Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 934

 

  Д.Д, Д.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Н.Мөнгөнсүх,

            шүүгдэгч Д.Д,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 641 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Энхтуяагийн бичсэн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаартай эсэргүүцлээр Д.Д, Д.Э нарт холбогдох эрүүгийн 1905023720724 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. ................................, 1978 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 49 дүгээр байрны 15 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /....................../;

            2. ..........................., 1969 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан Өлгий 36-567 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /......................../;

            Д.Д нь 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, баруун 4 замын орчим иргэн Д.Этай “машинаар шахлаа” гэж маргалдах явцдаа зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

            Д.Э нь 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, баруун 4 замын орчим иргэн Д.Дтай “машинаар шахлаа” гэж маргалдах явцдаа зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Д, Д.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: .......................... холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж, ........................ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Д нь торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Д торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Д, Д.Э нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, Д.Д гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Д, Д.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Прокурор Н.Энхтуяа бичсэн эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлдийн 1-д заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Учир нь, хавтас хэрэгт цугларсан хохирогч Д.Эын “...би гэрлэн дохион дээр очоод зогстол үгийн зөрүүгүй ирээд зүүн чих рүү гараараа нэг удаа цохисон ба гарыг нь бариад автал зүүн гарыг арагш дараад хоолой боох гээд байсан, чи яагаад хүн цохиж байгаа юм гэтэл дохио өгөөд явж чаддаггүй юм уу гээд дахиад гараараа нүүр рүү цохиод авсан...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Дын “...би машинаас буугаад явж очоод яаж яваад байгаа юм бэ гэхэд өөдөөс дайраад зуурсан, би цааш нь түлхсэн, гэтэл зүүн талын цамцнаас зуураад толгой руу гараараа 2 удаа цохисон, би зүүн гараараа мөр рүү нь нэг удаа цохисон, өөр зодоон цохион болоогүй...” гэх мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6675 тоот шинжээчийн “...Д.Эын биед уруулын няцарсан шарх, шүд суларсан, мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6741 тоот шинжээчийн “...Д.Дын биед тархи доргилт, баруун хацрын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Д.Эын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон байхад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Д.Эыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Д.Дын хохирогч болон яллагдагчаар өгсөн “...би машинаас буугаад явж очоод яаж яваад байгаа юм бэ гэхэд өөдөөс дайраад зуурсан, би цааш нь түлхсэн, гэтэл зүүн талын цамцнаас зуураад толгой руу гараараа 2 удаа цохисон, би зүүн гараараа мөр рүү нь нэг удаа цохисон, өөр зодоон цохион болоогүй...” гэх мэдүүлгийг няцаасан нотлох баримт хавтас хэрэгт байхгүй байхад Д.Эад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал...” гэх заалтыг зөрчсөн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол...”, 1.3-т “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол...” буюу хохирогч Д.Дын мэдүүлгийг анхаарч үзэлгүй дан ганц өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй яллагдагч Д.Эын мэдүүлгээр түүнийг цагаатгасан, мөн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд буюу яллагдагч нарын зөрүүтэй мэдүүлгийг буюу Д.Эын мэдүүлгийг авахдаа Д.Дын мэдүүлгийг үгүйсгэсэн талаар тогтоолд дурдаагүй зэрэг хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэрийг гаргасан байна. Мөн шийтгэх тогтоолын 1 дэх заалтад Д.Эад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийг хэрэглээгүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд Д.Д, Д.Э нарт холбогдох Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 641 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

            Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс Д.Эад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь заалтыг давхар баримтлах ёстой байсан. Хавтас хэрэгт цугларсан Д.Дын биед гэмтэл учирсан, мөн хохирогчоор өгсөн мэдүүлэг зэргийг үгүйсгэсэн талаар нотлох баримтыг дурдаж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн цагаатгагдсан этгээд Д.Эын мэдүүлэгт тулгуурлаж, түүнийг цагаатгасан нь буруу. Шүүгдэгч Д.Дын довтолсон үйлдэл төгссөний дараа Д.Э араас нь очиж гэмтэл учруулсан байдаг.” гэв.

 

            Шүүгдэгч Д.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх эмнэлэгт үзүүлэхэд Д.Эын үйлдлийн улмаас хацар хөхөрсөн, завьж бяцарсан байсан. Зургийг хавтас хэрэгт хавсаргаж өгсөн. Д.Э нь тухайн үед намайг хэл амаар доромжлоод байхаар нь тэвчээр алдагдаж, би машинаасаа буугаад хацар руу нь нэг удаа цохисон.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Д.Д нь 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, баруун 4 замын орчим иргэн Д.Этай “машинаар шахлаа” гэж маргалдах явцдаа зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Эын мэдүүлэг /хх 8-9/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6675 дугаартай дүгнэлт /хх 18/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Дын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэв.

Шүүгдэгч Д.Дын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь тохирсон байна.

Анхан шатны шүүх Д.Эын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, баруун 4 замын орчим иргэн Д.Дтай “машинаар шахлаа” гэж маргалдах явцад зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг аргагүй хамгаалалт гэж дүгнэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Хохирогч Д.Э нь Д.Дтай маргалдах болсон шалтгаан, өөрийн биед учирсан гэмтлийн талаар /хх 8-9/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6675 дугаартай дүгнэлт /хх 18/ болон гэрэл зураг /хх 69/ зэргээр давхар нотлогдсон байна.

Учир нь, шүүгдэгч Д.Д автомашинаасаа түрүүлж бууж Д.Эыг машиндаа сууж байхад нь довтолсон үйлдэл хийсэн бөгөөд энэ явдал үргэлжлэх явцад Д.Э өөрийгөө хамгаалан Д.Дын биед гэмтэл учруулсан нь Д.Эын хохирогчоор өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогджээ.

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Д.Эад холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 641 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад зохих өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурор Н.Энхтуяагийн бичсэн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаартай эсэргүүцлийн “...Д.Эыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй...” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, “...Д.Эад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийг хэрэглээгүй...” гэх хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 641 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “Хар дэлт овгийн Даваажавын Эрдэнэбатад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.” гэснийг “Хар дэлт овгийн Даваажавын Эрдэнэбатад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад тус тус зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурор Н.Энхтуяагийн бичсэн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаартай эсэргүүцлийн  “...Д.Эад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийг хэрэглээгүй...” гэх хэсгийг хүлээн авч, “...Д.Эыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй...” гэснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР                         

 

 ШҮҮГЧ                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

  ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ