Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 254

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.О даргалж, шүүгч Д.Ц, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/02448 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М” ХХК, М.Б, Т.Б-нарт холбогдох

 

Хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 1 037 258 167 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г,

Хариуцагч “М” ХХК-ийн өмгөөлөгч Н.Ц,

Хариуцагч М.Б, Т.Б--нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Хариуцагч М.Б, Т.Б--нарын өмгөөлөгч С.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн тогтоолоор баталсан дүрмээр Ч.Б- нь “М” ХХК-ийн хувьцааны 49.96 хувийг эзэмшдэг байсан. Өөрийн эзэмшлийн дээрх хувьцааг худалдах талаар Компанийн тухай хуульд заасны дагуу компанийн бусад хувьцаа эзэмшигч нарт санал болгоход Т.Б-, М.Б нар худалдаж авах санал гаргасан. Үүний дагуу Т.Б-, М.Б нартай уулзаж ярилцахад миний эзэмшлийн 49.96 хувийн хувьцааг нийт 691.505.445 төгрөгөөр үнэлж, Т.Б- хувьцааны 24.98 хувийг авч 345 752 722 төгрөгийг, М.Б хувьцааны 24.98 хувийг авч 345 752 722 төгрөгийг тус тус нэхэмжлэгч надад төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч Т.Б-, М.Б нар нь хувьцааны дээрх төлбөрийг Ч.Б- надад шууд төлөх боломжгүй байна, иймд 5 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулаад гэрээний дагуу төлбөрийг төлж барагдуулна, харин хувьцааг Бэлэглэх гэрээгээр шилжүүлье гэсэн. Энэ саналыг миний бие зөвшөөрч 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Т.Б-той “М” ХХК-ийн 24.98 хувийн хувьцааг бэлэглэх гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, М.Б-той “М” ХХК-ийн 24.98 хувийн хувьцааг бэлэглэх гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус байгуулж, харин хувьцааны хариу төлбөрийн хувьд мөн өдрөө Т.Б-, М.Б нартай 5 жилийн хугацаатай, хүүгүй 691 505 445 төгрөгийн Зээлийн гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгийг хариу төлбөргүй шилжүүлэх үүрэгтэй. Бэлэглэлийн гэрээгээр зөвхөн бэлэглэгч ямар нэгэн үйлдэл, тухайлбал эд хөрөнгийг шилжүүлэх гэх мэт үйлдэл хийх үүрэг хүлээх бөгөөд уг үйлдэлдээ бэлэг хүлээн авагчаас хариу төлбөр шаардахгүй. Эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр бэлэг хүлээн авагчид шилжүүлж байгаагаар бэлэглэлийн гэрээний үндсэн шинж тодорхойлогддог. Хариу төлбөр шаардахгүйгээр өөрийн өмч, эд хөрөнгийг бэлэг хүлээн авагчид шилжүүлж буй уг үйлдэл нь бэлэглэгчийн сэтгэлээс хийгддэг, бэлэг өгснөөрөө бэлэглэгч өөрөө сэтгэл ханамжтай байдаг. Гэтэл Ч.Б- би “М” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 49.96 хувийн хувьцааг хэн нэгэнд бэлэглэх хүсэл сонирхол байгаагүй бөгөөд хувьцааг хариу төлбөртэйгөөр шилжүүлэх хүсэлтэй байсан. Үүний дагуу Т.Б-, М.Б нар нь миний саналыг хүлээн авч надад хувьцааны төлбөрт 691 505 445 төгрөгийг төлөхөөр тохиролцож энэ дүнгээр Зээлийн гэрээг байгуулсан. Хэрхэн ямар зорилгоор хувьцаа худалдан авч байгаа тал Хувьцаа бэлэглэх гэрээ байгуулах болсныг миний бие мэдэхгүй бөгөөд тэдний хүсэлтийг үндэслэн би гарын үсэг зурсан. Одоо харин хариуцагч Т.Б-, М.Б нар нь хувьцааны хариу төлбөрийг төлдөггүй, миний зүгээс төлөхийг шаардахад бид таниас мөнгө аваагүй тийм учраас мөнгө төлөхгүй гэдэг. Хувьцааны үнийг төлөхгүй гэж байвал миний хувьцааг эгүүлэн өг гэж шаардахаар үгүй гэсээр Ч.Б- миний хуулиар олгогдсон эрхийг зөрчсөөр байна. Иймд Т.Б-, Ч.Б- нарын хооронд 2011 оны 10 сарын 15-ны өдөр байгуулсан “М” ХХК-ийн Хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, М.Б, Ч.Б- нарын хооронд 2011 оны 10 сарын 15-ны өдөр байгуулсан “М” ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ гэсэн энэхүү 4 гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Бүртгэлээс ирсэн лавлагаагаар Компанийн хувьцаа гуравдагч этгээдэд шилжсэн байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсоноор үр дагаврыг арилгуулах шаардлага гаргаагүй. Жич тусдаа гаргана. Мөн нэхэмжлэгч компанийн хувьцааг эзэмшиж байх үедээ 2010 оны 8 дугаар сарын 31-ний байдлаар компанид 743 279 030 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан байдаг. Үүнийг баталгаажуулж тооцооны үлдэгдлийн баталгааг талууд хийсэн байдаг. Уг баримт шаардлага хангасан хүчин төгөлдөр баримт юм. Мөн хэрэгт авагдсан тус компанийн 2011 оны санхүүгийн тайлан аудитын дүгнэлтэд компани бусдад 743 279 030 төгрөгийн өртэй болохыг баталгаажуулж дурдагдсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс уг мөнгийг компанид зээлдүүлсэн гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 743 279 030 төгрөгийг “М” ХХК-аас нэхэмжилж байна. Уг үнэ Т.Б-, М.Б нарт шилжүүлсэн хувьцааны үнэ болох 691.505.445 төгрөг хоёр хоорондоо хамааралгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 293 979 137 төгрөгийн хувьд татгалзаж байгаа гэжээ.

 

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б- нь “М” ХХК-ийн 49,96 хувийн хувьцаа эзэмшигч байсан гэдэгт маргахгүй. 2010-2011 онуудад “М” ХХК нь Ч.Б- болон бусад хэд хэдэн хувьцаа эзэмшигчээс компанид оруулсан хөрөнгө оруулалтаар шинэ төслийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Үндсэндээ Хөрөнгийн биржийн хувьчлалд оролцох зорилгоор тендерийн баримт бичгийг бүрдүүлсэн. Тухайн үедээ тендерт шалгарвал компанийн хувьцаа ирээдүйд ихээхэн хэмжээгээр өсөх боломжтой гэж үзсэн учраас Ч.Б- хөрөнгө оруулсан. Гэвч харамсалтай нь төрийн эрх бүхий байгууллагаас тендерийг зогсоосноор төсөл амжилтгүй болж компани дахин үйл ажиллагаа явуулаагүй. Нөхцөл байдлыг ойлгоод нэхэмжлэгч өөрөө хүсэл зоригоо илэрхийлээд компанийн хувьцааг үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгч 2010 оны 8 дугаар сард оруулсан хөрөнгө оруулалтаа шалгуулж аудитын дүгнэлт гаргуулж байсан. Тухайн үеийн бүх хувьцаа эзэмшигч нарын оруулсан хөрөнгийн хэмжээ ойролцоогоор 700 сая орчим гэсэн тайлан гарсан. Хэрэгт авагдсан компанийн санхүүгийн тайланд хөрөнгө оруулагч нараас оруулсан хөрөнгө 743 279 030 төгрөгийг өр төлбөр хэсэгт бүртгэсэн гэж бичигдсэн байгаа. Энэ нь дан ганц Ч.Б-гийн бус бүх хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө бөгөөд зээлсэн зээл биш. Нэхэмжлэгч дангаараа тийм хэмжээний хөрөнгө оруулаагүй. Компанийн хувьцааны нэрлэсэн үнэ, нэгжийн үнэ нь бодит үнэээс өөр байсан нь үнэн. Монгол Улсын Иргэний хууль болон Компанийн тухай хуульд зааснаар хөрөнгө оруулагч компани ашиггүй ажилласан гэх үндэслэлээр хөрөнгө оруулалтаа буцаан шаардах эрх байдаггүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж байна. Харин компанийн үйл ажиллагаа сэргэж ирээдүйд ашигтай ажилласан тохиолдолд Ч.Б-д тодорхой ашиг хуваарилах талаар ярилцсан боловч “М” ХХК тодорхой үйл ажиллагаа явуулаагүй өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “М” ХХК-аас 2010 оны 8 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хоёр талын эрх бүхий хүмүүсийн хоорондын Тооцооны үлдэгдлийн баталгаанд дурьдсан 743 279 030 төгрөгийг гаргуулж өгнө үү хэмээн дурдсан байна. Гэвч шаардлагын үндэслэл болж буй энэхүү баримтыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудын үнийн дүн нь хоорондоо давхацсан, тус баримтад хэн гарын үсэг зурсан эсэх нь тодорхойгүй, бэлэн мөнгөний зарлагын баримтуудад хариуцагч компанийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дараагүй байна. Түүгээр ч зогсохгүй Ч.Б- нь анх иргэн Б.Эрдэнэсанаагаас компанийн хувьцааг худалдан авсан төлбөрийг тооцоонд оруулж “М” ХХК-аас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн компани болон нэхэмжлэгчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан харилцаа үүсээгүй тул “М” ХХК-аас 743 279 030 төгрөг гаргуулах тухай Ч.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Б, Т.Б--нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Б болон Т.Б- нарын хувьд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2011 онд гэрээ байгуулагдах үед “М” ХХК-ийн ажиллаж байсан төсөл амжилтгүй болсон, ашиггүй үйл ажиллагаатай байсан тул Ч.Б- нь хариу төлбөргүйгээр хувьцаагаа М.Б болон Т.Б- нарт бэлэглэсэн. Үндсэндээ компанийн хувьцаа 0 төгрөгт хүрч үнэгүйдсэн байсан. Талууд Бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг байгуулахдаа хүсэл зоригоо тодорхой, чөлөөтэй илэрхийлж байгуулсан ба аливаа хууль зөрчсөн зүйл байхгүй. Энэ талаар “М” ХХК-ийн 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэлд тодорхой туссан байдаг. Түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар шаардахад үндсэн хэлцэл өөрөө хүчин төгөлдөр, халхавчилж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхыг шаардана. Гэтэл талуудын байгуулсан гэх зээлийн гэрээ өөрөө мөн хүчин төгөлдөр бус гэрээ. Уг зээлийн гэрээнд дурдсан хөрөнгийг нэхэмжлэгчээс хариуцагч нарт шилжүүлээгүй. Нэхэмжлэгч өөрөө ирээдүйд компани ашигтай ажиллавал надад өгөөрэй гэсний дагуу уг зээлийн гэрээг үйлдсэн байдаг. Иймд талуудын хооронд 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн Хувьцаа бэлэглэх бэлэглэлийн гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар “М” ХХК-аас 205 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б-д олгож, үлдэх 538 279 030 төгрөг болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.10-т заасан үндэслэлгүй тул Т.Б-, М.Б нартай байгуулсан 2011 оны 10 сарын 15-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5 658 240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-аас 1 182 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/02448 тоот шийдвэрийн хариуцагч Т.Б-, М.Б нарт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... нэхэмжлэгч дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулснаар шүүхээс эрх зүйн ямар хамгаалалт хүсч байгаа нь тодорхойгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлээс үүссэн үр дагаврыг хэрхэн арилгуулахаар мөн зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шаардаагүй гэж тайлбарлаж байх тул шүүх энэ нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгов“ гэжээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл нь анхнаасаа эрх зүйн ямар нэг үр дагаврыг бий болгодоггүй. Энэ агуулга нь нэхэмжлэлийн шаардлага байх бүрэн боломжтой байдаг. Нэхэмжлэгч шүүхэд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргахдаа заавал үр дагаврыг арилгуулах шаардлагыг хамтатган гаргах хууль зүйн зохицуулалт байхгүй юм. Өөрөөр хэлбэл, эхлээд хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж дараагийн нэхэмжлэлийн шаардлагаар уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тус тус тодорхой байхад 02448 тоот шүүхийн шийдвэрээр хууль бус байдпаар шийдвэрпэсэн байгаа нь иргэний шүүхэд мэдүүлэх эрх, нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болно. Мөн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж, тэрхүү шаардлага хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж, эцэслэн шийдвэрлэх учиртай Гэтэл шүүх таны нэхэмжлэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага байна, та энэ агуулгаас гадна дахиад Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар хамтатган нэхэмжлэл гаргах ёстой байсан, хамтатган нэхэмжлэл гаргаагүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь шүүгч хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, нэхэмжлэлийн шаардлагаас давсан агуулгаар шийдвэрлэсэн гэх үндэслэл болж байна. Иймд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/02448 тоот шийдвэртэй хэргийг гомдлын дагуу давж заалдах журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/02448 дугаартай шийдвэрээр нэхэмжпэгч Ч.Б-гийн 743 279 030 төгрөгийг “М” ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу 205 000 000 төгрөгийг хангаж нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох 538 279 030 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн “М” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 205 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Б-д гаргуулахаар шийдвэрлэсэн нь дараах байдлаар бүхэлдээ үндэслэлгүй байгаа тул энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

• Зээлийн гэрээ байгуулагдаагүй талаар:

Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгч Ч.Б-гээс 205 000 000 төгрөгийг зээлэх тухай зээлийн гэрээ байгуулж байгаагүй ба хэрэгт авагдсан баримтуудаас талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэдгийг нотлох баримт байдаггүй юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог Ч.Б- нь “М” ХХК-д 205 000 000 төгрөгийг зээлээр олгоогүй байх тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Тооцооны үлдэгдлийн баталгаанд хариуцагч байгууллагын тамга тэмдэг дарагдсан, түүнчпэн нягтлан бодогч Ж.Б тус компанид ажиллаж байсан гэдэгт хариуцагч шүүх хуралдаанд маргаагуй тул эрхгүй этгээдтэй хийсэн гэсэн хариуцагчийн тайлбар ундэслэлгүй гэж дүгнэжээ. Гэвч тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг “М” ХХК болон Ч.Б- нар үйлдсэн нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэгч талаас Н.О гэх хүн төлбөр авагч талаас гарын үсэг зурсан байдаг. Н.О гэгч нь нэхэмжлэгч Ч.Б-г төлөөлөх эрхтэй байсан эсэх, зохигчдын хооронд үүссэн маргаанд ямар хамааралтай болох нь тодорхойгүй энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй байхад тус баримтыг эрхтэй этгээд үйлдсэн гэж дүгнэсэн нь буруу болжээ. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Б.Э-тэй байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай гэрээнүүдэд өссөн дүнгээр 225 000 000 төгрөг нийт хөрөнгө оруулалтын дүн байхаар, үүнээс 20 000 000  төгрөгийг компанийн хувьцаанд хөрвөхөөр тусгагдсанаас үзвэл нэхэмжлэгч нь хувьцаанаас гадна компанид 205 000 000 төгрөгийн хөрөнгө оруулсан буюу компанид зээлсэн гэж үзэв' гэж дүгнэсэн байна. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, түүний нэмэлт өөрчлөлтүүд (х30-34) нь агуулгаараа зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн харилцаа үүссэн болохыг нотлох баримт биш юм. Ч.Б- нь 2010 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр тухайн үеийн “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Э-тэй Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, Ч.Б- “М” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдэж байсан юм. /1-р хавтасны 30-31, 2-р хавтасны 236-240). Тиймээс энэхүү гэрээ нь иргэн Б.Э болон Ч.Б нарын хооронд эрх, үүрэг үүсгэсэн шинжтэй болохоос “М” ХХК-д огтхон ч хамааралгүй юм. Мөн Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний нэмэлт өөрчлөлтүүд нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй (хэргийн 1-р хавтасны 30, 32-34) байгаа тул хүчин төгөлдөр гэж үзэхгүй. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Ч.Б- нь иргэн Б.Э-тэй байгуулсан гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөө “М” ХХК-аас нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг “М” ХХК-д 205 000 000 төгрөгийн зээл олгосон байгаа мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

•    Хөөн хэлэлцэх хугацааны талаар:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн "М.Б, Т.Б- нартай байгуулсан зээлийн гэрээний хугацаагаар тогтоогдоно" гэсэн тайлбарыг үндэслэл болгон нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж дүгнэсэн. Тус зээлийн гэрээ нь “М” ХХК-д огт хамааралгүй бөгөөд хоёр иргэнтэй байгуулсан гэрээний хугацаагаар “М” ХХК-д холбогдох шаардлагын хөөн хэлэлцэх хугацааг тооцсон байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч шаардлагаа 2010 оны зээлтэй холбоотой маргаан гэж тодорхойлж байгаа тул хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу 3 жилийн хугацаагаар тоолж Ч.Б-гийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2015 онд аль хэдийн дууссан байгаа юм.

Дээрхээс үзэхэд анхан шатны шүүхийн зээлийн гэрээний үүрэгт “М” ХХК-аас 205 000 000 төгрөгийг Ч.Б-д олгуулахаар шийдвэрлэсэн шийдвэр нь бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хүчингүй болгож Ч.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Б- нь анх 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр болох 691 505 445 төгрөг, гэрээний алданги 345 752 722 төгрөг, нийт 1 037 258 167 төгрөгийг хариуцагч М.Б, Т.Б--нараас гаргуулахаар нэхэмжилсэн байна. /1хх 1 дүгээр тал/

 

Улмаар нэхэмжлэгч 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “М” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргаж, 1 037 258 167 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 743 279 030 төгрөгийг “М” ХХК-аас, үлдэгдэл 293 979 137 төгрөгийг Т.Б-, М.Б нараас зээлийн гэрээний үүрэгт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, дараа нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч М.Б, М.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг мөн өдрийн 181/ШЗ2018/01787 дугаартай шүүгчийн захирамжаар баталсан байна. Шүүх 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00340 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283.1 дэх хэсэгт зааснаар “М ХХК-аас 743 279 030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 997 дугаартай магадлалаар хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаажээ. /1хх 71, 100, 103-106, 123-127 дугаар тал/

 

Мөн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “М” ХХК-аас 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгон хоёр талын эрх бүхий хүмүүсийн хоорондын тооцооны үлдэгдлийн баталгаанд дурьдсан 743 279 030 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр М.Б, М.Болд нарыг дахин хамтран хариуцагчаар татаж, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ч.Б-, Т.Б- нарын хооронд байгуулсан “М” ХХК-ийн 24.98 хувийн хувьцааг бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ч.Б-, М.Б нарын хооронд байгуулсан “М” ХХК-ийн 24.98 хувийн хувьцааг бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна. /1хх 133, 2хх71-72 дугаар тал/

 

Шүүх хариуцагч М.Б, Т.Б-нартай байгуулсан дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг шүүхээр шийдвэрлүүлэхээр шаардлага гаргаж байгаа үндэслэл нь тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, тэдгээр гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулснаар эрхээ хэрхэн сэргээлгэхээр шаардаж байгааг тодруулах шаардлагатай байжээ. Хэдийгээр анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч үр дагавар шаардаагүй гэж тайлбар гаргасан байх боловч, дээрх шаардлагатай холбоотойгоор дахин шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн зөрүүтэй тайлбар гаргасныг шүүх анхаарч үзээгүй байна. Тодруулбал, хүчин төгөлдөр бус хэлцэлтэй холбоотой үр дагаврыг арилгуулахаар тусдаа шаардлага гаргах талаар тайлбарлаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг тодруулж нэг мөр шийдвэрлэх ёстой. Хэрвээ хүчин төгөлдөр бус байх хэлцлээс үр дагавар үүсээгүй, нэхэмжлэгчийн эрх хөндөгдөөгүй тохиолдолд шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлтэй холбоотой шаардлагыг шийдвэрлэх эсэхэд дүгнэлт хийгээгүй байна.

 

Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг зөв бичилгүй, зөвхөн 1 037 258 167 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцсэн гэж заасан нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт шийдвэрлэсэн шаардлагатай зөрүүтэй байна. Энэ нь хэргийн оролцогчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Мөн анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-67.1.4-т заасан ажиллагааг зохих ёсоор хийсэн гэж үзэх боломжгүй. Учир нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т зааснаар хэргийн оролцогчдыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх бололцоогоор хангах буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нэхэмжлэгчтэй ярилцах хугацаа олгож өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байхад дээрх хуульд заасан ажиллагааг хийх, эвлэрэн хэлэлцэх боломжтой эсэх нөхцөл байдлыг тодруулах, боломж олгох шаардлагатай байжээ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй боловч энэ үүргээ өөрөө хэрэгжүүлэх боломжгүй тохиолдолд шүүхээр бүрдүүлүүлэхээр хүсэлт гаргахыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зохицуулжээ.

 

Үүний дагуу гэрч асуух ажиллагааг хэргийн оролцогч хийх боломжгүй учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан хүсэлтдээ Ч.Б-гээс “М” ХХК ямар зорилгоор мөнгө авсан, юунд зарцуулсан, хувьцаа эзэмшигч Т.Б-, М.Б нар компанийн өмнөөс нэхэмжлэгчид уг мөнгийг яагаад төлөх болсон, энэ талаар хувьцаа эзэмшигч нарын хооронд ямар яриа, хэлэлцээр болсныг тодруулах, зээлийн гэрээ байгуулахад Т.Б-, М.Б нарт компанийн хувьцаа эзэмшигч нарын зүгээс ямар нэг дарамт шахалт үзүүлсэн эсэхийг тодруулахаар “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Э, гүйцэтгэх захирал Ж.Э нарыг гэрчээр асуулгъя гэснийг шүүхээс 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 181/ШЗ2018/00496 дугаар захирамжаар хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна. /хэргийн 58-59, 63-65 дугаар тал/

 

Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гэрч асуулгах хүсэлт нь маргааны зүйлд хамааралтай, шүүх хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой юм. Тодруулбал, шүүх талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн болон тэдгээрийн эрх зүйн байдлыг хуульд заасан журмын дагуу зөв тодорхойлох нь холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглэх буюу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нөхцөл болох юм.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/02448 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгч Ч.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313 900 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 182 950 төгрөгийг тус тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.О

 

                                            ШҮҮГЧИД                                Д.Ц

                   

                                                                                             С.Э