Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01210

 

2021           10            07                                          001/ХТ2021/01210

 

 

 

“.........” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/02158 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 147 дугаар магадлалтай,

 

“.........” ХХК-ийн нэхэмжлэлтэй

.........д холбогдох

 

12,021,322 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ......... нь 2016.05 дугаар сараас 2019.04 дүгээр сар хүртэл “.........” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа 12,021,322 төгрөгийн бараа дутааж, компанид хохирол учруулаад байна. “.........” ХХК болон ......... нар 2019.05.03-ны өдөр 12,021,322 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй болохоо баталгаажуулсан. ......... 2019.05.03-ны өдөр “.........” ХХК-д хохирлоо 2019.06.31-ний өдрийн дотор төлж барагдуулах хүсэлт гаргасан боловч хохирлоо барагдуулаагүй. 2017.05.02-ны өдрөөс худалдааны төлөөлөгч буюу борлуулагчаар томилогдсон боловч хөдөлмөрийн болон бүрэн хариуцлагын гэрээг нь олохгүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг үндэслэж компанид учруулсан эд хөрөнгийн хохиролд 12,021,322 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015.05 дугаар сараас хойш “.........” ХХК-д ажиллаж, Чингэлтэй дүүрэгт борлуулалтаар ажиллах хугацаандаа дэлгүүр, цайны газарт зээлээр борлуулсан барааны үнийн дүн нь 12,021,322 төгрөг болсон. Уг үнийн дүнтэй зээлийн зохих хувь нь дэлгүүр түцэнд байгаа, ихэнх зээлийг нь алдсан. 2018.07 дугаар сараас хойш цалингаа суутгуулж, цалингүй ажиллаж байсан. Ямар дэлгүүр, түц, цайны газарт хэдэн төгрөгийн зээл алдсан, цалингаасаа хэдэн төгрөгийг нь хасуулсан, хэдэн төгрөг үлдсэн талаар бүгдийг нэг бүрчлэн шүүлгүүлнэ. Тус компанид ажилласан 4 жилийнхээ амралтын мөнгийг авч төлбөрөө төлөх хүсэлтэй гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/02158 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч .........аас 6,010,661 /зургаан сая арван мянга зургаан зуун жаран нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ......... ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,010,661 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,300 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч .........аас 111,121 төгрөгийг гаргуулж, ......... ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 147 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/02158 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэг гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр хяналтын гомдолдоо: Магадлалтай танилцаад дараах үндэслэлээр хяналтын журмаар гаргаж байна. 1. Магадлалын хянавал хэсэгт: “...Тус компанид ......... нь худалдааны борлуулагчаар ажиллаж байсан боловч гүйцэтгэх ажил үүрэг нь тодорхойгүй, ажлын байрны тодорхойлолтгүй байхын зэрэгцээ ажил олгогчийн зүгээс ажилтанд хэзээ, хэдий хэмжээний, ямар бараа бүтээгдэхүүн хариуцуулан өгсөн, хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутагдуулсан нь хэрэгт авагдсан тооцооны баримтуудаар хангалттай, эргэлзээгүй тогтоогдоогүй байна гэжээ”. ......... нь “.........” ХХК болон ажилтан ......... нь 2017.05.02-ны өдрөөс эхлэн худалдааны төлөөлөгч /борлуулагчаар/ дэвшин ажилласан бөгөөд түгээлтээр хүргэгдсэн бараануудын төлбөр болох дэлгүүрээс авсан авлагуудыг “.........” компанийн дансанд шилжүүлэх ёстой байтал ......... нь өөртөө авч, хувьдаа хэрэглэх байдлаар нийт 2019.05.03-ны өдрийн тооцоо нийлсэн актаар ......... нь 12,021,322 төгрөгийн хохирлыг “.........ХХК-д учруулсан байдаг. Нэхэмжлэгч “.........” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлж, 2019.05.03-ны өдрийн “Тооцоо нийлсэн акт” төлбөр төлөхөө илэрхийлсэн .........ын гар өргөдөл, 2019.11.06-ны өдрийн шүүх хуралдаанд ......... нь дээрх 12,021,322 төгрөгийг 3 жилийн хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг нь компанид учруулсан хохирлын хэмжээг хангалттай тодорхойлсон гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх нотлох баримтуудыг харгалзаж үзээгүй, нотлох баримтаар үнэлэлгүйд гомдолтой байна. 2.Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлээ тодорхойлохдоо Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг үндэслэж, “.........” ХХК-ийн хөрөнгө, мөнгийг хувьдаа авч, завшсан .........ын үйлдлийн улмаас компанид учруулсан гэм хорын хохирол 12,021,322 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, хөдөлмөрийн хуулийн 135.4 дэх хэсэгт заасныг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн байдаг ба энэ асуудлыг давж заалдах гомдлын нэг үндэслэл болгосон байх боловч давж заалдах шатны шүүх уг үндэслэлд дүгнэлт хийгээгүй байна. Компанид хохирол учруулсан хариуцагч .........ын хууль бус үйлдэлд гэмт хэргийн шинжтэй байх боловч нэхэмжлэгчийн зүгээс иргэний журмаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг баримтлан нэхэмжлэл гаргасан болохыг харгалзан үзэхийг хүсье. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлүүдийн аль нэгт хамаарахгүй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч “.........” ХХК нь хариуцагч .........д холбогдуулан хохиролд 12,021,322 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчаас 6,010,661 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

 

......... нь “.........” ХХК-д 2017.05.02-ны өдрөөс эхлэн худалдааны борлуулагчаар ажиллаж байхдаа байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан харилцаа нь хөдөлмөрийн гэрээнээс үүссэн тул Иргэний хуулийн  497 дугаар зүйлийг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлээ болгосон гэх хариуцагчийн татгалзал, энэ талаарх гомдол үндэслэл муутай байна.

2019.05.03-ны өдөр тооцоо нийлж 12,021,322 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн акт, 2019.11.06-ны өдөр талуудын байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу хариуцагч нь төлбөрийг хүлээн зөвшөөрсөн боловч ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүлээнэ. Ажилтны гүйцэтгэх ажил үүрэг тодорхойгүй, ажлын байрны тодорхойлолтгүй байхын зэрэгцээ ажил олгогчийн зүгээс ажилтанд хэзээ, хэдий хэмжээний, ямар бараа бүтээгдэхүүн хариуцуулан өгсөн баримт тооцоо хэрэгт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй юм.

 

Маргааны талаарх үйл баримт, хэмжээ, хязгаарыг шүүх нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын хэмжээнд үнэлдэг тул 6,174,568 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалд хариуцагч нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 147 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 111,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Г.БАНЗРАГЧ

 

                           ШҮҮГЧИД                                                              П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                          Б.МӨНХТУЯА

 

                                                                                                          Х.СОНИНБАЯР

 

                                                                                                          Б.УНДРАХ