Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 747

 

 

 

 

 

 

 

 

 

А.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00451 дүгээр шийдвэртэй, А.Аийн нэхэмжлэлтэй “Н” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Дэлгэрмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.А нь “Н” ХХК-д 2005 оноос хойш 18 жил ажилласан, 2016 оны 11 дүгээр сараас Номин хайпермаркет-32 тойрогт эрхлэгчээр ажиллаж эхэлсэн. Гэтэл 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Н” ХХК-ийн борлуулалт хөгжлийн бизнес эрхэлсэн захирал С.Хосбаяр нь А.Аийг ажлын хариуцлага алдаж 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн тасгийн борлуулагч Н.Эрдэнийн худалдан авалтад өөрийн бонус картыг уншуулан 25 000 төгрөгийг хувьдаа авч ашигласан, цаг төлөвлөлтийг дур мэдэн өөрчилсөн, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр банкны дараа төлбөрийн картыг ашиглан удаа дараа кассаар уншуулан бэлэн мөнгө болгон авсан нь тогтоогдсон гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 6.5.5.6, 6.5.5.8-д заасныг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн.

Гэвч А.А нь хөдөлмөрийн гэрээнд заасан тухайн зөрчлүүдийг гаргаж байгаагүй. Ажилдаа хариуцлагатай үр бүтээлтэй ажилласаар ирсэн учраас үндэслэлгүй, хууль бус шийдвэр юм. Нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ажлаас халагдсан тул ажилгүй байсан хугацааны цалинг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 10 сар 12 хоногийн цалинг тооцон нийтдээ 36 314 555 төгрөгийг гаргуулан, ажилд эгүүлэн тогтоолгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Дэлгэрмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. А.А нь эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зөрчиж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зэргийг зөрчсөн учир түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 6.5.5.6, 6.5.5.8 дахь хэсгүүдэд зааснаар цуцалсан.

2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр А.А нь 32 тойргийн салбарт талбай түрээслэн бэлэн хувцасны худалдаа эрхэлдэг Н.Эрдэнэ гэх хүнээс зээлээр бараа авсныхаа төлбөрийг түүний худалдан авалтыг хөнгөлөх замаар буюу 52 373 төгрөгийн барааны 50 хувь болох 26 193 төгрөгийг А.А нь 90620020 дугаарын номин бонус картаар авах хөнгөлөлт журмын бус картын гүйлгээ хийж, номин бонус картын үйл ажиллагааны журмын 9.4.5-д заасан зөрчлийг гаргасан. Энэ зөрчил нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.5.5.8 дахь хэсэгт заасан ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болсон.

А.Аийн уг зөрчил нь ахлах кассчин Э.Аюурзаны тайлбараар илэрч, түрээслэгч Н.Эрдэнийн тайлбар, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр татаж хэвлэсэн 90620020 дугаартай бонус картын дэлгэрэнгүй тайлангаар тогтоогдож, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр уг үйл баримтыг өөрөө хүлээн зөвшөөрч баталж, дахиж ийм алдаа дутагдал гаргахгүй гэдэг талаараа бичгээр гаргасан тайлбар зэргүүдээс бүрэн батлагдсан юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор шийтгэл ногдуулна гэж заасантай нийцэж байгаа.

А.А нь 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Номин 32 хайпермаркетын эрхлэгчээр томилогдоод 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр захиргаанд хандсаны дагуу захирал С.Хосбаяр ирэх цагийг 9 цаг, тарах цагийг оройн 18 цаг болгож өөрчилсөн. Ажилдаа ирж очих цагт нь ийнхүү өөрчлөлт оруулсан байтал төлөвлөсөн цагаас байнга хоцорч тасалж байсан тул бүтэн жилийн хугацаанд дэлгүүрийн нээлтэнд 2 удаа оролцсон. Ажлын байрны тодорхойлолтод 7 хоногт 1-ээс 2 удаа заавал нээлтэнд оролцож, ажилтануудад заавар чиглэл өгөх ёстой гэж заасан байдаг.

Зохион байгуулагч А.Эрдэнэсувд нь А.А эрхлэгчтэй үгсэн хуйвалдаад өөрийн болон эрхлэгчийнхээ хоцорсон тасалсан цагийг засаж, хуурамч төлөвлөлт өгч, улмаар 2 сарын гүйцэтгэлийн цагийн балансыг хуурамчаар гаргасан байдаг. Энэ зөрчлөөс зохион байгуулагч С.Эрдэнэсувдад сахилгын арга хэмжээ авагдсан.

А.А нь өөрийн дараа төлбөрт зэс картыг кассын терминалд уншуулан дэлгүүрийн орлогоос бэлэн мөнгө авдаг байсан нь ахлах касс Э.Аюурзанын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн тайлбараар илэрч, уг үйл баримтыг өөрөө хүлээн зөвшөөрсөн.

“Н” ХХК, “ХААН банк” ХХК нарын хооронд төлбөрийн картаар бэлэн мөнгө олгох хамтран ажиллах гэрээтэй байдаг. “ХААН банк” ХХК-ийн бүх төрлийн картаар номингийн пос төхөөрөмж дээр терминалаар гүйлгээ хийн харилцагчдад бэлэн мөнгө олгодог, нэг удаа хамгийн дээд тал нь 200 000 төгрөг хүртэл авах боломжтой.

Гэтэл харилцагчтай байгуулсан гэрээ, үйлчилгээний стандарт журмаа зөрчөөд 500 000 төгрөгөөс 800 000 төгрөгийг олон удаагийн үйлдлээр касснаас бэлнээр авч голомт банкны зэс картаа уншуулдаг байсан гэдгийг ахлах кассчин мэдүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар “Н” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай А.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

А.А ажлын цагийг дур мэдэн өөрчилснийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад зөрчил гаргасан гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн цахим мөнгө буюу бонус оноог захиран зарцуулсан байхад тус үйлдлийг зөрчилд тооцон ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй.  

Хөдөлмөрийн гэрээний 6.5.5.8-д заасан номин карттай холбоотой дүрэм, журам зөрчсөн гэжээ. Хэрэгт авагдсан олон дүрэм журмыг хавтгайруулан ноцтой зөрчилд оруулахаар заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээнд ямар дүрэм, журмын ямар заалтыг зөрчвөл ноцтой зөрчилд хамаарах эсэх нь тодорхойгүй байхад шүүх нотлох баримтыг хэт нэг талд үнэлж, гэрээний 6.5.5.8-д заасан зөрчил гаргасан гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

А.А нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр банкны дараа төлбөрт картаа дэлгүүрт уншуулан, касснаас бэлэн мөнгө авсан байдаг ба үүнийгээ үгүйсгээгүй. Эндээс хэн нэгэн этгээд ашиг олсон, хохирсон зүйл байхгүй байхад шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй, талууд маргаагүй асуудлаар дүгнэлт өгч хариуцагчид учирсан хохирлын хэмжээ 3 сарын цалингаас давсан гэх үндэслэлгүй дүгнэлт өгчээ.

2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор холбогдох шалгалтыг хийж, зохих хариуцлагыг хүлээлгэх байтал Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгийг зөрчиж, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлөх шийтгэл ногдуулжээ. Гэтэл шүүх хариуцагчийн 3-13/31 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацаанд нийцэж байгаа эсэх талаар огт дүгнэлт өгөөгүй. Мөн хөөн хэлэлцэх хугацааг хариуцагч баримтлаагүй талаар үндэслэл бүхий олон тайлбар гаргасан боловч шүүх шийдвэртээ тусгаагүй.

Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал гаргасан С.Хосбаяр нь “Н” ХХК-ийн борлуулалт үйлчилгээний бизнес эрхэлсэн захирлын албан тушаал хашдаг бөгөөд салбарын эрхлэгчийг ажлаас чөлөөлөх эрхгүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.

А.А нь зөвхөн “Н” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил олгогч, ажилтны харилцаа үүссэн байдаг бөгөөд “Номин холдинг” ХХК-ийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Мөн хөдөлмөрийн гэрээнд “Номин холдинг” ХХК-ийн дүрэм, журмыг дагаж мөрдөх талаар зохицуулалт байхгүй.

Шүүх гэрээний 6.5.5.9-д заасан “компанид учруулсан өр дутагдлын хэмжээ нь ажилтны 3 сарын нийлбэр цалингаас давсан” гэх шинэ зөрчлийг нэмж, нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн байна.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 36 314 555 төгрөг гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын  дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж маргажээ.

Талуудын хооронд 2005 оноос хөдөлмөрийн харилцаа үүссэн байх бөгөөд А.А нь 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс “Н” ХХК-ийн салбар “Номинхайпермаркет-32” тойргийн эрхлэгчийн албан тушаалд томилогдон /хх 113-115 дахь тал/  ажиллаж байхад нь тус компанийн борлуулалт үйлчилгээний бизнес эрхэлсэн захирал С.Хосбаяр 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 3-13/31 дугаартай тушаал гарган, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 6.5.5.6, 6.5.5.8-д заасныг үндэслэн А.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан болох нь хэрэгт авагдсан 3-13/31 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна. /хх 4 дэх тал/

Зохигчид хөдөлмөрийн харилцаа үүссэн үйл баримтад маргаангүй, харин ажлаас халах тушаал гаргах эрх бүхий этгээд мөн эсэх, хөдөлмөрийн гэрээ цуцалсан үндэслэл нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

Хэргийн 163 дугаар талд авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл, хариуцагч “Н” ХХК-ийн захирал Ш.Баярсайхан 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3-2/85 дугаар тушаалаар тус компанийн борлуулалт үйлчилгээний бизнесийн Их дэлгүүр, Хайпермаркет, Супермаркет, Агуулах худалдаанд шинээр ажилтан авах, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилтныг ажлаас халах, чөлөөлөх зэрэг хүний нөөцтэй холбоотой асуудлаар тушаал, шийдвэр гаргах эрхийг салбарын гүйцэтгэх захиралд олгосон байна. /хх 163 дахь тал/ Иймд хариуцагч компанийн борлуулалт үйлчилгээний бизнес эрхэлсэн захирал С.Хосбаярыг эрх бүхий этгээд гэж үзэх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Хариуцагч “Н” ХХК нэхэмжлэгч А.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан 1 үндэслэл нь гэрээний 6.5.5.8 дахь заалт буюу “Номин бонус карт”-тай холбоотой дүрэм, журам зөрчсөн гэж үзсэн. Нэхэмжлэгч А.А нь “Номин холдинг” ХХК-ийн баталсан журам нь “Н” ХХК-д үйлчлэхгүй гэж маргадаг.

Хариуцагч “Н” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь тус компанийн захирал Ш.Баярсайхан, “Номин холдинг” ХХК нар байх ба хариуцагч компани нь “Номин холдинг” ХХК-ийн нэгдэлд багтдаг болох нь хэрэгт авагдсан хариуцагч компанийн дүрэм, “Номин холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 01/342 тоот албан бичиг зэрэг баримтаар нотлогдож байна. /хх 61-64 дэх тал/ “Номин холдинг” ХХК-аас 2015 онд “Номин бонус картын үйл ажиллагааны журам” баталж, уг журмыг тус компанийн нэгдэл багтаж буй хуулийн этгээдүүд, тэдгээрийн бүх газар, алба, хэлтэс, салбар нэгжийн ажиллагсад дагаж мөрдөхөөр журамласан байх тул энэ журмыг үйлчлэхгүй гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. /хх 66-77 дахь тал/

Нэхэмжлэгч А.А нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн тасгийн борлуулагч, Н.Эрдэнийн худалдан авалтад өөрийн бонус картыг уншуулан 25 000 төгрөг хувьдаа авч “Номин бонус картын үйл ажиллагааны журмын 9.4.5 дахь заалтыг зөрчсөн гэдэг нь зохигчдын тайлбараар нотлогдсон. /хх 48, 126 дахь тал/ Гэхдээ мөн журмын 10.2-т “9.4.5-д заасныг зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд тухайн ажилтны үндсэн цалинг 20 хувь бууруулах ба давтаж болон учирсан хохирлоос хамаарч ажлаас халах, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлэх зэргээр арга хэмжээ авна” гэж сахилгын арга хэмжээ авах дарааллыг тогтоожээ. /хх 76 дахь тал/ Зохигчид 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 6.5.5.8-д “Номин бонус карт”-тай холбоотой дүрэм, журам зөрчсөн тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэн, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тохирсон хэдий ч нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчилд ямар үндэслэлээр журмын 10.2-т заасан сахилгын арга хэмжээ авах дарааллыг харгалзахгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэлийн хэлбэрийг сонгон авсан нь тодорхойгүй байна. /хх 113-116 дахь тал/ Иймээс ажил олгогчийг ажилтны гаргасан сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэл ногдуулаагүй гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн энэ үйл баримтын талаар дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн байна.

Харин нэхэмжлэгч А.Аийг хөдөлмөрийн гэрээний 6.5.5.6-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж марган хариуцагчийн шүүхэд цуглуулж өгсөн тус компанийн хүний нөөцийн мэргэжилтэн Б.Ууганчимэгийн тайлбар, хуруу дарсан цагийн бүртгэлийн тайлан, А.Эрдэнэсувдад сахилгын арга хэмжээ авсан 3-13/30 дугаартай тушаал зэргийг нэхэмжлэгч тал баримтаар үгүйсгээгүй байх тул түүнийг хөдөлмөрийн гэрээний 6.5.5.6-д заасан зөрчил гаргасан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. /хх 188-190 дэх тал/

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргийн дагуу хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч А.Аийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ажил олгогчийн шийдвэрт гомдол гаргах 1 сарын хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгч А.А нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч “Н” ХХК-ийн гаргасан ажлаас халсан тушаалыг эс зөвшөөрч, гомдол гаргасан байх ба шүүгч “нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй” гэх үндэслэлээр 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 183/ШЗ2018/10673 дугаар захирамж гарган нэхэмжлэлийг буцаасан байна. Ингэснээр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсож шинээр эхлэн тоолох нөхцөл бий болжээ.

Нэхэмжлэгч нь уг хугацаанаас хойш 1 сарын дотор шүүхэд гомдлоо гаргах ёстой байхад “Солонгос яваад ирсэн” гэх үндэслэлээр 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлд хамаарна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШЗ2018/13799 дүгээр захирамжаар дээрх гомдлыг хүлээн авахаас татгалзсан байх ба нэхэмжлэгч А.А нь мөн сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байгаа нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, хөөн хэлэлцэх хугацааг шинээр эхлэн тоолох нөхцөл бий болсон гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүх энэ талаар дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтыг хэрэглээгүй нь буруу боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00451 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.А нь улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                              ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                                 Ч.ЦЭНД