Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 288

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 41-483 тоотод оршин суух, Шарнууд овогт Эрдэнэбаатарын Энхзул /РД:мь88101200/,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж 55б байр, 11 тоотод оршин суух Боржигин овогт Баяраагийн Төртогтох /РД:чт86101495/

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, шавь цогцолбор, Б байр, 2 тоотод оршин суух Боржигон овогт Нармандахын Наранзаяа /РД:тз88011908/

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 57 дугаар байр, 53 тоотод оршин суух Улаанбумба овогт Гомбосүрэнгийн Ариунзаяа /РД:ею82122500/-д холбогдох

 

түрээсийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

түрээсийн төлбөр болон бусад зардалд 11,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гомбосүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ариунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхзул, өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг наршүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Энхзул миний бие өөрийн найз Н.Наранзаяа Б.Төртогтох нарын хамт караоке ажиллуулахаар ярилцсан байсан Ингээд 2017 оны 11 дүгээр сард хариуцагч Г.Ариунзаяа болон түүний аав Ч.Гомбосүрэн нартай зарын дагуу очиж уулзсан. Ингээд бид харилцан ярилцаад Г.Ариунзаяагийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Туул гол гудамж, 32/1 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай, 1080 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 0 давхарт байрлах, 120 м2 талбай бүхий хоосон талбайг караокены зориулалтаар засаж тохижуулан ажиллуулахаар болсон. Бид уг 120м2 талбайг хариуцагч Г.Ариунзаяагаас түрээслэхээр тохирохдоо дараах зүйлсийг харилцан тохирсон. Үүнд:

1/ Түрээсийн зүйл болох Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Туул гол гудамж, 32/1 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай, 1080 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 0 давхарт байрлах,120 м2 талбай бүхий хоосон талбайд бид нийт 39,000,000 төгрөгийн хэмжээнд засвар хийж, караокены тоног төхөөрөмж зэргийг бүрэн суурилуулна.

2/ Засвар хийж, тоноглосон караокены өрөөнүүдийг буюу 120м2 талбайг бид  2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд буюу нийт 39 сар ажиллуулна. Өөрөөр хэлбэл 1 сарын түрээсийг 1,000,000 төгрөгөөр тооцож, хөрөнгө оруулалт хийсэн 39 сарын хугацаандаа бүрэн өөрсдийн эзэмшил, ашиглалтандаа байлгана. Харин тог, дулаан зэрэг зардлыг бид хариуцна.

3/ Түрээсийн гэрээний хугацаа дуусахад засвар хийсэн байр, караокены тоног төхөөрөмжүүдийг тухайн түрээслэсэн байрандаа буюу Г.Ариунзаяагийн өмчлөлд тэр чигээр нь үлдээнэ.

4/ Караоке ажиллуулах зөвшөөрлийг хариуцагч Г.Ариунзаяа авч өгнө. Ийм  байдлаар бид амаар харилцан тохироод бидний зүгээс түрээслэх байрандаа 2017 оны 11 дүгээр сараас эхлээд засвар хийж эхэлсэн ба хариуцагч тал караокены зөвшөөрлийг 2018 оны 01 дүгээр сард авч өгсөн. Бид үйл ажиллагаагаа 2018 оны 01 дүгээр сараас эхлүүлсэн юм.

Ингээд 2018 оны 01 дүгээр сар гэхэд засвар дууссан, үйл ажиллагаа эхэлсэн тул бид 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө түрээсийн гэрээ” байгуулсан. Гэрээнд анх тохирсон бүх тохиролцоогоо тусгаж, талууд гарын үсгээ зурцгаасан. Мөн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр бид нийт түрээслэн авч буй байранд 13,830,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн, 25,170,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж суурилуулсан, нийт 39,000,000 төгрөгийн эд хөрөнгө хүлээн авсан болохоо харилцан тооцоо нийлж, бичгийн хэлбэрээр баримт үйлдсэн. 

 Ингээд бид үйл ажиллагаагаа явуулж байтал 2018 оны 7 дугаар сард караокены шалан дороос гүний ус нэвчиж, засвар хийсэн байрыг ашиглах боломжгүй болгож эхэлсэн. 2018 оны 7 дугаар сарын 19-ний өглөө караоке дээр ирэхэд бүх өрөөнүүдийн шалан доороос их хэмжээний хөрсний ус гарч, ус шалнаас ойролцоогоор 40 см хэмжээтэй битүү дүүрсэн байсан учир цаашид үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон. 2018 оны 8 дугаар сард энэ байдал ахиад үргэлжилсэн. Бидний зүгээс өөрсдийн чадах чинээгээр усаа соруулж, цэвэрлэгээ хийж байсан боловч байдал өөрчлөгдөөгүй. Хариуцагч талд энэ талаар мэдэгдэж, арга хэмжээ авч өгөхийг хүсэхэд ямар ч туслалцаа үзүүлээгүй. Ингээд үндсэндээ бид 2018 оны 7 дугаар сараас хойш үйл ажиллагаа явуулж чадаагүй. Түрээсийн гэрээнд түрээслэх хугацаанд ямар нэг засвар хийх шаардлага гарсан тохиолдолд гэрээний 2 тал хамтран холбогдох зардлыг гаргаж засварлахаар заасан тул би энэ талаар Г.Ариунзаяа болон түүний аав Ч.Гомбосүрэн гуайд хэлэхэд тэд энэ тал дээр огт санаа тавихгүй “чи эхлээд усыг соруулчих гарах зардлын талыг бид төлнө” гэж хэлээд нэг хар лак авчирч өгөөд явсан. Би зараас ус соруулдаг газрыг олж 13 удаа нийт 78 м/куб усыг 700,000 төгрөгөөр соруулсан боловч шалан доороос, хажуу хананаас дахин ус гарч ирсээр байсан. Мөн дорожийг цэвэрлэгээний газарт өгч цэвэрлүүлсэн ба гарсан зардлыг бас өөрөө төлсөн. Түрээслүүлэгч тал гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байсан тул гэрээгээ цуцалж, хохирлоо авах талаар удаа дараа санал тавихад тоохгүй байсан саналаа бичгээр өгөхөд гардаж авахаас татгалзсанаар өнөөдрийг хүртэл биднийг хохироож байна.

Дээр дурдсанчлан бид 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр караокений зориулалтаар засаж, тохижуулсан өрөөнүүдэд дараах хэмжээний засварыг хийж, эд хөрөнгүүдийг үлдээсэн болохыг харилцан баталж, гарын үсгээ зурцгаасан. Үүнд:

1/ 1,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 хаалгатай хөргөгч 1 ширхэг. 

2/ Караокений өрөөнд хийсэн 1,000,000 төгрөгийн үнэ бүхий тек. 

3/ 1м2 нь 70,000 төгрөгийн үнэтэй 32м2 хэмжээтэй дрож. Нийт үнэ 2,240,000 төгрөг.

4/ 1 бүр нь 1,200,000 төгрөгийн үнэтэй 6 ширхэг караокений машин. Нийт 6,000,000 төгрөг.

5/ Нэг бүр нь 200,000 төгрөгийн үнэтэй 7 ширхэг ширээ. Нийт үнэ 1,400,000 төгрөг.

6/ 1 бүр нь150,000 төгрөгийн үнэтэй 6 ширхэг хаалганы үнэ 900,000 төгрөг. 

7/ Нийт 40 м урттай буйдангийн үнэ 8,000,000 төгрөг.

8/ 55 инчийн 2 ширхэг зурагт. Нэг бүр нь 800,000 төгрөгийн үнэтэй, нийт 1,600,000 төгрөг.

9/ 1 бүр нь 700,000 төгрөгийн үнэтэй 49 инчийн 4 ширхэг зурагт. Нийт 2,800,000 төгрөг.

10/ 230,000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг төмөр хаалга.  

11/ Анх засвар, үйлчилгээ хийхэд зарцуулсан 13,830,000 төгрөг. Нийтдээ 39,000,000 төгрөг болсон.

Эдгээр жагсаалтад дурдсан хөрөнгүүдээс миний бие 6,000,000 төгрөгийн үнэтэй 6 ширхэг караокений машин, 1,600,000 төгрөгийн үнэтэй 55 инчийн 2 ширхэг зурагт, 2,800,000 төгрөгийн үнэтэй 49 инчийн 4 ширхэг зурагтуудыг ус, чийгэнд норохоос сэргийлж аваад гарсан.

Ингээд нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагч Г.Ариунзаяад холбогдуулж дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1/ 2 хаалгатай хөргөгчний үнэ 1,000,000 төгрөг.

2/ Караокений өрөөнд хийсэн текний үнэ 1,000,000 төгрөг.

3/ 1м2 нь 70,000 төгрөгийн үнэтэй 32м2 хэмжээтэй дрож. Нийт үнэ 2,240,000 төгрөг.

4/ Караокений өрөөнүүдэд байгаа 7 ширхэг ширээнүүдийн үнэ 1,400,000 төгрөг /1 бүр нь 200,000 төгрөг/.

5/ 6 ширхэг хаалганы үнэ 900,000 төгрөг /1 бүр нь150,000 төгрөг/.

6/ Буйдангийн үнэ 8,000,000 төгрөг /40 м/.

7/ Төмөр хаалганы үнэ 230,000 төгрөг.

8/ 2018 оны 7 дугаар сард ус соруулахад төлсөн 700,000 төгрөг.

9/ Дрож цэвэрлүүлэхэд төлсөн 107,000 төгрөг.

10/ Анх засвар хийхэд зарцуулсан 13,830,000 төгрөгөөс 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 8 дугаар сарыг хүртэл 8 сарын түрээс 8,000,000 төгрөг, тог, дулааны үнэд төлөх ёстой мөнгөнүүдийг хасаад 4,423,000 төгрөг. Нийтдээ 20,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй. Манай зүгээс анх гаргасан үндсэн нэхэмжлэлд түрээсийн төлбөр болох 8,000,000 төгрөгийг угаасаа хасч тооцсон байгаа. Хариуцагч тал уг нэхэмжлэлтэй сайтар танилцаагүй юм шиг байна. Мөн сөрөг нэхэмжлэлд моторын болон дуу өсгөгчийн үнэ гэж нэхэмжилснийг огт хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бидний түрээсэлж байсан байранд мотор, өсгөгч огт байгаагүй. Үнэхээр тийм том зүйлс байсан бол бид хараад энэ талаар харилцан тохирч, хүлээн авсан эд зүйлийн жагсаалтдаа дурдаж бичих байсан. Байгаагүй юмыг байсан мэтээр бичиж нэхэмжилж байгаад гомдож байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.Ариунзаяа миний бие Э.Энхзул, Н.Наранзаяа, Б.Төртогтох нартай 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үл хөдпөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Туул голын гудамж 32/1 тоотод байрлах 120 м2 талбайтай 0 давхарт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдпөх эд хөрөнгийг түрээслүүлсэн. Түрээсийн гэрээг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 39 сарын хугацаатай байгуулж, 1 сарын түрээсийн төлбөрийг 1,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Хариуцагч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргаж надаас 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэгэнт түрээсийн гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон тул 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 8 дугаар сарыг хүртэлх түрээсийн төлбөр 8,000,000 төгрөгийг Э.Энхзул, Н.Наранзаяа, Б.Төртогтох нараас гаргуулж өгнө үү. Мөн нэхэмжлэгч нар нь түрээсэлж байсан байрандаа засвар хийхдээ караокены өрөөний хажуугийн складны түлхүүрийг авсан. Тус складанд 2 ширхэг дифузер буюу дуу өсгөгч, 1 ширхэг мотор байсан. Гэтэл нэхэмжлэгч нарыг нүүж явсны дараа 2 ширхэг дуу өсгөгч, мотор алга болсон байсан. 1 ширхэг дуу өсгөгчийг 750,000 төгрөгөөр тооцож 2 ширхэг дуу өсгөгчний үнэ 1500,000 төгрөг, моторны үнэ 2,000,000 төгрөг, нийт 11,500,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гомбосүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ариунзул нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Ариунзаяа нь Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Туул гол гудамж, 32/1 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай, 1080 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь юм. 2017 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч Э.Энхзул нар бидэн дээр зарын дагуу ирж уулзсан. Ингээд бид ярилцаад уг үл хөдлөх эд хөрөнгийн гаражийн давхарт байрлах 120м2 талбай бүхий талбайг караокены зориулалтаар ажиллуулахаар харилцан тохирсон. Нэхэмжлэгч нар 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд буюу нийт 39 сар караокены зориулалтаар ажиллуулна. Ингэж ажиллуулахдаа тог, дулааны төлбөр зэрэг үйл ажиллагааны зардлыг нэхэмжлэгч нар түрээсийн хугацаанд өөрсдөө хариуцна гэсэн. Тухайн 120 м2 талбай бүхий өрөөнүүдийг бид шохойдож, будаад ерөнхийдөө засварласан байсан. Ингээд бид харилцан ярилцаад нэхэмжлэгч нар нийтдээ 39,000,000 төгрөгөөр 120м2 талбайг караокены зориулалтаар бүрэн тохижуулах, үүний хариуд 1 сарын түрээсийг 1,000,000 төгрөгөөр тооцож, хөрөнгө оруулалт хийсэн 39 сарын хугацаандаа бүрэн өөрсдийн эзэмшил, ашиглалтандаа байлгахаар болсон. Харин 39 сарын хугацаа нь дуусахаар нэхэмжлэгч нар бүх эд хөрөнгө, тохижуулсан зүйлсээ үлдээгээд шууд гарч явахаар болсон. Ингээд засварын ажил эхлэхэд нь бидний зүгээс нэхэмжлэгч нарт “...тухайн барилгын доороос хөрсний ус гарах магадлалтай учир шалны засвараа маш сайн хийгээрэй” гэж удаа дараа сануулж байсан. Гэтэл нэхэмжлэгч нар үгнээс зөрөөд шалан дээр пильта тавилгүй шууд дорож дэвссэн байсан. Хариуцагчийн зүгээс “...хөрсний ус гарахад наад дорож чинь тэсэхгүй, нэмэр болохгүй” гэж дахин хэлж байсан. Ингээд 2018 оны 01 дүгээр сард засвар дуусч, караокены үйл ажиллагаа эхэлсэн тул бид 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө түрээсийн гэрээ” байгуулсан. Гэрээнд анх тохирсон бүх тохиролцоогоо тусгаж, талууд гарын үсгээ зурцгаасан. Мөн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр бид бичгээр эд хөрөнгө хүлээн авсан талаар баримт үйлдсэн. Нэхэмжлэгчийн зүгээс түрээслэн авч буй байранд 13,830,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн, 25,170,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж суурилуулсан, нийт 39,000,000 төгрөгийн эд хөрөнгө оруулалт хийгдсэн талаар харилцан тооцоо нийлж, бичгийн хэлбэрээр баримт үйлдсэн нь үнэн. Ингээд гэрээ байгуулаад, үйл ажиллагаа нь эхлээд явж байтал 2018 оны 7 дугаар сараас их хэмжээний бороо орсон. Үүнээс шалтгаалаад хөрсний ус гарч ирсэн. Хариуцагчийн зүгээс ахиад л “...анх засвар хийхдээ үгэнд ороод дорож дэвсэлгүй пильта наасан бол ийм зүйлд хүрэхгүй байсан” гэж хэлсэн. Үндсэндээ нэхэмжлэгч талын буруугаас болоод ус хөрснөөс шүүрч, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Ингээд 2018 оны 8 дугаар сараас үндсэндээ ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, бүх зүйл зогссон. Нэхэмжлэгч буюу түрээслэгч нар нь тус түрээсийн байранд үндсэндээ хэд хоног үйл ажиллагаа явуулж байгаад өөр хүмүүст хариуцагчийн зөвшөөрөлгүй түрээслүүлсэн байдаг.

Нэхэмжлэгч нар нь хариуцагчид холбогдуулж түрээсийн байранд байсан 2 хаалгатай хөргөгчний үнэ 1,000,000 төгрөг, караокений өрөөнд хийсэн текний үнэ 1,000,000 төгрөг, 32м2 хэмжээтэй дрожийн үнэ 2,240,000 төгрөг, 7 ширхэг ширээнүүдийн үнэ 1,400,000 төгрөг, 6 ширхэг хаалганы үнэ 900,000 төгрөг, буйдангийн үнэ 8,000,000 төгрөг, төмөр хаалганы үнэ 230,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сард ус соруулахад төлсөн 700,000 төгрөг, анх засвар хийхэд зарцуулсан 13,830,000 төгрөгөөс 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 8 дугаар сарыг хүртэл 8 сарын түрээс 8,000,000 төгрөг, тог, дулааны үнэд төлөх ёстой мөнгөнүүдийг хасаад 4,530,000 төгрөг, нийтдээ 20,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Манай зүгээс 2018 оны 7 дугаар сард ус соруулахад төлсөн 700,000 төгрөгийн талыг нь буюу 350,000 төгрөгийг төлнө. Үнэхээр түрээсийн байрны шалнаас хөрсний ус гарсан, усыг соруулсан нь үнэн тул гэрээгээр тохирсон ёсоор талыг нь төлөх болно. Харин бусад шаардлыг нь зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч тал өрөөнүүдэд байсан зурагт, караокены машин зэрэг үнэ бүхий эд хөрөнгүүдээ өөрсдөө аваад явсан. Бидний зүгээс нэхэмжлэгчийн үнийг нь шаардаад байгаа банзаар хийж, лидринээр өнгөлсөн буйдангууд, дорож, ширээ, сандал, тек, хаалга зэрэг эд хөрөнгийг буцаан өгөх болно.

Түүнчлэн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, 318.4-т “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна”, 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасан байдаг. Г.Ариунзаяа, Э.Энхзул, Н.Наранзаяа, Б.Төртогтох нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ”-г талууд үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлээгүй, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн тул энэ хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан байдаг.Иймд нэхэмжлээд байгаа хөргөгч, тек, дрож, ширээ, хаалга, буйдан, төмөр хаалга зэрэг эд хөрөнгийг буцааж өгнө. Мөн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлдээ засвар үйлчилгээ бусад холбогдох зардалд 13,830,000 төгрөг нэхэмжилсэн байсан.

Дээр дурдсанчлан хөрсний ус гарч, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд нэхэмжлэгч нарын буруутай үйл ажиллагаа байгаа. Нэхэмжлэгч нарт шалны засварыг сайн хийгээрэй гэж хэлсэн боловч засвараа дутуу хийж, шалны хэсэгт плита наалгүй шууд дорож дэвссэн. Хэрэв шаланд плита наасан байсан бол хөрсний ус нэвчихгүй байх боломжтой байсан.

Мөн хэрэгт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 02-07-1/12/1074 дугаартай шинжээчийн дүгнэлт байгаа. Уг дүгнэлт нь хэрэгт ач холбогдолгүй нотлох баримт. Уг шинжээчийн дүгнэлтэд хувийг Г.Ариунзаяад гэсэн байх боловч түүнд гардуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Харин Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 02-07-1/12/1074 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 2 дугаар заалтад тус түрээсийн байрны инженерийн шугам сүлжээнээс ус алдаагүй болох нь харагддаг. Цаашлаад хэрэгт авагдсан зарлагын баримтуудын ихэнх нь он саргүй, хүлээж авсан болон хүлээлгэж өгсөн хүний гарын үсэггүй, худалдан авагч нь хэн болох нь тодорхойгүй нотлох баримтын шаардпага хангахгүй баримтууд байна. Мөн зарлагын баримтууд дээр бичигдсэн зүйлс юунд зарцуулагдсан нь тодорхойгүй байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас ус соруулсан 700,000 төгрөгийн 350,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө. Бусад хэсгийг зөвшөөрөхгүй. Харин манай зүгээс шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа. Сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэг талаас Э.Энхзул, Н.Наранзаяа, Б.Төртогтох, нөгөө талаас Г.Ариунзаяа нар “Үл хөдлөх хөрөнгө түрээсийн гэрээ” нэртэй гэрээ байгуулжээ.

 

Дээрх гэрээгээр хариуцагч Г.Ариунзаяа нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Туул гол гудамж, 32/1 тоот хаягт байршилтай, 1080 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 0 давхар /гаражийн давхар/-т байрлах 120м2 талбайг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 39 сарын хугацаатай Э.Энхзул, Н.Наранзаяа, Б.Төртогтох нарт караокены зориулалтаар ашиглуулахаар болсон ба талууд гэрээгээр дараах үндсэн нөхцөлийг харилцан тохирсон талаараа ямар нэг маргаангүй байна. Үүнд:

 

1/ Түрээслүүлэгч Г.Ариунзаяагийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Туул гол гудамж, 32/1 тоот хаягт байршилтай, 1080 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 0 давхар /гаражийн давхар/-т байрлах 120м2 талбайн 1 сарын түрээсийн төлбөрийг 1,000,000 төгрөгөөр тооцно. Нийт 39 сарын түрээсийн төлбөр 39,000,000 төгрөг болох ба түрээслэгч тал уг 39,000,000 төгрөгт тааруулан түрээсийн талбайг караокены зориулалтаар засаж тохижуулна.

 

2/ Түрээслэгч тал болох Э.Энхзул, Н.Наранзаяа, Б.Төртогтох нар өөрсдийн тохижуулсан 120 м2 талбайг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 39 сарын хугацаатай караокены зориулалтаар ашиглана.

 

3/ Гэрээний хугацаа дуусахад түрээслэгч тал болох Э.Энхзул, Н.Наранзаяа, Б.Төртогтох нар өөрсдийн тохижуулсан талбайг тоног төхөөрөмжийн хамт түрээслүүлэгч Г.Ариунзаяад үлдээнэ.

 

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Э.Энхзул, Н.Наранзаяа, Б.Төртогтох, хариуцагч Г.Ариунзаяа нарын хооронд байгуулагдсан дээрх “Үл хөдлөх хөрөнгө түрээсийн гэрээ”-ний тохиролцооноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасан. Гэвч 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө түрээсийн гэрээ”нь бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан, үл хөдлөх эд хөрөнгийн нэг гэрчилгээтэй барилгыг бүхэлд нь бус тодорхой хэсгийг түрээсэлсэн тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангагдах боломжгүй, энэ нөхцөлөөс үүдэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.

 

Тодруулбал, аливаа үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бусдад түрээслүүлэх бол гэрээг заавал бүртгүүлж, харин зарим хэсгийг түрээслүүлэх бол гэрээг бичгээр байгуулах нь хуульд харшлахгүй ба талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Мөн нэхэмжлэгч болон хариуцагч нар 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр түрээсийн 120 м2 талбайд хийгдсэн нийт 39,000,000 төгрөгийн үнэ бүхий засвар үйлчилгээ, караокены өрөөнүүдэд байрлуулсан эд хөрөнгүүдийг хоёр талаасаа хүлээн авч, баримт үйлдсэн талаараа маргаангүй байна. Үүнд:

 

1/ 1,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 хаалгатай хөргөгч 1 ширхэг.

2/ Караокений өрөөнд хийсэн 1,000,000 төгрөгийн үнэ бүхий тек.

3/ 1 м2 нь 70,000 төгрөгийн үнэтэй 32 м2 хэмжээтэй дрож, нийт үнэ 2,240,000 төгрөг.

4/ 1 бүр нь 1,200,000 төгрөгийн үнэтэй 6 ширхэг караокений машин. Нийт 6,000,000 төгрөг.

5/ Нэг бүр нь 200,000 төгрөгийн үнэтэй 7 ширхэг ширээ. Нийт үнэ 1,400,000 төгрөг.

6/ 1 бүр нь 150,000 төгрөгийн үнэтэй 6 ширхэг хаалганы үнэ 900,000 төгрөг.

7/ Нийт 40 м урттай буйдангийн үнэ 8,000,000 төгрөг.

8/ 55 инчийн 2 ширхэг зурагт. Нэг бүр нь 800,000 төгрөгийн үнэтэй, нийт 1,600,000 төгрөг.

9/ 1 бүр нь 700,000 төгрөгийн үнэтэй 49 инчийн 4 ширхэг зурагт. Нийт 2,800,000 төгрөг.

10/ 230,000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг төмөр хаалга.  

11/ Караокены зориулалтаар ашиглагдах өрөөнүүдэд хийгдсэн засвар, үйлчилгээнд зарцуулсан 13,830,000 төгрөг.

 

Дээр дурдсан эд хөрөнгүүдээс түрээсийн байранд 1,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 хаалгатай хөргөгч, 1,000,000 төгрөгийн үнэ бүхий караокений өрөөнд хийсэн тек, 2,240,000 төгрөгийн үнэ бүхий 32м2 хэмжээтэй дрож, 1,400,000 төгрөгийн үнэ бүхий 7 ширхэг ширээнүүд, 900,000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг хаалганууд, 8,000,000 төгрөгийн үнэ бүхий буйдан, 230,000 төгрөгийн үнэ бүхий төмөр хаалганууд үлдсэн. Харин 6,000,000 төгрөгийн үнэтэй 6 ширхэг караокены машин, нийт 1,600,000 төгрөгийн үнэ бүхий 55 инчийн 2 ширхэг зурагт, нийт 2,800,000 төгрөгийн үнэ бүхий 49 инчийн 4 ширхэг зурагтуудыг нэхэмжлэгч тал биет байдлаар нь авч явсан үйл баримтын талаар зохигчид маргаангүй байна.

 

2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Э.Энхзул, Н.Наранзаяа, Б.Төртогтох нарын зүгээс хариуцагч Г.Ариунзаяад холбогдуулж дараах шаардлагыг гаргажээ. Үүнд:

1/ 2 хаалгатай хөргөгчний үнэ 1,000,000 төгрөг.   

2/ Караокений өрөөнд хийсэн текний үнэ 1,000,000 төгрөг.

3/ 1м2 нь 70,000 төгрөгийн үнэтэй 32м2 хэмжээтэй дрож. Нийт үнэ 2,240,000 төгрөг.

4/ Караокений өрөөнүүдэд байгаа 7 ширхэг ширээнүүдийн үнэ 1,400,000 төгрөг /1 бүр нь 200,000 төгрөг/.

5/ 6 ширхэг хаалганы үнэ 900,000 төгрөг /1 бүр нь150,000 төгрөг/.

6/ Буйдангийн үнэ 8,000,000 төгрөг /40 м/.

7/ Төмөр хаалганы үнэ 230,000 төгрөг.

8/ 2018 оны 7 дугаар сард ус соруулахад төлсөн 700,000 төгрөг.

9/ Дрож цэвэрлүүлэхэд төлсөн 107,000 төгрөг.

10/ Анх засвар хийхэд зарцуулсан 13,830,000 төгрөгөөс 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 8 дугаар сарыг хүртэл 8 сарын түрээс 8,000,000 төгрөг, тог, дулааны үнэд төлөх ёстой мөнгөнүүдийг хасаад 4,423,000 төгрөг. Нийтдээ 20,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн.

 

Нэхэмжлэгч талын зүгээс өөрсдийн шаардлагын үндэслэлээ “...түрээсийн байрны шалан доороос их хэмжээний хөрсний ус удаа дараа гарч, цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон.Бидний зүгээс өөрсдийн чадах чинээгээр усаа соруулж, цэвэрлэгээ хийж байсан боловч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Хариуцагч талд энэ талаар мэдэгдэж, арга хэмжээ авч өгөхийг хүсэхэд ямар ч туслалцаа үзүүлээгүй тул гэрээгээ цуцалж, оруулсан хөрөнгийн заримыг буцаан авах замаар өөрт учирсан хохирлоо арилгуулах хүсэлтэй” гэж тайлбарласан.

 

Дээрх нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нар хариуцагчтай байгуулсан гэрээг “хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн” гэсэн үндэслэлээр цуцалж, өөрт учирсан хохирлыг нэхэмжилсэн гэж үзэхээр байна.

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага болох 2018 оны 7 дугаар сард түрээсийн байранд нэвчсэн хөрсний усыг соруулахад нэхэмжлэгчийн төлсөн 700,000 төгрөгийн тал хувь болох 350,000 төгрөгөөс бусад хэсгийг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Тэрээр өөрийн татгалзлаа “...талуудын байгуулсан түрээсийн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус бөгөөд анхнаас нь сануулсаар байхад түрээсийн байранд хөрсний ус нэвчих боломжийг нэхэмжлэгч нар өөрсдөө бүрдүүлсэн” гэж тайлбарласан ба улмаар шүүхэд 11,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

 

Шүүхээс зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг судлаад үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Үндсэн нэхэмжлэл:

 

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх ба түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэхийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5 дахь хэсгүүдэд заасан.

 

Харин Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1, 288.1.3 дахь хэсгүүдэд зааснаар түрээслүүлэгч нь түрээслэх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө түрээслэгчид шилжүүлэх, гэрээний туршид эд хөрөнгийг ашиглах боломжийг бүрдүүлэн, гэрээнд өөрөөр тохироогүй бол зайлшгүй шаардлагатай засвар, үйлчилгээг хийх үүрэгтэй.

 

Түрээсийн гэрээ байгуулснаас хойш буюу 2018 оны 7, 8 дугаар саруудад түрээсийн байранд хөрсний ус нэвчсэнээс шалтгаалан нэхэмжлэгч өөрсдийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Түрээслэгчийн зүгээс энэ талаар түрээслүүлэгчид мэдэгдэж, өөрсдөөс шалтгаалах арга хэмжээг авсан хэдий ч тодорхой үр дүнд хүрээгүй, улмаар 2018 оны 8 дугаар сараас караокены үйл ажиллагаа бүрэн зогссон талаар зохигч талууд маргаагүй. Өөрөөр хэлбэл түрээсийн байрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал түрээсийн гэрээний явцад үүссэн талаар талууд маргаангүй байна.    

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч талууд өөрсдийн нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэйгээр оролцдог ба энэхүү үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгч талаас өөрсдийн “...түрээсийн байранд ажиллах боломжгүй, гэрээ цуцлагдах нөхцөл үүссэн” гэх үндэслэлээ нотлох үүднээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 02-07-112/1074 тоот улсын байцаагчийн дүгнэлтийг хэрэгт хавсарган өгсөн.

 

Энэхүү улсын байцаагчийн дүгнэлтэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бумба гранд хотхоны 32/1 дүгээр байрны В1 давхарт хөрсний ус орсон нь тухайн барилга Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт “механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх” гэсэн барилгын үйл ажиллагааны зарчмыг зөрчиж баригдсанаас шалтгаалсан талаар тусгагджээ.

 

Дээр дурдсан бичгийн баримтийг зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбартай харьцуулан судлахад хариуцагч Г.Ариунзаяа нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3 дахь хэсэгт заасан түрээслэгчийн үйлчилгээ, үйл ажиллагааны зорилгоо биелүүлэх шаардлагыг хангасан, биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг нэхэмжлэгч талд шилжүүлэн өгсөн гэж үзэх боломжгүй байна.

 

Мөн талуудын байгуулсан гэрээний 6.4, 6.4.3 дахь хэсгүүдэд ямар үед гэрээ дуусахыг буюу “...Иргэний хуулийн ...289.2.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн” тохиолдолд гэрээ дуусгавар болохыг тухайлан заасан байх бөгөөд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.3 дахь хэсэгт “хөлслөн авсан эд хөрөнгө нь бусдын амь бие, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц байдалд байвал энэ хуулийн 294.3-т заасан хугацааг харгалзахгүй гэрээг цуцлах” боломжтойг тусгажээ.

 

Хэдийгээр хариуцагч “...анх засвар хийхэд шалаа дорожоор хучих биш харин ус нэвтрэхгүй пильтагаар бүрэх хэрэгтэйг сануулсан” гэж тайлбарласан боловч энэхүү тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн түрээсийн байранд хөрсний ус нэвчсэн явдал нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, эс үйлдлээс шалтгаалсан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.3, 289.5 дахь хэсгүүдэд зааснаар гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй.  

 

Иймд хариуцагч Г.Ариунзаяагаас түрээсийн байранд үлдсэн 2 хаалгатай хөргөгчний үнэ 1,000,000 төгрөг, караокены өрөөнд хийсэн текний үнэ 1,000,000 төгрөг, 32 м2 хэмжээтэй дрожны үнэ 2,240,000 төгрөг, 7 ширхэг ширээнүүдийн үнэ 1,400,000 төгрөг, 6 ширхэг хаалганы үнэ 900,000 төгрөг, 40м буйдангийн үнэ 8,000,000 төгрөг, төмөр хаалганы үнэ 230,000 төгрөг, нийт 14,770,000 төгрөгийг гэрээ дуусгавар болсноос учирсан хохиролд тооцон нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэв.

 

Мөн түрээсийн байранд нэхэмжлэгч нар анх орохдоо засварын ажилд нийтдээ 13,830,000 төгрөг зарцуулсан болохыг талууд 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үйлдсэн бичгийн баримтдаа дурдсан боловч нэхэмжлэгчийн зүгээс уг мөнгөнөөс “...2017 оны 12 дугаар сараас 2018 оны 8 дугаар сарыг хүртэл 8 сарын түрээс 8,000,000 төгрөг, тог, дулааны үнэд төлөх ёстой мөнгөнүүдийг хасаад 4,423,000 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн тул уг шаардлагын хэмжээнд нь 4,423,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Түрээсийн байранд хөрсний ус нэвчиж, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс ус соруулахад төлсөн 700,000 төгрөг, дрож цэвэрлүүлэхэд төлсөн 107,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан.

 

Түрээсийн гэрээний харилцаанд түрээслүүлэгч нь гэрээгээр тохирсон тоо хэмжээ, чанарт нийцэх эд хөрөнгийг шилжүүлээд зогсохгүй, гэрээний туршид эд хөрөнгийг ашиглах боломжийг бүрдүүлэн, гэрээнд өөрөөр тохироогүй бол зайлшгүй шаардлагатай засвар үйлчилгээг хийх үүрэг хүлээхийг Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1 хэсэгт заасан.   

 

Нэхэмжлэгч талаас ус соруулахад төлсөн 700,000 төгрөг, дрож цэвэрлүүлэхэд төлсөн 107,000 төгрөг гаргуулах тухай өөрсдийн шаардлагаа нотлохоор шүүхэд өгсөн “Хивс цэвэрлэгээ”-ний үйлчилгээ эрхэлдэг гэх “Орших сервис” ХХК-ийн 107,000 төгрөгийн төлбөрийн баримт, зоорийн ус зайлуулахад төлсөн 700,000 төгрөгийн баримтуудын огноо тодорхойгүй, эргэлзээтэй байна. Гэсэн хэдий ч хариуцагчийн зүгээс 2018 оны 7 дугаар сард түрээсийн байранд хөрснөөс нэвчсэн ус соруулахад нэхэмжлэгчээс 700,000 төгрөг төлсөн эсэх талаар маргаагүй ба уг төлбөрийн тал хувийг хариуцахаас татгалзаагүй учир 350,000 төгрөгийг Г.Ариунзаяагаас гаргуулан нэхэмжлэгч талд олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов /хх 5, 41 хуудас/.  

 

Сөрөг нэхэмжлэл:

 

Хариуцагч Г.Ариунзаяа нь нэхэмжлэгч Э.Энхзул, Н.Наранзаяа, Б.Төртогтох нарт холбогдуулж 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 8 дугаар сарыг хүртэлх түрээсийн төлбөр 8,000,000 төгрөг, түрээсийн байрнаас алга болсон гэх 2 ширхэг дифузер буюу дуу өсгөгчний үнэ 1,500,000 төгрөг, 1 ширхэг моторын үнэ 2,000,000 төгрөг, нийт 11,500,000 төгрөгийг нэхэмжилсэн.  

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5 дахь хэсгүүдэд зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх ба мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5 дахь хэсэгт зааснаар түрээслэгч нь гэрээ дуусгавар болоход өөрийн эзэмшил, ашиглалтад байсан эд хөрөнгийг түрээслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөхүүрэгтэй юм.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч “...2018 оны 8 дугаар сард гэрээ дуусгавар болсон тул 8 сарын түрээсийн төлбөрт 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна. Мөн нэхэмжлэгч нар түрээсийн байранд байсан 2 ширхэг дифузер, 1 ширхэг моторыг алга болгосон учир мөнгийг нь нэхэмжилнэ” гэж тайлбарласан.  

 

Гэсэн хэдий ч шүүхээс алга болсон гэх эд зүйлсийн үнэ болон түрээсийн төлбөр гаргуулах агуулга бүхий сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаас татгалзав. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдагдсан “...2017 оны 12 дугаар сараас 2018 оны 8 дугаар сарыг хүртэл 8 сарын түрээс болох 8,000,000 төгрөг”-ийг өөрийн нэхэмжлэлээс хасч тооцсон байхаас гадна нэхэмжлэгч тал 2 ширхэг дифузер, 1 ширхэг моторыг хариуцагчаас анхнаасаа хүлээн авсан, улмаар алга болгосон болох нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдохгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан өөрийн шаардлагаа нотлох үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.3, 289.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.Ариунзаяагаас 19,543,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Энхзул, Н.Наранзаяа, Б.Төртогтох нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 457,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.1.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Энхзул, Н.Наранзаяа, Б.Төртогтох нараас 11,500,000 төгрөг гаргуулах тухай Г.Ариунзаяагийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 198,950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Г.Ариунзаяагаас 255,665 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Энхзул, Н.Наранзаяа, Б.Төртогтох нарт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                      Н.ХАНГАЛ