтэй илэрхийлж байгуулсан ба аливаа хууль зөрчсөн зүйл байхгүй. Энэ талаар “М” ХХК-ийн 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэлд тодорхой туссан байдаг. Түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар шаардахад үндсэн хэлцэл өөрөө хүчин төгөлдөр, халхавчилж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхыг шаардана. Гэтэл талуудын байгуулсан гэх зээлийн гэрээ өөрөө мөн хүчин төгөлдөр бус гэрээ.  Уг зээлийн гэрээнд дурдсан хөрөнгийг нэхэмжлэгчээс хариуцагч нарт шилжүүлээгүй. Нэхэмжлэгч өөрөө ирээдүйд компани ашигтай ажиллавал надад өгөөрэй гэсний дагуу уг зээлийн гэрээг үйлдсэн байдаг.

Иймд талуудын хооронд 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн Хувьцаа бэлэглэх бэлэглэлийн гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ч.Б нь “М” ХХК, М.Б, Т.Б нарт холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 1.037.258.167 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 293.979.137 төгрөгөөр багасгаж,  М.Б, Т.Б нарт холбогдуулан 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-нүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар, хариуцагч “М” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 743.279.030 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодруулав.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэсанаагаас 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тус компанийн 75.000 ширхэг энгийн хувьцааг худалдан авснаар тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болж, улмаар компанийн дүрэмд өөрчлөлт оруулан улсын бүртгэлд бүртгүүлжээ. /1хх 30,31, 232-244/

Улмаар компаниас хувьцаа нэмж гаргах, хувьцаа эзэмшигч нэмэгдэх зэргээр хувьцаа эзэмшигчдийн тоо, эзэмших хувь хэмжээнд өөрчлөлт орж, улмаар нэхэмжлэгч  компанийн 49.96 хувийг эзэмших болсон, түүнчлэн өөрийн эзэмшлийн 49,96 хувийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигч болох М.Б, Т.Б нарт тус бүрт 24,98 хувиар тооцон шилжүүлэхээр 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Бэлэглэлийн гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-нүүдийг байгуулжээ. /1хх 35-39, 198-201/

Дээрх гэрээнүүд болон компанийн дүрмийн өөрчлөлтийг компанийн хувьцаа эзэмшигчдийн 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар хэлэлцэж, бүртгэх байгууллага 2012 оны 6 дугаар сарын 20-нд бүртгэснээр нэхэмжлэгч тус компанийн хувьцаа эзэмшигч биш болж, компаниас гарсан байх бөгөөд энэ үйл баримтуудад зохигчид маргаагүй. Мөн хувьцааны нэрлэсэн үнэ 100 төгрөг гэж гэрээнд тусгагдсан ч бодит үнэ өөр байсан, нэхэмжлэгч анх Б.Эрдэнэсанаагаас 50 хувийн хувьцааг 200.000.000 төгрөгөөр худалдан авсан гэдэг зохигчид маргаагүй болно. 

Мөн дээрх баримтаас гадна нэхэмжлэгч хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэсанаа, “М” ХХК нартай 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хувьцаа худалдах худалдан авах тухай гэрээнд гурван удаа нэмэлт, өөрчлөлт оруулж  2009 оны 1 дүгээр сарын 04-нд, 2009 оны 1 дүгээр сарын 28-нд, 2009 оны 2 дугаар сарын 05-нд тус тус гэрээ байгуулсан байна. /1хх 32-34/

Нэхэмжлэгч дээрх нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээнүүдийн огноо буруу бичигдсэн гэж тайлбарласныг хариуцагч нар үгүйсгээгүй, гэрээнд өөрчлөлт оруулж байсан гэдэгт маргаагүй. Дээрх гэрээний нэмэлт өөрчлөлтийг бүртгэх байгууллагад бүртгүүлээгүй гэдэгт мөн маргаагүй.

 

1.Хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч  Ч.Б нь М.Б, Т.Б нартай 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тохиролцож, тэдэнд 691.505.445 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүүгүй зээлэх, зээлдүүлэх тухай 01 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулжээ. /1хх 6,7/

Хариуцагч зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй тул гэрээ байгуулагдаагүй гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгээгүй.

Харин компанийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр үнэ төлбөргүй шилжүүлэх хүсэл зориг байгаагүй, эсрэгээрээ худалдах худалдан авах талаар амаар хэлцэл байгуулсан болох нь дээрх зээлийн гэрээ, гэрээнд дурдагдсан үнийн дүнгийн хэмжээгээр нотлогдоно гэж тайлбарлан “Бэлэглэлийн гэрээ”-нүүдийг “хууль зөрчсөн”, “өөр хэлцлийг халхавчилж хийсэн” хэлцэл гэж, “Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлав.

Компани ашиггүй болсны улмаас хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн нэхэмжлэгч өөрөө хувьцааг үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн, хууль зөрчөөгүй гэж хариуцагч татгалзлын үндэслэлээ тайлбарлав.

Нэхэмжлэгч дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулснаар шүүхээс эрх зүйн ямар хамгаалалт хүсч байгаа нь тодорхойгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлээс үүссэн үр дагаварыг хэрхэн арилгуулахаар мөн зүйлийн 56.5-д зааснаар шаардаагүй гэж тайлбарлаж байх тул шүүх энэ нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгов.

 

2.Зээлийн гэрээний үүрэгт 743.279.030 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Хэрэгт баримтаар нэг талаас “М” ХХК, нөгөө талаас Ч.Б нар 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцоо нийлж, нэхэмжлэгч компанид 743.279.030 төгрөгний хөрөнгө оруулсныг баталгаажуулж, акт үйлджээ. /1хх 46-48/ 

Нэхэмжлэгч дээрх актаар хувьцаанаас гадуур компанийн хөрөнгө оруулалтад зориулж зээлсэн зээлийн дүнг баталгаажуулсан, дээрх өрийг компанийн 2011 оны санхүүгийн тайланд тусгагдснаар нотлогдоно гэж тайлбарлав.

Хариуцагч дээрх актыг баримтад тулгуурлаагүй, эрхгүй этгээдтэй хийсэн, компани зээлээгүй, мөн дан ганц нэхэмжлэгчийн бус бүх хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө гэж маргав. Харин Ч.Б хувьцаа эзэмшигч байх явцдаа компанид тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулж байсан гэдгийг хариуцагч үгүйсгээгүй байна. Дээрх санхүүгийн баримтад хариуцагч байгууллагын тамга тэмдэг дарагдсан, түүнчлэн нягтлан бодогч Ж.Болортуяа тус компанид ажиллаж байсан гэдэгт хариуцагч шүүх хуралдаанд маргаагүй тул эрхгүй этгээдтэй хийсэн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

“М” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд “Нимм аудит” ХХК-иас шалгалт хийж, 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тайлан гаргажээ. Уг санхүүгийн тайлангийн 2-т 2010 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар компанид хувьцаа эзэмшигч нараас “нэмж төлөгдсөн капитал” нийт 293.622.120 төгрөг, үүнээс 49,96 хувийн хувьцаа эзэмшигч Ч.Бгийнх 146.025.000 төгрөг гэж тусгагдсан, компанийн 2011 оны бүтэн жилийн санхүүгийн тайлангийн 2.1.2.4-т урт хугацаат өр төлбөр хэсэгт 749.069.030 төгрөг гэж, 13-т “хөрөнгө оруулагчдаас оруулсан хөрөнгийг хөрөнгийг урт хугацаат өр хэлбэрээр бүртгэж байгаа, ... тайлант жилд хөрөнгө оруулагчдаас 749.069.030 төгрөгийн хөрөнгө оруулалт орсон” тухай тус тус дурджээ.  /2хх 112-142/

Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн буюу гаргасан нийт ... хувьцааны нэрлэсэн үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө” гэж, уг хөрөнгийн хэмжээг мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан арга, журмаар өөрчлөхөөр, түүнчлэн “Компанийн хувьцаанаас бусад үнэт цаас болон өрийг хувьцаагаар сольж болохоор” мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д тус тус заажээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд болон зохигчдын тайлбар, түүнчлэн Б.Эрдэнэсанаатай байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай гэрээнүүдэд өссөн дүнгээр 225.000.000 төгрөг нийт хөрөнгө оруулалтын дүн байхаар, үүнээс 20.000.000 төгрөгийг компанийн хувьцаанд хөрвөхөөр тусгагдсанаас үзвэл нэхэмжлэгч нь хувьцаанаас гадна компанид 205.000.0000 /225.000.000-20.000.000/ төгрөгний хөрөнгө оруулсан буюу компанид зээлсэн гэж үзэв.

Нэхэмжлэгч 743.279.030 төгрөг зээлсэн нь тооцоо нийлсэн актаар тогтоогдоно гэж тайлбарлаж байх боловч уг баримтын хавсралтыг хэн, хэзээ үйлдсэн нь тодорхойгүйгээс гадна бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримтуудаас 2010 оны 3 дугаар сарын 25, 5 дугаар сарын 08-ны өдрийн хоёр удаагийн нийт 22.000.000 төгрөгний баримт нэхэмжлэгчээс Б.Эрдэнэсанаад гэрээний төлбөр агуулгаар шилжүүлсэн, үлдэх баримтууд гуравдагч этгээдүүдээс ямар зорилгоор шилжүүлсэн тодорхой бус байх тул нэхэмжлэгчийн компанид зээлсэн хөрөнгө 743.279.030 төгрөг гэж үзэх боломжгүй. Акт баримтад тулгуурлаагүй гэсэн хариуцагчийн энэ тайлбар үндэслэлтэй гэж үзэв. /1хх 47-54/

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдаг ба гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заажээ.

Хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхлэн шаардах эрх үүсэхээр заасан, хэрэгт авагдсан баримтаар компани зээлийг хэзээ эргүүлэн төлөх талаар талууд тухайлан тохиролцсон баримтгүй тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д “төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдэгчийн шаардснаар зээлийг буцаан төлөх”-өөр зохицуулсныг баримтлан “төлөх хугацаа 5 жил байсан, уг хугацаа дуусч төлөөгүйгээс маргаан үүссэн, энэ нь М.Б, Т.Б нартай байгуулсан зээлийн гэрээний хугацаагаар тогтоогдоно” гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх буруутгах үндэслэлгүй. Хариуцагч хугацаа хэтэрсэн тухай тайлбараа нотлох дэмжих баримтыг шүүхэд ирүүлээгүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж дүгнэсэн болно.

Дээрхийг нэгтгээд “М” ХХК-иас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан 205.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар “М” ХХК-иас 205.000.000 /хоёр зуун таван сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Бд олгож, үлдэх 538.279.030 төгрөг болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.10-т заасан үндэслэлгүй тул Т.Б, М.Б нартай байгуулсан 2011 оны 10 сарын 15-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5.658.240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас 1.182.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ