Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 295

 

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/00295

 

 

 “ПД” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/02311 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ПД” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-т холбогдох,

 

3 079 010 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Мэргэнсанаа, Н.Буяннэмэх

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Баасансүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын кондуктор ажилтай Б.Б- нь 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 6 500 000 төгрөгийн цалингийн зээлийг 24 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэйгээр авч даатгалын шимтгэлд 65 000 төгрөгийг төлсөн.

Б.Б- нь зээл авснаас хойш графикийн дагуу зээлийн төлбөрийг төлж байсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Б/1921 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлан ажилтанг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Б.Б- нь 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс зээлийн эргэн төлөлт хугацаа хэтэрч зөрчил үүсч зээлийн үлдэгдэл 2 907 237 төгрөг, зээлийн хүү 171 773 төгрөг, нэмэгдүүлсэн зээлийн хүү 5 262 төгрөг, нийт 3 084 273 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

Улаанбаатар хотын банк нь “ПД” ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр тус банкнаас 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 6-ё/974 дугаартай албан тоот явуулсны дагуу “ПД” ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 30/1601066 тоот тушаалаар Б.Б-ийн цалингийн зээлийн эрсдэлийн нөхөн төлбөрт 3 079 010 төгрөгийг Улаанбаатар хотын банкны 2600072130 дансанд хийсэн болно.

Улаанбаатар хотын банк нь “ПД” ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ЦЗЭ 30С14100534-3 тоот хамтран ажиллах гэрээний дагуу 5.1, 5.1.5 дахь заалтуудад заасны дагуу даатгалын тохиолдол үүссэн тул зохих журмын дагуу цалингийн эрсдэлийн даатгалын нөхөн төлбөр болох 3 079 010 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Автобус-1 компанид ажиллаж байхдаа Улаанбаатар хотын банкнаас зээл авсан.

2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Зээлийн үлдэгдлийг нөхөр маань төлөхөөр байсан боловч 2016 оны 09 дүгээр сарын 19-нд ажил үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан.

Одоо би 3 өнчин хүүхдийн хамт амьдардаг, ажил орлоготой хүн байхгүй учраас энэ зээлийг төлж чадахгүй байгаа гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-ээс 3 079 010 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ПД” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 64 214 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Цалингийн зээлийн эрсдэлийн Даатгалын гэрээний 3.1-т “Энэхүү гэрээ 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 31-ний өдөрийг дуустал хүчин төгөлдөр үйлчилнэ”, 3.2.1-т “Гэрээгээр тогтоосон хүчин төгөлдөр хугацаа дууссан тохиолдолд” гэрээ дуусгавар болохоор зохицуулсан байна.

Мөн Б.Б- нь 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс зээлийн эргэн төлөлт хугацаа хэтэрч зөрчил үүсч Улаанбаатар хотын банк нь "ПД" ХХК-тай байгуулсан уг хамтран ажиллах гэрээг үндэслэн 2016 очы 03 дугаар сарын 03-ны өдрийн 6-ё/974 дугаартай албан тоот явуулсны дагуу мөн оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 30/1601066 тоот тушаалаар нөхөн төлбөрийг төлсөн нь гэрээнд заасан хугацаа дууссан байхад төлөх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл үндэслэлгүй төлсөн нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрх “ПД” ХХК-д үүсэхгүй юм.

Мөн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2 хуудас нотлох баримтыг гаргаж өгсөн байхад хариуцагч талд танилцуулж, тайлбар сонсоогүй ба түүнтэй холбоотой зохигчийн эрхийг ноцтой зөрчсөн байна.

Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 9.3-т “Дэд даатгуулагчтай холбоотойгоор учирсан хохирлыг нэхэмжлэх тохиолдолд даатгуулагч нь даатгагчид нэхэмжлэх эрхийг шилжүүлнэ” гэж заасан байхад түүнийг нотлох баримтгүйгээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т заасныг зөрчсөн.

Мөн иргэний хэрэг үүсгэсэн захирамжид  Б.Б-ийн хөрөнгө орлого, түүнтэй холбоотой лавлагааг авч ажиллагаа хийгдээгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “ПД” ХХК нь хариуцагч Б.Б-т холбогдуулан зээлийн гэрээний шаардах эрх шилжүүлж авсан үндэслэлээр 3 079 010 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргахдаа уг төлбөрийг төлөх чадваргүй гэсэн агуулгаар тодорхойлжээ.

 

            Б.Б- нь “Автобус-1” ОНӨҮГ-т кондукторын ажил эрхэлж байх хугацаанд буюу 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын банкнаас “Цалингийн зээлийн болон барьцааны гэрээ” байгуулж, 6 500 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүү төлөх нөхцөлтэй зээлж авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

            Нэхэмжлэгч “ПД” ХХК нь Улаанбаатар хотын банктай 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээ байгуулсан, “Автобус-1” ОНӨҮГазар болон Б.Б-ийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанаар даатгалын гэрээний 5.1.5-т заасан даатгалын тохиолдол бий болсон гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч Б.Б- маргаагүй. 

 

            Даатгалын тохиолдол бий болоход Б.Б- болон Улаанбаатар хотын банкны хооронд байгуулагдсан цалингийн зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй, зээлдэгч Б.Б-ийн зээлийн гэрээнд хүлээх үүрэг 3 079 010 төгрөг болсон үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй.

 

            Улмаар нэхэмжлэгч нь даатгалын гэрээний үүргийг биелүүлж даатгалын нөхөн төлбөрт 3 079 010 төгрөгийг даатгуулагч болох Улаанбаатар хотын банкинд төлсөн нь тогтоогдсон гэж анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

            Цалингийн эрсдлийн даатгалын гэрээний 3.1 дэх хэсэгт даатгалын гэрээний хугацааг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1 жилээр тодорхойлохдоо дэд даатгуулагчийн хувьд баталгаанд бичсэн хугацаагаар уг хугацааг хүчинтэй байхаар тохиролцсон ба баталгааг баримтаар гаргаж өгөөгүй хэдий ч даатгалын  гэрээний талууд уг хугацааны талаар маргаагүй, талууд гэрээний хугацаа хүчинтэй гэж тодорхойлсон нь Б.Б-ийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй юм.

 

            “ПД” ХХК нь даатгалын нөхөн төлбөрийг төлснөөр Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасны дагуу Б.Б-ийн зээлийн гэрээний үүрэг Б.Б-ээс шаардах Улаанбаатар хотын банкны эрх нь “ПД” ХХК-д шилжсэн.

 

            Иймд зээлийн гэрээний үүрэг шаардах эрх шилжүүлж авсан этгээдэд хариуцагч Б.Б- нь үүргийг гүйцэтгэх ёстой.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулах боломжтой байна. Нэхэмжлэгчийн шаардах эрхийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасан гэм хорын даатгалын тохиолдолд хамааруулж дүгнэсэн нь буруу болжээ. 

           

            Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд 2 хуудас нотлох баримт гаргаж өгснийг шүүх хариуцагч талд танилцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдах боловч уг нотлох баримтаар тогтоогдох үйл баримтын талаар хариуцагч маргаагүй тул анхан шатны шүүхийн алдаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах хэмжээний ноцтой алдаанд тооцохгүй гэж дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим нь мэтгэлцэх бөгөөд агуулга нь талууд нотлох баримтаа шүүхэд өөрсдөө гаргаж өгөх юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т заасан ажиллагааг шүүх хийгээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол хуульд нийцэхгүй байна.

 

            Түүнчлэн анхан шатны шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн нэрийг буруу бичснийг залруулав.

 

            Дээрхи үндэслэлээр хариуцагчийн талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/02311 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7,” гэснийг хасч,

2 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 64 215 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА