Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 346

 

 

 

 

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2019/00346

        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.Г-ын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: “С” ХХК -д холбогдох,  

 

Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу төлсөн 259.567.919 төгрөг буцаан гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулахыг даалгах, 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2010/01 дугаар худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний 1.1 дэх заалтын “нийтийн эзэмшлийн талбайн хамт” гэх хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, өмгөөлөгч А.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.   

    

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, өмгөөлөгч А.Б нар  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Т.Г нь “С” ХХК-тай 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Пийс таур оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 1 дүгээр давхрын 1 тоот 201.52 м.кв хэмжээтэй үйлчилгээний талбайг 418.960 ам.доллараар худалдан авахаар худалдаа, үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан бөгөөд гэрээний агуулгаас харвал талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Захиалагч гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж талбайн төлбөр болох 418.960 ам.долларыг бүрэн төлсөн. Харин “С” ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлын үр дүнг 2013 оны 08 дугаар сард захиалагчид хүлээлгэн өгсөн боловч талбайн хэмжээ нь гэрээгээр тохирсон 201.52 м.кв байхаас 50.76 м.кв-аар дутуу байсан буюу 150.76 м.кв талбайг хүлээлгэн өгсөн болох нь “Ш” ХХК-ийн хэмжилт хийсэн дүгнэлтээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, хариуцагч Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан ажил гүйцэтгэгчийн үүрэг болох захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүнг шилжүүлэх, мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т гүйцэтгэгч нь 1.1-т дурдсан барилгыг 1 дүгээр давхрын 1 тоот 201.52 м.кв-ыг иж бүрэн чанар, сайтай барьж, 2013 оны 1 дүгээр улиралд багтаан хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгнө гэсэн заалтыг зөрчиж захиалагчид биет байдлын доголдолтой ажлын үр дүнг шилжүүлсэн. Талууд дээрх талбайн зөрүүтэй асуудлаар 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тавьсан хүсэлтийн дагуу зөвшилцсөний эцэст хариуцагч “С” ХХК нь захиалагчид доголдолтой ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч түүнд илүү төлсөн мөнгийг нь буцаан өгөхөөр болж улмаар 5.000.000 төгрөгийг Т.Г-д буцаан шилжүүлсэн боловч үлдэх хэсгийг өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй. Харамсалтай нь “С” ХХК миний илүү төлсөн мөнгийг өгөхийн оронд залилан мэхлэх аргаар шүүх болон хуулийн байгууллага, нэхэмжлэгч нарт хүндрэл учруулсан явдлыг дурдвал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эсэргүүцэн санаатайгаар Стандартчиллын үндэсний зөвлөлд холбогдуулан 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан орон сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандарттай холбоотой нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасны дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа гэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү уг захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж залдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 6710 дугаартай шүүгчийн захирамж, 221/ШТ2016/0584 дугаартай шүүхийн тогтоолыг тус тус гаргаснаар “С” ХХК-ийн шударга бус үйлдэл хийж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Мөн нэхэмжлэгч Т.Г 2016 оны 10 дугаар сарын 11, 11 дүгээр сарын 28-ны өдрүүдэд нэхэмжлэл гаргахад 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн, мөн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрүүдийн тус тусын шүүхийн шийдвэрт “С” ХХК-ийн хаяг тодорхойгүй шалтгаанаар нэхэмжлэлийг буцаасан. Иргэний хуулийн 206.1, 350.1.6, 352.2.3-т заасныг тус тус үндэслэн худалдаа үйлчилгээний захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээгээр захиалагчтай барьж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон 201.52 м.кв талбайгаас дутуу хүлээлгэн өгсөн 50.76 м.кв талбайн үнэ 105.530 ам доллар буюу 259.567.919 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ гарснаар баталгааждаг. Гэтэл хариуцагчаар гүйцэтгүүлсэн барилгын талбайд өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй буюу өмчлөх эрх баталгаажаагүй. Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлсийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй тул барилгыг бидний өмчлөлд шилжүүлж, баталгаажуулж өгөх нь ажил гүйцэтгэгч “С” ХХК-ийн үүрэг юм. Иймд тус үл хөдлөх эд хөрөнгийг 150.76 м.кв талбайн хэмжээгээр улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулахыг “С” ХХК-д даалгаж өгнө үү. Үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ бодит байдлаас их байснаар бид үл хөдлөх эд хөрөнгийн татвар илүү төлөх, дулаан, ашиглалтын зардал гэх мэт зардлыг илүү төлж цаашид олон жилийн хугацаанд хохирох үр дагавартай байх болно. Түүнчлэн зохигчдын хооронд барилгын талбайг хүлээлгэж өгөх ажил гүйцэтгэх гэрээ анх 2008 онд байгуулагдсан. Ингэхдээ гэрээний 1.1 дэх хэсэгт барилгын талбайн хэмжээг тодорхойлохдоо нийт 201.52 м.кв гэж заасан бөгөөд нийтийн эзэмшлийн талбайн хамт гэж заагаагүй байсан байна. Хожим “С” ХХК-ийн ажилтнууд гэрээний үнийн дүнд НӨАТ нэмэгдэж байгаа тул гэрээг өөрчлөх шаардлагатай гэж анхны гэрээг авч 2010 оны 2010/1 дугаар бүхий гэрээг өгсөн. Ингэхдээ зөвхөн НӨАТ-тай холбоотой нэмэлт орсон гэж өгсөн бөгөөд гэрээний 1.1 дэх заалтад нийтийн эзэмшлийн талбайн хамт гэж үл мэдэгдэх байдлаар оруулж, энэ тухай нэхэмжлэгчид хэлээгүй. Дээрх байдлыг нэхэмжлэгч Т.Г болон тухайн үед гэрээг байгуулж байсан хүнээс асууж тодруулж, “С” ХХК-ийн бусад иргэн, хуулийн этгээдүүдтэй байгуулж байсан ажил гүйцэтгэх гэрээ, тэдгээртэй холбоотой шүүхийн шийдвэрүүдийг судлах замаар олж мэдлээ. Иймд гэрээний тус хэсэг нь хууран мэхэлж хийсэн хэлцэл болон ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хийсэн хэлцэлд хамаарна гэж үзэж байна. Бид дээрх асуудлаар Peace tower барилгаас талбай худалдаж авсан бусад иргэн, хуулийн этгээдээс тодруулах замаар тэдгээрийн ихэнхэд нь дээрх хууран мэхлэлт явагдсан болохыг олж мэдсэн. Тодруулбал “С” ХХК нь анх гэрээ байгуулахдаа барилгын талбайд нийтийн эзэмшлийн талбайн хамт гэх заалт байхгүй байсан бол хожим гэрээг өөрчилж байна гэж анхны гэрээг авч, гэрээг дахин өгөхдөө дээрх заалтыг үл мэдэгдэх байдлаар оруулж, захиалагчдыг хууран мэхэлсэн байна. Зарим хүмүүсийн хувьд гэрээнд нийтийн эзэмшлийн хамт гэж нэмэлт оруулж чадаагүй боловч барилгын талбайд нь нийтийн эзэмшлийн талбайг оруулж, цэвэр талбай болон нийтийн эзэмшлийн талбайн үнийг тусад нь тохиролцож гэрээ байгуулсан байна. Зарим захиалагчийн анхны гэрээг олж үзэхэд гэрээний 1.1-т барилгын талбайг тодорхойлохдоо нийтийн эзэмшлийн талбайн хамт гэж бичигдээгүй байна. Мөн барилгын талбай захиалагч нартай уулзаж тодруулахад бидний гэрээнд анх нийтийн эзэмшлийн талбайн хамт гэсэн заалт байгаагүй. Үүнийг сүүлд нэмж оруулж биднийг мэхэлсэн байна гэж тайлбар өгсөн. Түүнчлэн “С” ХХК-д холбогдуулан барилгын талбай захиалагчдын гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдэд ч дээрх нөхцөл байдал тодорхой харагдаж байна. Дээрх байдлаар “С” ХХК нь анх нийтийн эзэмшлийн талбайг худалдах талбайд оруулж тооцолгүй захиалагч нартай гэрээ байгуулж байсан боловч барилгын ажлын явцад барилгын талбайд нийтийн эзэмшлийн талбайг оруулан тооцож, энэ байдлаас ашиг хийх, алдагдалгүй гарах үүднээс нийтийн эзэмшлийн талбайн хамт гэх заалтгүйгээр гэрээ байгуулсан хүмүүсийг хууран мэхэлж, гэрээг нь өөрчлөх, хожим гэрээ байгуулсан хүмүүстэй барилгын дундын талбайг цэвэр талбайгаас бага үнээр тохирч худалдсан болох нь тогтоогдож байна. Түүнчлэн Иргэний хуулийн 142.1-142.4 дэх заалтууд, 148.1.2 дахь заалт болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1.1 дэх заалтын дагуу барилгын талбайн дундын өмчлөлийн талбайг хүний хувийн өмчлөлд шилжүүлэхээр  гэрээний 1.1 дэх хэсэгт заасан нь хууль зөрчсөн хэрэг юм. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлийг чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй. Гэтэл барилгын дундын өмчлөлийн талбайг хэн нэгэн чөлөөтэй захиран зарцуулах боломжгүй, харин Иргэний хууль болон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дээрх заалтуудын дагуу сууц өмчлөгч бүхэн ашиглах эрхтэй байна. Иймд гэрээний холбогдох заалт нь Иргэний хуулийн 101.1 дэх заалтыг мөн адил хууль зөрчсөн хэлцэл юм. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч нь нийтийн эзэмшлийн талбайг хашиж авбал барилгын болон галын аюулгүй байдлын норм дүрэм зөрчигдөх болохыг тогтоосон болно. Иймд зохигчдын хоорондын гэрээний 1.1 дэх заалтын нийтийн эзэмшлийн талбайн хамт гэх хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэв.

  

Хариуцагч “С” ХХК, түүний төлөөлөгч Д.Б, Б.Г, өмгөөлөгч Э.У нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний 1.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ шаардлагыг гэрээ байгуулахаас өмнө хоёр тал харилцан тохиролцож гэрээндээ оруулсан бөгөөд талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн өмчлөх эрхийн гэрчилгээг гэрээгээр тохиролцсон хэмжээгээр гаргаж өгнө. Нэхэмжлэгч манай компанид талбай дутсан талаар хандаж байгаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл төлбөр тооцоо ч бүрэн дуусаагүй байгаа. Харин ч 2008 онд Т.Г гэрээ хийсэн талаар үндэслэлгүй худал ярьж байгаад гомдолтой байна. Миний бие Т.Г-д мөнгө шилжүүлсэн зүйл ч байхгүй. Харин уг талбайг өмнө нь худалдан авч гэрээ цуцалж байсан гэх “Хөх шугам” ХХК-д төлбөр шилжүүлж байсан. Энэ тухай мэдэгдэж байсныг андуурч Т.Г-д шилжүүлсэн гэж тайлбарлаж байх шиг байна. Мөн нийтийн эзэмшлийн талбай худалдан авсан тухай заалтыг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

          Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Т.Г нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу төлсөн 259.567.919 төгрөг буцаан гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулахыг даалгах, 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2010/01 дугаар худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний 1.1 дэх заалтын “нийтийн эзэмшлийн талбайн хамт” гэх хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна. 

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

Зохигчдын хооронд 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2010/01 тоот худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч Т.Г нь Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Пийс тауэр оффис үйлчилгээний зориулалттай барилгын 1 дүгээр давхрын 1 тоот хаягт байршилтай 201.52 м.кв /нийтийн эзэмшлийн талбайн хамт/ талбайг 418.960 ам.доллараар захиалах, хариуцагч “С” ХХК нь дурдсан талбайг чанар сайтай бүрэн барьж 2013 оны 1 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ /хх2-160-162/.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай анх 2008 онд гэрээ байгуулсныг гэрээний үнийн дүнд нэмэгдсэн өртгийн албан татвар нэмэгдэж гэрээг өөрчлөх шаардлагатай үндэслэлээр хариуцагч хураан аваад буцааж өгөөгүй гэж тайлбарлаж байх ба хэрэгт 2008 оны 10 дугаар сараас эхлэн гэрээний төлбөрийг хүлээн авсан хариуцагчийн кассын орлогын баримтууд /хх1-82-84/ авагдсан байх тул шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэстэй гэж дүгнэв. 

 

Талууд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Пийс таур оффис, үйлчилгээний зориулалттай барилга баригдаж эхлэх үед дээр дурдсан хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаас үзэхэд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч гэрээний үнэ 418.960 ам.долларыг хариуцагчид бүрэн төлсөн гэж шүүхэд тайлбарлаж, хариуцагч байгууллагын кассын орлогын баримтуудыг нэхэмжлэлдээ хавсаргасныг төлбөр бүрэн төлөгдөөгүй гэж хариуцагч маргаж байх хэдий ч уг татгалзалтай холбоотой баримтаа шүүхэд гаргаагүйн дээр дурдсан баримтуудыг үгүйсгээгүй /хх1-6-14/.

 

Иймээс нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлын хөлсийг хариуцагчид төлөх үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэв.

 

Мөн хариуцагчийн барьсан барилгыг улсын комиссын 2013 оны 07 дугаар сарын 24-ний 01/51/2013 тоот актад байнгын ашиглалтад оруулахыг зөвшөөрснөөр /хх1-150-152/ нэхэмжлэгч үйлчилгээний талбайг 2013 оны 08 дугаар сараас эзэмшиж байгаа үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээний 1.1-д үйлчилгээний талбайг 201.52 м.кв /нийтийн эзэмшлийн талбайн хамт/ гэж тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс “нийтийн эзэмшлийн талбайн хамт” гэснийг Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.1-142.4, 148 дугаар зүйлийн 148.1.2 дахь хэсэгт заасан дундын өмчлөлийн зүйлийн зохицуулалтыг зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус нөхцөл, мөн хариуцагч 2010 онд ажил гүйцэтгэх гэрээг шинэчлэн байгуулахдаа уг заалтыг нэхэмжлэгчид үл мэдэгдэх байдлаар оруулж хууран мэхэлсэн, ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр бусад тооцох нөхцөл, үүнээс гадна хариуцагч 201.52 м.кв талбайгаас 50.76 м.кв талбайг дутуу хүлээлгэн өгсөн, мөн нийтийн эзэмшлийн талбай нэхэмжлэгчийн өмчлөлд шилжих боломжгүй, өөрөөр хэлбэл биет байдлын болон эрхийн доголдолтой гэж тус тус шаардлагын үндэслэлээ тодорхойлсныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд зохигчид ажил гүйцэтгэх гэрээгээр үйлчилгээний талбайг “нийтийн эзэмшлийн талбайн хамт” барьж гүйцэтгэхээр тохирсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулгыг зөрчөөгүй, гэрээний зүйл орон сууц биш учир нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн талаарх зохицуулалт тус харилцаанд  хамааралгүй болно.

 

Мөн хариуцагч “нийтийн эзэмшлийн талбайн хамт” гэсэн нөхцөлийг нэхэмжлэгчид мэдэгдэлгүй хууран мэхэлж гэрээнд оруулсан, нийтийн эзэмшлийн талбайг авах хүсэл зориг нэхэмжлэгчид байгаагүй, хариуцагч хэлцэл хийхэд саад болох нөхцөл буюу нийтийн эзэмшлийн талбайн талаар нуун дарагдуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар нотлогдоогүйн дээр Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, эсхүл хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн, мөн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч хэлцэл хийх зорилгоор нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн, хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн ажил гүйцэтгэх гэрээ нь талуудын чөлөөт байдлын зарчмын дагуух хүсэл зоригийн илэрхийлэл болох бөгөөд тэдний хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утггыг анхаарна. Талуудын маргаж буй “нийтийн эзэмшлийн талбайн хамт” нөхцөл үгийн шууд утгын хувьд ойлгомжтой, тодорхой, эргэлзээгүй байна.

Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээний бүрэлдэхүүн хэсэг болох барилгын 1 дүгээр давхрын байгуулалтын зурагт нэхэмжлэгчийн захиалсан 201.52 м.кв үйлчилгээний талбайн 170.79 м.кв нь цэвэр талбай, 30.73 м.кв нь үйлчлүүлэгчийн зорчих хэсгээс ногдох талбай гэж зааглан тусгаснаар гэрээний зүйлд нийтийн эзэмшлийн талбай багтах, мөн түүний хэмжээ ямар байхыг тогтоосон байна /хх1-130/. Нэхэмжлэгч уг зураг үйлдсэн огноо нь гэрээнийхээс зөрүүтэй үндэслэлээр маргаж байх хэдий ч гэрээний 1.2 дахь хэсэгт зааснаар гэрээний салшгүй хэсэг болохоос гадна уг зургийг хожим үйлдсэн байдал нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй болно.

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас бусад иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, холбогдох шүүхийн шийдвэрийг судлан дээрх байдлыг тогтоосон гэж тайлбарлаж байх боловч аливаа гэрээнээс үүсэх эрх зүйн үр дагавар тухайн гэрээний талууддаа хамааралтайн дээр зохигчийн маргаанд өөр этгээдийн хүсэл зоригийн илэрхийллийг холбон дүгнэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 1.1 дэх “нийтийн эзэмшлийн талбайн хамт” гэсэн нөхцөлийг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, мөн хууран мэхэлсэн болон ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хийгдсэн гэх байдал баримтаар тогтоогдохгүй байх тул уг нөхцөлийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй байна.

Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 1.1 дэх хэсэгт “201.52 м.кв /нийтийн эзэмшлийн талбайн хамт/ үйлчилгээний талбай” гэж тодорхойлсон ба Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1, 353.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд захиалагчид ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй бол уг ажлын үр дүнг эрхийн доголдолгүй гэнэ, гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдсэн шинжээч Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч ахмад О.М-ын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Ш-06 тоот дүгнэлтэд үйлчилгээний төвийн 101 тоотын нийтийн эзэмшлийн талбайг нэхэмжлэгч Т.Г хана босгож хашиж авах нөхцөлд барилга байгууламжийн галын аюулгүй байдал БНбД 21-01-02-ын 6.15, барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм БНбД 21-02-02-ын 5.1, 5.2, олон нийт иргэний барилга БНбД 31-03-03-ын 3.82 заалтууд зөрчигдөж байна /хх1-205-206/, шинжээч Барилгын хөгжлийн төвийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлтэд хэрэв 101 тоотын S2 талбайтай хэсгийг хашиж хана хийвэл цахилгаан шат, явган шат, гадагш төв хаалгаар 1 дүгээр давхар болон бусад давхраас гарах бүх орц, гарц хаагдаж галын болон бусад аюултай нөхцөл байдал үүсэх тохиолдолд хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд саад учруулах тул хашиж хаалт хийх боломжгүй гэжээ /хх1-220-222/. 

 

Дээрх дүгнэлтүүдээр гуравдагч этгээдээс нэхэмжлэгчид шаардлага гаргах эрхтэй болох нь тогтоогдсон учир эрхийн доголдолтой гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх боловч эдгээр дүгнэлтэд заасан “хэрвээ нэхэмжлэгч нийтийн эзэмшлийн талбайг хана босгож хашиж авбал” гэх урьдчилсан нөхцөл нь ажил гүйцэтгэх гэрээний агуулга, зорилготой огт холбоогүйгээс гадна нэхэмжлэгч ажлын үр дүн, түүний зориулалт, тоо хэмжээ зэргийн талаар хариуцагчтай тохиролцохдоо өөрөөс нь худалдаа, үйлчилгээг авах худалдан авагчийн буюу гуравдагч этгээдийн зорчих хэсгийг захиалан бариулах хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзнэ.

 

Иймээс гэрээний үр дүнг эрхийн доголдолтой гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэлд “Ш” ХХК-ийн хэмжилт хийсэн тэмдэглэлийг хавсаргаж /хх1-15/, хариуцагчийг 201.52 м.кв талбайгаас 50.76 м.кв талбайг дутуу хүлээлгэн өгсөн гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн шинжээч Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтэд шилэн ханаар хашиж хийсэн талбай 149.9 м.кв, хашихаар төлөвлөсөн эзэмшлийн талбай 33.9 м.кв гэж дүгнэсэн байх ба зохигчид шинжээчийн дүгнэлтийг маргаагүй.

 

Дээрх шинжээчийн дүгнэлтийг гэрээний нөхцөлтэй харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийн талбайн бодит хэмжээ гэрээнд зааснаас 17.72 м.кв дутуу буюу Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүн биет байдлын доголдолтой болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 353.2.3 дахь хэсэгт зааснаар доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахыг шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 06 дугаар сарын 04-ны өдөр хариуцагчид бичгээр гаргасан өргөдөлдөө “... 2014.05.27-нд “Ш” ХХК-аар хэмжилт хийлгэхэд 150.76 м.кв болж байна. Гэтэл худалдаж авсан нийт талбай 201.52 м.кв-аас 50.76 м.кв дутуу байгаа ба энэ талбайн учрыг тодруулж өгнө үү” гэжээ /хх1-16/.

 

Мөн хариуцагчаас 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэн С.М-ийн Хаан банкин дахь 5011267456 тоот дансанд 5.000.000 төгрөг шилжүүлсэн байх /хх1-17/ ба гэрч Г.Т “... нэхэмжлэгчийн захиалсан талбайн зөрүүний талаар “С” ХХК-ийн ерөнхий захирал Б.Өтэй уулзахад цагдаа шүүхээр явахгүй эндээ тохиръё гэсэн, ... тохирсон мөнгөө өгөхгүй байсан, үүний дагуу холбоо барихад 5.000.000 төгрөг өгсөн, 75.000-80.000 ам.долларт амаар тохирсон” гэж /хх1-72-73/, гэрч С.М “... манай нөхөр “С” ХХК-ийн захирал Б.Өтэй тохиролцоод 3 сарын дотор төлбөрийн 50 хувийг шилжүүлэх юм бол төлбөрийг дуусгаж болно гэсэн, тэгээд төлбөрийг өгөхгүй нилээн удсан ... Г миний данс руу 5.000.000 төгрөг шилжүүлээд над руу утсаар мэдэгдсэн, тохиролцсон 50 хувийн эхний хэсэг гэж ойлгосон” /хх2-32-33/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Гэрч Г.Т, С.М нар нэхэмжлэгч Т.Ггийн эцэг, эх байх ба ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг тэдний хуулийн этгээд болох “Ш” ХХК төлж байсан үйл баримт /хх1-6-14, хх1-82-84, хх2-97-102/-тай дээрх баримтуудыг харьцуулан үзэхэд хариуцагчийн шилжүүлсэн 5.000.000 төгрөгийг талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч нар ажлын үр дүнгийн биет байдлын доголдлын талаар хэлэлцэж, улмаар ажлын хөлсийг бууруулахаар тохиролцсон үйл баримтыг нотолж байна гэж дүгнэх үндэстэй.

 

Хариуцагч уг 5.000.000 төгрөгийг өмнөх худалдан авагч “Х”ХХК-ийн гэрээг цуцалж шилжүүлсэн төлбөр гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа шүүхэд баримтаар нотлоогүй болно. Мөн хариуцагчийн өмгөөлөгч хүсэлт гаргаснаар холбогдох баримтыг “Х” ХХК-аас гаргуулсан болно /хх2-34-35/.

 

          Дээрх үндэслэлээр хариуцагчаас дутуу шилжүүлсэн 17.72 м.кв талбайн үнэ 36.839,88 ам.доллар /17.72*2.079/ буюу нэхэмжлэл гаргах үеийн албан ханшаар тооцон 89.656.111 төгрөг /36.839,88*2.433,67/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй /хх2-96/.

         

          Гэрээний зүйлийг эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулахыг хариуцагчид даалгуулах шаардлагын хувьд, талуудын хооронд үүссэн ажлын үр дүнгийн доголдлын талаарх маргаан, түүнчлэн нэхэмжлэгчийг төлбөр бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр хариуцагч татгалзсан ба шүүх эдгээр маргааныг ийнхүү шийдвэрлэснээр өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой боловч нэхэмжлэгч талбайн хэмжээг 150.76 м.кв гэж үзэж, энэ хэмжээгээр улсын бүртгүүлэхийг хариуцагчаас шаардаж байх тул тус шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

         

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “С” ХХК-аас 89.656.111 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 169.911.808 төгрөгт холбогдох хэсэг болон үл хөдлөх эд хөрөнгийг 150.76 м.кв талбайтайгаар улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулахыг хариуцагчид даалгах шаардлагыг, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2010/01 дугаар худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний 1.1 дэх заалтын “нийтийн эзэмшлийн талбайн хамт” гэх хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Г-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.596.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-аас 606.230,55 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Г-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА