Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/00185

 

А.А ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00451 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 747 дугаар магадлалтай,

А.А ийн нэхэмжлэлтэй,

“Н Т Т” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 36 314 555 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхсаруул, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч А.А  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А  нь “Н Т Т” ХХК-д 2005 оноос хойш 18 жил ажилласан, 2016 оны 11 дүгээр сараас Номин хайпермаркет-32 тойрогт эрхлэгчээр ажиллаж эхэлсэн. Гэтэл 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Н Т Т” ХХК-ийн борлуулалт хөгжлийн бизнес эрхэлсэн захирал С.Хосбаяр нь А.А ийг ажлын хариуцлага алдаж 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн тасгийн борлуулагч Н.Эрдэнийн худалдан авалтад өөрийн бонус картыг уншуулан 25 000 төгрөгийг хувьдаа авч ашигласан, цаг төлөвлөлтийг дур мэдэн өөрчилсөн, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр банкны дараа төлбөрийн картыг ашиглан удаа дараа кассаар уншуулан бэлэн мөнгө болгон авсан нь тогтоогдсон гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 6.5.5.6, 6.5.5.8-д заасныг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн.

Гэвч А.А  нь хөдөлмөрийн гэрээнд заасан тухайн зөрчлүүдийг гаргаж байгаагүй. Ажилдаа хариуцлагатай үр бүтээлтэй ажилласаар ирсэн учраас үндэслэлгүй, хууль бус шийдвэр юм. Нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ажлаас халагдсан тул ажилгүй байсан хугацааны цалинг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 10 сар 12 хоногийн цалинг тооцон нийтдээ 36 314 555 төгрөгийг гаргуулан, ажилд эгүүлэн тогтоолгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Дэлгэрмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. А.А  нь эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зөрчиж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зэргийг зөрчсөн учир түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 6.5.5.6, 6.5.5.8 дахь хэсгүүдэд зааснаар цуцалсан.

2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр А.А  нь 32 тойргийн салбарт талбай түрээслэн бэлэн хувцасны худалдаа эрхэлдэг Н.Эрдэнэ гэх хүнээс зээлээр бараа авсныхаа төлбөрийг түүний худалдан авалтыг хөнгөлөх замаар буюу 52 373 төгрөгийн барааны 50 хувь болох 26 193 төгрөгийг А.А  нь 90620020 дугаарын номин бонус картаар авах хөнгөлөлт журмын бус картын гүйлгээ хийж, номин бонус картын үйл ажиллагааны журмын 9.4.5-д заасан зөрчлийг гаргасан. Энэ зөрчил нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.5.5.8 дахь хэсэгт заасан ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болсон.

А.А ийн уг зөрчил нь ахлах кассчин Э.Аюурзаны тайлбараар илэрч, түрээслэгч Н.Эрдэнийн тайлбар, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр татаж хэвлэсэн 90620020 дугаартай бонус картын дэлгэрэнгүй тайлангаар тогтоогдож, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр уг үйл баримтыг өөрөө хүлээн зөвшөөрч баталж, дахиж ийм алдаа дутагдал гаргахгүй гэдэг талаараа бичгээр гаргасан тайлбар зэргүүдээр бүрэн батлагдсан юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор шийтгэл ногдуулна гэж заасантай нийцэж байгаа.

А.А  нь 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Номин 32 хайпермаркетын эрхлэгчээр томилогдоод 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр захиргаанд хандсаны дагуу захирал С.Хосбаяр ирэх цагийг 9 цаг, тарах цагийг оройн 18 цаг болгож өөрчилсөн. Ажилдаа ирж очих цагт нь ийнхүү өөрчлөлт оруулсан байтал төлөвлөсөн цагаас байнга хоцорч тасалж байсан, бүтэн жилийн хугацаанд дэлгүүрийн нээлтэнд 2 удаа оролцсон. Ажлын байрны тодорхойлолтод 7 хоногт 1-ээс 2 удаа заавал нээлтэнд оролцож, ажилтнуудад заавар чиглэл өгөх ёстой гэж заасан байдаг.

Зохион байгуулагч А.Эрдэнэсувд нь А.А  эрхлэгчтэй үгсэн хуйвалдаад өөрийн болон эрхлэгчийнхээ хоцорсон тасалсан цагийг засаж, хуурамч төлөвлөлт өгч, улмаар 2 сарын гүйцэтгэлийн цагийн балансыг хуурамчаар гаргасан байдаг. Энэ зөрчлөөс зохион байгуулагч С.Эрдэнэсувдад сахилгын арга хэмжээ авагдсан.

А.А  нь өөрийн дараа төлбөрт зэс картыг кассын терминалд уншуулан дэлгүүрийн орлогоос бэлэн мөнгө авдаг байсан нь ахлах касс Э.Аюурзанын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн тайлбараар илэрч, уг үйл баримтыг өөрөө хүлээн зөвшөөрсөн.

“Н Т Т” ХХК, “ХААН банк” ХХК нарын хооронд төлбөрийн картаар бэлэн мөнгө олгох хамтран ажиллах гэрээтэй байдаг. “ХААН банк” ХХК-ийн бүх төрлийн картаар номингийн пос төхөөрөмж дээр терминалаар гүйлгээ хийн харилцагчдад бэлэн мөнгө олгодог, нэг удаа хамгийн дээд тал нь 200 000 төгрөг хүртэл авах боломжтой.

Гэтэл харилцагчтай байгуулсан гэрээ, үйлчилгээний стандарт журмаа зөрчөөд 500 000 төгрөгөөс 800 000 төгрөгийг олон удаагийн үйлдлээр касснаас бэлнээр авдаг байсан гэдгийг ахлах кассчин мэдүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00451 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар “Н Т Т” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай А.А ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 747 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00451 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.А  нь улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00451 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 747 дугаар магадлалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч нь “Н Т Т” ХХК-ийн Номин хайпермаркет “32 тойрог”-ийн салбарын эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 36 314 555 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

Тушаалд дурдсан зөрчлүүдийг нэхэмжлэгч гаргаагүй тухайд:

а). 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн тасгийн борлуулагч Эрдэнийн худалдан авалтад өөрийн бонус картыг уншуулан 25 000 төгрөгийг хувьдаа ашигласан гэх зөрчил үндэслэлгүй тухайд:

“Номин Тав Трэйд” ХХК нь 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр жилийн эцсийн урамшуулал болох 5 029 360 төгрөгийг нэхэмжлэгч А.А т олгосон байдаг. Ийнхүү урамшуулал олгохдоо нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татвараас зайлсхийх зорилгоор нэхэмжлэгч А.А ийн цалингийн дансанд шилжүүлээгүй бөгөөд харин Номин бонус картад “бонус оноо буюу цахим мөнгө” хэлбэрээр шилжүүлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл Номин бонус картад байгаа “бонус оноо” буюу “цахим мөнгө” нь нэхэмжлэгч А.А ийн өмчлөлд шилжүүлсэн урамшуулал юм. 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч А.А  нь Номин худалдааны төвд хамт ажилладаг Н.Эрдэнэ гэх хүнээс 50 000 төгрөгийн бараа худалдан авсан байдаг бөгөөд Н.Эрдэнэд 25 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдсэн 25 000 төгрөгийг өөрийн Номин бонус картад байгаа бонус оноогоороо төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн цахим мөнгө буюу бонус оноогоо захиран зарцуулсан байхад тус үйлдлийг зөрчилд тооцон ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй, хуульд нийцээгүй байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан дээрх тайлбар, үндэслэлд дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэгч А.А ийг хөдөлмөрийн гэрээний 6.5.5.8-д заасан “Номин бонус карттай холбоотой дүрэм, журам зөрчсөн” гэж үзсэн нь үндэслэлгүй.

2. “Н Т Т” ХХК болон нэхэмжлэгч нарын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.5-д “Ажилтан дараах зөрчлийг гаргасан тохиолдолд ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажил олгогчийн санаачилгаар гэрээг шууд цуцална. Үүнд: 6.5.5.8. Номин бонус карттай холбоотой дүрэм, журам зөрчсөн” гэжээ.

 “Номин Холдинг” ХХК, “Н Т Т” ХХК-иудад “Номин бонус картаар үйлчлүүлэх дүрэм”, “Номин бонус картын үйл ажиллагааны журам”, “Номин бонус картын дүрэм” зэрэг олон тооны дүрэм журам үйлчилдэг. Эдгээр бүх журмыг бүхэлд нь хэт хавтгайруулан ноцтой зөрчилд оруулахаар заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан тухайлан тохиролцох гэсэнтэй нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээнд ямар дүрэм, журмын ямар заалтыг зөрчвөл ноцтой зөрчилд хамаарах эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх нотлох баримтыг хэт нэг талд үнэлж, нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний 6.5.5.8-д заасан зөрчил гаргасан гэж шийдвэрлэсэнд гомдолтой. Энэ талаар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дурдсан хэдий ч шүүхээс ямар ч дүгнэлт өгөөгүй билээ.

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр банкны дараа төлбөрийн картыг ашиглан удаа дараа кассаар уншуулан бэлэн мөнгө болгон авсан гэх зөрчил:  Нэхэмжлэгч нь 2018 оны 02 сарын 05-ны өдөр банкны дараа төлбөрт картаа дэлгүүрийн карт уншигч машин дээр уншуулан, касснаас бэлэн мөнгө авсан байдаг ба үүнийгээ ямар нэг байдлаар үгүйсгээгүй юм. Учир нь касс дахь бэлэн мөнгийг дансанд шилжүүлснээр “Н Т Т” ХХК-ийн касст байгаа бэлэн мөнгө “Н Т Т” ХХК-ийн харилцах дансанд бэлэн бус хэлбэрээр шилжсэн гэсэн үг бөгөөд эндээс хэн нэгэн этгээд ашиг олсон, хохирсон зүйл байхгүй. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй, талууд маргаагүй асуудлаар дүгнэлт өгч “Н Т Т” ХХК-нд учирсан хохирлын хэмжээ 3 сарын цалингаас давсан байна гэх ор үндэслэлгүй дүгнэлт өгсөнд гомдолтой.

“Н Т Т” ХХК-ийн борлуулалт үйлчилгээний бизнес эрхэлсэн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 3-13/31 тоот ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг баримтлаагүй тухайд:

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн зөрчлийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр илрүүлсэн гэх атлаа 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хариуцлага тооцсон байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дэх хэсэгт “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан байхад нэхэмжлэгчийн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, 12 хоногийн дараа ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан байна. Тухайлбал, нэхэмжлэгч А.А ийн гаргасан гэх зөрчлийг 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр камер хянагч Л.Ганбат илрүүлж, “Номин Холдинг” ХХК-ийн Эрх зүйн газарт холбогдох баримтын хамт хүргүүлсэн байдаг. Эндээс үзвэл 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор холбогдох шалгалтыг хийж, зохих хариуцлагыг хүлээлгэх байтал Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгийг зөрчиж 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлөх шийтгэл ногдуулжээ. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 3-13/31 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацаанд нийцэж байгаа эсэх талаар огт дүгнэлт өгөөгүй. Түүнээс гадна нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг хариуцагч баримтлаагүй талаар үндэслэл бүхий олон тайлбар гаргасан боловч шүүх шийдвэртээ энэ талаар огт тусгаагүйд гомдолтой. Шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. 3) Хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхгүй этгээд тушаал гаргасан тухайд: давж заалдах шатны шүүхийн магадлалын 5 дахь талд “Н Т Т” ХХК-ийн захирал Ш.Баярсайхан 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3-2/85 дугаар тушаалаар тус компанийн борлуулалт үйлчилгээний бизнесийн их дэлгүүр, ... шинээр ажилтан авах, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилтныг ажлаас халах, чөлөөлөх зэрэг хүний нөөцтэй холбоотой асуудлаар тушаал, шийдвэр гаргах эрхийг салбарын захиралд олгосон байх тул.... Борлуулалт үйлчилгээний бизнес эрхэлсэн захирал С.Хосбаярыг эрх бүхий этгээд гэж үзэх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй” гэж дүгнэжээ. Гэтэл “Н Т Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.5-д “...салбарын эрхлэгчийг томилох, чөлөөлөх асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын дагуу шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, салбарын эрхлэгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч А.А ийн хөдөлмөрийн гэрээг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлын дагуу шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл “Н Т Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд нийцээгүй тушаалаар нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна. Салбарын эрхлэгчийг ажлаас чөлөөлөх эрхгүй этгээд буюу “Н Т Т” ХХК-ийн борлуулалт үйлчилгээний бизнес эрхэлсэн захирал С.Хосбаярын тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас халсан байхад давж заалдах шатны шүүхээс “үндэслэлтэй байна” гэх дүгнэлт өгсөнд гомдолтой байна.

“Н Т Т” ХХК-ийн толгой компани болох “Номин Холдинг” ХХК-ийн дотоод журмыг дагаж мөрдех талаар талууд гэрээгээр тохиролцоогүй, хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй. “Номин Холдинг” ХХК -ийн емнө нэхэмжлэгч ямар ч үүрэг хүлээгээгүй байхад “Номин Холдинг” ХХК-ийн баталсан дүрэм, журмыг зөрчсөн гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй тухайд: Нэхэмжлэгч А.А  нь зөвхөн “Н Т Т” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил олгогч, ажилтны харилцааг үүсгэсэн байдаг бөгөөд “Н Т Т” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр “Номин холдинг” ХХК-ийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй. Мөн нэхэмжлэгч А.А  болон “Н Т Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд “Номин холдинг” ХХК-ийн дүрэм, журмыг дагаж мөрдөх талаар ямар нэг зохицуулалт байхгүй.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс “Н Т Т” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь тус компанийн захирал Ш.Баярсайхан, “Номин Холдинг” ХХК нар байх ба хариуцагч компани нь “Номин Холдинг” ХХК-ийн нэгдэлд багтдаг болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/85 дугаар тушаалаар батлагдсан “Номин бонус картын үйл ажиллагааны журам” нь Н Т Т ХХК-д үйлчилнэ гэсэн дүгнэлтийг өгчээ.

“Н Т Т” ХХК-ийн толгой компани болох “Номин Холдинг” ХХК-ийн дотоод журмыг дагаж мөрдөх талаар талууд гэрээгээр тохиролцоогүй, “Номин Холдинг” ХХК -ийн өмнө нэхэмжлэгч ямар ч үүрэг хүлээгээгүй байхад “Номин Холдинг” ХХК-ийн баталсан дүрэм, журмыг зөрчсөн гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцалсныг анхан болон давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн тушаалд дурдагдаагүй, хариуцагчийн зүгээс маргаагүй, талууд мэтгэлцээгүй зөрчлийг санаачилгаараа шийдвэртээ нэмж тусгаж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан тухайд:

Хариуцагч “Н Т Т” ХХК нь нэхэмжлэгч А.А ийг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээний 6 5.5.6, 6.5.5.8 дахь заалтыг тус тус үндэслэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх хэргийг дүгнэхдээ “...хөдөлмөрийн гэрээний 6.5.5.9-д заасан компанид учруулсан өр дутагдлын хэмжээ нь ажилтны 3 сарын нийлбэр цалингаас давсан..” гэх шинэ зөрчлийг нэмж, нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс энэ талаар дурдаж, шүүх хуралдаан дээр удаа дараа тайлбар тавьсан хэдий ч шүүхээс дүгнэлт өгөөгүй билээ.

Нэхэмжлэгч шүүхэд хандахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй тухайд:

Давж заалдах шатны шүүхийн магадлалын 6 дахь талд “Нэхэмжлэгч А.А ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ажил олгогчийн шийдвэрт гомдол гаргах 1 сарын хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж” дүгнэжээ.

Нэхэмжлэгч А.А  нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч “Н Т Т” ХХК-ийн гаргасан ажлаас халсан тушаалыг эс зөвшөөрч хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “эрүүл мэндийн шалтгааны улмаас” Солонгос улсад эмчлүүлэхээр явсан хойгуур анхан шатны шүүхээс 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн байдаг.

Нэхэмжлэгч нь Солонгос улсаас 2018 оны 10 сарын 09-ний өдөр Монгол Улсад ирсэн бөгөөд буцаан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг 2018 оны 10 сарын 17-ны өдөр гардан авсан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол талууд болон шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно” гэж заажээ. Тус хуулийн заалтын дагуу нэхэмжлэгчийг 2018 оны 10 сарын 17-ны өдөр шүүгчийн захирамжийг гардан авснаар шүүхийн явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2018 оны 10 сарын 17-ны өдөр шүүгчийн захирамжийг гардан авснаар хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсож шинээр тоологдох бөгөөд 2018 оны 11 сарын 17-ны өдөр буюу 30 хоногийн дотор нэхэмжлэлийг дахин гаргасныг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх үзэх боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00451 дугаар шийдвэр, Нийслэлийн 4 Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 сарын 26-ны өдрийн 747 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

А.А  нь “Н Т Т” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 36 314 555 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...тушаалд дурдсан зөрчлийг нэхэмжлэгч гаргаагүй, ажилтныг ажлаас чөлөөлөх эрхгүй этгээд тушаал гаргасан, шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх үндэслэл зааж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.А  нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Н Т Т” ХХК-ийн борлуулалт үйлчилгээний бизнес эрхэлсэн захирал С.Хосбаярын 3-13/31 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Тус тушаалд түрээсийн тасгийн борлуулагч Эрдэнийн худалдан авалтанд өөрийн бонус картыг уншуулан 25 000 төгрөгийг хувьдаа авч ашигласан, удирдлагын зөвшөөрөлгүй өөрийн ажлын цаг төлөвлөлтийг дур мэдэн өөрчилсөн, банкны дараа төлбөрт картуудыг ашиглан удаа дараа кассын терминалаар уншуулан бэлэн мөнгө болгон авсан нь тогтоогдсон гэжээ.

Миний бие тушаалд заасан зөрчлүүдийг гаргаж байгаагүй, ажиллах хугацаандаа хариуцлагатай, үр бүтээлтэй ажилласаар ирсэн, миний гаргасан гэх зөрчлүүдийг тогтоолгүйгээр үндэслэлгүй, хууль бус шийдвэр гаргалаа.  Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: ”...А.А  нь эрхлэгчийн албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, компанийн дотоод дүрэм журам, үйлчилгээний стандарт, бизнесийн ёс зүйг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан нь гэнэтийн шалгалтаар илэрч, холбогдох баримтуудаар тогтоогдсон, ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй...” гэж маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч А.А  нь 2005 оноос “Н Т Т” ХХК-д кассын албан тушаалд ажилд орж, ахлах касс, нярав, заал зохион байгуулагч, эрхлэгчийн албан тушаалд дэвшин ажилласан, 2016 оноос тушаал гарах хүртэл “Н Т Т” ХХК-ийн Номин хайпермаркет “32 тойрог”-т салбарын эрхлэгчээр ажиллаж байсан, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №3-13/31 тушаалаар А.А ийг ажлын хариуцлага алдаж, ноцтой зөрчил гаргасан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., хөдөлмөрийн гэрээний 6.5.5.6., 6.5.5.8. дахь заалтуудыг үндэслэл болгож хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т “ажилтан хөдөлмөрийн ...харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан ба Зохигчийн хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.5.5.6.-д “албан тушаалаа урвуулан ашигласан, хэтрүүлсэн”, 6.5.5.8.-д “Номин бонус карт”-тай холбоотой дүрэм, журам зөрчсөн бол ноцтой зөрчилд тооцохоор тохиролцжээ.

А.А  нь тушаалд заасан зөрчлийг гаргасан болох нь Эрх зүйн газрын захирал Л.Батбаяр, хуульч У.Дэлгэрмаа нарын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №01/19 тоот “Хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчилд арга хэмжээ тооцуулах тухай” албан бичиг, ажлын байрны тодорхойлолт, нэхэмжлэгчийн өөрийн  болон хамт ажилладаг хүмүүсийн Эрх зүйн газарт гаргасан тайлбар, тодорхойлолт зэрэг холбогдох баримтаар нотлогдсон байх тул ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Шүүх хэргийн оролцогчоос гаргаж хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтад нийцжээ.

Нэхэмжлэгч А.А ийн “...Номин бонус картын үйл ажиллагааны журам зөрчснөөс хэн нэгэн этгээд ашиг олсон, хохирсон зүйл байхгүй...” гэх тайлбар нь түүний гаргасан зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй гэх  нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Номин Хайпермаркет “32 тойрог” нь бизнесийн үндсэн чиглэлээрээ Борлуулалт үйлчилгээний бизнест хамаарах бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 5.4.-т Бизнес эрхэлсэн захирал нь ...хууль тогтоомж, гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд салбарын үндсэн, өдөр тутмын үйл ажиллагааг хангах зорилгоор хөдөлмөрийн харилцаа болон шаардлагатай бусад үйл ажиллагааг зохицуулах тушаал гаргана” гэж заажээ.

Борлуулалт үйлчилгээний салбарын Номин Хайпермаркет “32 тойрог”-т эрхлэгч ажилтай А.А ийг тус Борлуулалт үйлчилгээний бизнес эрхэлсэн захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн нь Компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчөөгүй тул эрх бүхий этгээд тушаал гаргаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.

Ажилтан тушаалд заасан зөрчлийг гаргасан нь Эрх зүйн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №01/19 дугаар бүхий “Хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчилд арга хэмжээ тооцуулах тухай” албан бичгээр тогтоогдож, зөрчил гаргагч А.А ийн тайлбараар нотлогдсон гэж үзэх тул зөрчлийг илрүүлсэн хугацааг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэж үзнэ.

Ажил олгогч 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тушаал гаргаж, хариуцлага тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй, энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.

А.А  2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №313/31 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг эс зөвшөөрч 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШЗ2018/10673 дугаартай Шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2.-т заасан “нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй” үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр БНСУ-аас ирсэн, шүүгчийн захирамжийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гардаж авсан гэж тайлбарлах боловч тайлбар, үндэслэлээ баримтаар нотлоогүй, шүүгчийн захирамж гарснаас хойш 64 хоногийн дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь хууль зөрчөөгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хоорондох хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг үндэслэл бүхий тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00451 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 747 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч А.А  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД