Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00173

 

2019           02            12                                          001/ХТ2019/00173

 

 

 

Л.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01782 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1997 дугаар магадлалтай,

 

Л.Бын нэхэмжлэлтэй

Б.Х-ад холбогдох

 

Нэр төр алдар хүндэд халдаж, тараасан мэдээллүүдийг залруулах, уучлал хүсэхийг даалгах, иргэний нэр төр, алдар хүндээ сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Б.Х нь С1 телевизийн сурвалжлагч н.Мгийн хөтөлдөг Цэнзургүй яриа нэвтрүүлэгт болон Улсын Их Хурлын аюулгүй байдал гадаад бодлогын хорооны хуралдаанд оролцохдоо нэхэмжлэгчийг маш олон удаа шалгаж байсан, БНАСУ-ын Прокурорын газраас 300 000 ам.доллар нэхэмжилсэн бичиг ирж байсан, түүнээс болж Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос улсад 2 хүн цаазлуулсан гэж Л.Бын иргэний нэр төр, алдар хүндэд халдсан худал мэдээлэл тараасан. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж тус тус заасан. Иймд хариуцагч, Б.Хаас нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндэд халдаж, тараасан худал мэдээллүүдийг залруулах, уучлал хүсэхийг даалгах, иргэний нэр төр, алдар хүндийг сэргээлгэх хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэх хэсэгт Б.Х нь С1 телевизийн сурвалжлагч Н.Мгийн хөтөлдөг Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцохдоо Л.Бын иргэний нэр төр, алдар хүндэд халдсан худал мэдээлэл тараасан гээд хүмүүсийн хооронд нэгэн зүйлийн талаар ярьсан асуулт, хариултыг нэг бүрчлэн бичсэн байна. Нэхэмжлэлийг үзэхэд нэхэмжлэгч яг хэзээ С1 телевизээр гарсан нэвтрүүлэгт Б.Х оролцож Л.Бын талаар хэрхэн ямар, ямар асуудлыг олон нийтэд мэдээлснээр түүний нэр төр, алдар хүндэд халдсан талаар нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагад тодорхой, ойлгомжтой дурдаагүй байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт байхаар хуульчилсан. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлээ ойлгомжгүй байдлаар гаргасан гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаа тодорхой болгосон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын дагуу нотлох баримттай тайлбар гаргаж өгнө. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бын гаргасан нэхэмжлэлд тодорхой дурдаагүй ойлгомжгүй шаардлагуудыг хариуцагч хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Иймд Б.Х нь нэхэмжлэгч Л.Бын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээллийг олон нийтэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан гэх үндэслэлгүй, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн хуульд заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг зөрчсөн тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01782 дугаар шийдвэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар Л.Бын нэр төр, алдар хүндийг сэргээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагч Б.Хад даалгаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1997 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01782 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. ...Бидний зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох дээрх үндэслэлүүд байхгүй хэмээн үзэж байна. 1. ИХШХШТХ-ийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн гэх тухайд: Давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ Магадлалын 4 дэх хэсэгт “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь БНАСУ-ын Төв прокурорын газраас Элчин сайдын яамаар дамжуулан 300 000 ам.доллартай холбоотой бичиг гаргуулах хүсэлтийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ИХШХШТХ-ийн 38.6 дахь хэсэгт заасан “шүүхээс ... нотлох баримт бүрдүүлэх” журмыг зөрчсөн байна. Уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагч тал дээрх баримтын хуулбарыг нэвтрүүлэг болон хуралдаанд үзүүлсэн нь үзлэгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд гадаад улсад байгаагаас өөрөө олж авах боломжгүй гэж үзэх үндэслэлгүй” гэх дүгнэлтийг хийжээ. Өөрөөр хэлбэл, хуулбар баримтыг үзүүлсэн гэх нөхцөл байдал нь уг баримтыг өөрөө олж авах боломжгүй нотлох баримт биш гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь, ... бичгийн нотлох баримтад тавигдах хуулиар тогтоосон шаардлагыг хангахгүй гэх дүгнэлтийг хийсэн. ИХШХШТХ-ийн 38.6 дахь хэсэгт “... өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй ... тохиолдолд ... шүүх бүрдүүлнэ” гэж, 39.1 дэх хэсэгт “Хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай бол зохигчийн хүсэлтээр шүүх ... тухайн улсын зохих байгууллагад хандаж болно” гэж тус тус заасны дагуу Монгол улсад байхгүй нотлох баримтыг шүүх зохигчийн хүсэлтээр гадаад улсаас бүрдүүлэх ажиллагаа хийх юм. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн БНАСУ-ын Төв Прокурорын газраас нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй эсэхийг дүгнэхэд гаргуулахыг хүсч буй баримт нь Монгол Улсад байхгүй эсэх нь чухал ач холбогдолтой. Хэрэв тус баримт Монгол Улсад байхгүй нөхцөлд гадаад улсаас нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай болно. Гэвч. дараах хоёр үндэслэл, баримтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гадаад улсаас гаргуулахыг хүсч буй тус баримт нь Монгол улсад байгаа болох нь тогтоогддог. (1) Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус хүсэлтийг шийдвэрлэх 2018 оны 6 сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны үед тус баримт нь Монгол Улсын Авлигатай тэмцэх газарт байгаа тухай тайлбарлаж байсан. Мөн давж заалдах шатны шүүх хуралдааны явцад тодруулахад хариуцагчийн өмгөөлөгч, ч итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь мөн адил тус баримт Авлигатай тэмцэх газарт байгаа тухай тайлбарлаж байсан. Өөрөөр хэлбэл, тус баримт нь Монгол Улсад байхгүй (баримт биш гэдэгтэй тэд маргадаггүй. (2) Хариуцагч нь Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцохдоо “Энэ бол одоо сая Тагнуулын ерөнхий газарт нууц мууц бүртгэлтэй юм юу ч байхгүй (Нууцлал бүхий баримт биш болохыг хэлсэн А.Б) Хойд Солонгосын Элчин сайдын яамны хүн надад гараараа өгсөн. Та туслаад өгөөчөө бид нар энэ нөхрөөс 300 000 доллар авьяа гээд гэж, сэтгүүлчийн “энэ тэгээд одоо нөгөө Солонгосоос ирсэн бичиг юм уу” гэх асуултад хариулахдаа “Мөн. Би энэ чигээр ямар нэгэн бүртгэл бүртгэлгүй Авлигатай тэмцэх газарт энэ оны 6 сард Солонгосын ерөнхий прокуророос ирсэн бичиг. Энэний орчуулга нь энэ байна. Орчуулган дээр юу гэж байна гэхээр ... Энэ бичиг ингээд надад ирсэн.” гэж хэлсэн. Дээрх хоёр тайлбар, баримтаас дүгнэхэд хариуцагч өөрөө болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь Хойд Солонгос улсаас гаргуулахыг хүсч буй баримт нь Монгол Улсын Авлигатай тэмцэх байгууллагад байгаа талаар маргадаггүй. Мөн нэвтрүүлэгт оролцохдоо хариуцагч нь “тус баримтын хуулбар нь байна” гэж хэлээгүй, өөрт нь Солонгос хэл дээрх хувиас гадна Монгол хэл рүү орчуулсан хувь нь байгаа тухай хэлсэн байна. Харин ч “Солонгосын элчин сайдын яамны хүн надад гараараа өгсөн” гэж хэлснээс нь дүгнэвэл тус улсын эрх бүхий албан тушаалтан эх хувиар нь өгсөн тухай ярьсан байна. Шүүхэд нотлох баримт цуглуулах тухай хүсэлт гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус баримтын зөвхөн хуулбар хувь байгаа тухай ч тайлбарлаагүй. Иймд шүүхийн дүгнэсэн “хариуцагчид хуулбар баримт буюу нотлох баримтын шаардлага хангахгүй хувь нь байсан байна” гэх дүгнэлт үндэслэлгүй юм. Түүнчлэн, нэгэнт тус баримт Монгол Улсад байгаа тухай хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь маргадаггүй тул ИХШХШТХ-ийн 38.6, 39.1 дэх хэсэгт заасан гадаад улсаас нотлох баримт бүрдүүлэх шаардлага үүсээгүй юм. Хариуцагчийн өөрийнх нь хэлж байгаагаар тус баримт нь Монгол Улсын АТГ-т байсан, нууцын бүртгэлтэй биш бол шүүхийн журмаар бүрдүүлэх бус өөрөө цуглуулах боломжтой баримт юм. АТГ-с хариуцагч, түүний төлөөлөгч авах боломжгүй байсан ч гадаад улсаас гаргуулах үндэслэл болохгүй бөгөөд АТГ-с гаргуулахаар хүсэлт гаргах боломжтой. Тийм боловч хариуцагч тус нотлох баримтыг өөрөө шүүхэд гаргаж өгөөгүй, АТГ-с гаргуулахаар хүсэлт гаргаагүй юм. Иймд анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй. 2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн гэх тухайд: Давж заалдах шатны шүүхийн зүгээс энэ тухай дараах дүгнэлтийг хийсэн. Үүнд; Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч оролцох боломжгүй тухайгаа мэдэгдэж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Уг хүсэлтэд Х.Бямбасүрэнгийн ах Х.Нямдорж нас барсан, буяны ажилд оролцож байгаа болохоо дурдаж, өөрт байгаа боломжит материал буюу Прокурорын газрын бичиг хавсарган ирүүлсэн байгаагаас үзэхэд төрөл садангийн хүн нас барсан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарч болно. Гэтэл ...түүнийг шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаагүйгээс ИХШХШТХ-ийн 25.1.2-т заасан шүүх хэргийн оролцогч, зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох, ...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх талаар ИХШХШТХ-ийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасан зарчим зөрчигдсөн гэж үзнэ гэж тайлбарласан. Шүүхийн тус дүгнэлт нь дараах байдлаар үндэслэлгүй дүгнэлт юм. Давж заалдах шатны шүүх тус асуудлыг “хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарч болно” гэж заасан нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуралдаанд оролцоогүй шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байгааг үгүйсгээгүй хэрэг юм. Мөн ИХШХШТХ-ийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 25.1.2-т заасан бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад оролцох эрх нь зөрчигдсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь тус эрхийг зөвхөн шүүх хуралдаанд оролцох замаар эдлэхгүй. Шүүх хуралдааны бус үед тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх боломжтой тул хуралдаанд оролцохгүй байснаар тус эрх нь шууд зөрчигдөнө гэж үзэх үндэслэлгүй. Иргэний хэрэг үүсгэснээс хойших 3 сарын хугацаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нотлох баримт гаргаж өгөх, тайлбар гаргах бүрэн боломжтой байсан. Иймд тус эрхүүд нь зөрчигдөөгүй юм. Түүнчлэн, ИХШХШТХ-ийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны үед нотлох баримт гаргаж өгөх нөхцөлд урьд нь гаргаж өгөөгүй байх хүндэтгэн үзэх шалтгаантай байх шаардлагатай. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч урьд нь нотлох баримт гаргаж өгөөгүй хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй. Иймд урьд нь нотлох баримт гаргаж өгөөгүй хүндэтгэн үзэх шалтгаангүй атал давж заалдах шатны шүүхийн зүгээс түүний нотлох баримт гаргаж өгөх эрх зөрчигдсөн гэж дүгнэж буй нь үндэслэлгүй юм. Харин хуралдаанд биечлэн оролцох, үг хэлэх эрхийг давж заалдах, хяналтын шатанд ч хэрэгжүүлэх боломжтой тул үүнийг ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлгүй. ИХШХШТХ-ийн 165.1.5 дахь хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн нөхцөлд анхан шатны шүүх рүү хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай заасан. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хүсэлт нь ч баримтын шаардлага хангахгүйн зэрэгцээ тус баримтад дурьдсан хүн түүний төрөл, садан, хамаарал бүхий хүн болох талаар ямар ч баримтгүй байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эрүүгийн чиглэлээр өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг өмгөөлөгч тул Мэдэгдэх хуудсанд дурьдсан асуудал нь түүний өмгөөллийн үйлчилгээ үзүүлж буй хэрэг байх бүрэн боломжтой гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Б.Хад холбогдуулан нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээллийг залруулах, уучлал хүсэхийг даалгах, нэр төр, алдар хүндээ сэргээлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...БНАСУ-ын Төв прокурорын газраас Элчин сайдын яамаар дамжуулан ирүүлсэн 300 000 ам.доллартай холбоотой бичгийг гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь Иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай байж болохоор байхад түүнийг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь мэтгэлцэх эрхийг хязгаарласан...” гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

 

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зохицуулсан хэм хэмжээг зөв тайлбарласан боловч хэрэгт байгаа баримтаас үзвэл анхан шатны шүүхийг ноцтой зөрчил гаргасан гэж буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжтой байна.

Шүүх нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэхдээ уг баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэх дүгнэлтэд хүрэх учиртай.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчийн талаар уг мэдээллийг нийтэд хүргэхдээ бодит байдалд нийцсэн болохыг өмнө нь тогтоосон, өөрт байгаа баримт эсвэл баттай эх сурвалжид тулгуурлах ёстой бөгөөд албан тушаалын бүрэн эрхтэй холбоотой илэрсэн баримтыг шүүхээр бүрдүүлэх хүсэлт гаргасныг хангаагүй анхан шатны шүүхийн шийдлийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

Б.Х нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр УИХ-ын байнгын хорооны хуралдаан дээр, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлгээр ярилцлага өгөх явцдаа “...Л.Б нь АТГ-т олон удаа шалгагдаж байсан, хойд Солонгост зэвсэг зарах гэж байгаад 300 000 ам.доллар авсан, хойд Солонгос улсын Прокурорын газраас 300 000 ам.доллар нэхэмжилсэн бичиг ирсэн, нэхэмжлэгчээс болж 2 хүн хойд Солонгос улсад цаазлуулсан, найзынх нь хүүхдүүд асуудалд орсон, Батлан хамгаалах яамны сайд байхдаа хууль зөрчиж техникийн нөхцөлгүйгээр орон сууц бариулсан...” талаар мэдээлэл хийсэн байна.

 

Уг мэдээлэл бодитой, үнэн болохыг хариуцагч баримтаар нотолж чадаагүй ба тухайн мэдээлэл нь Л.Бын нэр төр, алдар хүндийг гутаасан агуулгатай тул шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд, хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглэж, нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар бусдын нэр төр гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотлох үүрэгтэй. Иргэний алдар хүнд нь нэр төртэй салшгүй холбоотой, нэр төр нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил хэрэг, мэргэжлийн зэрэг хувийн байдалтай салшгүй холбоотой юм. Бодит байдалд нийцээгүй мэдээллийг бусдад тараасан, мэдээлэл нь иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд сөргөөр нөлөөлсөн бол уг мэдээллийг тараасан этгээд залруулж, бусдын зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэгтэй болохыг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.9-д заасан байна.

 

Буруутай этгээд уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр үндэслэлгүй мэдээллээ  няцаах үүрэгтэй ба уг үйлдлийг хийснээр уучлалт гуйсан, буруугаа хүлээсэн байдал илэрхийлэгдэх тул “уучлалт гуйхыг даалгах” нь бие даасан шаардлага болохгүй, өөрөөр хэлбэл хүний зан суртахуун, өөрийн хүсэл зоригоор хийх асуудлыг албадан хийлгэж болохгүй юм.

 

Анхан шатны шүүх зохигчийн эрхийг хязгаарлаагүй, мэтгэлцэх эрхийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулжээ. Зохигч шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээ эдлээгүй тохиолдолд шүүхийг буруутгах үндэслэлгүй бөгөөд хэргийг дахин хянан хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1997 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01782 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

 

        ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА