Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 370

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Бүгд Найрамдах Солонгос улсын Чүнчон хотын Хюужа дүүргийн Нагвон хотхон, На-р байр 203 тоотод оршин суух, регистр УЦ88070808, Төмөрчулууны Түвшинжаргалыг төлөөлж Х.Оюунсүрэнгийн гаргасан нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, 2-р хороолол, 3/А-р байр 34 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр УХ91012274, Өөлд овогтой Амаржаргалын Билгүүнжаргал,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, 2-р хороолол, 3/А-р байр 34 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ВЭ65052001, Өөлд овогтой Чүлтэмийн Эрдэнэчимэг нарт холбогдох батлан даалтын гэрээний үүрэгт 9 010 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Түвшинжаргал, А.Билгүүнжаргал нар нь хамт Энх-Орчлон дээд сургуульд сурч байгаад 2010 онд төгссөн. А.Билгүүнжаргал нь 2015 онд Солонгос улсад суралцахаар очсон боловч сургалтын төлбөрийн барьцаа, байр хөлсөлж суух зэрэг мөнгө хэрэгтэй байна, мөнгийг аав, ээж төлнө гэдэг хүсэлтийг Т.Түвшинжаргалд удаа дараа тавьсан. Ингээд Т.Түвшинжаргал нь БНСУ-ын иргэн Сүн Жү Ёнд зуучилж 2015 оны 8-р сарын 06-ны өдөр 2 600 000 вон, 2015 оны 8-р сарын 10-ны өдөр 700 000 вон, 2015 оны 9-р сарын 30-ны өдөр 1 000 000 воныг тус тус А.Билгүүнжаргалд зээлүүлсэн байдаг. Тухайн үедээ Т.Түвшинжаргал фейсбүүкээр зээлсэн мөнгө чинь сарын 5 хувийн хүүтэй гэж байна гэхэд А.Билгүүнжаргал өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Зээлдэгч Сүн Жү Ён нь А.Билгүүнжаргалыг танихгүй, тийм болохоор зээлийн эргэн төлөлтийг Т.Түвшинжаргалыг хариуцах шаардлага тавьж, батлан даалтын гэрээ байгуулсан байдаг. Гэтэл А.Билгүүнжаргал 2015 онд мөнгө зээлчихээд ор сураггүй алга болсон. Ингээд зээлдэгч зээлийн төлбөр болон зээлийн хүүгээ шаардаад байхаар нь 2016 оны 7-р сард Т.Түвшинжаргал өөрөө Монголд ирсэн. Т.Түвшинжаргал А.Билгүүнжаргалтай хамт сурч байсан, аав, ээжийг таньдаг болохоор Хархорин зах дотор ажилуулдаг хоолны газарт нь очиж аав, ээжтэй уулзаж, А.Билгүүнжаргал зээлсэн мөнгөө төлөхгүй, холбоо барихгүй байна, зээлийн төлбөр нэхэгдэж байна гэдгийг хэлсэн. Ээж Ч.Эрдэнэчимэг нь эдийн засгийн хямралтай, мөнгө төлөх боломжгүй байсан, одоо хүү А.Билгүүнжаргалын зээлийг төлбөрийг хариуцна гээд 3 000 000 вон зээлсэн гэрээг байгуулсан. Т.Түвшинжаргалыг зээлдэгчид мөнгө төлж байгаа ч би чамд сар бүр хувааж төлбөрийг төлье гэж тохирсон байдаг. Т.Түвшинжаргал нь зээлдэгч Сүн Жү Ёнд А.Билгүүнжаргалын өмнөөс 5 300 000 вон төлсөн учраас энэ мөнгөө нэхэмжилж байгаа. Ч.Эрдэнэчимэг А.Билгүүнжаргалын зээлийг хариуцна гэж гэрээ хийсэн учир хамтран хариуцагчаар татсан. Иймд Ч.Эрдэнэчимэг, А.Билгүүнжаргал нараас 3 000 000 воныг тухайн үеийн ханшаар тооцож 5 340 000 төгрөг, үүний 1 жилийн хүү 961 200 төгрөг, алданги нь 3 150 600 төгрөг нийт 9 451 800 төгрөг гаргуулахаар боловч Т.Түвшинжаргалын зээлдэгчид төлсөн воныг тухайн үеийн ханшаар тооцоход 9 010 000 төгрөг болсон. Иймд 9 010 000 төгрөгийг хариуцагч А.Билгүүнжаргал, Ч.Эрдэнэчимэг нараас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНСУ-ын иргэн Сүн Жү Ён гэх хүний данснаас 2015 оны 8-р сарын 06-ны өдөр 2 600 000 вон, 2015 оны 8-р сарын 10-ны өдөр 700 000 вон нийт 3 300 000 вон А.Билгүүнжаргалын данс руу орсон байсан. Үүнийг сүүлд мэдсэн. Бид Солонгос улсын каргоны Монгол улс дахь салбараар дамжуулан Сүн Жү Ёны данс руу мөнгийг шилжүүлж байсан, каргоны данснаас Сүн Жү Ён гэх хүний данс руу мөнгө орсон эсэхийг шалгахын тулд түүний дансны хуулгыг л харах боломжтой. Сүн Жү Ён 3 300 000 воныг А.Билгүүнжаргалын данс руу хийсэн, харин төлөлтөө өөр банкны дансаар авсан байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа бидний төлсөн мөнгийг гаргаж ирээгүй. Хэд хэдэн удаа төлөлтөө хийж байтал он гарсны дараа А.Билгүүнжаргал Сүн Жү Ёны данс руу битгий мөнгө шилжүүлээрэй, асуудалд орсон байна гэж хэлсэн. Гэтэл Т.Түвшинжаргал над руу зээлийн төлөлтийн график явуулсан, үүнийг Т.Түвшинжаргал гаргаж өгсөн байсан. Ингээд Сүн Жү Ён руу мөнгө явуулаагүй, холбоо тасарсан. Гэтэл 2 жилийн дараа Т.Түвшинжаргал мөнгө нэхэмжилж эхэлсэн. Т.Түвшинжаргал шүүхэд хандахдаа хоёр өөрөөр нэхэмжлэл гаргасан. 2016 оны 7-р сарын 20-ны өдөр Т.Түвшинжаргал Ч.Эрдэнэчимэгтэй 3 000 000 вонын гэрээ байгуулж, сарын 1.5 хувийн хүүтэй бэлнээр авсан гэдэг дээр гарын үсэг зурсан. Нөгөө нь 2017 оны 7-р сарын 24-ний өдөр Т.Түвшинжаргал нь Сүн Жү Ёнтой нотариатад очиж 5 300 000 вон төлж дуусгасан гэсэн баримт гаргаж ирсэн. Т.Түвшинжаргал Ч.Эрдэнэчимэгтэй байгуулсан 3 000 000 воныг 1,5 хувийн хүүтэй зээлүүлсэн юм бол сарын 45 000 воны хүүтэй 3 045 000 вон л нэхэмжлэх ёстой. Гэтэл 12 сарын дараа 5 300 000 воныг Сүн жү ёнд өгсөн гээд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжилж байгаа үнийн дүн зөрүүтэй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, төлсөн мөнгийг хасч тооцоод мөнгөн дүнгээ гаргах ёстой. Тухайн үедээ үнэхээр Т.Түвшинжаргал А.Билгүүнжаргалд тусалсан байдаг. Тэгвэл Сүн Жү Ёны дансанд Т.Түвшинжаргалын данснаас 2017 оны 7-р сарын 24-ний өдөр 5 300 000 вон шилжүүлсэн баримтаа гаргаж өгөх хэрэгтэй. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Түвшинжаргалыг төлөөлж Х.Оюунсүрэн нь А.Билгүүнжаргал, Ч.Эрдэнэчимэг нарт холбогдох батлан даалтын гэрээний үүрэгт 9 010 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх Ч.Эрдэнэчимэгээс 9 010 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, А.Билгүүнжаргалд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

А.Билгүүнжаргал нь БНСУ-д ажиллаж амьдарч байхдаа Т.Түвшинжаргалаар дамжуулан БНСУ-ын иргэн Сүн Жү Ёноос 2015 онд вон зээлэхээр тохирсон, улмаар Сүн Жү Ён нь А.Билгүүнжаргалд 4 300 000 вон зээлүүлсэн гэх ба харин зээлдэгч А.Билгүүнжаргал нь зээл төлөх үүргээ гүйцэтгээгүйгээс Т.Түвшинжаргал нь батлан даагчийн хувьд түүний өмнөөс 5 300 000 воныг төлсөн талаар маргажээ.

 

Т.Түвшинжаргал нь БНСУ-ын иргэн Сүн Жү Ёнтой 2016 оны 7-р сарын 26-ны өдөр Батлан даалтын гэрээ байгуулж, зээлдэгч А.Билгүүнжаргал нь 4 300 000 воныг сарын 5 хувийн хүүтэй төлөөгүй тохиолдолд батлан даагч зээлдэгчийн өмнөөс хариуцлага хүлээж төлөхөөр тохирсон /хх 21/ байна.

 

Хариуцагч нь 2015 оны 8-р сарын 06-ны өдөр 2 600 000 вон, 2015 оны 8-р сарын 10-ны өдөр 700 000 вон нийт 3 300 000 воныг Сүн Жү Ёноос дансаар шилжүүлэн авсан талаар маргаагүй бөгөөд зээлийг буцаан төлөх үүрэгтэй.

 

Харин зээлдүүлэгчээс 2015 оны 9-р сарын 30-ны өдөр 1 000 000 воныг А.Билгүүнжаргалд шилжүүлсэн гэх үндэслэлгүй, Насанжаргал гэх хүнд шилжүүлсэн байна. А.Билгүүнжаргал зээлдэгчид 3 300 000 воныг хүүгийн хамт төлөх үүргээ биелүүлээгүй байжээ.

 

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болдог. А.Билгүүнжаргалын ээж Ч.Эрдэнэчимэг нь Т.Түвшинжаргалтай 2016 оны 07-р сарын 20-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 3 000 000 воныг 1 жилийн хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэйгээр зээлэхээр /хх 76/ тохирчээ. Энэ гэрээгээр 3 000 000 воныг зээлээгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, харин энэ мөнгийг 1 жилийн хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алдангийн хамт төлөхөөр А.Билгүүнжаргалын өрийг шилжүүлэн авсан гэж үзэхээр байна.

 

Үүнийг тооцвол Ч.Эрдэнэчимэг нь нийт 9 451 800 төгрөгийг төлөхөөр боловч нэхэмжлэгч нь 5 300 000 воныг Монгол банкны ханш 1.7 төгрөгөөр тооцож 9 010 000 төгрөг гаргуулахаар шаардсан, энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Харин А.Билгүүнжаргалд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хэргийн 27-50, 106-121 дэх талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй боловч мессенжер хаягаар хоорондоо харилцсан зээл, төлөх талаар харилцаж байсныг хэн аль нь үгүйсгээгүйг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 124-р зүйлийн 124.1, 458-р зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан Чүлтэмийн Эрдэнэчимэгээс 9 010 000 /есөн сая арван мянга/ төгрөг гаргуулж Төмөрчулууны Түвшинжаргалд олгож, хариуцагч Амаржаргалын Билгүүнжаргалд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159 110 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ч.Эрдэнэчимэгээс 159 110 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА