Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 05-ны өдөр       Дугаар 2019/ДШМ/12                        Баруун-Урт

 

 

Б.Бд холбогдох

 

                                         эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийв. 

 

             Шүүх хуралдаанд: 

шүүгдэгч Б.Б, 

нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов. 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлоор прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн 1930000230043 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлагын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б.Б 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх гэртээ салсан эхнэр Т.Агийн үснээс зулгаан чирч, зодож, эрүүл мэндэд нь “толгойн орой, дагзны хуйханд үсний халцрал, цус хуралт, духанд маажсан зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан, 

Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх гэртээ 2018 оны 07, 08, 10 дугаар сард болон 2018 оны 12 дугаар сарын 31-ний шөнө салсан эхнэр Т.Аг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хүчиндсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяр нь шүүгдэгч Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-т заасныг журамлан ялтан Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож дүйцүүлэн 2 сар хорих хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 10 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бд оногдуулсан 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүхийн шатанд ялтан Б.Бд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялтан Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.А нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Өмгөөлөгч Т.Хүдэр давж заалдах гомдолдоо:  Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Б.Бг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар 2 /хоёр/ жил 8/ найм/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүнд ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Б.Б нь тухайн үед салсан эхнэр Т.Атай дахин эвлэрэх талаар уулзаж байсан, шүүх хуралдаан болохын өмнө бэлгийн харьцаанд орсон, хүчиндсэн асуудал байхгүй гэж мэдүүлсээр байтал анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь буруу. Б.Б, хохирогч Т.А нар нь гэр бүлийн хамаарал бүхий иргэд бөгөөд Б.Бгийн үйлдэл нь эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн иргэдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүй, нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан байдаг. Иймд Б.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналаа дэмжиж байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.Бд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багийн нутаг дахь гэртээ салсан эхнэр Т.Агийн үснээс зулгаан чирч, зодож, эрүүл мэндэд нь “толгойн орой, дагзны хуйханд үсний халцрал, цус хуралт, духанд маажсан зулгаралт бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

-Яллагдагч Б.Бгийн “2019.01.01-ний өдөр найзуудтайгаа архи уусан. Хуучин эхнэр Т.Агийн дүү Отай уулзах гэж очтол миний толгой руу чулуугаар цохисон. Тэгээд зугатаад яваад өгсөн. Би араас нь туугаад гүйцээгүй гэртээ ирээд байж байтал манай хуучин эхнэр, хадам ээжийн хамт ирээд: -Чи миний дүүг хаана алаад орхисон юм бэ? гэж загнаад дайраад байхаар нь би үснээс нь зулгааж  гаргасан...” гэх /хх 40-42 /, 

 

-Шүүгдэгч Б.Бгийн “...Оыг машинд суучих, ярилцах юм байна гэсэн чинь тантай ярилцах юм байхгүй гэсэн. Түүний гараас нь татсан чинь намайг чулуугаар цохисон. Дахиад цохих гэхээр нь би хаасан. Тэр зугтаасан. Намайг гэртээ байж байтал А, ээжтэйгээ орж ирээд маргаад гарахгүй байхаар нь би үснээс нь чирч гаргасан.” гэх /78-81/,

 

-Хохирогч Т.Агийн “2019.01.01-ний орой 23 цагийн орчим Э орж ирээд манай дүү Оыг аваад гарсан. Удалгүй гадаа хүмүүс шуугилдаад зодоон болсон. Манай аав, ээж хоёр гараад буцаж, орж ирээд:- Б ирчихээд Отай зодолдоод байна гэсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгчихөөд гарахад тэд байхгүй байсан. Бид тэднийг хайсан. Э Бтай утсаар ярихад гэртээ байна гэхээр нь би дүүгээ тэднийд зодуулж байж магадгүй гэж бодоод очсон. Б гэртээ ганцаараа байсан. Танай дүү миний толгойг хагалчихлаа гэхээр нь би: -Чи юун сүртэй юм. Манай дүү хаана байна гэхэд тэрээр миний толгой хагарчихаад байхад намайг гэсэнгүй гээд алгадаад, миний үснээс зуураад чирээд байсан.” гэх /хх 9-13, 81-83/, 

 

-Гэрч Р.Сийн “23 цагийн үед Э орж ирээд Оыг дагуулаад гарсан. Удалгүй хүмүүс бахиралдаад байхаар нь би гараад очтол манай хүү О, хүргэн Б хоёр хоорондоо зодолдож байсан. Миний араас манай нөхөр, охин А нар гарч ирж, цагдаад дуудлага өгсөн. Гэтэл О, Б хоёр алга болсон. Тэгээд Бгийн гэр рүү яваад очтол гэртээ ганцаараа байсан. Манай охин Агийн үснээс нь зулгааж, хашаанаас гартлаа чирсэн. Би тавиулах гээд дийлэхгүй байсан. Чирж байхдаа манай охины толгой руу хэд хэдэн удаа цохисон.” гэх /хх 20-22/ мэдүүлгүүд, 

 

-Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 38 дугаартай “Т.Агийн толгойн орой хэсгийн хуйханд 12х5 см, дагз хэсгийн хуйханд 6х3 см талбайд үс халцарсан, улаан хүрэн өнгийн цэгчилсэн цус хуралттай, духанд 1.5х0.3 см улаан хүрэн өнгийн маажсан зулгаралттай, өөр биед ил харагдах гэмтэлгүй. Уг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 27/, 

 

-Сүхбаатар аймгийн Асгат сумын эрүүл мэндийн төвийн хүний их эмч Г.Уранцэцэгийн үзлэгийн “Үс нь унасан, хэсэг газарт шалбарч цус гарсан. Хуйхны ард 6-7 см орчимд урт, өргөн 0.5х1 см орчим үс зулгаагдсан. ” гэх тэмдэглэл /хх 26/ зэрэг болно. 

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

 

Гэвч  шүүгдэгч Б.Бгийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж тогтоогтохгүй байна. Учир нь: 

 

“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүн нь ямар нэг тодорхой учир шалтгаангүй, хохирогчийг тохуурхан даажигнах, нэр төр, алдар хүндийг нь гутаах, доромжлох, эрхшээл дарамтдаа оруулах зэрэг санаа зорилгоор сэтгэл санааны дарамт учруулж, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид нь халдах, хохирол учруулах шинжээр илэрдэг. Гэтэл шүүгдэгч Б.Б нь түүний гэрт орж ирээд маргаан үүсгэсэн хохирогчийг гэрээсээ хөөн гаргахын тулд үснээс нь зулгааж, чирсэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан түүнд 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

  “Хүч хэрэглэх” гэдэг нь хохирогчийн эсэргүүцлийг дарахад чиглэсэн, бие махбодид нь халдсан, хувцсыг нь урсан зэрэг идэвхтэй үйлдлээр илэрнэ. “Хүч хэрэглэхээр заналхийлэх” гэдэгт бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор сэтгэл санааны дарамт, шахалт үзүүлсэн идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд үүнийг гэмт этгээд үгээр болон биет байдлаар үзүүлдэг.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн яллагдагч Б.Бгийн “Гэр бүлээ шүүхээр цуцлуулснаас хойш бид хоёр харилцан зөвшилцөж байгаад хэд хэдэн удаа бэлгийн харьцаанд орсон. Хүчиндэж, хүсээгүй байхад нь бэлгийн харьцаанд орж байгаагүй...” гэх /хх 40-42 /, 

 

-Шүүгдэгч Б.Бгийн “...Гэр бүлээ цуцлуулснаас хойш харилцан тохиролцож унтаж, хэвтэж байсан.” гэх /78-81/,

 

-Хохирогч Т.Агийн “2018 оны 07 дугаар сарын дундуур би сумын соёлын төвд болсон бүжигэнд очтол Бтай тааралдсан. Би соёлын төвөөс гараад явж байтал миний гарнаас татаж чангаасаар байгаад гэр рүүгээ оруулж, намайг хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед намайг зодож цохисон зүйл байхгүй. Дараа нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны орчим, өдөр 11 цагийн үед ажил дээрээ байхад Б хүүгээ дагуулан ирж, надтай уулзаж байгаад гэр рүү хамт явъя ярих юм байна, битгий намайг гудамжинд бахируулаад бай гээд байхаар нь би хамт явсан. Тэгээд гэртээ оруулаад намайг хүсээгүй байхад хүчээр хувцас тайлж, надтай бэлгийн харьцаанд орсон. Мөн 2018 оны 10 дугаар сарын дундуур орой 22 цагийн үед гэртээ хүүхэдтэйгээ хамт байж байтал хүү бид хоёрыг гэртээ хоёулаа байгааг мэдчихээд гэрт орж ирээд надтай маргалдаад байхаар нь би яв гэхэд явахгүй миний хувцасыг хүчээр тайлж надтай бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед манай хүүхэд унтчихсан байсан. 2018 оны 12 дугаар сарын 31-ний орой 22 цагийн орчимд над руу ярихдаа хүүхэд бид хоёр танай гадаа ирчихсэн байна чи гараад ир гэхээр нь би гарч очоод түүнийг гэр рүү оръё гэхэд орохгүй гээд манай руу явъя гэсэн. Тэгэхээр нь би явахгүй гэхэд тэрээр уурлаад байхаар нь цуг явсан. Тэгээд очоод удаагүй байхад намайг хүсээд байна гэсэн. Тэгэхээр нь би чамайг хүсэхгүй байна гэхэд намайг хүчээр дараад хувцас тайлаад надтай бэлгийн харьцаанд орсон.” гэх /хх 9-13, 81-83/, 

 

-Гэрч Р.Сийн “2018 оны 12 дугаар сарын 31-ний орой 22 цагийн орчим Б.Б нь Аг дуудаж, гэр рүүгээ аваад явсан. Би эргэж ирэхгүй болохоор нь 1 цагийн дараа Б.Бгийн гэр рүү очтол гэрийнхээ хаалгыг нээж өгөхгүй 20-30 минут болж байгаад нээж өгсөн. Ад зодуулсан гэх зүйл байхгүй байсан.” гэх /хх 22/ мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь хохирогчид хүч хэрэглэсэн ямар үйлдэл хийсэн, түүний улмаас ямар хохирол, хор уршиг учирсан талаар хохирогч, гэрч нар мэдүүлээгүй, бэлгийн харьцаанд орохдоо цохиж зодсон, хувцсыг нь урсан зэрэг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Үүнээс үзэхэд шүүгдэгчийн үйлдэлд “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэх шинж үгүйсгэгдэж байх тул Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 дугаар зүйлд заасан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч Б.Б нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш нийт 78 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасна.” гэж зааснаар тооцоход тус шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биеэр эдэлсэн байх тул түүнийг шүүх хуралдааны танхимаас суллах нь зүйтэй болно. 

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

Нэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлыг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах нэмэлт өөрчлөлтийг оруулж, бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээсүгэй:

 

1/. Тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Бд холбогдох Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн заалт нэмсүгэй. 

 

2/. Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Б.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг “Шүүгдэгч  Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилсүгэй. 

 

3/. Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй. 

 

4/. Тогтоох хэсгийн 3 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.  

 

Хоёр. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон нийт 78 /далан найман/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай. 

 

Гурав. Давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.БААТАРСҮХ

                      ШҮҮГЧИД                       Д.БАЙГАЛМАА

         

С.ОЮУНТУНГАЛАГ