Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2019/00225

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “БХ” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “НС ҮЦК” ХХК, Э.М нарт холбогдох

Гэрээний үүрэгт 340.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч “НС ҮЦК” ХХК-иас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат, хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтунгалаг, Г.Хулан, өмгөөлөгч Р.Болдбаатар, П.Еркебулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “БХ” ХК нь 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ““НС ҮЦК” ХХК-тай 1/8 дугаартай “Хөрөнгө итгэмжлэх гэрээ”-г байгуулж, 250.000.000 төгрөгийг уг компанид итгэмжлэн олгож, cap тутам тодорхой хэмжээний ашиг авахаар харилцан тохиролцсон байдаг. “Хөрөнгө итгэмжлэх гэрээ”-г “НС ҮЦК” ХХК-г төлөөлж тус компанийн арилжааны албаны ахлах Э.М гарын үсэг зурж, компанийн тэмдгээр баталгаажуулсан байдаг. Гэрээ байгуулагдах үед Э.Мд эрх олгосон тус байгууллагын 2013 оны 7 дугаар сарын 01, 05-ны өдрийн албан бичгийг бидэнд үзүүлсэн тул түүнийг төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгож гэрээг байгуулсан. “Хөрөнгө итгэмжлэх гэрээ”-ний 3.1-д заасан хөрөнгийг “БХ” ХК нь 4 удаагийн гүйлгээгээр бэлнээр болон “НС ҮЦК” ХХК-ийн арилжааны банкны дансаар дамжуулан бүрэн шилжүүлсэн байдаг. Тухайлбал: 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 50.000.000 төгрөг,  2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 102.000.000 төгрөг нийт 152.000.000 төгрөгийг “НС ҮЦК” ХХК-ийн Э.Мд бэлнээр хүлээлгэн өгч, тус байгууллагын тамга тэмдгээр баталгаажуулж баримт үйлдсэн.  Мөн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр үлдэх 98.000.000 төгрөгийг тус байгууллагын Худалдаа хөгжлийн банк дахь дансаар шилжүүлсэн.

Гэрээгээр мөнгийг дансаар шилжүүлэхээр тохирсон ч тухайн үед оны сүүл болж байсан тул дансны зарлагын гүйлгээ хаагдсан шалтгаанаар эхний 152.000.000 төгрөгийг бэлнээр авах хүсэлт гаргасны дагуу бэлнээр шилжүүлсэн.

“Хөрөнгө итгэмжлэх гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2-т “гэрээ хөрөнгийг шилжүүлснээс хойш 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр” байхаар, 4.2-т “хөрөнгийг захиран зарцуулснаас олсон үр шимийг нэг сард нийт хөрөнгийн 12 хувь буюу 30.000.000 төгрөг байхаар”, гэрээний 4.3-т “төлөх ашгийн хэмжээ зөвхөн 2013 оны 12 дугаар cap, 2014 оны 2 дугаар саруудад хөрөнгийн 8 хувь буюу 20.000.000 төгрөг байхаар” тус тус талууд харилцан тохиролцсон. Гэрээний хугацаанд манай компанид үндсэн хөрөнгөөс гадна ашигт тооцон нийт 340.000.000 төгрөг шилжүүлэх үүргийг хүлээсэн.

Үүний дагуу манайх энэ хугацаанд эхний гурван улирлын ашиг 250.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 2.700.000 төгрөг, нийт 252.700.000 төгрөгийг хүлээн авсан бөгөөд мөнгийг бүгдийг “Э.М” гэсэн нэрээр шилжүүлсэн байдаг.

Ингээд гэрээний хугацаа дуусч үлдэх сүүлийн улирлын ашиг болон үндсэн хөрөнгийг буцаан авахаар хандахад хариуцагч байгууллагаас 2014 оны 12 дугаар сарын 12-нд "манай байгууллагын нэрийг барьж, уг үйлдлийг хуурамчаар хийсэн, уг асуудал иргэн Э.Мтай холбоотой, манай байгууллагатай хамааралгүй” гэсэн утгатай албан бичгийг манайд ирүүлсэн.

Хариуцагч өөрийн байгууллагын тамга тэмдгийг ашигласан, хуурамч баримт үйлдсэн, эрхгүй этгээд байгуулсан гэж тайлбарладаг. Гэвч өнөөг хүртэл өөрийн ажилтан байсан Э.Мд холбогдуулан тухайн асуудлаар Цагдаагийн байгууллагад болон шүүхэд гомдол гаргаагүй байгаагаас үзвэл уг асуудлыг мэдэж байсан гэж үзнэ. Мөн байгууллагын дансаар мөнгө орохыг мэдээгүй гэдэг үндэслэлгүй. Харин хамтран хариуцагч Э.М ажил үүргийн хувьд гэрээнд оролцсон тул түүнд холбогдох шаардлагаас татгалзаж байна.

Иймд гэрээний хугацаа дуусгавар болсон тул итгэмжлэгдсэн хөрөнгө болох 250.000.000 төгрөгийг буцаан гаргуулна. Мөн гэрээний 4.2, 4.3-т заасны дагуу авах ёстой ашгийн үлдэгдэл 90.000.000 төгрөг гаргуулахаар анх нэхэмжилснийг багасгаж 62.760.000 төгрөг болгон бууруулж байна. Нийт 312.760.000 төгрөг гаргуулж өгнө үү. 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хөрөнгө итгэмжлэх гэрээ 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулах үед 2002 оны Үнэт цаасны зах зээлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Уг хуулиар үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага хөрөнгийн бирж, диллерийн арилжаа, хөрөнгө оруулалтын менежментийн болон хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр шууд үндсэн үйл ажиллагааны хүрээнд эрхлэхээр заасан байсан.

Гэрээ байгуулах үед “НС ҮЦК” ХХК нь үнэт цаасны зах зээл дээр брокер дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байсан болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа. Иймд хөрөнгө итгэмжлэх ажиллагаанд тусгай зөвшөөрөл шаардахгүй.  Харин 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй шинэ хуулиар хөрөнгө итгэмжлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийхээр заагдсан. Тэгэхээр гэрээ байгуулсанаас хойш эрх зүйн орчин өөрчлөгдсөн учраас, гэрээ байгуулах үед тусгай зөвшөөрөлгүй байсан, хууль зөрчсөн гэсэн үндэслэл үгүйсгэгдэнэ. Хоёрдугаарт энэ гэрээ Иргэний хуулийн 406 дугаар зүйлд заасан хөрөнгө итгэмжлэх харилцааны үндсэн дээр байгуулагдсан. Хөрөнгө итгэмжлэх гэрээг уг хуулиар 6 үндсэн шаардлагыг тавьсан байдаг. Нэгдүгээр итгэмжлэгч болон итгэмжлэгдэгч нар байх ёстой. Бичгээр хийнэ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “НС ҮЦК” ХХК бичгээр хийсэн бөгөөд итгэмжлэгдсэн өмчлөгч нь итгэмжлэгдсэн хөрөнгийг өөрийн нэрийн өмнөөс итгэмжлэгчийн зардал эрсдэлээр захиран зарцуулах үүрэгтэй. Итгэмжлэгчийн эрх ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулсаны улмаас түүнд учирсан хохирлыг төлөх үүргийг хүлээнэ гэсэн заалт байдаг. Хөрөнгө итгэмжилсний төлөө хөлс авахгүй. Итгэмжлэгдсэн хөрөнгөөр олсон орлого үр шимийг итгэмжлэгч өмчилнө гэсэн агуулга байгаа. Энэ 6 үндсэн агуулгын хүрээнд хийгдсэн гэрээ учраас гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна.

Мөн эрхгүй этгээд байгуулсан, хуурамч материал дээр үндэслэж гэрээ хийсэн гэдэг. Хэрвээ хуурамч бичиг баримт үйлдсэн бол энэ талаар шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаагүй. Ингэж шалгуулаагүй, цагдаагийн байгууллагад хандаагүй байж хуурамч бичиг баримт үйлдсэн гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй. Хэрэв хуурамч бичиг баримт үйлдсэн гэж үзвэл энэ нь “НС ҮЦК” ХХК нь өөрсдөө сонгон шалгаруулж аваад өөрсдөө Хөдөлмөрийн гэрээ байгуулсан өөрийнх нь ажилтны эс үйлдэл байна. Энэ үйлдэл нь “БХ” ХК-ийн оролцож хийсэн үйлдэл биш. Мөн энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасны дагуу нотлох шаардлагатай.

Э.Мтай гэрээ байгуулах үндэслэл болсон 2013 оны 07 дугаар сарын 01,  05-ны өдрийн Э.Мд эрх олгосон 2 албан бичиг байдаг. Энэ хоёр албан бичиг “БХ” ХК-д ирсэн албан тоот биш, харин “НС ҮЦК” ХХК-аас Санхүүгийн зохицуулах хороо руу явуулсан албан тоотын хуулбарыг бид нарт олгосон. Нэгэнт тамга тэмдэг дарсан, он сар дугаар тавьсан, холбогдох тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурсан албан тоотыг хүчин төгөлдөр эсэхийг шалгах эрх манайд байхгүй. Ийм сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч “НС ҮЦК” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Тус компани Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2007 оны 3 дугаар сарын 05-ны өдөр олгосон 03/06 Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.1-т үнэт цаасны брокерийн, 24.1.2-т үнэт дилерийн, 24.1.3-т үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй бөгөөд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.13-д хөрөнгө оруулалтын менежментийн тусгай зөвшөөрөлгүй, хөрөнгө итгэмжлэх тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй болно.

Тус компанид арилжааны брокероор ажиллаж байсан иргэн Э.М нь бичиг баримтыг хуурамчаар үйлдэн, бусдын гарын үсгийг дуурайлган зурж, Компанийн тухай хуулд зааснаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлж гэрээ байгуулах эрхгүй этгээд атлаа компанийн тамга, тэмдгийг ашиглан хууль бусаар компанийг төлөөлж “БХ” ХК-тай 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1/8 тоот Хөрөнгө итгэмжлэх гэрээг байгуулж 250.000.000 төгрөгийг авч ашигласан байна. Компанийн тухай хуулийн 83.8-д заасны дагуу гүйцэтгэх удирдлага нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхтэй байдаг. Гэтэл “НС ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагаас 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар Э.Мд итгэмжлэл болон компанийг хууль ёсоор төлөөлөх бүрэн эрхийг олгоогүй байсан.

“НС ҮЦК” ХХК-ийн Санхүүгийн Зохицуулах хороонд хандсан 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 65/13 тоот “Захиран зарцуулах этгээд томилох” тухай, 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 78/13 тоот “Гарын үсгийн баталгаа гаргах” тухай албан бичгүүд нь манай компанийн архивт байхгүй хуурамч албан бичиг байна. Тус албан бичгүүдэд болон гэрээнд “НС ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан гарын үсэг зураагүй, харин түүний гарын үсгийг дуурайлган зурсан.

Манай зүгээс 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 65/13, 78/13 тоот албан бичгүүдийг Санхүүгийн Зохицуулах хороонд явуулж байгаагүй байх бөгөөд, харин уг тоотуудаар ПРҮДЕНТ ТРАСТ, мөн ҮЦТТТХТ ХХК-д албан бичиг хүргүүлж байсан байна. 

 “БХ” ХК-иас Э.Мд бэлнээр152.000.000 төгрөгийг өгсөн гэх боловч бэлнээр өгсөн эсэх эргэлзээтэй. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Э.Мыг “НС ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон бөгөөд ингэснээр Э.М нь компанийн банкан дахь харилцах данснаас гүйлгээ хийх компанийн тамга, тэмдгийг ашиглах бүрэн эрхтэй болсон. Хөрөнгө итгэмжлэх үлдэгдэл төлбөр болох 98.000.000 төгрөгийг 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “НС ҮЦК”-ийн Худалдаа Хөгжлийн Банк дахь дансаар хүлээн авч хувьдаа ашигласан байна. Энэ нь “БХ” ХК-тай байгуулсан гэрээ, бэлэн мөнгө хүлээн баримт болон “НС ҮЦК” ХХК-ийн дансыг ашиглан үлдэгдэл төлбөрийг шилжүүлэн авсан байдал зэргээр нотлогдох боломжтой байна.

“БХ” ХК-иас Хөрөнгө итгэмжлэх гэрээний дагуу эхний 1, 2, 3 дугаар улирлын ашгийг хүлээн авснаа зөвшөөрсөн. Гэтэл “НС ҮЦК” ХХК-ний банкин дахь харилцах данснаас ашиг шилжүүлж байгаагүй, харин Э.Маас гэрээний ашиг гэсэн утгатайгаар шилжүүлгүүд хийгдэж байсан байна.

Мөн “БХ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2014 оны ээлжит хурлын материалд 2013 оны 10 сараас эхлэн “НС ҮЦК” ХХК-тай хамтран ажиллаж эхэлсэн, богино хугацаанд 15.200.000 төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд үүнээс үүдэн жилийн хугацаатай 250.000.000 төгрөгийн хөрөнгө итгэмжлэх гэрээ байгуулсан талаар дурдсан байна. Үүнээс харахад нэхэмжлэгч Э.Мтай 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө хамтран ажиллаж байсан, холбоотой байсан нь харагдаж байна. “БХ” ХК болон Э.М нарын хооронд байгуулагдсан Хөрөнгө итгэмжлэх гэрээ нь манай компанитай ямар ч холбоогүй бөгөөд талууд гэрээнээс үүдэлтэй маргаандаа манай компанийг татан оролцуулж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “БХ” ХК-тай байгуулсан гэх 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/8 тоот Хөрөнгө итгэмжлэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан итгэмжлэгдсэн хөрөнгийг зөвхөн хөрөнгийн зах зээл дээр үр ашигтай хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагааг болон хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан компани хэрэгжүүлэх эрхтэй байдаг.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.5, 15.3-д зааснаар үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаастай холбоотойгоор хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлэхээр зохицуулсан байдаг. Мөн өмнөх Үнэт цаасны зах зээлийн тухай 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан хуулийн 19, 20 дугаар зүйл, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Хороо олгохоор заасан. Санхүүгийн зохицуулах хорооны 2006 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 29 дүгээр тогтоолын хавсралтаар батлан гаргасан Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай журмын 1 дүгээр зүйлийн 1.6-д үнэт цаасны зах зээлд тусгай зөвшөөрөлгүйгээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулахыг хориглодог.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулахаар зохицуулж өгсөн байдаг.

Гэтэл тус компанид арилжааны брокероор ажиллаж байсан Э.М эрх, мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж “НС ҮЦК” ХХК-ийн бланк, тамга тэмдэг, бичиг хэргийн дугаарыг ашиглаж 2013 оны 7 дугаар сарын 01,05-ны өдрийн албан бичгүүдийг хуурамчаар үйлдэн, гэрээ байгуулах эрхгүй мөртлөө зөвшөөрөлгүйгээр “БХ” ХК-тай 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1/8 тоот Хөрөнгө итгэмжлэх гэрээг байгуулж, компанийн дансыг ашиглан 250.000.000 төгрөгийг авч Форекс арилжаанд өөрийн хувийн дансаараа дамжуулан оролцож хувьдаа ашигласан байна. Гэрээнд Б.Баярсайхан гарын үсэг зураагүй гэдэгт нэхэмжлэгч маргаагүй тул эрхгүй этгээд гэдэг нь нотлогдоно. Мөн дээрх хуурамчаар үйлдсэн гэрээ болон албан тоотууд нь манай компанид байхгүй бөгөөд “БХ” ХК-аас 2014 оны 12 дугаар сард манай компанид хандаж дээрх баримтуудын хуулбарыг ирүүлснээр бид мэдсэн болно.

Э.М нь тус компанид арилжааны брокероор ажиллаж байгаад 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллахаар болж компанийн тамга тэмдгийг хүлээн авсан байдаг. Гэтэл түүнээс өмнө үйлдсэн хуурамч албан тоот болон гэрээнд компанийн тамга, тэмдгийг дарсан байгаа байдлаас харахад тухайн баримтуудыг нөхөж хийсэн байх магадлалтай. Э.Мын хуурамчаар байгуулсан гэрээнд зааснаас харвал мөнгийг компанийн дансанд 2 хоногийн дотор шилжүүлэхээр зохицуулсан байх атлаа бэлнээр авч, өгөлцсөн байх бөгөөд компанийн тамга тэмдэгийг шилжүүлэн аваагүй байх үедээ мөнгөний баримтад компанийн тамга, тэмдгийг ашиглан дарсан, үүрэг гүйцэтгэгч болсноос хойш компанийн дансыг ашиглах боломжтой болмогц компанийн дансаар үлдэгдэл мөнгө зэргийг авсан байгаа нь гэрээг нөхөж хийсэн байх магадлалтайг харуулж байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан “хууль зөрчсөн”, “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн” хэлцэл гэж үзэх үндэслэлтэй тул “Хөрөнгө итгэмжлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу Э.Мд 250 сая төгрөг шилжүүлж, 252.700.000 төгрөг буцаан авсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар гэрээний дагуу өгсөн, авсан зүйлээ харилцан буцаасан гэж үзэж байна гэв. 

 

Хариуцагч Э.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эрдэнэ овогтой Мөнхзул миний бие “НС ҮЦК”-д ажиллаж байх хугацаандаа “БХ” ХК-тай 250.000.000 төгрөгийн “Хөрөнгө итгэмжлэх гэрээ”-г нэг жилийн хугацаатай байгуулан ажилласан. Гэрээнд зааснаар үндсэн итгэмжилсэн хөрөнгө болох 250.000.000 төгрөгийг ашиглан Олон Улсын Валютын Арилжаанд оруулж олсон ашгийг улирал тутамд 90.000.000 төгрөг “БХ" ХК-д, үлдсэн ашгийг “НС ҮЦК”-д оруулж байсан. Гэрээний дагуу "БХ" ХК-д эхний 3 улирлын байдлаар 252.700.000 төгрөгийг ашгийг бүрэн өгсөн байдаг.

Гэвч 2014 оны сүүлээс дэлхийн эдийн засгийн хямрал тохиолдож дэлхий нийтээр сая сая арилжаачид дампуурсны адил миний арилжаа мөн хаагдаж дампуурсан. Тиймээс сүүлийн 90.000.000 төгрөгийг, үндсэн хөрөнгө болох 250.000.000 төгрөгийг төлөх боломжгүй болсноо зарласан. Гэвч "БХ" ХК-ийн 2015 оны 10 дугаар сард гаргасан нэхэмжлэлд "НС ҮЦК” өөрийн гэсэн арилжааны дансгүй учир бүх арилжаа миний хувийн дансаар хийгдэж байсан намайг ажлаас гарснаас хойш арилжаагаар мөнгө босгох чадамжгүй, мөн "БХ" ХК-тай гэрээнээс өмнөх хэд хэдэн удаагийн амжилттай арилжаа хийлцэж байсан итгэлцлийг нэхэмжилсэн хөрөнгийн тодорхой хувийг барагдуулахаа хариу тайлбартаа бичиж өгч байсан. Гэвч энэ хэрэг 2016 оны 7 дугаар сард хаагдсан учир төлбөр төлөх үүрэг үүсээгүй. Одоогоор миний санхүүгийн байдлаар нэхэмжилсэн дүнг барагдуулах боломжгүй байна гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

           

            Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч “БХ” ХК  нь “НС ҮЦК” ХХК, Э.М нарт холбогдуулан гэрээний үүрэгт 340.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч компани нэхэмжлэлийг эс зөвшөөрч талуудын хоорондох 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Хөрөнгө итгэмжлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргав.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хамтран хариуцагч Э.Маас гэрээний үүргийн биелэлт шаардахаас татгалзаж байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Э.Мд холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа 312.760.000 төгрөг болгон багасгаж байх тул шүүх энэ хэмжээгээр тооцон шийдвэрлэх нь зүйтэй.

Нэг талаас “БХ” ХК, нөгөө талаас “НС ҮЦК” ХХК нар 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр харилцан тохиролцож, Итгэмжлэгдсэн өмчлөгч нь итгэмжлэгчийн эрх ашиг сонирхолд нийцүүлэн зөвхөн хөрөнгийн зах зээлд үр ашигтай хөрөнгө оруулалт хийх замаар хөрөнгийг захиран зарцуулах, сар тутам гэрээний дагуу тохиролцсон ашгийг тооцон шилжүүлэх, Итгэмжлэгч нь хөрөнгө болох 250.000.000 төгрөгийг өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэйгээр нэг жилийн хугацаатай 1/8 тоот “Хөрөнгө итгэмжлэх гэрээ”-г байгуулж, талуудын хооронд Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.1-т заасан харилцаа үүсчээ. /1хх 8-15/

Дээрх гэрээний эхний хуудаст “НС ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баярсайхан гэж гарын үсэг зурсан байх боловч уг гарын үсэг Б.Баярсайханых биш, харин арилжааны албаны ахлах Э.М төлөөлж зурсан гэдэгт зохигчид маргаагүй.

Мөн гэрээний дагуу нэхэмжлэгч нь “НС ҮЦК” ХХК-ийн ажилтан Э.Мд 152.000.000 төгрөгийг бэлнээр, хариуцагч байгууллагын дансаар 98.000.000 төгрөгийг нийтдээ 250.000.000 төгрөг шилжүүлсэн, түүнчлэн гэрээний дагуу ашигт тооцон нийт 252.700.000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн авсан гэдэгт тус тус маргаагүй.

Хариуцагч дээрх хэлцлийг “хууль зөрчсөн”, “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн” үндэслэлээр эс зөвшөөрч, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардав.

Хариуцагч байгууллагыг төлөөлж хэлцлийг тус байгууллагын ажилтан  Э.М байгуулсан байх бөгөөд Э.М эрхгүй байхдаа хэлцлийг хийсэн гэж тайлбарлав.

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар зэргээс үзвэл хэлцлийг төлөөлж хийсэн этгээд болох Э.М тус байгууллагад арилжааны албаны ахлахаар ажиллаж байсан, 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс тэрээр тус байгууллагын гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон, түүнчлэн хариуцагч байгууллагын дансаар дээрх хөрөнгийн тодорхой хэсгийг шилжүүлснийг тус байгууллага мэдэх бүрэн боломжтой байсан байх тул нэхэмжлэгч нь Э.Мыг төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон хэлцлийг байгуулсныг буруутгах боломжгүй.

Мөн арилжааны ахлах Э.М компанийн нэрийн өмнөөс арилжааны банк дах хөрөнгийг захиран зарцуулах, хөрөнгийн зах зээлд арилжаа хийх тухай бүрт Компанийн эрх бүхий этгээдээс тухайлсан эрх олгодог гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлаж байх боловч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгагдаагүй байна. Мөн албан бичгүүдийг хуурамчаар үйлдсэн, компанийн тамга, тэмдгийг гэрээ болон мөнгө хүлээн авсан баримтуудад хууль бусаар ашигласан тухай тайлбараа нотлоогүй.

Иймд хариуцагч хэлцлийг “зохих этгээдийн зөвшөөрөлгүй” хийсэн үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардсан нь үндэслэлгүй.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд

тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрлийг хуулиар нэрлэжээ. Ийнхүү тогтоохдоо банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагаанаас “үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх”, “хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах”, “хөрөнгөөр баталгаажсан үнэт цаастай холбоотойгоор хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх”-д тусгай зөвшөөрөл шаардахаар мөн зүйлийн 15 дугаар зүйлийн 15.3.5, 15.3.6, 15.3.8-д тус тус заасан байна. Хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.5-д заасан ”үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх” ажиллагааны хувьд уг заалтыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулж, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлжээ. Харин мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.6, 15.3.8-д заасан тусгай зөвшөөрлөөр эрхлэх ажиллагааны төрөлд “хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах”, “хөрөнгөөр баталгаажсан үнэт цаастай холбоотойгоор хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх” тухай зохицуулалтыг мөн хуульд нэмэлт оруулах тухай 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмж, 2011 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байна.

            Хэрэгт авагдсан “НС ҮЦК” ХХК-ийн 9011270096 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл хэлцэл хийгдэх үед хариуцагч үнэт цаасны зах зээл дээр брокер дилер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх, мөн үнэт цаасны зах зээлд андерратерын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байсан болох нь тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй болно.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1-д “зөвхөн хөрөнгийн зах зээл дээр үр ашигтай хөрөнгө оруулалт хийх”-ээр тусгаж, хөрөнгийн зах зээлийн ямар чиглэлд зориулж хөрөнгийг итгэмжилсэн талаар гэрээнд нарийвчлан тусгагдаагүй байна. Иймд шүүх хариуцагч байгууллагыг “хөрөнгөөр баталгаажсан үнэт цаастай холбоотойгоор хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх” эрхгүй хэрнээ нэхэмжлэгчтэй хөрөнгийн зах зээлд хөрөнгө итгэмжлэх тухай хэлцлийг байгуулсан байна гэж үзэв.

Иймд “БХ” ХК, “НС ҮЦК” ХХК нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан дээрх хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар “хууль зөрчсөн” хүчин төгөлдбөр бус байх хэлцэл гэж дүгнэн, энэ үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Талуудын хоорондох хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон тул хариуцагчаас гэрээний үүрэгт 312.760.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх”-өөр зохицуулсан, нэхэмжлэгч хэлцлийн дагуу хариуцагчид 250.000.000 төгрөг шилжүүлж, 252.700.000 төгрөг буцаан авсныг дурдав.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 406 дугаар зүйлийн 406.1-д заасныг баримтлан “БХ” ХК, “НС ҮЦК” ХХК нарын хоорондох 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Хөрөнгө итгэмжлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, “НС ҮЦК” ХХК-иас гэрээний үүрэгт 312.760.000 төгрөг гаргуулах тухай “БХ” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Э.Мд холбогдох шаардлагаас нэхэмжлэгч “БХ” ХК татгалзсныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.857.950 төгрөг, хариуцагчаас төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70.200 төгрөг гаргуулж хариуцагч  “НС ҮЦК”-д олгосугай.

4.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн  2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШЗ2017/02824, 2017 оны 3 дугаар сарын 29-ний  өдрийн 181/ШЗ2017/04655 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                   

 

 

ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ