Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 480

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 27 өдөр

    Дугаар 183/ШШ2019/00480

Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, шүүгч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй,  тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Олимпын гудамж, Олимп 9-8 тоотод оршин байрлах, П ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 166 байрны 13а тоотод оршин суух, 1990 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, Б.Б-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 29 997 745 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, гэрч Н.Ц, иргэдийн төлөөлөгч О.С, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани нь автомашин түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг, Олон улсын стандарт, олон улсын франчайз автомашин түрээслүүлэгч бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б.Б нь П   ХХК буюу эхлээд компанийн ерөнхий менежер, хувьцаа эзэмшигч Герман улсын иргэн н.Макс Ветээр дамжуулж боломжийн үнээр машин түрээслэх боломж байна уу гэж гаргасан хүсэлтийн дагуу түүнд УАЗ Патриот маркын 4210 УБХ улсын дугаартай автомашиныг 1 өдрийн хугацаагаар 156 000 төгрөгийн үнээс 25 хувиар хямдруулан нэг өдрийн 117 000 төгрөгөөр түрээслүүлсэн. Автомашиныг хүлээлцэх актан дээр Б.Б гарын үсэг зурж, автомашиныг бүрэн бүтэн хүлээж авсан. Гэтэл Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр уг машиныг  унаж яваад Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, 2371 УНН улсын дугаартай автомашиныг мөргөж манай компанид хохирол учруулсан. Зөрчлийн хэрэг Налайх, Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж, Б.Б нь Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн болох нь тогтоогдож, 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3100027180018333 дугаартай шийтгэх хуудсаар 100 000 төгрөгийн торгох шийтгэлийг авсан. Б.Б-н буруутай үйлдлийн улмаас манай компанийн 2018 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 5 дугаар сард худалдан авсан, УАЗ Патриот маркын 4210 УБХ улсын дугаартай автомашинд засвар үйлчилгээний зардалд 28 907 745 төгрөг, хөрөнгийн үнэлгээний зардалд 1 080 000 төгрөг, нотариатын хөлс 10 000 төгрөг, нийт 29 997 745 төгрөгийн хохирол учирсан тул гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсын иргэн И А М-ын орчуулагчаар ажиллаж байсан ба тус өдөр И А М нь эд хөрөнгө хөлслөх гэрээг П  ХХК-тай байгуулсан байдаг. Тус компани нь олон улсын Сикст гэдэг франчайзингийн нэрээр үйл ажиллагаа явуулдаг. Хэрэг авагдсан нотлох баримтаар Сикст компанитай байгуулсан И А М-ын гэрээ байгаа. Б.Б нь тус өдөр автомашиныг И А М-ын хүсэлтээр жолоодож явахдаа П ХХК-д ямар нэгэн төлбөр төлөөгүй. Нэхэмжлэгч Б.Б-г автомашин захиалсан талаар ярьж байна. И А М нь эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулсан. Налайх дүүрэгт осол гаргасан байдаг. Ослын дараагаар Налайх дүүргийн замын цагдаагийн хэлтэс хэмжилт хийж үзсэн. Б.Б-г тухайн өдөр Зөрчлийн тухай хуулиар шийтгэвэр бичсэн боловч хүлээн зөвшөөрөхгүй гэж гомдол гаргасан. Замын цагдааг хэмжилт хийж байх үед П ХХК-иас хүн ирж тухайн автомашиныг шууд ачиж явсан байдаг. Зөрчил хянан шийдвэрлэх явцад энэ хөрөнгө үнэлэх байгууллагыг Налайх дүүргийн замын цагдаагийн хэлтсээс нэр заасан газар хөрөнгийг үнэлүүлж өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Налайх дүүргийн замын цагдаагийн хэлтсээс удаа дараа хүсэлт тавьж замын цагдаагийн газраас хөрөнгийн үнэлгээ хийх газрын томилж тавьдаг танайх дур мэдэж өөрсдөө хөрөнгийн үнэлгээг хийж болохгүй гэсэн шаардлагыг хариуцагч талаас тавьсан. Бид Х Э ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн боловч П  ХХК хүлээж аваагүй. Ингээд зөрчил шалгах хугацаа дууссан. 4210 УНН маркийн автомашиныг Б.Б жолоодож яваад, 2371 УНН улсын дугаартай приус маркийн автомашинтай мөргөлдөж осол гаргасан. Зөрчлийн хэргийн явцад тус приус автомашины жолооч Налайх дүүргийн замын цагдаагийн хэлтсээр Хас үнэлгээний төвөөр хохирлоо тооцуулж, М даатгалаар хохирлоо барагдуулсан. Хараат бусаар хохирлын үнэлгээг хийлгэж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг хүлээнэ гэсэн заалттай. Хэрэгт авагдсан нотлох баримтад түрээслэгчийн нэр гэдэгт Илья Александреевич Мельников байх тул Б.Б-г эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан гэх үндэслэлгүй. Гэрээг И А М гэдэг хүн байгуулсан, Б.Б жолоочийн үүрэг гүйцэтгэсэн тул хариуцагчийн хувьд маргаантай, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангахгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П   ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 29 997 745 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б.Б нь боломжийн үнээр машин түрээслэх боломж байна уу гэж хүсэлт гаргасны дагуу түүнд УАЗ Патриот маркын 4210 УБХ улсын дугаартай автомашиныг 1 өдрийн хугацаагаар 156 000 төгрөгийн үнээс 25 хувиар хямдруулан нэг өдрийн 117 000 төгрөгөөр түрээслүүлсэн. Автомашиныг хүлээлцэх актан дээр Б.Б гарын үсэг зурж, автомашиныг бүрэн бүтэн хүлээж авсан. Гэтэл Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр уг машиныг  унаж яваад Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, 2371 УНН улсын дугаартай автомашиныг мөргөж манай компанид хохирол учруулсан. Б.Б-н буруутай үйлдлийн улмаас манай компанийн 2018 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 5 дугаар сард худалдан авсан, УАЗ Патриот маркын 4210 УБХ улсын дугаартай автомашинд засвар үйлчилгээний зардалд 28 907 745 төгрөг, хөрөнгийн үнэлгээний зардалд 1 080 000 төгрөг, нотариатын хөлс 10 000 төгрөг, нийт 29 997 745 төгрөгийн хохирол учирсан тул гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

 

Хэргийн баримтаас үзэхэд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр П   ХХК болон АНУ-ын иргэн И А М нарын хооронд тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр УАЗ Патриот маркын 4210 УБХ улсын дугаартай автомашиныг түрээслэхээр талууд тохиролцсон байна. /хх26/

 

Улмаар 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Б.Б уг автомашиныг жолоодож явахдаа 23-71 УНН улсын дугаартай Тоёота приус автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан болох нь хэрэгт авагдсан шийтгэлийн хуудсаар тогтоогдох бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

 

Харин хариуцагч нь “...Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсын иргэн И А М-ын орчуулагчаар ажиллаж байсан ба тус өдөр Илья Александреевич Мельников нь эд хөрөнгө хөлслөх гэрээг П  ХХК-тай байгуулсан. Налайх дүүрэгт осол гаргасан гарсан талаар маргахгүй. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг хүлээнэ гэж заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтад түрээслэгчийн нэр гэдэгт И А М байх тул Б.Б-г эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан гэх үндэслэлгүй. Гэрээг И А М гэдэг хүн байгуулсан, Б.Б жолоочийн үүрэг гүйцэтгэсэн тул хариуцагчийн хувьд маргаантай, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангахгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргаж байна. 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

 

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д “Үүрэг энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ” гэж заасан байх бөгөөд 8 дугаар зүйлийн 8.15-д “гэм хор учруулах”-ыг үүрэг үүсэх үндэслэлд хамааруулсан байна. Үүрэг үүсэх үндэслэлийг гэрээний, гэрээний бус гэж ангилна. Гэрээний бус үүрэг нь хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа, зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа гэж хуваагдах бөгөөд гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь зөрчлийн улмаас үүсэх үүрэг юм.

Иргэний хуульд зааснаар нийгмийн харилцааг санаатай, санамсаргүй байдлаар зөрчиж, бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар гэм хор учруулсан бол түүнийг хариуцан арилгахыг зөрчлийн улмаас үүсэх үүрэг гэж ойлгох бөгөөд зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээ зэргээс үзэхэд дээрх харилцаа нь зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаанд хамаарахгүй, харин Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний харилцаа байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлж, шаардах эрхээ хэрэгжүүлдэг бөгөөд нэхэмжлэгч нэгэнт нэхэмжлэлийн шаардлагаа гэм хорын хохирол гаргуулахаар тодорхойлсон, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулахад шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжсэн агуулга бүхий  тайлбарыг гаргасан тул нэхэмжлэгч П  ХХК-ийг хариуцагч Б.Б-гаас гэм хорын хохирол шаардах эрхгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Н.Ц шүүхийн хэлэлцүүлэгт “...Эхний гэрээг Б.Б-тай байгуулан автомашинаа өгч явуулсан, осол болсны дараа инженертэйгээ очоод барьцаа аваагүй явуулсан талаар И А М-д хэлэхэд заавал өөр гэрээ хийж байж барьцаа өгнө гэсэн тул И А М-той мөн түрээсийн гэрээ байгуулсан. ...Энэ гэрээтэй холбогдуулан И А М-ын 4741659988763461 дугаартай картнаас 1 500 000 төгрөг татсан” гэж тайлбарлан Б.Б-тай байгуулсан тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээг нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр гаргаж үзүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрчийн энэхүү мэдүүлэгтэй холбогдуулан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтыг шүүх хуралдааны явцад олж мэдсэн учир хоёр дахь гэрээг нотлох баримтаар авч, хэрэгт хавсаргаж өгнө үү” гэж тайлбарлан шүүх хуралдааныг хойшлуулахаар хүсэлт гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх зүйлийн зохицуулалт нь нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх талаар шүүхийн эрх хэмжээ, түүний явуулах ажиллагаатай холбоотой, шүүх хуралдааны явцад зохигч талуудын мэтгэлцээний явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулахаар зохицуулсан заалт юм.

 

Шүүхийн зүгээс дээрх нотлох баримтыг шаардлагатай нотлох баримт гэж дүгнээгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Гэрчийн өгсөн мэдүүлгийн дагуу хоёр дахь гэрээг нотлох баримтаар хавсаргая гэсэн бөгөөд манай нэхэмжлэлийн шаардлага бол гэрээний үүрэг шаардаагүй ба гэм хорын хохирол учруулсан гэж жолоочоос шаардаж байгаа тул онцын шаардлагагүй” гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ болон хариуцагчаа зөв тодорхойлж, шүүхэд хандан дахин нэхэмжлэлийн шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 938 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүсээгүй байх тул П ХХК-ийн хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 29 997 745 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 938 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ

 

          ШҮҮГЧ                                                 Б.МӨНХБАЯР

 

          ШҮҮГЧ                                                 Д.ЯНЖИНДУЛАМ