Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 25-ны өдөр       Дугаар 2019/ДШМ/18                        Баруун-Урт

 

Б.Эд холбогдох

 эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

 

             Шүүх хуралдаанд: 

Прокурор С.Сугар

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Г.Сүрэн

нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов. 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүрэнгийн давж заалдах гомдлоор Сүхбаатар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Эд холбогдох эрүүгийн 1930001330096 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986  онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг “Жавхлант” хорооллын 1-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 540.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан Б.Э

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь И.Бтой бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Х” гэх газраас 2019 оны 03 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө иргэн Д.Тын нэг  үхрийг хулгайлж,  1800000 төгрөгийн хохирол учруулсан, 

- мөн   И.Бийн хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон нэг адууны махыг мэдсээр байж,  2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Э.Эөд өгч, 518000 төгрөгийг дансаараа шилжүүлэн авч ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар нь шүүгдэгч Б.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх  2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор:  Шүүгдэгч  Б.Эыг мал хулгайлах, мөнгө угаах  гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг  6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,  эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох З.Гын эзэмшлийн Тоёото приус маркийн 88-50 СҮА улсын дугаартай  машиныг хурааж улсын орлого болгож, тогтоол гүйцэтгэлийн ажиллагаа хийгдтэл хөрөнгө битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5/08 дугаартай прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Эд өмнө авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялтан Б.Э  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, хохирогч Д.Тт учирсан хохирол 1800000 төгрөг нөхөн төлөгдсөн, хохирогч Э.Д хохирол нэхэмжлээгүй,   хохирогч нар гомдолгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүрэн давж заалдах гомдолдоо: “... Б.Э нь өөрийн эцэг И.Бтой /нас барсан/ бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 01-ээс 02-ны шилжих шөнө Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг “Х” гэх газраас иргэн Д.Тын  нэг үхрийг хулгайлж түүнд 1800000 төгрөгийн хохирол, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлзийт гэх газраас иргэн Э.Дийн нэг гүүг хулгайлж, 500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Хэрэгт авагдсан хохирогч Э.Д, гэрч И.Б, Э.Э,  шүүгдэгч Б.Э нарын мэдүүлгүүдээс үзэхэд Энхтайван нь адууны махыг зөвхөн хулгайн мах гэдгийг  мэдсээр байж авсан биш, хулгайн үйлдэлд идэвхтэй санаачлан оролцож өөрөө борлуулж мөнгийг өөрийн данс руу хийлгэсэн байна. Иймд  Э.Дийн гүүг эцэгтэйгээ бүлэглэн хулгайлсан үйлдэл гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналаа дэмжиж байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүрэнгийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Б.Э нь И.Бтой бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Х” гэх газраас 2019 оны 03 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө иргэн Д.Тын нэг үхрийг хулгайлж, 1800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, мөн И.Бийн хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон  адууны мах гэдгийг мэдсээр байж, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Э.Эөд өгч, 518000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч ашигласан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Эы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Т, Э.Д  гэрч Д.Х, Ц.О, И.Б, Э.Э нарын мэдүүлгүүд, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.Эд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу  хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Эы гэм бурууг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг мал хулгайлах, мөнгө угаах нийлмэл  гэмт хэргийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл,  хэмжээний ял оногдуулсан байна. 

 

Шүүгдэгч Б.Э нь эцэг И.Бтой бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “toyota prius-11” маркийн 88-50 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэх ойлголтод хамаарч байх тул шүүх түүнийг хураан авч, улсын орлого болгосон нь үндэслэлтэй болжээ.

 

Хэрэгт авагдсан гэрч И.Бийн  “...Би 2019 оны 03 дугаар сарын 05-ны орой манай хүү Энхтайван “Баян-Өлзийтийн худгийн баруун урд дор гүү, сарваа хоёр хэвтэж байна” гэж хэлэхээр нь “машинаар чинь аймаг дотор таксинд явъя” гэж хэлээд машиныг нь авч,  адуу байгаа газарт очиход хонгор халзан зүсмийн гүү хэвтэж байсан. Би  гүүг янзлаад аймаг руу хөдөлсөн юм. Тэгээд аймагт ойрхон ирээд машины дугуй хагарахад хүү Энхтайванг дуудсан юм. Бид хоёр  цуг явж  махаа өгөхөд 109 кг болсон,  мөнгийг чинь  дансаар  хийнэ гэхээр нь хүү Энхтайвангийн дансыг өгсөн” гэх /хх-ийн 49/,  

гэрч Э.Эийн “...2019 оны 03 дугаар сарын 06-ны өглөө 09 цагт ажил дээрээ байж байхад Энхтайван өөрөөсөө ахимаг насны нэг ахтай хамт цагаан өнгийн Приус 11 маркийн автомашинтай ирээд 109 кг мах өгсөн.  Тэгээд  1 кг-ийг нь 4.600 төгрөгөөр бодож адууны арьстай нь хамт 518.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод Энхтайван гэдэг хүнээс 5644222856 дугаарын данс өгөхөд нь компанийн захирал  Б.Энхцэцэг рүү мессеж илгээн данс руу нь шилжүүлсэн юм” гэх  /хх-ийн 51/, 

 яллагдагч Б.Эы “... 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хөдөө адуундаа яваад ирсэн. Ирээд аавтайгаа юм ярьж байгаад Баян-Өлзтийтэд гүү, даага хоёр худгийн баруун урд талд хэвтэж байна гэж хэлсэн. Аав над руу утсаар ярьж, “аймгаас хойш 4 километрт дугуй хагарсан данхраад байхгүй байна” гэж хэлсэн. Би такси аваад очсон. Тэгэхэд миний ярьсан гүүг ажиллаж ирснийг мэдсэн. Тэгээд аав бид хоёр хамт явж “Бүжин” цехэд адууны махаа өгсөн. Махны мөнгийг би өөрийн 5644222856 тоот дансаар 518000 төгрөг шилжүүлж авсан” гэх /хх-ийн 50х/ мэдүүлгүүдээс үзэхэд гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлогыг мэдсээр байж, түүнийг авч ашигласан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгчийг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй болжээ. Тухайлбал: шүүгдэгч Б.Эд оногдуулсан хорих ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэхэд чиглэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна. 

 

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор заасан боловч, энэхүү хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр,  түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн этгээдэд хэрэглэхгүй байхаар хуульчилжээ.

 

Шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Эыг нийлмэл гэмт хэрэг санаатай үйлдсэн талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй бөгөөд энэ нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг хориглосон хуулийн зохицуулалтанд хамаарч байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

Нэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүрэнгийн давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Эы шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон нийт 63 /жаран гурав/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

Давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болно.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.БААТАРСҮХ

                      ШҮҮГЧИД                       Д.БАЙГАЛМАА

         

Ж.ДОЛГОРМАА