Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/00132

 

 

............гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/01355 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1467 дугаар магадлалтай,

 

............гийн нэхэмжлэлтэй

............ХХК, ............, ............нарт холбогдох

 

............ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 743 279 030 төгрөг гаргуулах, ............, ............ нартай байгуулсан бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хэлцлээр шилжүүлсэн ............ХХК-ийн 49,96 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох замаар үр дагавар арилгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбатын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 743 279 030 төгрөгийг гаргуулах, хариуцагч ............, ............нартай байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа бэлэглэх болон компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус Иргэний хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, ............ХХК-ийн 49,96 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. ............ХХК-д ............ нь 743 279 030 төгрөгийг зээлсэн. Энэ нь тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт болон тус компанийн санхүүгийн тайлан, Аудитын дүгнэлт зэргээр нотлогдож байгаа. Компани уг мөнгөөр АНУ-ын Насдак ХХК-аас сургалтын материал болон бусад зүйлийг худалдан авсан гэж тайлбарладаг бөгөөд одоог хүртэл буцаан төлөөгүй. ............ нь өөрийн эзэмшлийн хувьцааг худалдах санал гаргасныг хариуцагч нар зөвшөөрсөн ба ............24,98 хувийн хувьцааны үнэ буюу 345 752 722 төгрөгийг, ............ 24,98 хувийн хувьцааны үнэ буюу 345 752 722 төгрөгийг тус тус ............д төлөхөөр тохиролцсон. Дээрх мөнгийг зээлийн гэрээ байгуулан 5 жилийн хугацаанд бүрэн төлөхөөр тохирсон бөгөөд хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхээр болсон. Улмаар бэлэглэлийн болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тусад нь байгуулж, зээлийн гэрээг мөн давхар байгуулсан.Хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан тул хувьцаагаа буцаан авахаар шаардсан. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг ............, ............ нараас нийт 49,96 хувийн хувьцааг буцаан гаргуулж, ............г............ХХК-ийн 49,96 хувьцаа эзэмшигчээр тогтоох замаар арилгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ............ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолно гэх ганц баримт болох Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт дээр бичигдсэнээр ............ нь ............ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч байхдаа компанидаа хөрөнгө оруулалт оруулсан болох нь тогтоогддог. Зээлийн гэрээ огт байгуулагдаагүй, оруулсан хөрөнгөндөө хувьцаагаа хөрвүүлж авсан. Хэргийн баримтаар ............ХХК болон ............ нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болох нь тогтоогддог. ............ хөрөнгө оруулалт гэж 743 279 030 төгрөгийг ............ХХК-д оруулсан болох нь нотлогдохгүй байгаа. Тооцоо нийлсэн баримтыг ............ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд үйлдсэн, уг баримтыг үйлдэхдээ нягтлан бодох бүртгэлийн баримтад үндэслээгүй, үнийн дүн нэрийг хараад гарын үсэг зурснаа гэрч Б.Одончимэг өөрөө хэлсэн, тухайн баримт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нийцэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох үнэн зөв баримт болж чадахгүй. Хөрөнгө оруулалтын болон зээлийн гэрээний аль нь ч байсан өнөөдөр Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгч шаардах эрхгүй. Хөрөнгө оруулалт байсан болох нь санхүүгийн тайлангаар ч нотлогдож байгаа тул ............ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ............, ............нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага хууль зүйн үндэслэлгүй. 2011 онд ............ХХК-ийн хэрэгжүүлсэн төсөл амжилтгүй болж, хувьцааны үнэ буурсан тул ............ өөрийн эзэмшлийн хувьцааг ............, ............ нарт үнэ төлбөргүйгээр шилжүүлэх гэрээг хийсэн. 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ хэрэгжсэн, энэ өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар бэлэглэлийн гэрээний дагуу хувьцаа шилжүүлж байгаа асуудлыг шийдвэрлэж, холбогдох бүртгэл хийгдсэн. ............, ............ нар нь шилжүүлэн авсан хувьцаагаа 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гуравдагч этгээдэд шилжүүлсэн, ............, ............нар тус бүртээ 21,55 хувийн хувьцаа эзэмшиж байгаа. Тиймээс 49,96 хувийн хувьцааг буцаан шилжүүлэх боломжгүй гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/01355 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.10, 56.5, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэлгүй тул............ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 743 279 030 төгрөг гаргуулах, ............, ............ нартай 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож,............ХХК-ийн 49,96 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай ............гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 658240 төгрөгөөс 4 155 146 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 1 503 094 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1467 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/01355 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалын хариуцагч ............, ............ нарт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нотлох баримтын тухайд: Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт хангалттай нотлох баримт цугласан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлт өгч шийдвэрлээгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэх хэсгээ анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн үг, өгүүлбэр, агуулгыг хуулж бичсэн, магадлалаа хууль зүйн үндэслэлтэй тайлбарлаагүй, хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэл, хариу тайлбар зэрэгтэй бүрэн танилцаагүй, хууль бус шийдвэр гаргасан байна. Тухайлбал: 1. Шийдвэр, магадлалд “...Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлээ нотолж байгаа “тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтад ............г төлөөлж Б.Одончимэг, “............” ХХК-ийг төлөөлж ня-бо Ж.Болортуяа нар гарын үсэг зурсан байх боловч уг баримтыг үйлдэхдээ тэд санхүүгийн болон холбогдох өөр бусад баримтад үндэслээгүй болох нь гэрч Б.Одончимэгийн “Ж.Болортуяа бэлэн маягт аваад ирсэн, байгууллага хоорондын баримтыг нийлүүлэхгүйгээр ............гийн нэрийг, үнийн дүнтэй хараад л ............г төлөөлж гарын үсэг зурсан. Нягталж үзээгүй зурсан гэж хэлж болно...” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон, хэрэгт энэ баримтыг дэмжсэн өөр бусад баримт авагдаагүй...” гэжээ. Гэрчийн мэдүүлгээс үзэхэд Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтын текстийн алдаатай, дутуу бичиглэлийг анзаарч хараагүй, харин ............гийн нэр, мөнгөн дүнг харсан гэсэн байгаа. Ингэж хэлсэн нь тэр баримтыг бүхэлд нь хараагүй, мөнгөн дүнг хараагүй, бодож үзэлгүй гарын үсэг зурсан гэсэн агуулга биш юм. Мэдээж хоёр талын нягтлан бодогч нар хоёр талын өгч авсан зүйлийг тус тусын баримтаар тус тусдаа нэгтгэн бодож, тусдаа мөнгөн дүн гаргасан байгаа. Гэрч Б.Одончимэгийн хувьд өөрийн бодсон мөнгөн дүн нь “............” ХХК-ийн нягтлан бодогч Ж.Болортуяагийн бодож, баримтад бичсэн 743 279 030 төгрөгтэй таарч байсан болохоор гарын үсэг зурсан. Гэтэл гэрчийн тайлбарыг дутуу үнэлж, буруу тайлбарлан, хараагүй гэх ганц үгээр хэрэгт хамааралтай, чухал нотлох баримтыг үгүйсгэж байгаа нь хууль, процессийн хуулийг зөрчиж байна. Мөн тооцооны үлдэгдлийн баталгааг дэмжсэн баримт хэрэгт авагдаагүй гэжээ. Холбогдох хууль, журмаар тооцооны үлдэгдлийн баталгаа бол хоёр талын олон удаагийн гүйлгээг нэгтгэж нэг баримт болгон тайланд тусгадаг чухал баримт. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь дээрх 743 279 030 төгрөгийг ............гээс авсан эсэх талаар маргаагүй, маргадаггүй, уг мөнгөн дүнг бүрэн хүлээн зөвшөөрдөг. Харин уг мөнгө нь хөрөнгө оруулалт байсан уу, зээл байсан уу гэсэн асуудлаар л маргаж байгаа. Гэтэл шүүхээс уг олон удаагийн үйл ажиллагааг нэг баримт болгон үйлдсэн уг тооцооны үлдэгдлийн баталгааг дахин нэмж нотлох баримтууд шаардлагатай гээд, хариуцагч нэхэмжлэгчийн маргаагүй зүйлийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж дүгнэхэд хүргэж байна. 2. Шийдвэр, магадлалд “...уг баримтад 743 249 030 төгрөгийг “хөрөнгө оруулалтаар оруулсан” гэснээс бус зээл гэж тэмдэглээгүй байх тул шүүх үг баримтыг нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг эргэлзээгүй нотлох үнэн зөв баримт гэж үзэх боломжгүй юм ...” гэжээ. Уг нотлох баримтаас үзэхэд шүүгчийн дурьдсан өгүүлбэр байх бөгөөд доод тал нь “төлбөрийн зарим хэсгийг хувь нийлүүлэгчдийн шийдвэрээр хувьцаагаар сольж, ...хэлбэрээр барагдуулахаар тохиролцов” гэсэн байгаа. Эндээс дүгнэхэд тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдэх үед ............, “............” ХХК хэн аль нь уг мөнгийг хөрөнгө оруулалт гэж ойлгон, Компанийн тухай хуульд зааснаар хөрөнгө оруулагчийн компанид оруулсан хөрөнгийг хувьцаанд хөрвүүлэх талаар бичсэн байгаа. Гэтэл хариуцагч нь уг хөрөнгө оруулалтыг хувьцаанд хөрвүүлээгүй учир ............д буцаан төлөх үүрэг хүлээсэн гэж нэхэмжлэгчийн зүгээс томъёолж шүүхэд нэхэмжлэл гаргасан байтал шүүх нь уг нотлох баримтыг үнэлэхдээ зөвхөн ганц үг, өгүүлбэрийг онцлон авч, зөвхөн нэг талыг барьж, эргэлзээ бүхий дүгнэлтийг өгсөн. Дээрхээс үзэхэд шүүгч нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугласан нотлох баримтыг бүхэлд нь шалгаж дүгнээгүй, зохигчдын тайлбар, түүнийг нотолсон нотлох баримтын уялдаа холбоог бүрэн дүүрэн ойлгоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчиж шийдвэрлэсэн байна. Хууль хэрэглээний хувьд: Шийдвэрийн хариуцагч ............, ............ нарт холбогдох хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 хэсэгт заасныг зөрчсөн байна. 1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Эрх зүйн үр дагавар бий болгосон бэлэглэлийн болон компанийн эрх шилжүүлэх гэрээнүүд нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасантай нийцэхгүй, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл мэт харагдах боловч...” гэжээ. Хэлцэл нь өөрөө ямар төрлийн харилцааг зохицуулсан хэлцэл гэдгээс шалтгаалан эрх зүйн өөр өөр үр дагаврыг бий болгож, шаардах эрхийг үүсгэж байдаг. Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан Бэлэглэлийн гэрээний зохицуулалт нь бэлэглэгчээс тодорхой хөрөнгийг бэлэг хүлээн авагчид хариу төлбөргүй шилжүүлэх гол агуулгатай. Тиймээс бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчаас хөрөнгийн хариу төлбөрийг шаардах хууль зүйн үр дагаврыг бий болгохгүй. Энэ нь өөрөө нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэж байгаа гол хууль зүйн зохицуулалт юм. ............ нь “............” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 49,96 хувийн хувьцааг хэн нэгэнд бэлэглэх ямар нэг сонирхол байгаагүй бөгөөд хувьцааг хариу төлбөртэйгөөр шилжүүлэх хүсэлтэй байсан. Үүний дагуу ............, ............ нар нь миний саналыг хүлээн авч надад хувьцааны хариу төлбөрт 691 505 445 төгрөгийг төлөхөөр тохиролцож, энэ дүнгээр Зээлийн гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч нь “............” ХХК-ийн хувьцааг 150 000 000 гаран төгрөгөөр худалдаж аваад, дээр нь 700 000 000 гаран төгрөгөөр үйл ажиллагааг нь дэмжиж, цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зарцуулж, гадаадын нэр хүндтэй компанийн программ, хангамж, үйл ажиллагааны төлөвлөгөө, сургалт зэргийг худалдан авч, үйл ажиллагаа явуулаагүй байсан компанийг босгосон байхад өөрийн хувьцаагаа хэн нэгэнд бэлэглэх ямарч хүсэл сонирхолгүй байсан нь тодорхой байгаа. Гэтэл шүүхээс дээрх ойлгомжгүй, эргэлзээ бүхий дүгнэлтийг хийж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. 2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хүчин төгөлдөр хууль бус хэлцэл мэт харагдах боловч агуулгын хувьд хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-т нийцэж байгаа тул хуулийн 56.2-т зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ” гэжээ. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 “Хүсэлт зоригийн илэрхийлэл нь нөгөө тал үүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээгээ, хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж тодорхойлон хариуцагчдаас хариу төлбөрөө шаардахад хариуцагч нар нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үйлдэл нь өөрөө Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 “Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тодорхойлно” гэж заасныг үүсгэж байгаа. Ийм байхад дээрх хуулийн зохицуулалтыг анхааралгүй хүсэл зоригийн илэрхийллийг шүүхээс хүчин төгөлдөр гэж дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдахаар заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэж заасан. Зохигчдын хувьд байгуулсан гэрээ нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээг халхавчилсан хувьцаа бэлэглэх гэрээ байдаг. Энэхүү гэрээнүүдийн аль аль нь эд хөрөнгө шилжүүлснээр байгуулагдах хэлцэл биш бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3, Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.8-д тус тус зааснаар бичгээр байгуулагдаж нотариатаар батлуулснаар хүчин төгөлдөр болдог. Гэтэл Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт заасан нь өөр эрх зүйн харилцааны хууль зүйн зохицуулалт байхад уг заалтыг баримталж хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж тодорхойлсон нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэжээ. Хариуцагч нар нь хүчин төгөлдөр бус хэлцлээ өөрсдөө хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байгаа учраас нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Гэтэл шүүхээс хуулийн дээрх заалтыг баримталж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. 3. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Иймд зохигчдын хооронд “............” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан, уг гэрээний дагуу ............ нь хувьцаа эзэмших эрхийг бэлэглэлийн гэрээг бичгээр байгуулах замаар ............, ............нарт шилжүүлэх, ............, ............нар нь худалдан авсан зүйлийн үнийг 2015 оны 9 сарын 1, 2016 оны 9 сарын 1-ний өдрүүдэд 2 хэсгээр буцаан төлөхөөр харилцан тохиролцож, үүнийг зээлийн гэрээг бичгээр байгуулах замаар баталгаажуулсан гэж үзнэ...”, “...Бэлэглэлийн болон компанийн эрх шилжүүлэх гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийг шилжүүлэхтэй холбоотойгоор хийгдсэн учир худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр...” гэжээ. Шүүхээс худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж тодорхойлоод, хариу төлбөрийг зээлийн гэрээ байгуулах замаар баталгаажуулсан гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс шаардах эрхээ хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй, хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу хариу төлбөрөө буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй эсэх нь эргэлзээтэй, маргаан бүхий дүгнэлтийг гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хэрэгт дурьдагдаж байгаа зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч уг шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхээс нэхэмжлэгчийг анхны шаардлагаасаа татгалзсан мэтээр дурьдагдсан байгаа. Иймд энэхүү шийдвэр нь нэхэмжлэгч эрхээ хамгаалуулахаар хувьцааны хариу төлбөрийг зохицуулсан Зээлийн гэрээтэй холбоотойгоор дахин шүүхэд нэхэмжлэл гаргахад саад болохоор байхад уг шийдвэр нь саад болох эсэх, хэрхэх нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн эрхийг шууд хөндсөн эргэлзээ бүхий шийдвэр гарсан. Иймд шийдвэр, магадлалтай хэргийг гомдлын дагуу хяналтын журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ............ нь хариуцагч ............ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 743 279 030 төгрөгийг гаргуулах, хариуцагч ............, ............ нарт холбогдуулан бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хэлцлээр шилжүүлсэн ............ХХК-ийн 49,96 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд бүрэн дүгнэлт өгөөгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх ба хэрэгт байгаа баримтын хэмжээнд залруулах боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

............ нь ............ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.Эрдэнэбат, Б.Эрдэнэсанаа нартай 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулан, 225 000 000 төгрөгийг төлснөөр тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болсон, /1хх 27-41/, үүний дараа 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ............той, мөн өдөр ............той тус тус бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн ............ХХК-ийн 49,96 хувийн хувьцааг ............, ............ нарт тэнцүү хэмжээгээр үнэ төлбөргүй шилжүүлсэн, /1хх 198-201/ хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлсэн, мөн өдрөө ............, нөгөө талаас ............, ............нар зээлийн гэрээ байгуулж, 691 505 445 төгрөгийг ............, ............нар 5 жилийн хугацаанд буцааж төлөх үүрэг хүлээсэн бичгийн гэрээнүүд хэрэгт авагджээ.

 

1.Анхан шатны шүүх 2011 оны 10 сарын 15-ны өдөр ............гийн ............, ............ нартай тус тусад нь байгуулсан бэлэглэлийн гэрээг дүр үзүүлсэн хэлцэл, үүний цаана хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, хувьцааны үнийг төлүүлэх зорилгоор мөн өдөр зээлийн гэрээ байгуулсан гэж үзсэн боловч нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаагүй тул эзэмшигчээр тогтоох боломжгүй гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаатай болсон, давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу байна.

Нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ “...өөрийн өмчлөлийн ............ХХК-ийн 49,96 хувийн хувьцаагаа ............, ............ нарт тус бүр 24,98 хувиар хувааж, худалдахаар тохирсон, ............, ............ нар тус тусын төлөх 345 752 722 төгрөгийг 5 жилийн хугацаанд төлөхөөр зээлийн гэрээ байгуулж, харин хувьцаагаа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, хариуцагч нар мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй, улмаар биелүүлэхгүй гэж байгаа тул хувьцаагаа буцаан авахаар шаардсан” гэж буюу хариуцагч нар төлбөрийг төлөөгүй тул хувьцаагаа буцааж авах гэх үндэслэлийг заасан атлаа гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийг гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, эрх зүйн хувьд хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл зөрүүтэй, ойлгомжгүй бол шүүх тодруулж, тодорхой болгох нь талуудын мэтгэлцэх эрхийг хангах нөхцөл болохоос гадна хэрэглэх хэм хэмжээг тодорхойлоход шууд хамааралтай. Нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан ба нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах үйл баримтыг шүүхэд мэдүүлсэн боловч зөв илэрхийлж чадаагүй тохиолдолд шүүх тодруулах үүрэгтэй юм.

 

2. Нэхэмжлэгч нь ............ХХК-иас хөрөнгө оруулалт буюу зээл 743 279 030 төгрөгийг шаардсан бол хариуцагч нь оруулсан хөрөнгөө хувьцаанд хөрвүүлсэн гэх тайлбарыг гаргасан байх ба шүүх зээлийн гэрээний дагуу үүрэг үүссэн эсэх, уг мөнгийг компаниас буцаан шаардах эрхтэй эсэхийг дүгнэсэн болохоос маргааны бодит үндэслэлийг анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ байгуулагдсан эсэхээс гадна нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө оруулалт 743 279 030 төгрөг гэдгийг талууд маргасан эсэх, уг хөрөнгө оруулалтыг хувьцаанд хөрвүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй эсэх талаар дүгнээгүй нь маргааны зүйлийг бүрэн тогтоож, чадаагүй гэж үзнэ.

 

3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ............, ............нар хувьцааны зарим хэсгээ бусдад шилжүүлж, тус бүртээ 21,55 хувийн хувьцаа эзэмшиж байгаа талаар тайлбар гаргасан, энэ талаарх бүртгэлийн баримт хэрэгт авагдсан байхад шүүх анхаараагүй, энэ талаар зохигчоос тодруулаагүй улмаар хуулийг хэрэглэхэд тодорхой бус үлджээ.

 

Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг тодруулаагүй байх тул талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааны талаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/01355 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ний өдрийн 1467 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 280 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                      ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                            Г.АЛТАНЧИМЭГ

                                ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА