Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
Хэргийн индекс | 183/2018/01102/И |
Дугаар | 02384 |
Огноо | 2018-10-26 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 02384
2018 оны 10 сарын 26 өдөр | Дугаар 183/ШШ2018/02384 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А Ц нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т М холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээ болон хэлцлээс татгалзаж, орон сууцыг буцаан өмчлөлд шилжүүлэхийг даалгах, гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол 11 200 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ц, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал /ШТЭҮ-0236/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очир, гэрч Б.Болорбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн болон нэмэгдүүлсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.Ц би өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянгол хороолол, 421 дугаар байрны 132 тоот хаягтай 2 өрөө 68.2 м.кв орон сууцыг Т.Мд 122 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож уг мөнгийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар худалдах, худалдан авах гэрээ амаар хийсэн. Гэвч 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр худалдан авагч тал үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг яаралтай өөрийн нэр дээр гаргах шаардлагатай байна гэсэн шаардлага тавьж, худалдан авагч талын санаачилгаар худалдах, худалдан авах гэрээний зүйл болох байрны бодит үнэ болох 122 000 000 төгрөгийг 6.1 дахин багасган 20 000 000 төгрөг болгон бичиж хууль зөрчсөн. Хуурамч үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн, энэ гэрээ нь байгуулагдсан үеэсээ л хууль зөрчсөн гэрээ байсан. Иймээс 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр А.Ц, Т.М бидний хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.
2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр А.Ц би өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянгол хороолол, 412 дугаар байр, 132 тоот хаягтай 2 өрөө 68.2 м.кв орон сууцыг Т.Мд 122 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, уг мөнгийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор Т.М төлж барагдуулахаар болсон боловч үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхгүй байрны үлдэгдэл 73 175 000 төгрөгөө төлөхгүй байсан тул би жил гарангийн хугацаанд үлдэгдэл мөнгөө төлөхийг шаардсан боловч Т.М нь одоог хүртэл байрны үлдэгдэл 73 175 000 төгрөгийг төлөхгүй байгаа. Иймээс 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр А.Ц, Т.М бидний хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон тухайн өдөр байгуулсан уг үл хөдлөх хөрөнгийг 122 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах хэлцлээс А.Ц би татгалзаж байна. Иймд Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянгол хороолол, 412 дугаар байрны 132 тоот хаягтай 2 өрөө 68.2 м.кв орон сууцыг буцаан А.Ц миний өмчлөлд шилжүүлж өгөхийг Т.Мд даалгаж өгнө үү.
А.Ц би 2 дугаар сарын 10-ны өдөр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянгол хороолол, 412 дугаар байр, 132 тоот хаягтай 2 өрөө 68.2 м.кв орон сууцыг Т.Мд худалдаж, улмаар Т.М нь байрны мөнгөө одоо өгчихнө, байраа суллаж өг гэж шаардсаны улмаас 2017 оны 4 дүгээр сарын 05-наас байраа Т.Мд хүлээлгэн өгсөн. Гэтэл Т.М мөнгөө өгөөгүйн улмаас би эхнэр хүүхэдтэйгээ орох газаргүй болсон тул 2017 оны 4 сарын 05-наас Жавзандуламын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 412 дугаар байрны 10 тоот 2 өрөө байрыг сарыг 800 000 төгрөгөөр одоо хүртэл нийт 14 сарын орон сууц хөлсөлсний төлбөрт 11 200 000 төгрөг төлсөн. Одоо хүртэл би байр хөлслөн хохирч байгаа тул миний байрны хөлсөнд төлсөн 11 200 000 төгрөгийг Т.Маас гаргуулан өгнө үү.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Худалдах худалдан авах гэрээ, хэлцлийг би Т.Мтай байгуулж, гэрээний зүйл болох орон сууцыг өөрийнх нь хүсэлтээр мөнгөө бүрэн төлөөгүй байхад нь хүртэл итгэж өмчлөлд нь шилжүүлсэн. Гэтэл худалдан авсан орон сууцныхаа мөнгийг төлөөгүй, би Д.Баасанжаваар дамжуулан төлөөрэй гэж огт хэлээгүй, гэрээ болон хэлцэлд энэ талаар тохиролцсон зүйл огт байхгүй. Гэтэл орон сууцны мөнгийг надад төлөөгүй байж, бүгдийг нь Д.Баасанжавт өгсөн гээд байгааг ойлгохгүй байна. Д.Баасанжаваас би мөнгө төгрөг, машин тэрэг огт хүлээн аваагүй. Т.М Д.Баасанжаваас орон сууцны төлбөрийг аваарай гэж хэлж байгаагүй, одоо л Д.Баасанжавт өгсөн, Д.Баасанжав дундаас нь өгөөгүй байна гээд байгаа. Тиймээс энэ хүн надад гэрээ болон хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй миний орон сууцны үнийг төлөхгүй байгаа тул гэрээнээс татгалзаж байна. Орон сууцыг буцаан өмчлөлдөө шилжүүлэхийг даалгаж, гэрээ зөрчиж мөнгөө төлөөгүйн улмаас учирсан хохирол болох 11 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Эрүүгийн хэргээр Д.Баасанжавыг шалгуулж байгаа асуудал надад хамаагүй, хэрвээ үнэхээр Т.М Д.Баасанжавт мөнгө өгсөн байвал түүнээс өөрөө л нэхэж авсан нь дээр байх. Би гэрээний нэг тал болох Т.Маас л гэрээний үүргээ биелүүлэхийг шаардана, гэрээний үүргийг биелүүлэхгүй, биелүүлэх ч хүсэл сонирхолгүй байгаа учраас гэрээнээс татгалзсан гэв.
Хариуцагч Т.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний хувьд 2017 оны 2 дугаар сард иргэн Д.Баасанжаваар дамжуулан түүний ах гэх А.Цтой уулзсан бөгөөд А.Ц нь өөрийн байраа зарах сонирхолтой байгаа талаараа надад хэлсэн тул миний бие очиж уг байрыг үзсэн. Улмаар 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт байрших Баянмонгол хороолол, 412 дугаар байр, 132 тоот 68.2 м.кв орон сууцыг 122 000 000 төгрөгөөр бодож /Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ/-г байгуулан байрыг иргэн миний бие өөр дээрээ шилжүүлэн авсан болно. Миний бие энэхүү гэрээг хийсэн өдөр уг байр нь “Май капитал ББСБ” ХХК-ийн барьцаанд байсан бөгөөд 15 800 000 төгрөгийг бэлэн төлж уг зээлийг чөлөөлсөн. Улмаар 20 000 000 төгрөгийг бэлэн А.Ц болон Д.Баасанжав нарт өгч энэхүү гэрээг байгуулан гэрээний дагуу байраа өөр дээрээ шилжүүлэн авсан. А.Ц нь өөрийн дүү гэх Д.Баасанжаваар дамжуулан мөнгөө өгөхийг санал болгосон бөгөөд тохиролцооны дагуу байрны мөнгийг Д.Баасанжаваар дамжуулан бүрэн төлж барагдуулсан болно. 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гэрээний хавсралт болгож /хэлцэл/ хийсэн ба уг тохиролцооны дагуу миний бие байрны төлбөрийг 100 хувь барагдуулсан. Гэрээ хийсэн өдөр А.Ц нь мөнгийг Д.Баасанжаваар дамжуулан төлөхөөр хоорондоо тохиролцсоны дагуу миний бие Д.Баасанжавд уг байрны мөнгийг өгч дуусгасан болно. Үүнд 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 15 800 000 төгрөгийг “Май капитал ББСБ” ХХК-д төлж байрны барьцааг чөлөөлж авсан. 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн орой иргэн Д.Баасанжав нь иргэн А.Цт бэлэн өгөхөөр 20 000 000 төгрөгийг авч явсан. 2017 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 3 000 000 төгрөгийг мөн бэлнээр өгсөн. Мөн байрыг шилжүүлэхтэй холбоотой зардал мөнгийг тооцон нийт 40 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон болно. 2017 оны 4 дүгээр сарын эхээр өөрийн эзэмшлийн Лексус-470 маркийн автомашиныг 37 000 000 төгрөгөөр бодож өгч явуулсан. Мөн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байрны үлдэгдэл төлбөр болох 10 000 000 төгрөгийг иргэн А.Ц нэхсэний дагуу Д.Баасанжавд өөрийн эзэмшлийн мөн л Лексус-470 маркийн автомашиныг 25 000 000 төгрөгөөр бодож өгч явуулсан. Үүнээс миний бие Д.Баасанжаваас үлдэгдэл 15 000 000 төгрөгийг авахаар тохирч автомашинаа өгч явуулсан. Гэтэл иргэн Д.Баасанжав нь уг мөнгийг А.Цт өгөлгүй дундаас нь өөр хүнд машиныг зарж хувьдаа авсан болохыг олж тогтоосон. Улмаар энэ хэргийн талаар Баянгол дүүргийн цагдаад гомдол гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа болно. Үүнийг нэхэмжлэгч болох А.Ц нь өөрөө бүрэн мэдэж байж ийм нэхэмжлэл гаргасанд гайхаж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч Т.Мтай худалдах, худалдан авах гэрээ болон хэлцэл байгуулсан нь үнэн. Энэ талаар гэрч Б.Болорбаатар гэрчилнэ. Уг гэрээ болон хэлцлийн дагуу орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авсан талаар маргахгүй. Харин орон сууцны үнэ 122 000 000 төгрөгийг төлсөн учир гэрээнээс татгалзаад байгааг зөвшөөрөхгүй. Орон сууцны төлбөрийг Д.Баасанжаваар дамжуулан төлсөн. Энэ талаар нэхэмжлэгч А.Ц мэдэж байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч Т.М нь Д.Баасанжавт холбогдуулан гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мөрдөн байцаалтын шатанд явж байгаа. Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-ын 1-д зааснаар залилан мэхлэсэн гэж шалгуулж байгаа юм. Гомдол гаргасан буюу хохирогч нь Т.М юм. Иймд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл тогтоогдож байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна.
Хариуцагч Т.М нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт байрших Баянмонгол хороолол, 412 дугаар байр, 132 тоот 68.2 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд одоо уг байрыг эзэмшиж, ашиглаж байгаа талаар маргахгүй. Орон сууцны үнийг 2017 оны 4 сарын 05-ны дотор төлөх байсныг бүрэн төлж дуусгасан. Гэхдээ уг мөнгийг Д.Баасанжавт өгсөн, Д.Баасанжав нь цаашаа А.Цт өгөөгүй. Тиймээс жинхэнэ хариуцагч нь Д.Баасанжав байгаа юм. Нэхэмжлэгч нь орон сууцны мөнгийг одоо Д.Баасанжаваас нэхэх эрхтэй. Д.Баасанжавт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж байгаа учраас иргэний журмаар шийдвэрлэх боломжгүй. Эрүүгийн хэрэгт Д.Баасанжав мөнгө өгөх юм бол Т.М нь А.Цт өгөхөд татгалзах зүйлгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч талуудын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч Т.Мд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээ болон хэлцлээс татгалзаж, орон сууцыг буцаан өмчлөлд шилжүүлэхийг даалгах, гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол 11 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч Т.Мтай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон хэлцэл байгуулж, орон сууцыг өмчлөлд нь шилжүүлсэн боловч худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцны үнийг төлөхгүй байгаа тул гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан өмчлөлдөө шилжүүлэхийг даалгаж, гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул орон сууц хөлслөн хохирсон хохирол 11 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
Хариуцагч Т.М нь нэхэмжлэгч А.Цтой үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон хэлцэл байгуулж, орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авсан, орон сууцны үнийг харилцан тохиролцсоны дагуу Д.Баасанжавт бүрэн төлсөн, гэрээний үүргийг биелүүлсэн тул гэрээнээс татгалзсаныг хүлээн зөвшөөрөхгүй, Д.Баасанжавт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн, уг нэхэмжлэлтэй холбоотойгоор эрүүгийн журмаар шалгаж байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч Т.Мтай 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол /1331/ Их монгол улс гудамж 412 байр 132 тоотод байршилтай 68,2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч тал худалдагч талд хэлэлцэн тохиролцсон үнийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хэргийн 3-р хуудас/
Мөн нэхэмжлэгч нь хариуцагчтай 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Хэлцэл”-ээр А.Ц нь өөрийн өмчлөлийн БЗД-ийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол 412 дугаар байрны 132 тоотод байрлах 68,2 м.кв 2 өрөө орон сууцыг Т.Мд нийт 122 000 000 төгрөгөөр худалдаж, урьдчилгаа 31 500 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл төлбөр 30 000 000 төгрөгийг бетон зуурмаг, 60 500 000 төгрөгт арматур төмөр нийлүүлэх, төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаар, орон сууцыг Т.Мы өмчлөлд 2017 оны 2 дугаар сарын 10-нд шилжүүлсэн гэж харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна. /хэргийн 5-р хуудас/
Зохигч талууд 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хэлцэл байгуулсан талаараа маргаангүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гэрээний зүйл болох орон сууцыг нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч Т.Мы өмчлөлд шилжүүлсэн, уг орон сууцыг хариуцагч Т.М нь хүлээн авсан талаараа маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ болон хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэв.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ”, 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар шаардах эрхтэй, хариуцагч нь 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ болон хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчиж, орон сууцны үнийг гэрээнд заасан 2017 оны 3 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна гэсэн боловч төлөөгүй, хариуцагчид гэрээнээс татгалзах талаар мэдэгдсэн, үр дүн гараагүйгээс гэрээнээс татгалзаж, шилжүүлэн өгсөн орон сууцаа нэхэмжилсэн.
Хариуцагч хүлээн авсан орон сууцны үнийг Д.Баасанжавт бүрэн төлж барагдуулсан, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүргээ зохих ёсоор гүйцэтгэж үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй гэж мэтгэлцсэн.
Нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч Т.Мтай 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон хэлцэл байгуулж, БЗД-ийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол 412 дугаар байрны 132 тоотод байрлах 68,2 м.кв 2 өрөө орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэхээр харилцан тохиролцож, орон сууцыг хэлцлийн 4-д зааснаар 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр өмчлөлд нь шилжүүлж, уг орон сууцны үнэ 122 000 000 төгрөгийг хэлцлийн 3-д зааснаар 2017 оны 3 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна гэж харилцан тохиролцжээ. /хэргийн 3-р хуудас/
Мөн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хэлцлийн 2-д “талууд төлбөрийг дараах нөхцлөөр төлөхөөр тохиролцож байгаа болно. Төлбөрийн нөхцөл 2.1-д “урьдчилгаа 31 500 000 төгрөгийг бэлнээр төлсөн”, 2.2-д “үлдэгдэл төлбөрийг 30 000 000 төгрөгний бетон зуурмаг”, 2.3-д “60 500 000 төгрөгөнд нь арматур төмөр нийлүүлнэ./1тн тутамд тухайн зах зээлийн ханшнаас 50 000 төгрөг нэмж тооцно” гэжээ.
Хариуцагч нь орон сууцны үнэд 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 15 800 000 төгрөгийг “Май капитал ББСБ” ХХК-д төлсөн, 2017 оны 2 дугаар сарын 10-ны орой 20 000 000 төгрөгийг, 2017 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 3 000 000 төгрөгийг буюу байрыг шилжүүлэхтэй холбоотой зардал нийт 40 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцож иргэн Д.Баасанжаваар дамжуулан өгсөн, 2017 оны 4 дүгээр сарын эхээр Лексус-470 маркийн автомашиныг 37 000 000 төгрөгт, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Лексус-470 маркийн 25 000 000 төгрөгний үнэ бүхий автомашиныг байрны үлдэгдэл төлбөр болох 10 000 000 төгрөгт тооцож Д.Баасанжавт өгсөн гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч нь хариуцагч Т.Маас орон сууцны үнэд тооцож 31 тонн арматур төмөр буюу 48 747 000 төгрөгийг хүлээн авсан талаараа хүлээн зөвшөөрсөн боловч Д.Баасанжаваас орон сууцны үнэ болох мөнгийг хүлээн аваагүй, Д.Баасанжавтай орон сууцны үнийг төлөхөөр харилцан тохиролцоогүй гэсэн.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, мөн 225 дугаар зүйлийн 225.2-д “үүрэг гүйцэтгүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзэх”-ээр заажээ.
Талуудын хооронд байгуулсан хэлцлийн 2 дугаар зүйлд төлбөр төлөх нөхцлийг, 3 дугаар зүйлд төлбөр төлөх хугацааг нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч Т.Мтай харилцан тохиролцож тогтоосон ба хэлцлийг зөрчсөн бол гэрээг цуцлахаар хэлцлийн 5 дугаар зүйлд тохиролцсон байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг буюу орон сууцны үнийг төлөхийг урьдчилан сануулж байсан гэдгийг хариуцагч эсэргүүцээгүй тул нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзэх үндэслэлтэй юм.
Хариуцагчаас үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн орон сууцны үнийг бүрэн төлсөн гэж тайлбарлаад энэ нь хэрэгт авагдсан Д.Баасанжавын гаргасан баталгаа, гэрч Б.Болорбаатарын мэдүүлгээр тус тус нотлогдоно гэсэн.
Хэрэгт авагдсан 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Д.Баасанжавын гаргасан баталгаа бичигт “...байрны мөнгө болох 122 000 000 төгрөгийг Т.Маас бүрэн авч байрны эзэн болох А.Цт барилгын материал өгөхөөр болж энэхүү гэрээг хийсэн. Миний бие Т.Маас нийт байрны төлбөр болох 122 000 000 төгрөгийг бүрэн авсан. Улмаар А.Ц ахад 58 500 000 төгрөгний үнэ бүхий барилгын материалыг өгсөн байгаа бөгөөд одоо үлдэгдэл төлбөр болох 30 000 000 төгрөгт бодож /бетон зуурмаг/ 33 500 000 бодож 20 тн /арматурын төмөр/-ийг бодож тус тус төлөх ёстой нь үнэн болно. Миний бие энэхүү өр төлбөрийг О.Дарханбаяраас 20тн арматур төмөрийг Бавуужаваас бетон зуурмагыг тус тус авч өөрийн биеэр А.Цт өгөхөө батлан баталгаа гаргаж байна” гэсэн байх бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 18/04-16 тоот “Монметал констракшн” ХХК-ийн иргэн Т.Мд гаргасан төлбөр тооцооны тухай албан бичиг, гэрч Б.Болорбаатарын “...байрны мөнгөд Т.М нь Д.Баасанжавт 2017 оны 4 дүгээр сарын 10-нд 7 000 000 төгрөг, 12 000 000 төгрөг, 2 дугаар сард 1 500 000 төгрөг, Лексус 470 маркийн автомашиныг 38 000 000 төгрөгт, мөн Лексус 470 маркийн машиныг 25 000 000 төгрөгт тооцож өгсөн. Т.М нь Д.Баасанжавт А.Цын байрны мөнгийг төлж дуусгасан гэсэн” мэдүүлэгээр хариуцагч нь Д.Баасанжавт төлбөр төлж, мөнгө шилжүүлж байсан боловч нэхэмжлэгч А.Ц, хариуцагч Т.М нарын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, хэлцэлд орон сууцны үнийг хариуцагч нь Д.Баасанжавт төлөх, Д.Баасанжав нь үнийг нэхэмжлэгчид төлөх талаар харилцан тохиролцоогүй, гэрээний нэг тал болох хариуцагч Т.М нь өмчлөлдөө шилжүүлэн авсан эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй байх бөгөөд худалдан авсан орон сууцны үнийг нь Д.Баасанжав нэхэмжлэгчид төлнө, хариуцагч Д.Баасанжавт төлнө гэдгийг баримтаар нотлоогүй болно.
Хариуцагч нь орон сууцны үнийг Д.Баасанжавт төлсөн, уг мөнгийг Д.Баасанжав нь нэхэмжлэгч А.Цт хүлээлгэн өгөөгүй, энэ талаар эрүүгийн хэрэг үүсгэсэн, хэрэг шалгах ажиллагаа явагдаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж тайлбарлаад 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 180504653 дугаар тогтоолтой “хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоолыг шүүхэд ирүүлсэн бөгөөд уг тогтоолд “...иргэн Т.М нь БЗД-ийн 26 хороо, Баянмонгол хорооолол 412 дугаар байрын 132 тоотод байрлах 68 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авахаар А.Цтой гэрээ байгуулсан байна .А.Цоос худалдан авч буй байрны төлбөр болох 73 175 000 төгрөгийг Д.Баасанжав гэгчид өгсөн боловч Д.Баасанжав нь А.Цт өгөлгүй залилсан гэх үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэсүгэй” гэжээ. Гэвч гэрээ болон хэлцэл нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан тул гэрээний үүргийг нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч Т.Маас шаардах эрхтэй болно.
Иймд хариуцагч нь хэлэлцэн тохирсон гэрээнд заасан хугацаандаа орон сууцны үнийг төлөөгүй, үүргээ биелүүлэхийг урьдчилан сануулж байсан боловч ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-д заасны дагуу гэрээнээс татгалзах шаардлага гаргасан нь үндэслэлтэй, хариуцагч нь 225 дугаар зүлийн 225.4.1-д заасан үүргийг ялимгүй зөрчсөн талаар маргаагүй байх тул талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон хэлцлээс татгалзсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хариуцагч Т.М нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авсан хөрөнгийг үнийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчсөний улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “гэрээний талууд гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй”, талуудын хооронд байгуулсан хэлцлийн 5-д “талууд гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд орон сууцыг А.Цийн өмчлөлд буцаан шилжүүлэх бөгөөд А.Ц бэлнээр авсан мөнгийг буцаан өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нь БЗД-ийн 26 хороо, Баянмонгол хорооолол 412 дугаар байрын 132 тоотод байрлах 68 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчид буцаан өгөх, нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууцны төлбөрт төлөгдсөн 48 747 000 төгрөгийг буцаан өгөх үүрэг үүсч байна.
Иймд хариуцагч Т.Маас орон сууцыг гаргуулж, нэхэмжлэгч А.Цийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах нь зүйтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж зааснаар хариуцагчийг үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй учирсан хохирол гэж 11 200 000 төгрөгийг нэхэмжилж, орон сууц хөлслөх гэрээ, хөлс төлснийг нотлоно гэж Голомт банкны дансны хуулгыг шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт авагдсан 2017 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн Орон сууц хөлслүүлэх гэрээг Б.Жавзандулам Л.Амарзаяа нар нь байгуулсан байх бөгөөд БЗД-ийн 26 хороо Баянмонгол хороолол 412 байр 10 тоот орон сууцыг 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд сарын 800 000 төгрөгөөр хөлслэхээр харилцан тохиролцжээ.
Мөн нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх гэрээний хөлсийг Голомт банкны дансаар шилжүүлсэн гэсэн боловч орон сууц хөлслөх гэрээг Д.Амарзаяа байгуулсан, мөн хөлсийг нь Л.Амарзаяа төлж байсан болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Л.Амарзаяа нь манай гэр бүлийн хүн гэсэн боловч тайлбарыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, гэрчээр Л.Амарзаяаг оролцуулах хүсэлтийг шүүх шийдвэрлэсэн боловч шүүх хуралдаанд гэрч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч нь гэрч асуулгах хүсэлтээс татгалзсан тул хохирол 11 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нотлох баримт шинжлэх явцад шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргасан бөгөөд татгалзлын үндэслээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “...татгалзан гаргах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй” гэж зааснаар гэрч нарыг оролцуулалгүй шийдвэрлэсэн, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах байсан, хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг шийдвэрлээгүй нь уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал гэсэн үндэслэлд хамаарна гэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар шүүх хуралдаан даргалагч болон нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, хуульд заасан татгалзан гаргах эрх, үндэслэлийг тайлбарлан татгалзал байгаа эсэхийг асуухад хариуцагчийн төлөөлөгч нь татзалзах зүйлгүй гэж хариулсан. Хуульд заасан журам, дэгийн дагуу шүүх хуралдаан даргалагчаас шүүх хуралдаанд оролцогчдын эрх үүргийг тайлбарлан өгч, шинэ нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад асуудлын талаар хүсэлт байгаа эсэхийг тодруулахад нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь гэрч Д.Амарзаяаг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрч О.Дарханбаяр, Д.Баасанжав нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээсээ тус тус татгалзаж, өмгөөлөгч Д.Очирвааний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбараа дэмжсэн болно.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “...мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал ... энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй боловч хуулийн уг зохицуулалтад хамаарах үндэслэл үүсээгүй бөгөөд хэргийн оролцогчдоос татгалзан гарах үндэслэл байгаа эсэх талаар дэгийн дагуу асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг үндэслэл байхгүй гэж хариулсан. Ийнхүү шүүгчийг татгалзан гарах үндэслэл байхгүй гэж хариулснаас хойш шүүгчийг татгалзан гарах хүсэлт гаргах хүртлэх хугацаанд хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гарсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол” гэх үндэслэлд хүсэлтийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн ажиллагааг хамааруулжээ.
Иймд уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал гэх үндэслэл тухайн тохиролдолд хамааралтай гэж үзэхээр боловч шүүгчийн хууль ёсны үйл ажиллагааг “үндэслэл бүхий эргэлзээ”-г бий болгосон гэх боломжгүй юм.
Шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос бус шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах боломжгүй гэж үзэж, хүсэлтийг хүлээн аваагүй болно.
Хариуцагч Т.М нь өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэл эрх нь нээлттэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч А.Ц, хариуцагч Т.М нарын хооронд байгуулагдсан 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон хэлцлийг цуцлаж, хариуцагч Т.Маас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол 412 дугаар байрын 132 тоотод байрлах 68 м.кв талбай бүхий орон сууцныг буцаан гаргуулж, өмчлөх эрхийг нэхэмжлэгч А.Цт шилжүүлэхийг даалгаж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол 11 200 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 962 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 767 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН