Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2019/00367

 

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2019/00367

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 1-р баг, Данзанваанчигийн ********* тоот хаягт оршин суух Т  Н  /РД:********4/-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 7-р хороо, Жаргалант, ***** тоот хаягт оршин суух Б  Т  /РД:ШУ**********/-д холбогдох

            Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Н , хариуцагч Г.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

            Нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авав.

                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Т.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Н  миний бие нөхөр Б.Т той 2009 онд танилцаж улмаар гэр бүл болж, 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор бүртгүүлж, амьдрах хугацаандаа 2011 онд хүү Т. А , 2012 онд ихэр хүү Т.А , Т.О  нарыг төрүүлж, өнөр өтгөн гэр бүл болж, дотно уур амьсгалтай маш сайхан амьдарч байсан. Миний хувьд энэ хүнтэй амьдарсан цагаас хойш ямар нэгэн тодорхой эрхэлсэн ажилгүй, үр хүүхдүүдээ асрамжилж, өсгөн хүмүүжүүлж ирсэн боловч нөхрийн маань ааш араншин 2015 оноос эхлэн эрс өөрчлөгдөж, байнгын хардаж, хэл амаар доромжлон өөрийнхөө эрхэнд байлгахын тулд намайг яахаас ч буцахгүй авирлах болсон нь сэтгэл зүйн хувьд маш хүнд дарамтыг учруулж, улмаар хүүхдүүд маань аавынхаа энэ догшин, хэрцгий авирлалаас жигшин зэвүүцэж, үргэлжийн айдас, түгшүүртэй байдалд байх болсон. Нөхөр биднийг янз бүрийн байдлаар тохуурхаж, доромжлох асуудал газар авч 2017 оноос эхлэн миний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдаж, зодох болсон. Уг гэр бүлийн хүчирхийллээс залхаж, үр хүүхэдтэйгээ амар тайван орчинд амьдрах боломжгүй байдалд хүрсэн. Хамгийн сүүлд 2015 оны 05 сард согтуудаа намайг боож, нүүр лүү алгадаж, азаар энэ үеэр түүний бэр эгч нь салгаж, би уг гэрээс зугтаж, амиа аварч гарсан. Энэ үед миний хувьд үр хүүхдүүдээ авч чадалгүй зугтаж гарсан ба 4 хоногийн дараа тэрээр хүүхдүүдийг ахындаа орхиод явсных нь дараа хүүхдүүдээ авч тус аймагт өөрийн гэр орон ээж дүү нар дээрээ ирж, одоог хүртэл эндээ амьдарч байна. Шүүхээс 2 сарын хугацаа өгч эвлэр гэсэн боловч бодит үр дүн гараагүй, миний бие хүүхдүүдийнхээ хамтаар амьдарч байгаа бөгөөд Б.Т ын хувьд үр хүүхдээ асран хамгаалах ямарч боломжгүй, иймд гэрлэлтийг цуцалж, хуульд зааснаар тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

            Хариуцагч Г.Т  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тодорхой эрхэлсэн ажилгүй учир өөрийн хойд аав болох Х , ээж Б  маш их тусламж авдаг байсан. 2015 онд миний бие гэнэт муудаж зүрхний хавхлага солиулах хагалгаанд орсон. Хагалгааны дараа груп тогтоолгосон бөгөөд эхнэр Н ыг Об пластик ХХК-д ажилд оруулсан. Эхнэр маань ажилд орсон цагаасаа эхэлж зан ааш өөрчлөгдөж гадуур хоноор явж архи дарс хэрэглэх болсон. Намайг гэртээ байхгүй үед үл таних нэг залуутай утсаар ярьж мессеж бичиж байсныг миний дүү хэлсэн. Миний хувьд гурван хүүхэд болон эхнэрээсээ салах бодолгүй байгаа бөгөөд элэг бүтэн амьдрахыг хүсэж байсан боловч эвлэрэх хугацаанд миний эрүүл мэндийн байдлаас болоод очиж чадаагүй. 3 хүүхдээ өөр дээрээ авч хэд хонуулсан гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

                                             ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Т.Н  нь хариуцагч Б.Т од холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаарджээ.  

Т.Н , Б.Т  нар нь 2009 онд танилцаж 2010 оны 2 сарын 14-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж хууль ёсны гэр бүл болсон байх ба тэдний дундаас 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүү Т. А , 2012 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүү Т.О , Т.А  нар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийнболон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүхнэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

            Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон ба 2018 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдэд хугацаа өгсөн боловч 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 24 тоот ажиллагаагаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа мөн амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон байна. /хх-ийн 12, 28/

Харин Т.Н , Б.Т  нар нь хоорондын зан харьцааны болон бусад таарамжгүй байдлын улмаас 2018 оны 5 сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй талаар хэн хэн нь тайлбар гаргаж, улмаар хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцож байх тул шүүх маргааныг  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5-д зааснаар гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамжийг гэрлэгчдийн тохиролцооны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэснээр Т.Н  нь хүүхдүүдээ эцэг Б.Т той уулзуулах нөхцлөөр хангаж, эцэг нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэдгийг дурдах нь зүйтэй. 

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлөх хуулийн шаардлагын дагуунэхэмжлэгчээс төлсөн дээрх мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, уг мөнгийг хариуцагчаас гаргуулахгүй гэснийг дурдаж, хуульд заасан хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд тохирсон тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэйбайна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэдзаасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т  Н  /РД:/, Б  Т  /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүү Т. А , 2012 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүү Т.О , Т.А  нарыг эх Т.Н ын асрамжиндүлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүү Т. А , 2012 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүү Т.О , Т.А  нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Т оор сар бүр тэтгэлэг гаргуулан тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Т. А , хүү Т.О , Т.А  нарыг эцэг Б.Т той уулзуулахад болон эцэг нь хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Т.Н т даалгасугай.

5. Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаарзүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т оос хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж 65 062 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.   

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                  Б.МӨНХЖАРГАЛ