| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/02899/и |
| Дугаар | 297 |
| Огноо | 2018-01-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 297
| 2018 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 210/МА2018/00297 |
Б.Н-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/03241 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Н-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: МОХНН УБТЗд холбогдох,
Тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь олговорт 5 565 371 төгрөг гаргуулах, илчит тэрэг жолоодох эрхийн үнэмлэхийг буцааж олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Түвшинбаяр
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Мөнхжаргал
Хариуцагчийн өмгөөлөгч: О.Баясгалан
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Машинч Б.Н-, туслах машинч Ш.У нар нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар-Зүүнхараа чиглэлд 4,971 тонн жинтэй, 228 гол буюу 53 вагонтой 3124 дүгээр галт тэргээр 2ТЭ116 серийн 1730 дугаартай илчит тэрэгтэй аялахад илчит тэрэгний А секцэнд галын дохиолол ажиллаж 2 секц ачаалалт хаяж ажиллагаа нь доголдон урагш зүтгэхээ больсон. Жолоодлогын бариулыг хааж татахад ажиллагаа хэвийн болоогүй. Өгсүүр замд аргагүйдэн хурд унаж зогссон тул галт тэргийг буцааж өнхрөхөөс сэргийлж тормос хийж 228 дугаар километрийн 9 дүгээр зуутад байранд нь барьж зогсоосон бөгөөд Сүхбаатар депо жижүүрт мэдэгдэн илчит тэргэнд үзлэг хийхэд галын дохиолол хуурамчаар ажилласан, илчит тэрэг ачаалалтгүй болсон байсан тул ачаалалтыг сэргээж галт тэргийг байрнаас хөдөлгөх гэсэн боловч өгсүүр замд ачааагаа дийлэхгүй байрнаас хөдлөх боломжгүй, илчит тэрэгний хос дугуй хий эргэж төмөр замыг ухан гэмтээж, зам төмрийг солиход хүргэх их хэмжээний хохирол гаргах нөхцөл байдал үүсэж байсан тул Төмөр замын Техник ашиглалтын дүрэм, Замын даргын 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 29Б дугаар цахилгаанаар мэдэгдсэний дагуу Зүүнхараа өртөөний жижүүрт мэдэгдэн тусламж авч Зүүнхараа өртөөнд орж зогссон.
Машинч Б.Н- илчит тэрэг ачаалалтгүй болж өгсүүрт хурд унаж зогсох үед нь тормос хийж галт тэргийг уруу замруу буцаж өнхрөхөөс сэргийлж байранд нь барьж зогсоосон байхад шуурхай хурал дээр галт тэргийг 40 км/ц-ийн хурдтай явж байхад тормос хийж зогссон, зогсоохгүйгээр ачаалалтаа босгоод явж болох байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй шийдвэр гаргахад нөлөөлжээ.
Машинч Б.Н- нь тухайн үед газар дээрх нөхцөл байдалтай уялдуулан зохих журмын дагуу шийдвэр гаргасан байхад машинчийн үйлдлийг хийсвэрээр дүгнэж гүтгэн буруутгаж, хуулийн болоод бодит үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлан, илчит тэрэг жолоодох эрхийн үнэмлэхийг нь хурааж өөр ажилд шилжүүлж, хууль ёсны эрх ашгийг нь хохироосонд гомдолтой байдаг.
Машинч Б.Н- нь тухайн үед газар дээр нь нөхцөл байдалтай уялдуулан зам төмөр ухаж их хэмжээний хохирол учруулахаас сэргийлж ажилласан бөгөөд тухайн гологдлын хохирлын хэмжээ нь 208,730 төгрөг болсон ба хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлгүй байхад хууль бусаар хөдөлмөрийн гэрээг нь цуцлан ажлаас халж хөдөлмөрлөх эрхийг нь ноцтойгоор зөрчсөн.
Дархан татах хэсгийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 560 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3 дахь заалт, УБТЗ-ын Зүтгүүрийн албаны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Батдоржийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр удирдан хийсэн шуурхай зөвлөгөөний шийдвэр зэргийг тус тус үндэслэл болгосон. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж байгаа тохиолдолд тус хуулийн 40 дүгээр зүйлийг баримталдаг.
Гэтэл 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан ба Б.Н- нь урьд нь сахилга зөрчил гаргаагүй, сахилгын зөрчилгүй ажилтан байсан тул давтан зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм.
Иймд МОХНН УБТЗын Дархан татах хэсгийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 560 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байх хугацаан дахь олговор гаргуулж, илчит тэрэг жолоодох эрхийн үнэмлэхийг буцааж олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Н-ын нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэлд дурдсан сахилгын зөрчил нь бодит бөгөөд түүнд ногдуулсан сахилгын шийтгэл үндэслэлтэй юм.
Сүхбаатар өртөөнөөс Зүүнхараа чиглэлд 3124 дугаартай галт тэрэг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 4971 тонн жинтэй, 228 голтой, 53 вагонтой аялж явах үед 2ТЭ116 серийн 1730 дугаартай илчит тэрэгний А секцэнд галын дохиолол ажиллаж 2-р секц ачаалалгүй болж хоорондын замд зогссон байна. Улмаар туслах зүтгүүр дуудаж тусламж авч Зүүнхараа өртөөнд орж зогссон байна. Гологдлыг Сүхбаатар депогийн ашиглалтын 5 дугаар цуваанд тооцсон.
Шуурхай хурлыг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дархан татах хэсэг дээр хийсэн бөгөөд тус хурлаар осол гологдол гаргасан тул Б.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.4 мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дах үндэслэлээр цуцалж, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3 дах заалтаар Хөдөлгөөний бус ажилд шилжүүлэх сахилгын шийтгэл ногдуулсан.
Осол гологдлын талаарх гомдлоо “Төмөр замын тээвэр дэх сүйрэл, осол гологдлыг шинжлэн судлах журам”-ын дагуу Төмөр замын тээврийн эрх бүхий албан тушаалтанд гаргах байсан. Тухайн үед гомдлоо гаргаагүй байж одоо энэ асуудлаар маргаан үүсэж байгаа нь үндэслэлгүй байна.
Улмаар Б.Н- нь Татах хэсгийн техникийн шалгалтыг дахин өгсөн тул 150 тоот шалгалтын магадлагааг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Дархан татах хэсгийн даргын 738 тоот тушаалаар Сүхбаатар депод илчит тэрэгний туслах машинчаар ажиллуулах шийдвэрийг гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан МОХНН УБТЗын Дархан татах хэсгийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 560 дугаар тушаалын 2, 3, 4, 5, 6 дах заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Н-ыг МОХНН УБТЗын Сүхбаатар депод илчит тэрэгний машинч ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5 565 371 төгрөгийг хариуцагч МОХНН УБТЗаас гаргуулж нэхэмжлэгч Б.Н-ад олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н-ын ажилгүй байсан хугацааны Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч МОХНН УБТЗд даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч МОХНН УБТЗаас илчит тэрэг жолоодох эрхийн үнэмлэхийг буцаан гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Н- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч МОХНН УБТЗаас улсын тэмдэгтийн хураамжид 163 995 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
Хэрэгт авагдсан 2ТЭ116-1730 дугаартай илчит тэрэгний хурд хэмжүүрийн туузыг орчуулсан актад "2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар-Зүүнхараа чиглэлд 4,971 тонн жинтэй, 228 гол буюу 53 вагонтой 3124 дүгээр галт тэргээр 2ТЭ116-1730 дугаартай илчит тэрэгтэй аялах явцад 227 км-т илчит тэрэгний хурд 40км/цагийн хурдтай явж байхад хурд аажмаар буурч 1200 м яваад гол хоолойн даралтыг 0,3 ктс/см.кв буулгаж, 228 км 9 пк-д 18:44-д зогссон.1:12 цагт зогсоод Зүүнхараа өртөөнөөс тусламж авсан" гэж тэмдэглэсэн байна.
Машинч 2ТЭ116-1730 дугаартай галт тэргээр Сүхбаатар-Зүүнхараа чиглэлд аялахдаа 228 км 9 зуутад 18:44 цагт зогссон, 1:12 цаг зогсоод Зүүнхараа өртөөнөөс тусламж авсан тухайд маргаагүй гэж дүгнэсэн мөртлөө 0,3 ктс/см.кв буулгаж, 228 км 9 пк-д 18:44-д зогссон.1:12 цагт зогссон гэдэг нь машинч тоормос дарсан гэдгийг тухайн илчит тэрэгний тууз орчуулгаар бүрэн нотлогдож байгааг үнэлээгүй. Учир нь тухайн илчит тэрэгний тууз орчуулга гэдэг нь тухайн аяллын иж бүрэн тэмдэглэл гэж ойлгож болно.
Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар галт тэрэг 228 км 9 зуутад 18:44-д зогссон, 1:22 цаг зогсоод Зүүнхараа өртөөнөөс тусламж авсан гологдол гаргасан болох нь тогтоогдсон ... гэж дүгнэсэн атлаа ... уг гологдол нь техникийн гэмтлээс шалтгаалан гарсан эсхүл машинч Б.Н-ын техникийн мэдлэг чадвар муу байснаас болсон нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн байна.
Гэтэл бодит байдал дээр дээрх гологдлын талаарх актын дүгнэлт хэсэгт: 2ТЭ116-1730 илчит тэргийг үзэж шалгахад сэргээлт хэвийн, байрнаас хөдлөх үеийн хэлхээ хэвийн, ачаалалттай дэглэмд татаж байрнаас хөдөлгөх үед галын датчик салгаж галын дохиолол ажиллуулахад ачаалалт хаяхгүй хэвийн байна гэж дүгнэсэн мэргэжлийн инженерийн дүгнэлтийг шүүх үнэлсэнгүй. Энэ нь туршилтаар уг илчит тэрэгт гэмтэл тогтоогдоогүй болохыг шүүх анхаарсангүй.
Анхан шатны шүүх Монгол Улсын Төмөр замын тээвэр 1 цаг 12 минут тасалдаж байгааг ноцтой гологдол гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь буруу байна.
Түүнчлэн хариуцагч сахилгын шийтгэл ногдуулахдаа Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3-т заасан "төмөр замын хөдөлгөөний бус ажилд шилжүүлэх", 30.2.4-т заасан "ажлаас халах" сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасан "Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй" гэснийг зөрчсөн байна. гэж шүүх дүгнэсэн. Энэ нь Төмөр замын тээврийн тухай хуульд заасан зохицуулалт бөгөөд 1 зөрчилд 2 удаа арга хэмжээ авч буй хэлбэр биш билээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны болоод үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч МОХНН УБТЗд холбогдуулан МОХНН УБТЗын Дархан татах хэсгийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 560 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь олговорт 5 565 371 төгрөг гаргуулах, илчит тэрэг жолоодох эрхийн үнэмлэхийг буцааж олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Б.Н- нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр МОХНН УБТЗд илчит тэрэгний машинчаар ажиллаж байсан ба хариуцагч байгууллагын даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 560 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлгөөний бус ажилд шилжүүлэн ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Хариуцагч байгууллагаас тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3 дахь заалтыг тус тус удирдлага болгож, үндэслэлээ Б.Н-ыг техникийн мэдлэг сул, шуурхай оновчтой арга хэмжээ авч чадалгүй тусламж дуудан гологдол гаргасан гэж тодорхойлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ.
Машинч 2ТЭ116-1730 дугаартай галт тэргээр Сүхбаатар-Зүүнхараа чиглэлд аялахдаа 228 км 9 зуутад 18 цаг 44 минутад зогссон, 1 цаг 12 минут зогсоод Зүүнхараа өртөөнөөс тусламж авсан тухайд талууд маргаагүй гэж зөв дүгнэжээ.
Нэхэмжлэгч нь галын дохиолол хуурамчаар ажилласан бөгөөд илчит тэрэг ачаалалтгүй болсон нь замд ачаагаа дийлэхгүй, байрнаас хөдлөх боломжгүй, илчит тэрэгний хос дугуй хий эргэж төмөр замыг гэмтээх, их хэмжээний хохирол гарах нөхцөл байдал үүссэн тул зогсолт хийснээр гологдлын хохирлын хэмжээ нь 208 730 төгрөг болсон бөгөөд энэ нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил биш гэж тайлбарлажээ.
Хурд хэмжүүрийн туузыг орчуулсан 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн акт, С.Эрхэмбаяр, П.Тайванбаяр нарын гаргасан акт нэртэй дүгнэлтээс үзвэл илчит тэрэг нь техникийн хувьд хэвийн ажиллагаатай байсан нь тогтоогдсон, дүгнэлтийг Улаанбаатар төмөр замын даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А-310 тоот тушаалаар батлагдсан Осол, гологдлыг ангилан бүртгэх, шинжлэн судлах дотоод журмын 3.2 дахь хэсэгт тогтоосон журмын дагуу гаргасан. /хх 67, 71-72/ Нэхэмжлэгч нь илчит тэрэгт техникийн гэмтэл гарсан, өөрийгөө буруугүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.
Улаанбаатар төмөр замын даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А-310 тоот тушаалаар батлагдсан “Осол, гологдлыг ангилан бүртгэх, шинжлэн судлах дотоод журам”-ын 2.4.5-т зааснаас үзвэл ажилтны буруугаас болж тогтоосон хугацаанаас 1-ээс дээш цагаар галт тэрэг саатсан тохиолдлыг гологдолд тооцохоор заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2.3-т заасан гэрээг цуцлах үндэслэлд хамаарч байна.
Иймд илчит тэргийг 1 цаг 12 минут зогсоосон гологдлыг машинч гаргасан нь баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх уг гологдлыг техникийн гэмтлээс шалтгаалан гарсан нь тогтоогдохгүй гэж буруу дүгнэжээ.
Нэхэмжлэгч Б.Н- нь техникийн мэдлэг чадвар муу байснаас илчит тэргийг 1 цаг 12 минутын хугацаагаар зогсоож гологдол гаргасан нь тогтоогдож байх тул хариуцагч байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3-т заасныг баримтлаж ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй болжээ.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дүгээр зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/03241 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч МОХНН УБТЗд холбогдох МОХНН УБТЗын Дархан татах хэсгийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 560 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь олговорт 5 565 371 төгрөг гаргуулах, илчит тэрэг жолоодох эрхийн үнэмлэхийг буцааж олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Б.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч МОХНН УБТЗаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 955 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Э.ЗОЛЗАЯА