| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 185/2019/0467/Э |
| Дугаар | 916 |
| Огноо | 2019-09-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 916
Г.Гд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнгөншагай,
хохирогч Ж.Нарантунгалаг, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан, С.Энх-Эрдэнэ,
шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч К.Жархынбек,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2019/ШЦТ/538 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Гантулгын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1809019380653 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
, 1982 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын эдийн засагч мэргэжилтэй, Зам Тээвэр хөгжлийн яаманд .....ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саншайн виллаж, С блок, 15-03 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;
Г.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Зам Тээвэр хөгжлийн яамны 402 тоот өрөөнд хохирогч Ж.Нарантунгалагтай маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Гд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Г.Г-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гас 2.346.863 /хоёр сая гурван зуун дөчин зургаан мянга, найман зуун жаран гурван/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Нарантунгалагт олгож, хохирогч Ж.Нарантунгалаг өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.Гас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Г нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2019/ШЦТ/538 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
1. Яллагдагчийн хувьд би дахин шинжээч томилуулах хүсэлтийг 2 удаа, мөрдөгчийн давтан шинжээч томилуулах саналыг тус тус гаргасан боловч тодорхой үндэслэлгүйгээр эсхүл шинжээчийн дүгнэлтийг улсын яллагчийн хувьд ямар нэгэн эргэлзээгүй гэж үзэж, хүсэлтийг хангахаас үндэслэлгүйгээр татгалзсан байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг хяналтын прокурор ноцтойгоор зөрчсөн, 4972 дугаартай шинжээчийн дүгнэлтэд гэмтэл хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй гэж заасан ба Ж.Нарантунгалагийг би зодож, цохисон үйлдэл огт гаргаагүй байхад миний үйлдлээс болсон гэж үзэх үндэслэл байхгүй гэх зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхэд дахин шинжээч томилуулах, нотлох баримт цуглуулах хүсэлтийг шүүх хуралдаанаас өмнө гаргасан. Гэтэл анхан шатны шүүх давж заалдах болон хяналтын шатны шүүхээс “шүүх хэргийг прокурорт буцаахгүйгээр шинжээч томилох эрхтэй” гэх агуулгаар шийдвэрлэсэн байхад шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгчийн “дахин шинжээч томилуулах, гэмтэл хэзээ үүссэнийг тогтооход ач холбогдолтой нотлох баримт цуглуулах тухай” хүсэлтийг огт шийдвэрлэхгүй орхигдуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг буюу шүүгдэгч миний эрхийг ноцтойгоор мөрдөн шалгах болон шүүхийн шатанд зөрчсөн.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасан бөгөөд 4972 дугаар шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй болох нь дараах байдлаар тогтоогдсон.
- Нуруундаа гэмтэл авснаа зөвхөн Ж.Нарантунгалаг өөрөө гэрчилсэн.
- Ж.Нарантунгалаг урьд нь удаа дараа өвчний улмаас ажлаас чөлөөлөгдөж байсан нь хэрэгт авагдсан эмнэлгийн магадлагаагаар тогтоогдсон.
- Шинжээч мэдүүлэгтээ “шинэ үүссэн гэмтэл мөн гэсэн боловч дүгнэлтдээ хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй” гэж заасан байдаг. Тодруулбал, Ж.Нарантунгалаг нь миний мөрнөөс нь түлхэж гаргаснаас ямар нэгэн гэмтэл аваагүй ба үүссэн гэх гэмтэл нь хуучин гэмтэл мөн эсэхийг тогтоох ажиллагааг шүүх огт хийгээгүйд гомдолтой байна.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасныг мөрдөгч, прокурор зөрчиж, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн ба намайг гэм буруутай гэж яллаж байгаа бол шинжээчийн дүгнэлт эргэлзээгүйгээр гарсан, хохирогчийн эрүүл мэндийн байдлын талаар нотлох баримт буюу өвчний түүх хэрэгт авагдсан байх ёстой. Гэтэл энэ талаар нотлох баримт цуглуулах хүсэлтийг огт шийдвэрлэхгүй, надад хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчсөн ба үүнийг шүүх зөвтгөхгүйгээр миний эрхийг зөрчиж, намайг гэм буруутай гэж үзсэнд гомдолтой байна.
4. Миний бие Ж.Нарантунгалагийн биед гэмтэл учруулах үйлдэл хийгээгүй, түүнийг зодож цохиогүй бөгөөд намайг гэмт хэрэгт гүтгэж байгаа гэж үзэж байна. Учир нь, намайг түүнийг гэмтээснийг харсан, би түүнийг түлхэж өрөөнөөс гаргасан болж нуруундаа гэмтэл авсныг шинжлэх ухаан болон бусад үндэслэлээр тогтоосон шинжээчийн дүгнэлт байхгүй байхад хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Намайг зөвхөн хохирогчийн худал мэдүүлгийг үндэслэж ялласан ба бусад гэрчүүд зөвхөн хохирогчийн хэлсэн зүйлийг дамжуулж мэдүүлсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу намайг цагаатгаж шийдвэрлэх ёстой байсан байхад уг хуулийн заалтыг огт хэрэглээгүйд гомдолтой байна.
5. Хохирогчийн биед гэмтэл учраагүй тул түүнд учирсан гэх хохирлын 2.346.863 төгрөгийг төлөх үүрэг байхгүй бөгөөд хохирлын баримт, эмчилгээний зардал нь тухайн нурууны гэмтэлтэй шууд холбоотой эсэх нь ч мэдэгдэхгүй. Учир нь, эмчийн эмийн жор, зөвлөгөөний дагуу худалдаж авсан, үйлчлүүлсэнтэй холбоотой зардал биш байхад шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү. …” гэв.
Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч К.Жархынбек тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад дүгнэлтийг тодорхой болгуулахаар прокурорт 2 удаа хүсэлт гаргасан. Хүсэлтийг хүлээж авахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байсан. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүх дүгнэлт гаргах боломжтой гэж үзэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тухайн магадлалын үндэслэлийг хүлээн зөвшөөрөөгүй учир 30 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Гомдлыг тодорхой хууль зүйн үндэслэлгүйгээр хэлэлцэхээс буцаасан учир Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн нийт шүүгчдийн хуралдаан болсон. Уг хуралдаанаар шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлууд яригдсан бөгөөд анхан шатны шүүх дээрх эргэлзээтэй асуудлыг шийдвэрлэх боломжтой тул анхан шатны шүүхэд хүсэлтээ тавиад шийдвэрлүүл гэж хэлсэн. Анхан шатны шүүхэд хэрэг шилжиж, шүүх хуралдаан болохоос 2 хоногийн өмнө надад хуралдааны товыг мэдэгдсэн. Шүүх хуралдаан болохоос өмнө хүсэлтээ аваачиж өгөхөд хүсэлтийг хэлэлцэхгүйгээр шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжтой гэж хэлээд шүүх хуралдаан 2 удаа хойшилсон. Анхан шатны шүүх хуралдаан болох үед дээрх хүсэлтийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргахад хэлэлцэхгүй орхисон. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэлэлцэхгүй орхиж байгаа нь шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Тухайн чиглэлээр нарийн мэргэшсэн, шинжлэх ухааны мэдлэгтэй хүнийг шинжээчээр томилж байгаа. Гэтэл шинжээчийн мэдүүлэг болон дүгнэлтүүд хоорондоо уялдаа холбоогүй, зөрүүтэй байгаа. Тухайн эргэлзээг тайлахгүйгээр анхан шатны шүүхээс дүгнэлт хийсэн. Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд дээрх байдлаар Г.Гантулгыг ялласан. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ах дүү, хамаатан садантай нь холбогдуулж буруутгасан зүйлүүд байдаг. Хавтас хэргийн 116 дугаар хуудсанд, хохирогчийг өмнө нь үзэж байсан эмчийн магадлагаа байгаа. Жилд 2-3 сарын хугацаанд өвчний улмаас ажлаасаа чөлөө авсан байдаг. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 380 дугаар тушаалаар Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт батлагдсан. Уг жагсаалтад хохирогчийн онош нь тохирч байгаа нь жилийн өмнө бэртэл авсан байх боломжтой харагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эргэлзээгүйгээр тогтоох үүргийг мөрдөгч болон прокурор хүлээж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт, дээрх нөхцөлийг эргэлзээгүйгээр тогтоосон гэж үзсэн. Дээрх баримтыг няцаах зүйлийг огт тавиагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ж.Нарантунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. ...” гэв.
Хохирогч Ж.Нарантунгалагийн өмгөөлөгч Э.Үнэнсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Хохирогч Ж.Нарантунгалагийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Г.Гантулгын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Г.Г гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснээ өөрөө нотлодог бөгөөд хохирогч өөдөөс нь хэрэлдээд байхаар нь мөрөнд хүрч нэг удаа түлхсэн гэж мэдүүлдэг. Мөн хохирогч тухайн гэмтлийг шүүгдэгчийг учруулсан талаар шууд хэлдэг. Шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн хоолой улайсан асуудал яригддаг. Хохирогчийн мэдүүлэг нь бусад гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогддог. 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч харяъа дүүргийнхээ эмнэлэгт рентген зураг авахуулахад ахар сүүлний хугарал гэх дүгнэлт гарсан бөгөөд 14 хоног хэвтэрийн дэглэм барих талаар эмчилгээ бичигдсэн. Дээрх гэмтэл шинжээчийн дүгнэлтэд шинэ гэмтэл гэж тусгагдсан. Шинжээч эмчийн дүгнэлтээр ахар сүүл хугарахад зовиуртай боловч алхаж гишгэхэд саад учрахгүй. Анхан шатны шүүхийн гэм буруугийн хуралдаанаар хохирогчид учирсан гэмтлийг хуучин хугарал байхыг үгүйсгэхгүй гэдэг боловч үүнийгээ нотолсон зүйл байхгүй. Харин шинжээч эмчийн дүгнэлт болон рентген зураг, гэрч хохирогч нарын мэдүүлгээр хохирогчид учирсан гэмтлийг шинэ хугарал болохыг нотолсон баримтууд хавтас хэрэгт байгаа. Миний үйлчлүүлэгч жилийн өмнө эмнэлэгт хэвтэж байсныг өнөөдрийн учирсан гэмтэлтэй холбон тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа хэдэн хувиар алдсаныг нарийвчлан заагаагүй нь эргэлзээтэй гэж тайлбарлаж байна. Ясны хугарал нь хүндэвтэр гэмтэл учир анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гарсан гэж дүгнэсэн байх. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шинжээчийн мэдүүлэг болон дүгнэлтийг харахад ямар нэгэн зөрүүтэй зүйл байдаггүй. Хохирогчид учирсан гэмтлийг хэзээ учирсан гэдгийг мэдүүлгээр тогтооход 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн томографикийн зургаар шинэ гэмтэл байсан гэж шинжээч эмч мэдүүлдэг. Хохирогч нь 1 жилийн өмнө эмчийн магадлагаагаар 14 хоногийн чөлөө авч байсан нь тухайн үйлдэл явдал болохоос 1 жилийн өмнө болсон асуудал. Гэмтлийг шинжээч эмчийн дүгнэлтээр шинэ гэмтэл байгааг тогтоосон. Анхан шатны шүүх хуралдааны үеэр шүүгдэгчээс тухайн үйл явдал болохоос өмнө хохирогчийн бие өвчтэй байсан эсэх, мөн ямар зовиуртай шинж тэмдэг илэрч байсан эсэх талаар асуухад ямар нэгэн өвчтэй, зовиуртай нөхцөл байдал илрээгүй гэж мэдүүлсэн. Шинжээч эмчээс ахар сүүл хугарсан тохиолдолд ямар зориур илрэх вэ гэж асуухад өвдөлт зовиур мэдрэгдэнэ гэж тайлбарласан. Хохирогчид учирсан зовиур нь шүүгдэгчтэй маргалдсан асуудлаас хойш илэрсэн. Анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтийг ямар нэгэн эргэлзээ байхгүй гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Г.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Зам Тээвэр хөгжлийн яамны 402 тоот өрөөнд хохирогч Ж.Нарантунгалагтай маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн үзлэгийн хуудас /1-р хх 68-69/, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэгийн хуудас /1-р хх 53-67/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4972 тоот дүгнэлт /1-р хх 31/, хохирлын баримтууд /1-р хх 118-126, 217-245/, шинжээч эмч Б.Даваасүрэн /1-р хх 34-35/, хохирогч Ж.Нарантунгалаг /1-р хх 5, 6/, гэрч П.Наранцэцэг /1-р хх 8/, Н.Бат-Эрдэнэ /1-р хх 22-23/, Ш.Наранцэцэг /1-р хх 26-27/ нарын мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Г-ыг хохирогч Ж.Нарантунгалагийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Г.Г-ын хүний биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Гд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.Гантулгыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.Г нь “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4972 тоот дүгнэлт эргэлзээтэй. ...Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...Мөн хохирлын 2.346.863 төгрөгийг төлөх үүрэг байхгүй бөгөөд хохирлын баримт, эмчилгээний зардал нь тухайн нурууны гэмтэлтэй шууд холбоотой эсэх нь ч мэдэгдэхгүй. Учир нь, эмчийн эмийн жор, зөвлөгөөний дагуу худалдаж авсан, үйлчлүүлсэнтэй холбоотой зардал биш байхад шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, тухайн гэмт хэрэг нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр үйлдэгдсэн байх ба хэрэг учрал болсон өдөр нь хохирогч Ж.Нарантунгалаг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, цагдаагийн албан хаагч 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр буюу тухайн өдөр шинжээч томилсон байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4972 тоот дүгнэлтээр “хохирогч Ж.Нарантунгалагт “ахар сүүлний 3 дугаар нугалам их бие хэсгээрээ зөрүүтэй хөндлөн хугарал, хүзүүнд цус хуралт” бүхий хүндэвтэр гэмтэл тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ.” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж хуульчилжээ.
Давж заалдах шатны шүүх уг хэргийг өмнө нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд хэргийг заавал мөрдөн байцаалтын шатанд буцааж шинжээч томилох шаардлагагүй, харин шинжээч томилуулах шаардлагатай гэж үзвэл шүүхийн шатанд шинжээчийг томилж, шүүх хуралдаанд оролцуулах ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрх анхан шатны шүүхэд байгааг дүгнэж хэргийг хэлэлцүүлэхээр буцаасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах эсэхэд дүгнэлт өгөх эрх анхан шатны шүүхэд хуулиар олгогдсон байна.
Анхан шатны шүүх, шинжээч томилуулах хүсэлтийг хэлэлцээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд энэ талаар эрх зүйн ухамсрыг удирдлага болгон дүгнэлт хийж нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн уг асуудлыг зохицуулсан хэм хэмжээнд нийцжээ.
Шинжээч эмч Б.Даваасүрэн “...тухайн гэмтэл нь намайг үзэх үед шинэ гэмтэл байсан. Үзүүлэгчийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр авахуулсан аарцаг, түнхэний үеийн компьютер томографийн шинжилгээг үндэслэж шинэ гэмтэл болохыг тогтоосон. ...ахар сүүлний 3 дугаар нугаламын хугарал гэмтэл нь үүсэх үедээ болон үүссэний дараа өвдөлт өгнө. Алхаж, гишгэх хөдөлгөөнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй, зөвхөн өвдөлт өгөх зовиур шинж тэмдэг өөрт нь илэрнэ. ...Ахар сүүлний 3 дугаар нугаламын хугарал гэмтэл нь биеийн бүсэлхий хэсгээр хүчтэй өргөх, заамдах, түлхэх үед үүсэх боломжтой...” /1-р хх 34-35/,
гэрч П.Наранцэцэг “...Нарантунгалаг даргын өрөөнд орсон, удаагүй байхад дарга өрөөнөөс гар гэж хэлж байсан...” /1-р хх 8/,
гэрч Н.Бат-Эрдэнэ “...Ж.Нарантунгалаг 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр өрөөнд орж ирээд Гантулга дарга намайг заамдаж авсан...” гэж хэлж байсан...” /1-р хх 22-23/,
Г.Г-ын яллагдагчаар өгсөн “...би өрөөнөөс гарахыг удаа дараа шаардсан. Тэгэхэд миний шаардлагыг огт хүлээж аваагүй өөдөөс хэрэлдээд байхаар нь би мөрөнд хүрч түлхэж гаргасан. ...” /1-р хх 50-51/ гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд маргаан болсон, шүүгдэгч Г.Г нь Ж.Нарантунгалагт хүч хэрэглэсэн үйлдэл хийж өрөөнөөсөө түлхэн гаргасан, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Гас гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэсэн 2.346.863 төгрөг нь хавтас хэрэгт авагдсан хохирлын баримтуудаар тогтоогдож байх бөгөөд давж заалдах шатны шүүх дээр дурдсан нотлох баримтуудыг хянаж үзээд хохирлыг зөв тооцсон, мөн гэм буруугийн талаар гаргасан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Г-ын “хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2019/ШЦТ/538 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ