Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 269

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 151/ШШ2019/00269

Төв аймаг

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, Ерөнхий шүүгч Б.Цолмон, шүүгч Д.Алтантуул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Э.Ц

            Хариуцагч: Г.Б

            Гэм хорын хохирол 15 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.”““, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.”““, хариуцагч Г.”““, иргэдийн төлөөлөгч С.”““, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.”““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.”““ гэгч согтуугаар 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд ямар ч үг яриагүйгээр нүүрэнд тоосгоор цохиж, улмаар миний дээд 5 шүд, доод 1 шүдийг хугалж хамар, доод уруулын салст язарсан шарх, дээд уруул, баруун мөрөнд зулгаралт, баруун мөрөнд зулгаралт, баруун мөрөнд цус хуралт зэрэг гэмтлүүдийг учруулсан юм. Г.”““ энэ үйлдсэн хэрэгтээ Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-р зүйлийн 1 дэх хэсгээр 700 000 төгрөгөөр торгуулсан юм. Шүүхийн энэ шийтгэх тогтоолд шүд хийлгэх болон учирсан хохирлоо иргэний журмаар шийдвэрлүүлэхээр шүүх тогтоолдоо заасны дагуу миний биед шүд хийлгэх хохирлоо нэхэмжилж байна. Шүүхийн тогтоолд шүдээ хийлгэсний дараа гарсан хохирлоо нэхэмжлэхээр заасныг зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь миний бие ээж, аавын минь заяасан 6 шүдгүй болсноос эрүүл мэнд гоо сайхны хувьд асар их хохирч байна. “Оксман” ХХК-ийн Сувд-д шүдний эмнэлэгийн тодорхойлолтоор хоншоорын баруун талын соёо шүдэнд имплант хиймэл шүд хийлгэхэд нийт 15 000 000 төгрөг шаардлагатай болж байгаа юм. Гэтэл надад ийм шүд хийлгэх ямар ч мөнгө, мал хөрөнгө, цалин байхгүй, нэн ядуу амьжиргааны түвшингээс доогуур амьдралтай тул энэ Г.”““аас дээрх 15 000 000 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна. Үүнээс гадна Г.”““ын гэмт үйлдлээс болж миний биед болон ээж бид хоёрын амь, амьдралд асар их хохирол учирсаны өчүүхэн хэсэг болох 780 000 төгрөгийг төлсөн харин шүүхийн тогтоолд 1 226 850 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтаа бүрдүүлсэний дараа иргэний шүүхэд хандахаар заасан тул журмаар үүнтэй холбогдон гарсан зардлаа шүүхийн шатанд нэмж нэхэмжлэх болно гэжээ.   

 

            Нэхэмжлэгч Э.”““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аав, ээжээс заяасан ийм сайхан шүдийг хугалж хаячихаад, өнөөдөр намайг доромжлоод байна. Энэ хүнээс шүднийхээ мөнгийг яаралтай гаргуулж авмаар байна. Хариуцагчийн яриад байгаа шиг 6 шүдийг 1 000 000 төгрөгөөр хийлгэх боломж байхгүй. Хаана юугаар хийдэг юм бэ, нэг шүд хэдэн төгрөг болох юм бэ, нийт хэдэн төгрөгөөр хийлгэх юм бэ гэдэг нь тодорхойгүй юм яриад байна гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.”““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгэнт Э.”““ын 6 шүдийг унагаасан учраас эдгээр шүднүүд нь цаашдаа нөхөн ургах боломжгүй. Ийм учраас Э.”““т хохирол учирсан гэдэг нь тодорхой. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн шийтгэх тогтоол, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр харагдагдаж байна. Гэм хорын хохирлын төлбөрийг гаргуулахад төлбөр мөнгө төлөх боломжгүй, ядуу хүн гэх зүйл байхгүй. Нэгэнт ээж, ааваас заяасан унаган шүдийг унагаасан учраас гэм хорыг арилгах нь зүй ёсных. Нэхэмжлэгчийн зүгээс төрлөх шүд шигээ шүдтэй болмоор байна гэдгээ эрүүгийн хуралдаан дээр ч мөн өнөөдрийн шүүх хуралдаанд ч хэлж байна. Дахин шүд ургахгүй тул шүүхээр гэм буруугийн хохирлоо нөхөн гаргуулах хүсэлттэй байгаа. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын амь нас, эрүүл мэнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай болон санамсаргүй байдлаар гэм хор учруулсан этгээд хохирлоо хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байдаг. Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т заасан заалт хэрэгжих ёстой. Мөрдөн байцаалтын шатанд хариуцагч Г.”““ жаргал нь нэхэмжлэгч Э.”““т архи уулган өөрөөсөө гадна нэг хүний хамт гэрээс нь авч яваад өөрийн таньдаг гэх эмч дээрээ аваачин, чанарын шаардлага хангахгүй шүд хийлгэсэн байдаг. Дээрх хиймэл шүд нь хоол унд идэхэд нь хүндрэлтэй байдаг ба анхнаасаа өвчин нь арилаагүй байхад нь хэлбэр төдий байдлаар хийсэн. Үүнийгээ эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гарган өгсөн. Энэ нь нийт 80 000 төгрөг болсон байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс энэ шүдийг нь хийлгэсэн цагаас хойш зүүгээгүй, зүүх ч боломжгүй байгаа тул өөрийн 6 шүдээ анх ямар байсан тийм хэвээр нь л болгохыг хүсч байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505-д зааснаар 15 000 000 төгрөгийг хариуцагч Г.”““аас гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Г.”““ шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Э.”““тай маргалдан 5 шүдийг гэмтээсэн. Нэхэмжлэгч Э.”““ нь 15 000 000 төгрөг нэхэмжилсэн. Иймд миний бие 15 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Г.”““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намар эрүүгийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө Э.”““т холболттой шүд хийлгэж өгье, үнэтэй шүд хийж өгч чадахүй гэж хэлсэн. Э.”““ тухайн үедээ энэ саналыг хүлээн зөвшөөрсөн. Дараагаар нь ээж, аавын ятгалгаар хүлээн зөвшөөрөхгүй гэх хариу хэлсэн. Надад шүдний төлбөрт өгөх 15 000 000 төгрөг байхгүй, мөн нэхэмжлэгч шүд хийлгэсэн гэх нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.”““ нь хариуцагч Г.”““д холбогдуулан гэм хорын хохирол 15 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогдоогдож байна.

Хариуцагч Г.”““ нь нэхэмжлэгч Э.”““ын эрүүл мэндэд гэм хор учруулсан буруутай болох нь нэхэмжлэгчийн “Г.”““... нүүрэнд тоосгоор цохиж, миний дээд 5 шүд, доод 1 шүдийг хугалсан ...” /хх-1/, хариуцагчийн “... би ... Э.”““тай маргалдаж 5 шүдийг гэмтээсэн” /хх-17/ гэх тайлбар, шүүхийн шийтгэх тогтоол /хх-5-8/ зэрэг бичмэл баримтаар тогтоогдож байгаа ба талууд гэм хор учруулсан тухай маргахгүй байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар ”эрүүл мэнд” гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг ойлгох бөгөөд хариуцагчийн хууль бус үйлдэл буюу нүүрэнд нь тоосгоор цохисны улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирч, 6 ширхэг шүд нь хугарсан байна.

Бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Энэ тухай Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ... эрүүл мэнд, ...-д хууль бусаар ... гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ... ийнхүү мөн хуулийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... хиймэл эрхтэн хийлгэх, ... бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь түүний эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон 6 шүд хийлгэхэд гарсан зардлаа хариуцагч Г.”““аас шаардах эрхтэй, хариуцагч нь нэхэмжлэгч Э.”““ын эрүүл мэндэд гэм хор учруулсан тул эд эрхтэнг /шүд/ гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх, боломжгүй тохиолдолд мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

Гагцхүү нэхэмжлэгч Э.”““ нь “Оксман” ХХК-ийн “... хоншоорын баруун талын 5 шүдэнд болон эрүүний баруун талын соёо шүдэнд имплант хиймэл шүдэлбэр хийлгэхэд нийт 15 000 000 төгрөг ... , 1 имплант шүдэлбэр хийхэд 2 500 000 төгрөг болно” гэх тодорхойлолтыг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл гэж тайлбарлаж байх хэдийч 1 шүд хийлгэх 2 500 000 төгрөг нь тухайн эмнэлгийн үнэ тариф мөн эсэх, имплант шүд хийлгэхэд 15 000 000 төгрөг зарцуулсан баримт нь хэрэгт цуглараагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Э.”““ын шаардлагын үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй,  тодруулбал 15 000 000 төгрөг зайлшгүй гарах зардал болох,  энэ зардал гарсныг нотлох баримт байхгүйгээс гадна нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ... түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй гэх үндэстэй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Э.”““ын нэхэмжлэлтэй Г.”““д холбогдох гэм хорын хохирол 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо гэрэл зургийн үзүүлэлт /хх-2/, Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 145 дугаар албан бичиг /хх-3/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоол /хх-5-8/, “Оксман” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолт /хх-9/, Төв аймгийн Эрдэнэсант сумын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн мэргэжилтний 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3 дугаар тодорхойлолт /хх-47/ зэргийг нотлох баримтаар үнэлж шийдвэрийг үндэслэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл” тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасан тул нэхэмжлэгч Э.”““ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Э.”““ын нэхэмжлэлтэй Г.”““д холбогдох гэм хорын хохирол 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Э.”““ улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                А.ЭНХТӨР

 

                                       ШҮҮГЧИД                                 Б.ЦОЛМОН

 

                                                                                              Д.АЛТАНТУУЛ