Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 422

 

 

Г.И-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/03039 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.И-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШГА-д холбогдох

 

Анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнэ болон үнэлгээчний тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: НШГА-ны тасгийн дарга бөгөөд Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Н.Уранчимэгийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 3/1927 дугаар "Мэдэгдэл"-д төлбөр төлөгч Н.Наранцогт, Д.Аварзэд нарт 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдсэнийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мэдсэн. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн үнэлгээний саналыг Н.Наранцогт, Д.Аварзэд нарт мэдэгдээд бусад өмчлөгч нарт мэдэгдэхгүй байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6045 дугаар захирамжаар Н.Наранцогтоос 36 388 289 төгрөг, Д.Аварзэдээс 36 388 289 төгрөгийг гаргуулж “Газар партнерс ББСБ" ХХК-д тус тус олгуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч бидний үүргийн гүйцэтгэлд миний бие нь хамтран өмчилдөг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009099, Г-2203007763 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 09 дүгээр гудамны 153 тоот, 138 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 404 м.кв талбайтай газрыг барьцаалсан. Ийнхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа хөрөнгөөр гэрээний үүргийн биелэлтийг хангах ажиллагаа хийгдэж байгаа боловч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон 233 498 200 төгрөгийн үнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлэхийн сацуу, тус үл хөдлөх хөрөнгө, газрыг хамтран өмчилдөг өмчлөгчийн эрхийн ноцтой зөрчиж байна. Бид анх 2014 онд тус үл хөдлөх хөрөнгө болон газрын үнийн саналыг 3.5 тэрбум төгрөгөөр өгч байсан. Гэтэл зөвхөн үл хөдлөх хөрөнгийнх нь бодит үнэд хүрэхгүй үнээр үл хөдлөх хөрөнгө болон газрыг хамтад нь үнэлсэн үндэслэлгүй байна. Үнэлгээчний тогтоосон үнэ нь анх бидний санал болгосон үнийн 20 хувьд ч хүрэхгүй байна. Мөн тус газар, үл хөдлөх хөрөнгө нь Улаанбаатар хотын нэгдүгээр зэрэглэл бүхий бүсэд байрладаг, тус бүс хэсэгт 138 м.кв талбайтай орон сууцны үнэ 250 000 000-600 000 000 төгрөгийн үнэ хүрдэг. Гэтэл 138 м.кв талбайтай орон сууцны байрны үнэ хүрэхгүй үнээр үл хөдлөх хөрөнгө болон газрыг үнэлж өмчлөгч бидний эрхийг ноцтой зөрчиж байна. Мөн надаас үнийн саналыг аваагүй. Иймд анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнэ болон үнэлгээчний тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6045 дугаар захирамжаар Н.Наранцогтоос 36 388 289 төгрөг, Д.Аварзэдээс 36 388 289 төгрөг гаргуулж “Газар партнерс ББСБ" ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу НШГА 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Төлбөр төлөгч Н.Наранцогт, Д.Аварзэд нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 9 дүгээр гудамжны 153 тоот 138 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 404 м.кв талбайтай газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжилж, хураасан. Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэлгээ 233 498 200 төгрөгийн 70 хувиар тооцон 163 448 740 төгрөгөөр 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 181 /Ш32017/01687 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага төлбөр төлөгч нараас барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, тус ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа тул хариуцагчийн татгалзлыг дэмжиж байна. Хэрэгт газар болон үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хоёр үнэлгээ авагдсан байгаа тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой болгож шинжээч томилуулан дахин үнэлгээ тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 37 дугаар зүйлийн 37.3, 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4-д заасныг баримтлан НШГА-нд холбогдох, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнэ болон үнэлгээчний тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай Г.И-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.И-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Г.И-т уг тогтоолуудыг танилцуулаагүй бөгөөд гуравдагч этгээд нарын эрхийг зөрчиж, барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч байхад барьцаа хөрөнгийг үнэлэх ажиллагаанд түүний эрхийн хангалгүй, үнийн санал авалгүй, оролцуулалгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, түүний эрхийг зөрчсөн. Мөн анхан шатны шүүхэд өмгөөлөгч М.А миний бие "өвчний улмаас хурал хойшлуулах тухай" хүсэлтийг шүүгчийн туслахад өгөхөд аваагүй бөгөөд Г.И-т хэргийн материал танилцуулаагүй, эрх, үүрэг тайлбарлаагүй, нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулаагүй, хурлын тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зуруулаагүй, мэдэгдээгүй шүүх хуралдааныг хийсэн.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 177 зүйлийн 177.1-д "Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан ....тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно" гэж заасантай нийцсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Сүхбаатар дүүргийн 11 хороо, Зүүн сэлбийн 9 дүгээр гудамжны 153 тоот, 138 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга 404 м.кв талбайтай газрыг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн 233 498 200 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур болно. Тус газар, үл хөдлөх хөрөнгө нь Улаанбаатар хотын нэгдүгээр зэрэглэл бүхий бүсэд байрладаг, тус бүс хэсэгт 138 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны үнэ л 250 000 000-600 000 000 төгрөгийн үнэлгээтэй. Гэтэл нэгдүгээр зэрэглэлийн маш олон үйлчилгээний зориулалттай объектыг ийм хямдхан үнэлсэн нь хэт нэг талыг барьсан төлбөр авагчид ашигтайгаар үнэлгээ гарсан гэж үзэж байна. Д.Аварзэд нь анх 2014 онд тус үл хөдлөх хөрөнгө болон газрын үнийн саналыг 3.5 тэрбум төгрөгөөр өгсөн боловч уг үнийн саналыг "Хөрөнгийн Үнэлгээний төв" ХХК харгалзан үзээгүй тул бодит үнэлгээнээс 40 дахин хямд үнээр үнэлэгдсэн. Нэхэмжлэгч нь бусдад өр төлбөргүй атлаа хамтын өмчлөлийн хөрөнгийг үнэлэх, хураах ажиллагаануудад түүнийг оролцуулаагүй, мэдэгдээгүй. Хавтаст хэргийн 104, 108 дугаар хуудсуудад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3/35091 тоот Г.И-ын нэр дээр хаяглагдсан гэх мэдэгдэл байгаа боловч хэрхэн яаж түүнд гардуулсантай холбоотой баримт байхгүй. Г.И-т тус албан тоотыг мэдэгдсэн гэх тэмдэглэл байхгүй байхад зөвхөн хариуцагч талаас үйлдэгдсэн албан тоотыг анхан шатны шүүх "Мэдэгдсэн гэх үйл баримтын" үндэслэл болгон үнэлж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Д.Аварзэдэд мэдэгдсэнээрээ өмчлөгч Г.И-т мэдэгдсэн гэж үзэж болохгүй. Учир нь хамтын өмчлөлийн хөрөнгөө эрсдэлтэй байдалд оруулж, хамтран өмчлөгч нарын өмчлөх эрхэд харш үйлдэл хийсэн Д.Аварзэд нь Г.И-тай эсрэг ашиг сонирхолтой этгээд бөгөөд эсрэг ашиг сонирхолтой этгээдэд мэдэгдэх ажиллагаа нь зөвхөн түүнд л хамаарах мэдэгдэх ажиллагаа болохоос Г.И-т хамаарах ажилагаа болохгүй юм. Нэхэмжлэгч Г.И-ын зүгээс өмчилдөг хөрөнгөнийхөө үнэлгээг зах зээлийн бодит үнэлгээгээр үнэн зөв, бодитоор үнэлүүлж, өөрт ногдох хувиа шударгаар авахыг хүссэн болно. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд болон шүүхэд мэдүүлэх, өмчлөх эрхээ хамгаалах зэрэг эрхүүд нь зөрчигдсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.И хариуцагч НШГА-д холбогдуулан анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнэ болон үнэлгээчний тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6045 дугаар захирамжаар “Газарпартнерс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Аварзэд, Н.Наранцогт нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 75 412 882 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ 3 155 541 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч нар нь үлдэх 72 257 341 төгрөгийг төлөхөөр болон зээлийн барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.                                                                              /хх-29-30 дугаар тал/

 

            Дээрх шийдвэрийг үндэслэж 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 512, 513 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 154/6046 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Г.И, Д.А, Д.А, Д.Н нарын өмчлөлийн үйлчилгээний зориулалттай 138 м.кв барилга, 404 м.кв газрыг битүүмжилж, 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлбөр төлөх хугацаа олгосон, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 153/6048 дугаартай эд хөрөнгө хураасан тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан ба энэ талаар хуульд заасны дагуу гомдол гаргаагүй тул уг ажиллагааг хүчинтэй гэж үзнэ.                                                                                                                                                  /хх-34-41 дэх тал/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл төлбөр төлөгч Д.А, Н.Н, өмчлөгч Г.И, Д.А, Д.Н нарын оршин суух хаягаар НШГА-аас Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 9 дүгээр гудамж 153 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 138 м.кв талбайтай барилга, 404 м.кв талбайтай газрыг битүүмжлэн хураасан тул үнийн саналаа өгөхийг мэдэгдэж мэдэгдэл хүргүүлж, Г.И, Д.А, Д.А нар үнийн саналаа 3 500 000 000 төгрөг гэж өгсөн байх тул өмчлөгчөөс үнийн санал аваагүй гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбар үндэслэлгүй болно.

 

Хариуцагч байгууллага нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үнийн санал авах ажиллагааг хийхэд төлбөр төлөгч, өмчлөгч нар үл хөдлөх эд хөрөнгийг 3 500 000 000 төгрөгөөр үнэлж үнийн санал өгсөн боловч төлбөр авагч “Газарпартнерс ББСБ” ХХК нь үнэлгээг зөвшөөрөхгүй, хөндлөнгийн шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч болон төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 219 дүгээр тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 9 дүгээр гудамж 153 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 138 м.кв талбайтай барилга, 404 м.кв газрыг 233 498 200 төгрөгөөр үнэлсэн нь хууль зөрчөөгүй болно. Иймд үнэлгээний талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.                                                               /хх-64-71 дэх тал/

 

Нэхэмжлэгч Г.И нь “Итгэлт Бээс” ХХК-иар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 9 дүгээр гудамж 153 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай барилга, газрыг үнэлүүлсэн үнэлгээг шүүхэд нотлох баримтаар гаргасан боловч уг үнэлгээнд 138 м.кв талбайтай барилга болон 404 м.кв газрын хэмжээ өөр байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Хэргийн 75-82 дугаар талд авагдсан баримтаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч нарт НШГА 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 3/1227, 3/1228 дугаар албан бичгээр анхны албадан дуудлага худалдаанд үйлчилгээний зориулалттай 138 м.кв талбайтай барилга, 404 м.кв газрыг 233 498 200 төгрөгийн 70 хувиар тооцон 136 448 740 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэж, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/6 тоот тогтоолоор Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолоор анхны албадан дуудлага худалдаанд оруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд уг ажиллагаа нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй юм.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хөрөнгийн үнэлгээний компанийг томилохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

            Түүнчлэн, анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус тус зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарласан, хэргийн материал танилцуулсан, нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулсан болох нь хэргийн 14-15, 87, 120, 165 дугаар талд авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчид хэргийн материал танилцуулаагүй, эрх, үүрэг тайлбарлаагүй, нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулаагүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

            Мөн шүүх 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн анхан шатны шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчид 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдэж гарын үсэг зуруулсан болох нь хэргийн 166 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар тогтоогдож байх тул шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/03039 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А-с давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ